
Францын автомашин үйлдвэрлэгч Citroën компани 1948 онд анх танилцуулж байсан домогт 2CV загварынхаа орчин үеийн хувилбарыг цахилгаан хөдөлгүүртэйгээр бүтээж, 2026 оны Парисын авто шоуны үеэр танилцууллаа. Шинэ загварыг 2028 он гэхэд зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд эхлэх үнийг нь 15 мянган евро орчим байхаар тооцжээ.
Европын автомашины зах зээлд хямд үнэтэй цахилгаан автомашины өрсөлдөөн нэмэгдэж буй энэ үед Citroën компани өнгөрсөн үеийн алдарт загвараа сэргээх замаар илүү олон хэрэглэгчид хүрэхийг зорьж байна. Шинэ 2CV нь одоогоор худалдаанд гарахад бэлэн болсон автомашин бус, ирээдүйн загварын чиглэлийг харуулсан концепц автомашин юм. Анхны Citroën 2CV загварыг 1948 онд танилцуулж байв. Дэлхийн хоёрдугаар дайны дараах Европт энгийн иргэд, тэр дундаа хөдөө орон нутгийн иргэдэд зориулсан хямд, бат бөх, засвар үйлчилгээ хийхэд хялбар автомашин бүтээх зорилгоор уг загварыг хөгжүүлсэн юм. Өндөр тэнхлэгийн зай, энгийн хийц нь бартаатай замд зорчих боломж олгодог байв. Хэрэглээний зориулалтаар бүтээгдсэн ч хожим нь Европын автомашины түүхэн дэх алдартай загваруудын нэг болж, 1990 он хүртэл үйлдвэрлэгджээ.
Шинэ 2CV концепц нь өмнөх загварын дугуйрсан их бие, өндөр дээвэр, өвөрмөц гэрлийн хэлбэр зэрэг онцлогийг орчин үеийн загвартай хослуулсан байна. Мөн 3.76 метр урттай тул хотын хөдөлгөөнд тохирсон авсаархан автомашин байхаар төлөвлөжээ.
Citroën шинэ загвараа Европт үйлдвэрлэж, ойролцоогоор 15 мянган еврогийн үнээр худалдаанд гаргах зорилт тавьсан. Энэ нь Европын үйлдвэрлэгчид Хятадын цахилгаан автомашинтай үнийн хувьд өрсөлдөх, цахилгаан хөдөлгүүрт автомашиныг илүү хүртээмжтэй болгох оролдлогын нэг юм.
Гэхдээ автомашины эцсийн техникийн үзүүлэлт, батарейн багтаамж, нэг цэнэглэлтээр туулах зай, цэнэглэх хугацаа болон худалдаанд гарах үеийн эцсийн үнэ хараахан батлагдаагүй байна. Автомашин үйлдвэрлэгчдийн хувьд хуучны алдарт загварыг цахилгаан хөдөлгүүртэйгээр сэргээх нь хэрэглэгчдийн дурсамж, брэндийн түүхийг ашиглахын зэрэгцээ шинэ үеийн технологийг танилцуулах арга болжээ. Харин Citroën-ийн хувьд шинэ 2CV амжилттай болох эсэх нь зөвхөн өвөрмөц загвараас гадна үнэ, ашиглалт, бодит хэрэглээний үзүүлэлтээс шалтгаалах юм.
Л.Баяр






















































