
Африкийн зүүн хэсэгт орших Жибути улсын эргээс Йемен рүү чиглэн 300 гаруй цагаач тээвэрлэж явсан завь хөмөрсний улмаас 139 хүн амиа алдаж, 84 хүн сураггүй болжээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-ын мэдээлснээр, уг осол аравдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө болжээ.
Амьд үлдсэн хүмүүсийн мэдээлснээр, завь Жибутигийн Обокк хотын хойд хэсэгт орших Гухере орчимд осолдсон байна. Тухайн үед завин дээр 305 хүн зорчиж байжээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Жибути дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Александре Куиссак завь хэт олон хүн тээвэрлэж байсан нь ослын гол шалтгаан болсон гэж мэдэгджээ.
Амиа алдсан хүмүүсийн дунд 15 хүүхэд байгаагийн ес нь охин, зургаа нь хүү байжээ. Мөн 52 эрэгтэй, 42 эмэгтэй хүний цогцсыг олсон байна. Амьд үлдсэн 80 гаруй хүн бүгд Этиопын иргэд аж. Ослын дараа Жибутигийн эрх баригчид болон олон улсын байгууллагын багийнхан эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж, амьд үлдсэн хүмүүст эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлж байна. Мөн амиа алдсан хүмүүсийн цогцсыг оршуулах ажлыг зохион байгуулж байгаа аж.
Африкийн зүүн хэсгээс жил бүр хэдэн арван мянган хүн Жибутигээр дамжин Баб-эль-Мандебийн хоолойг гаталж, Йеменд хүрэхийг оролддог. Тэдний олонх нь цааш Персийн булангийн чинээлэг орнуудад ажиллаж, амьдрах зорилготой байдаг.
Гэвч ядуурал, аюулгүй байдлын тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хүндрэлүүд хүмүүсийг амь насанд нь аюултай энэ замыг сонгоход хүргэж байна.
Үүний зэрэгцээ Йеменд зэвсэгт мөргөлдөөн дахин эрчимжиж, тус улсаас Жибути рүү далайгаар дүрвэх хүмүүсийн тоо нэмэгджээ. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын мэдээлснээр, сүүлийн долоо хоногуудад Йеменээс Жибути рүү 3,700 гаруй хүн далайгаар нэвтэрсэн байна. Тус байгууллага цагаачдын амь насанд заналхийлж буй эдгээр эрсдэлийг бууруулахын тулд аюулгүй, хууль ёсны шилжилт хөдөлгөөний боломжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолжээ.
Л.Баяр























































