
Вива сити, Туул гол орчимд баавгай үзэгдсэн тухай өчигдөр мэдээлсэн билээ. Тодруулбал, ХУД-ийн 24-р хороо, “Вива сити”-ийн урд Туул голын эрэг дээр баавгай байна гэх дуудлага 13:48 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэний дагуу Дүүргийн ОБХэлтсийн орлогч даргаар ахлуулсан дөрвөн алба хаагч нэг автомашинтай гарч тухайн байрлалд очиж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
ХУД-ийн Засаг дарга Б.Цэрэнгийн өгсөн мэдээллээр, нэмэлтээр Дүүргийн засаг дарга, Онцгой байдлын хэлтсээс 9 алба хаагч, 2 автомашин 1 дронтой, Нийслэлийн аврах ангиас 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба, 2 автомашинтай, Цагдаагийн байгууллагаас 31 алба хаагч, 7 автомашинтай, Байгаль орчны яам, нийслэлийн байгаль орчны газраас 4 алба хаагч, 2 автомашин, 1 дронтой, нийт 55 алба хаагч, 15 автомашинтай ажилласан.
Тус дүүргийн Онцгой комиссын шуурхай штабыг 17:17 цагт байгуулсан. Онцгой комиссын даргын шийдвэрээр баавгай байх магадлалтай бичлэгийг дахин нягталж үзэх үүрэг өгсний дагуу үзэхэд, хүн байх магадлалтай бүрсгэр бичлэг байна гэж үзэж, 19:10 цагт 9 хүний бүрэлдэхүүнтэй баавгай орсон гэх бургасанд мөр хайх болон самналт хийхэд баавгайн мөр олдоогүй. Харин иргэн Б.Б унтаж байсныг олж, мэдүүлэг авахад 13:30 цагийн орчим бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлсэн нь баавгай байх магадлалтай гэх камeрийн бичлэгийн цаг үeтэй таарч байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.
Дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб 01:10 цагт хуралдаж, нөхцөл байдлыг үнэлж, ажиллаж байгаа бүлгүүдийг буулгаж, хөдөлгөөнт ажиглалтын эргүүлийн бүлэг гаргах шийдвэр гаргажээ.





















































