Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Миний 24 цаг: Жинхэнэ уран бүтээл гэдэг үнэ, шошго наах хямдхан зүйл биш

2023-1-09
0
ЖИРГЭХ

Бурхан хүнд хоёр сонголт өгдөг гэж би боддог. Нэг нь уран бүтээлч, нөгөө нь энгийн нэгэн байх. Харин уран бүтээлч байх нь энгийн нэгэн байхаас илүү хүнд оноолт гэдэгтэй санал нэгддэг. Учир нь жинхэнэ уран бүтээлчийн нүдээр орчлонгийн юмс жирийн бусаар өрнөж, сэтгэлд нь эндхийн үйл явдлууд жигд бусаар бужигнадаг байх. “Миний 24 цаг” булангийнхаа энэ удаагийн дугаар эгэл жирийн зураач бүсгүй Т.Соёл-Эрдэнийг онцолж байна.

Түүний хувьд хуучнаар “Дүрслэх урлагийн дээд сургууль”-ийг төгсөж, амьдралынхаа утга учир болсон үрсээ төрүүлж саяхнаас уран бүтээлчийн хувиар нийгэмд өөрийгөө харуулж яваа нэгэн. Анхнаасаа л тэр өөрийгөө зураач байлгахыг хүссэн нь хувь тавилан гэлтэй. Энэ өдөр бид түүний бяцхан урланд зочилсон юм. Анхандаа сурвалжилга байх учиртай байсан бидний тохироо эцэстээ ярилцлага байх учиртай гэдгийг ухаарсан юм.

Б.Соёл-Эрдэнэ урлангаа саяхан тохижуулж дууссан бөгөөд эндээ ирэхээр амар амгалан болчихдог гэнэ. Энд хуучны уран барилгын өнгө төрхийг шингээсэн сүмийн барилгын тухай зургууд бий. Мөн 20 дугаар зууны сүүлд залуу үеийнхний сэтгэл зүрхэнд тод дүрээ үлдээсэн оросын алдарт рок дуучин, жүжигчин Виктор Цойгийн хөрөг байх. Үүнийг мэдээж тэр зурсан. Түүний анхны бие даасан үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 02-нд олны хүртээл болох учир өмнө нь түүнд гүйцэлдүүлэх олон ажил бий. 

-Амьдралаас юу нь таны зурах сэдэв болоод байна вэ?

Би “Чойжин ламын сүм”-ийн тухай сүүлийн үед зурж байна. Яахав, өмнө нь гэр хорооллын тухай зурдаг байж. Амьдралын нэг хэсэг нь юм даа. Ямар ч зураач хүнд гоё сайхан зүйлс зураад мөнгөтэй хүнд зараад явах боломж бий. Би ч тэгээд явж чадна. Гэхдээ өөртөө л зориулж бүтээдэг учир тэгээд байж чаддаггүй л дээ. Хүүхдүүдээ төрүүлээд хэсэгтээ л төрөлтийн дараах сэтгэл гутралд байсан. Тэрнээсээ болоод зурж чадахгүй байгаадаа сэтгэл дундуур амьдарсан. Миний уран бүтээлүүдийн дийлэнх нь оюун бодол дотор минь байгаа. Ихэвчлэн л амьдралын энгийнийг, хуучны архитектурыг л дүрсэлдэг дээ. Намайг энэ сүм огт зүгээр суулгадаггүй юм. Зүгээр сууж байхад л хатгаад амар заяа үзүүлэхгүй, хэцүү. Тэгээд л би өөрийн мэдэлгүй, хувь заяаны хатгаасаар эднийг зурсан хэрэг. 

-Сайн шүлэг зовлонгоос төрдөг, шүлэг бичнэ гэдэг зовлон гэх. Сайн зураг үүнтэй адил болов уу?

Санал нэгдэж болмоор санагдана. Нээрээ л сэтгэл зовнингуй, тавгүй үед зурж буй бүтээл гараас гарчихаад байдаг шүү. Зурах гэж бодож нэг зовно. Зурж эхлээд дуусгах гэж хоёр зовно. Уран бүтээлч хүний бүтээх агшин бүхэлдээ л зовлон юм даа. Би уран бүтээлч байхыг үйлийн үр л гэж боддог. Аль нэг насандаа үүнийг хийх өрөнд орсон мэт… Зүгээр л энгийн хүмүүс шиг гар утсаа солих, машинаа томруулах тухай бодоод амьдарч болох л байсан шүү дээ. Гэтэл өөрийгөө урж, сэмлэсэн уран бүтээлч болчих ч гэж дээ гэж хааяа боддог юм. Бас амьдрахын хажуугаар уран бүтээлийн ажилдаа үнэнч байна гэдэг том шалгуур л даа. Тэглээ ч хүссэн болгон нь зураач болчихгүй. Зурдаг болгоныг мундаг гэж хэлэхгүй. Уран бүтээл өөрөө амьтай, амьгүйгээ хэлээд өгчихдөг сүнслэг чанартай зүйл. 

 

-Уран бүтээлээ үнэлэх талаар ямар үзэл бодолтой явдаг вэ?

Уран бүтээлч хүнд улс төрийн дэмжлэг лав хэрэггүй гэж боддог. Урлаг угтаа хэнээс ч хараат бус байх учиртай. Үнэлэх тухайд бусдаар үнэлүүлэхээсээ урьдаар өөрийнхөө бүтээлийг өөрөө л үнэлж байж тэр жинхэнэ урлаг болно. Өөртөө таалагдтал бүтээж чадахгүй бол урж хаясан нь дээр. Гэхдээ амьдрал үнэхээр л шаардаад эхэлбэл хэрэгцээгээ хангахын тулд бүтээлүүдээ зарна. Яадаг юм. Гэхдээ л энэ бүхэн өөрөөр минь бүтээгдсэн үнэлж баршгүй том зүйл гэдгийг ой тойндоо санаж явдаг. Үүнийг би өөрөө л үнэлж, өөрөө тайлбарлана уу гэхээс бусдаар үнэлүүлж, дүгнүүлнэ гэвэл тэрэн шиг утгагүй зүйл үгүй л дээ. Миний хувьд сүүлийн үед л ийм бодолтой болоод байгаа. Нөхөртэйгөө багаас эхлээд л хамтдаа зүтгэж, амьдралаа босголоо. Ээж боллоо. Гэвч энэ цаг хугацаанд миний хийж чадах зүйл зураг зурах л байсан. Тийм болохоор үнэлж, зарж байсан үе зөндөө. Цаашдаа ч үнэлэх байх. Гэхдээ тийм ч хямдхан үнэлэх зүйл яав ч биш гэдгийг ойлгосон. Эсхүл хэн нэгэн миний бүтээлийг үнэхээр ойлгоод, таалбал би зүгээр өгсөн ч чадна. Бүтээлүүд минь миний амь болчихсон. Хэзээ үүнийг хийхээ болихоо мэдэхгүй. Олон бодол толгойд эргэлдсээр эцэст нь ойлгоход жинхэнэ уран бүтээл гэдэг үнэ, шошго наагаад худалдахаар хэмжээний өчүүхэн зүйл биш юм билээ. 

-Таны зовлон юу вэ?

Миний хувьд зурахгүй байгаадаа шаналах нь хамгийн том зовлон. Энэ зовлон материаллаг бус, хэн нэгний байргүй, машингүй, гар утасгүй, дулаан гуталгүй байхаас тэс ондоо зүйл. Надад үүнийг орхих хүсэл хааяа төрдөг. Үүний оронд хүүхдүүдээ төрүүлээд, өсгөөд, ажлаа хийгээд, амар тайван явах нь амар ч юм шиг санагдана. Гэвч уран бүтээлч хүний үүднээс нэг хором ч зүгээр байж чаддаггүй. Ухаан орсон цагаас надаас огт холдоогүй зүйл бол урлаг, уран зураг. Гараа хөдөлгөхгүй ч дотроо бүтээж л суудаг. Тэгэхээр урлаг миний өөртөө үнэнч байх хамгийн том шалтгаан гэж хэлж болно. Би цаасан дээр зурахаасаа илүү өөрийн дотоод ертөнцдөө зурахыг илүүд үздэг. Тэр болгоныг цаасанд булгасаар нэг л өдөр жамаараа энэ хорвоогоос одох биз. Нэг үгээр уран бүтээлүүдээ дотроо сайтар боловсруулахыг эрхэмлэдэг.

-Таны дотор бүтээгдсэн тэрхүү бүтээлүүд заавал цаасан дээр буух шаардлагатай юм уу?

Миний амбиц байж магадгүй. Гэхдээ би чадлынхаа хэрээр цаасанд буулгах хүсэлтэй. Жишээлбэл, энэ сүмийн тухай зургууд байна. Энэ сэдвийн хүрээнд удахгүй анхны үзэсгэлэнгээ дэлгэнэ. Энэ магад асуултын чинь хариулт болох байх. 

-Тэр бүтээлүүд хаанаас ирээд байна. Хэн танд өгөөд байгаа хэрэг вэ?

Дээр хэлсэнчлэн аль нэг насны хийгээгүй үлдээсэн үйлийн үр байж магадгүй юм. Хааяа бодохоор үнэхээр л заавал хийх шаардлагатай зүйл биш. Зүгээр л бусдын адил амьдраад байж болно. Гэхдээ л үүнийг хийх гэж л төрсөн гэдгээ сайн мэднэ. Жишээ нь би энэ сүмийн тухай заавал зурах шаардлагагүй. Энэ сүм миний оюун бодолд зурагдахгүй байж болох байсан. Бас тодорхой хэмжээнд массын сонирхлыг татах зургууд зураад явж болох байсан. Гэвч энэ бүхэн миний хийж байгаа гэхээсээ илүү надаар хийгдэхгүй бол болохгүй зүйл байх л гэж хувьдаа боддог нь уран бүтээлч хүний хамгийн том амбиц байх л даа. 

-Зураг зурахад ном унших, дуу сонсох нь нэмэр болдог болов уу?

Тэгэлгүй яахав. Би нэг хэсэг сэтгэл гутралд байхдаа Япон, Туркийн зохиолчдын романуудаас уншдаг байв. Харин сүүлийн үед яруу найрагт илүү татагдаад байгаа. Яагаад гэвэл үргэлжилсэн үгийн зохиолд буй тэр бүх утга санааг яруу найраг хэдхэн мөрд багтааж чаддаг юм шиг санагдсан. Дуу сонсох, яруу найраг унших, кино үзэх гээд л бусад төрлийг шимтдэг гэх үү дээ. Учир нь тэнд миний орон зай, хүсэл сонирхол бий. Өөрөөр энэ бүхний хооронд надаар дайран өнгөрөх далд уялдаа холбоо бий гэдэгт итгэдэг. Тасалж боломгүй тийм нарийн, нандин холбоос байгаад байх шиг санагддаг даа. 

-Тэгвэл дүрслэн бүтээх нь яруу найргийг хялбарчилсан урлаг гэж хэлж болох уу?

Санал нийлэхгүй байж болохгүй юм байна. Үнэхээр л үйл явдалтай, утга учиртай зурж болно. Хэдхэн дүрслэлд асар том утга санааг агуулж болдог шүү дээ.

-Дэлхийн дулаарал эсрэг, хүнсний аюулгүй байдлын төлөө тэмцэгчид дэлхийн алдартай уран зургууд руу шөл цацсан тухай мэдээлэл сошиалд харагдсан. Шөл цацууллаа гээд тухайн бүтээлийн үнэ цэнэ багасах болов уу?

Угтаа үнэ цэнээ алдахгүй гэж бодож байна. Харин ч улам үнэ цэнэ нь нэмэгдэх болов уу даа. Материаллаг чанар нь л хоргодно уу гэхээс үнэ цэнэ нь хоргодохгүй байх. 

-Танаас асууя гэж удаан бодлоо. Таны зурсан сүмүүд энд байна. Цаад, хийсвэр утгаараа та энэхүү сүмд орж үзэв үү?

Орж үзсэн. Зураг гэхээсээ илүү жинхэнэ сүм дотор нь миний сүнс хоргодсон доо. Энэ сүмийг зурснаараа би юу ч олж долоохгүй шүү дээ. Бас хэн нэгэн дарга нь намайг зураад өг гэж гуйсангүй. Харин энэ бүхэн тэрхүү сүмийн далд татах увдистай л холбоотой байх даа. Намайг аль хэдийн ховсодчихсон. Зовсноосоо би нэг их гарахыг хүсэхгүй байна. Нас явахын хэрээр тэндхийн манаач нь ч болчихмоор санагдах үе ирэх биз. Эсхүл аль нэг буланд нь суугаад уран бүтээлээ хиймээр ч юм шиг. Ямартай ч энэ сүм намайг зүгээр орхихгүй гэдгийг л би сайн мэднэ. Магадгүй жамаараа үгүй болоход сүнс минь энд амьдрах байх.

-Таны бүтээсэн энэ сүм дотор яг юу байгаа вэ. Магад та л мэдэх байх?

Зуу гаруй жилийн настай энэ сүмийн хөргийг би цуврал байдлаар зурж байгаа л даа. Одоохондоо би гадаа нь зогсож байгаа. Удахгүй жамаараа дотор нь орох нь ойлгомжтой. Миний зураглахыг хүсдэг өнгө, дүрстэй нийцдэг. Энэ сүмийн доторх нь одоогоор миний хөндөж зүрхлэмгүй агуа том зүйл тэнд нуугдан байгаа. 

-Энэ урланд оросын алдарт дуучин Виктор Цойгийн хөрөг байна. Үүнийг зурах болсон мэдрэмжийн эхлэл хаанаас үүдэлтэй вэ?

Би энэ хөргийг нэг л орой сууж байгаад зурчихсан. Өнгөрсөн өвөл юм байна. Би Цойг байнга сонсдог байв. Тэр хар залуугаараа хорвоог орхисон ч маш их зүйл бүтээсэн нэгэн. Их сонсдог байсан болоод ч тэр үү гэнэт л зурмаар санагдаад зурчихсан хэрэг. Яг ийм хөрөг зураг нь камерын дуранд буусан байсныг харж байгаад л зурсан даа. Тэгээд өөртөө хань татаад л урлангийнхаа хананд өлгөсөн юм.

-Та өөрөө уран бүтээлийнхээ хамгийн чухал, цор ганц үзэгч нь мөн үү. Эсхүл бусад уу?

Яг өөрөө өөртөө зориулж хийдэг зүйл бол мөн. Тэглээ гээд нийтэд дэлгэхгүй байх зүйл бас биш. Уран бүтээл гэдэг угаас олонд дэлгэгдэх ёстой зүйл гэж би боддог. Гоё дуу хийчхээд ганцаараа л сонсоод байх утгагүй шиг эдгээрийг өөрөө л хараад суугаад байвал болохгүй шүү дээ. Тиймээс хийж бүтээснээ олонд таниулна гэдэг уран бүтээлч хүний нийгэмд хүлээх үүрэг ч юм билүү. Арван хүн үзлээ гэхэд нэгэнд нь таалагдаж байвал болох нь тэр.

-Та зургуудаа ихэвчлэн бийрээр бүтээдэг байх юм. Тэгвэл та өөрөө амьдралынхаа бийр гэж өөрийгөө бодож байв уу?

Мэдээж хүн бүр л амьдралынхаа харандаа шүү дээ. Хүн өөрөө өөрийгөө л авардаг. Ямар ч мундаг хүнээсээ зөвлөгөө авсан нь хамаагүй хүн өөрийнхөөрөө л шийдвэр гаргадаг. Яг тэрэн шиг би өөрийнхөө амьдралын харандаа, бийр нь. 

-Зураг зурах, өнгө найруулах хоёрын аль нь илүү ур чадвар, мэдрэмж шаарддаг вэ?

Өнөөдрийг хүртэл миний хийсэн хамгийн том эрэл, хайгуул бол өнгө. Би бүтээлдээ өнгөний сонголтоо сайн хийж, завсрын өвөрмөц өнгүүдийг илэрхийлэхийг илүү зорьдог. Би өөрөө сайн мэдэхгүй. Зүгээр л хүмүүсийн хэлснээс анзаарсан минь энэ л дээ. Өнгийг сайн гаргаж гэмээ нь хүмүүст хүрэх талдаа илүү байгаад байх шиг санагддаг. Мэдээж өнгө найруулахаас гадна ур чадвар, мэдрэмжийн олон зүйлс бий. Миний хувьд өнгө найруулах чадвар хамгийн чухал, би өнгөөр маш олон зүйлийг дүрсгүйгээр илэрхийлж чадна. Гэхдээ зураг зурах тийм ч амар ажил биш гэж хэлмээр байна. Магад бичвэрийн бүтээлийг хуулбарлах амар. Гэвч зургийг хуулбарлах бараг боломжгүй зүйл. Хэн ч хараад энэ хуулбар байна гээд хэлчих учраас дуурайлгаад ч нэмэргүй л болов уу.

-Тэгэхээр өнгө найруулах нь мэдрэмжийн, зурах нь ур чадвар, авьяастай уялдаатай гэж үзэж болох уу?

Шууд ингээд хэлчхэж бас болохгүй. Өнгө найруулахад хүртэл авьяас хэрэгтэй. Мэдээж мэдрэмж давамгайлах ч авьяас төдий зэрэг шаардагдана.

-Урлантай болсон тань хэр алсын бодол вэ?

Урлантай нь уран бүтээлч хүний ажлын байр л даа. Миний хувьд урлантай болох нь олон жилийн өмнөх мөрөөдөл. Хүүхдүүдээ төрүүлээд олон жил гэр урланд бүтээлээ туурвисан. Гэвч ахуйн хүрээнд бүтээх чадамж минь дууссан. Тодорхой хугацаанд би гэр урландаа суух ёстой бол тэр хугацаа нь дууссан гэж бодож байгаа. Тийм болохоор удаан төлөвлөж, зориг гаргасны эцэст өөрийн гэсэн урлантай болсон. Одоо эндээ их зүйл хийнэ дээ.

-Ирэх сард үзэсгэлэнгээ гаргана гэсэн. Энэ талаар?

Би ирэх хоёрдугаар сарын 02-нд анхны бие даасан үзэсгэлэнгээ “Урт цагаан”-д байдаг Монголын урлагийн зөвлөлийн “Art Space”-д гаргахаар төлөвлөсөн. Дэлгэгдэх бүтээлүүд минь жин тан байгаа. Эртний архитектурын тухай арав гаран бүтээл минь тэнд олны хүртээл болно. Өмнө нь хамтарсан үзэсгэлэн гаргаж байсан л даа. Хийсэн бүтээлээ тоолж үзсэнгүй. Үнэхээр хүссэн бол хэд хэдэн үзэсгэлэн гаргачих байсан биз. Энэ бүхэн зүгээр л цаг хугацааныхаа дарааллаар өрнөж байгаа зүйл. Үзэсгэлэн гэдэг цогц ажил болохоос, энд тэндээс зургууд цуглуулаад хийчихдэг ажил биш. Урт хугацааны туршид өрнөсөн, бодсон, төлөвлөсөн нэгэн цогц зүйл гэж хэлж болно. Яахав, би үеийнхнээсээ хожуу бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Гэхдээ миний хувьд огт харамсаад байх зүйл биш. 

Т.Соёл-эрдэнийн хувьд зураг зурна гэдэг зүгээр нэг гүйцэтгэл төдий ажил биш. Мөн нэг санаа, агуулга барьж аваад зурчихдаг, бүтээлч үйлдвэрлэл гэх нэр зүүх дайны ажил биш ажээ. Харин маш олон бодит ба бодит бус зүйлийн нэгдэл буюу уран бүтээлчийн өөрийнх нь мэдэх хийгээд мэдэхгүй олон зүйлсийн нэгдэл юм. Эдгээрийг хольж хутгаж, дунд нь төөрч, захирч байж сая л нэг уран бүтээл бий болно гэж тэр боддог.

Ямартай ч тэр бусад уран бүтээлчдээс ялгарах өөрийн гэсэн үзэл бодолтой гэдгийг л хамгийн сайн ойлгож авав. Тэрбээр уран бүтээлийг мөнгө олох хэрэгсэл болгохыг хүсдэггүй. Харин ч өөртөө таалагдах хүртлээ өөртөө зориулан бүтээдэг нэгэн. Учир нь өөрт таалагдаагүй бүтээл олон нийтийн таашаадаг, жирийн нэгэн бүтээлийн үнэ цэнтэй болно гэдгийг тэр амьдралын туршлагаар олж авсан мэт… Өдөржин түүнтэй яриа өрнүүлсэн ч нэг л зүйлийг түлхүү ярилцсан нь энэ.

Хэсэг дуугүй суух, тэгснээ гэнэт л ярьж эхлэх нь түүний энгийн араншин. Угтаа түүний сэтгэлзүйн асуудлууд түүнийг үе үе зовоодог нь илэрхий харагдав. Сэтгэл гутрал, уран бүтээлээ туурвиж чадахгүй байхын зовлон, өөртөө хэлдэг түмэн гомдлууд түүний чихийг дарж, нүдийг хорсгох нь олон байх л даа. Гэвч Б.Соёл-Эрдэнэ зургаа зурж тэр болгоныг мартаж, шийдэж чаддаг сайн уран бүтээлч юм. 

Тэрбээр жинхэнэ уран бүтээлч байхын тухайд “Уран бүтээлч хүний сэтгэлзүй нэг талаараа энгийн хүмүүсээс дэндүү дорой байдаг юм шиг ээ. Харин нөгөө талаараа хүчирхэг болов уу. Дэлхийн урлагийн томоохон алдартнууд, өнгөрсөн зууны уран бүтээлчдийг ажихаар ихэвчлэн хоёр туйлт эмгэгтэй байдаг. Вангогийг жишээ татаж болно. Ямар сайндаа л чихээ огтлох вэ дээ. Уран бүтээлчид жирийн хүний ойлгохгүйг ойлгож, бүтээж чаддаг мөртөө тэдний хөнгөхөн даваад гарах асуудлууд дээр сэтгэл гутралд орж, толгой гудайдаг. Зарим үед амьдрах, уран бүтээлч байх хоёр сонголт нэг завинд байдаггүй мэт. Би өөртөө их гомдол мэдүүлдэг хүн л дээ. Би уран бүтээл хийхэд өөртөө хангалттай цаг зав гаргаж чадаагүй. Хэрвээ надад авьяас байгаа л бол тодрох нь мэдээж цаг хугцааны асуудал. Тодорлоо гээд олны алга ташилт, хүндлэлийг хүсэмжлэхээс илүү хийе гэснээ хийж, өөрийнхөө сэтгэлийг амрааж чадвал л болох нь тэр дээ” гэв.

Урлагуудын дундаас зурах урлаг эмэгтэй хүнд илүү зохиод байх шиг санагддаг. Тэдний гарын хөдөлгөөн, нарийн мэдрэмжүүд жинхэнэ уран зургийг бүтээж чадах далд увидастай гэж би боддог юм. Түүний гар, хумс бусад эмэгтэйчүүдийнх шиг гоё, ганган биш. Харин ч урлагийн хүнийх гэсэн шиг баараг авч сэтгэл татам, хүндэлж атгам харагдана. 

Бидний яриа их удаан үргэлжилсэн. Тэндээс би өөрийн тааруухан ой санамждаа буулган авснаа ийнхүү сийрүүлэв. Тэрбээр амьдралд талархаж явдаг. Талархах гол шалтгаан нь үр хүүхэд, утга учир болсон дүрслэхүйн урлаг. Гэвч дүрслэхүйн ажил нь түүнд жаргал болно, хааяа зовлон ч хүртээнэ. Энэ бүх үймээн дунд эдгэрч нэг, эмтэрч нэг суудаг нь уран бүтээлч хүнд үйлийн үрээр оноогдсон гайхамшигт хувь тавилан гэлтэй. Орой ч болов, олон ч үгс солилцов. Огторгуйд сар дүүрэн байвч онги дугуй үзэгдсэнгүй. Түүн лугаа уран бүтээлчийн төрх дүүрэн жаргалтай харагдавч уулзаад ярилцахад түмэн өнгийг багтаасан зовлонт жаргал байдгийг олж мэдсэн гэдгийг онцлоод энэхүү бичвэрээ өндөрлөе. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
Борооны тухай тунгалаг мөртүүд
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • 0е (51.79.222.57)
    Нөхөргүй юм байх даа. Бавчихымсан
    2023 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.187.25)
    Сайхан уран бүтээлч бна би өөрөө нэг нь блхр маш сайн ойлгож бна үзэсгэлэнг чинь үзмээр бна зурсан зургийг удаан харж зогсох дуртай
    2023 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.21.242)
    Мөрөөдөл нь биелэх болтугай
    2023 оны 01 сарын 09 | Хариулах
  • ааа (124.158.88.8)
    сүнстэй байшингийн зурагуудын хэн авдагий
    2023 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
    12 цаг 27 мин
  • Бурхан Халдун хайрхны төрийн тахилга энэ сарын 23-нд болно
    12 цаг 33 мин
  • Нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    12 цаг 36 мин
  • Өрхөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөр бодит үр дүн авчрах давуу талтайг онцлов
    12 цаг 41 мин
  • ФОТО: "Улаанбаатар их дуулга-2026"
    14 цаг 38 мин
  • Улаанбаатарт 8 градус дулаан, бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно
    15 цаг 34 мин
  • “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд болно
    Уржигдар 17 цаг 46 мин
  • #СБД Онцгой байдлын хэлтэст 9 нэр төрлийн 18ш багаж, техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
    Уржигдар 16 цаг 54 мин
  • IEM Cologne Major 2026: Плей-оффын өмнөх тойм – Counter-Strike 2-ын шинэ дэлхийн аварга тодрох мөч ойртлоо
    Уржигдар 16 цаг 51 мин
  • The MongolZ IEM Cologne Major 2026-д: Улаанбаатар хотод цахим спортын халуун уур амьсгал бүрдлээ
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Н.Учрал: Нэг улстөрчийн хүнийг нөгөө улстөрчийн хүнээр солиод юу ч өөрчлөгдөхгүй
    Уржигдар 16 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 16 цаг 09 мин
  • "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд бодлогын үнэлгээ хийж эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Маргааш нэгдүгээр хорооллын арын замыг хаана
    Уржигдар 15 цаг 11 мин
  • Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
    Уржигдар 14 цаг 07 мин
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл бодит үндэслэл, судалгааны шаардлагыг хангаж чадсангүй
    Уржигдар 13 цаг 57 мин
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    Уржигдар 11 цаг 04 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    Уржигдар 10 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    Уржигдар 10 цаг 37 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Байнгын хороод хуралдана
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Борооны тухай хүмүүсийн төдийлөн мэддэггүй 10 сонирхолтой баримт
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Байнгын хороод хуралдана
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • ДАЙНЫ ТӨГСГӨЛ: АНУ-ын Ирантай үзэглэсэн энхийн гэрээний гол 14 зүйл заалт
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
  • Домогт Зиниден Зиданы хүү Лука Зидан Алжирын шигшээ багийн хаалгачаар тоглож байна
  • Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван ЕСБХБ-ны 35 дахь удаагийн жилийн уулзалт болон Бизнес форумд оролцлоо
  • Дархан-Уул аймгийн Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК