Богдхан уулын ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн ЗДТГ-н санаачлагаар Богдхан уулын Дугуй цагаан дээрх Богдхан уулын савдаг шүтээний дүрс бүхий Хангарьд шувууны хөшөөний баримлыг 2025 оны 9 болон 10 дугаар сард бүрэн шинэчиллээ.
Уран баримлын эх загварыг МУЭ-ийн гишүүн, уран барималч Б.Ганбаатар гаргаж, уран барималчдын багтайгаа хамтран хийж гүйцэтгэжээ. Тус баримлын домгийн шувуу Хангарьд нь түүх сударт өгүүснээр могой амандаа зууж хоёр сарвуугаараа атгасан байдлаар дүрслэгдсэн буй. Уран баримлыг файбер классик материалаар барьж, хүрэл өнгөөр будаж хийж гүйцэтгэсэн байна. Баримлын өндөр 1,2 метр ба чулуун төмөр суурь 2,4 метр өндөртэй.
Тус баримлын анхны загварыг 2015-2016 онд хийж байсан бөгөөд Хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагч нар хуучин хөшөө барималыг буулгаж, шинэ баримлын чулуун суурийг өнгөрсөн өдрүүдэд хийж гүйцэтгэв.
2025 оны 10 дугаар сарын 8 Намрын дунд сарын шинийн 16-ний өдөр уран баримлыг аравнайлах ёслол болж ХУД-ын Засаг дарга Б.Цэрэн, Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, Төлөөлөгч н.Сайнбаяр Төв Гандантэгчилэн хийдийн лам хуврагууд болон бусад хүмүүс оролцов.
Мөн түүнчлэн Богдхан уулын Хамгаалалтын захиргаанаас камерын хяналтын системийн нэгдсэн төвтэй болох зорилтын хүрээнд Богдхан уулын Дугуй цагаан дээр хяналтын камер байршууллаа. Ингэснээр Дугуй цагаан дээрх тус хөшөө баримлын бүрэн бүтэн байдал, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгааллын хяналт шалгалтыг сайжруулах, явган алхагчдыг аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс хамгаалах боломжтой болсон онцлог юм.
Энэ удаагийн Хангарьдын хөшөөг босгоход олон, иргэд аж ахуйн нэгж, байгууллагууд сэтгэлийн хандив, тусламж өгсөнд талархаж буйг илэрхийлж байна.
2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ТӨРИЙН ТАХИЛГА ҮГНЭЭС…
(Богдхан уулын тэнгэр Дүнжингарав Та уулын савдаг Хангарьд, Цагаан өвгөн тэргүүтнээ удирдан аху төр, ард олонд минь ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлан, төр улсыг минь бат төвшин, түмэн олныг минь энх амгалан байлгаж өгөхийг хичээнгүйлэн даатгаж байна. Богдхан уулын тэнгэр Цагаан лавайг тэтгэгч хэмээх Дүнжингарав тэргүүтэй газар, лусын эзэд цэнгэн баясаж, монголын ард түмний ажил үйлсийг тэтгэн, хийморь золбоог бадраан, хишиг буяныг дэлгэрүүлэх болтугай.)
Сэтгэгдэл (1)