
Монгол Улс 2026 оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27.2 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд аялал жуулчлалын салбарын өсөлт үргэлжилж байгааг харуулж байна. Энэ мэдээллийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд тулгуурлан мэдээлжээ.
Гадаадын жуулчдын урсгалыг улсаар нь авч үзвэл ОХУ тэргүүлж байна. ОХУ-аас эхний зургаан сарын хугацаанд 154.8 мянган жуулчин Монголд ирсэн бол БНХАУ-аас 115.8 мянга, БНСУ-аас 55.2 мянган жуулчин тус тус иржээ. Ийнхүү эхний гурван улсын жуулчид нийт ирсэн жуулчдын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна.
Монголд хамгийн олон жуулчилсан эхний 10 улс, бүс нутгийг тоогоор нь эрэмбэлбэл ОХУ 154.8 мянга, БНХАУ 115.8 мянга, БНСУ 55.2 мянга, Япон 14.0 мянга, Казахстан 9.1 мянга, АНУ 9.0 мянга, ХБНГУ 8.9 мянга, Турк 6.9 мянга, Тайвань 4.3 мянга, Беларусь 3.7 мянган жуулчинтай байна.
Өнгөрсөн 2025 онд Монгол Улс нийт 854.2 мянган жуулчин хүлээн авч, өмнөх оноос 16 хувиар өссөн байна. Харин энэ оны эхний хагаст 417.6 мянгад хүрсэн нь жилийн эцэст нэг сая жуулчин хүлээн авах зорилтод ойртож буйг харуулж байна.
Жуулчдын тоог нэмэгдүүлэхэд визийн хөнгөлөлт, олон улсын нислэгийн хүртээмж, Монголын байгаль, нүүдэлчин ахуй, түүх соёлын өвийн сонирхол зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа. Монгол Улс 2026 оныг дуустал аялал жуулчлалын зорилгоор 34 улсын иргэдийг 30 хүртэл хоног визгүй зорчих нөхцөлд хамруулсан нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бодлогын нэг хэсэг болж байна.
Л.Баяр

















































