
Улирлын эхний мэйжор болох BLAST.tv Austin Major 2025-д The MongolZ гайхалтай тоглож, финалд хүрсэн ч, тэр үед ялагдашгүй байсан Vitality багийн өмнө өвдөг сөхөрсөн. Харин одоо Францын багийн форм мэдэгдэхүйц унасан энэ үед The MongolZ Унгарт болох улирлын хоёр дахь мэйжор буюу StarLadder Budapest Major 2025-н аваргын төлөө бодитой өрсөлдөх боломжтой эсэхийг нарийвчлан харцгаая.
Улирлын хамгийн сүүлийн том тэмцээн болох StarLadder Budapest Major 2025 Унгарын Будапешт хотод 2025 оны 11-р сарын 24–нөөс 12-р сарын 14-нд зохион байгуулагдана.
Тэмцээн гурван шатны Швейцар системийн хэсгийн тоглолтууд болон шууд хасагдах плейоффоос бүрдэх бүтэцтэй. Тэмцээний 1-р шат арван нэгдүгээр сарын 24-26-ны хооронд 16 багийн дунд өрнөх бөгөөд 8 баг 2-р шат руу шалгарна. Үүний дараа 2-р шат арван нэгдүгээр сарын 29-өөс арван хоёрдугаар сарын 2 хүртэл 2-р шатны урилга авсан 8 баг болон 1-р шатны шилдэг 8 багууд хоорондоо өрсөлдөж 8 баг 3-р шат руу шалгарна. Тэмцээний сүүлийн хэсгийн шат болох 3-р шатарван хоёрдугаар сарын 4-7-ны хооронд 3-р шатны урилга авсан 8 баг болон 2-р шатны шилдэг 8 багуудын хооронд өрнөж 8 баг плейофф руу шилжнэ. Эцэст нь тэмцээний плейофф арван хоёрдугаар сарын 11-14-ний хооронд 3-р шатнаас шалгарсан шилдэг 8 баг CS2-ын дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө.
Тэмцээний өмнө зохион байгуулагчид анх удаа мэйжорын түүхэнд финалыг Best-of-5 форматаар тоглуулахаар шийдвэрлэсэн нь томоохон өөрчлөлт юм. Ингэснээр хоёр мапын дараа ч гайхамшигт эргэн ирэлт хийх боломж нээгдэж, сэтгэлзүйн шалгуур илүү өндөр байх болно.
Шагналын сан $1,250,000 бөгөөд үүнээс аварга баг $500,000 хүртэнэ. CS2 гарснаас хойш нэг ч баг хоёр мэйжор дараалан түрүүлээгүй ба 2024 оны хавар NAVI, 2024 оны өвөл Spirit, харин 2025 оны хавар Vitality аваргалсан.
Статистикийн хувьд 3-р шатны урилга авсан багууд болох FURIA, Vitality, Falcons, The MongolZ, MOUZ, Spirit, G2, paiN Gaming нар тэмцээний аварга болох өндөр магадлалтай гэгдэж байна.
Гэхдээ бодит байдал дээр бүх зүйл тийм ч тодорхой биш. Эхний шатнуудаас гарч ирэх NAVI гэх мэт багууд томчуудад аюул учруулах бүрэн чадамжтай.

Одоогийн формд тулгуурлан үзвэл фаворит нь дараах гурван багийг нэрлэхэд:
FURIA
Бразилчууд зуны завсраас буцаж ирээд гал шиг халуун байсан бөгөөд тэд дараалан FISSURE Playground #2, Thunderpick World Championship 2025, IEM Chengdu 2025, BLAST Rivals Fall 2025 гэх 4 тэмцээнд түрүүлсэн. Эдгээр финалуудад тэд дэлхийн шилдгүүд болох The MongolZ, NAVI, Vitality, Falcons-г хожсон. Тэд Valve-ийн дэлхийн чансааг ч одоо тэргүүлж байна.
Тэдний шинэ үеийн илт өсөлтөд туршлагатай латви тоглогч YEKINDAR, Казахстаны залуу авьяастан molodoy нарын нөлөө их. Харин ахмад ахлагч FalleN, 34 настай ч 15 Bo5 финалынхаа 14-т нь ялалт байгуулсан гэх ховорхон амжилтын эзэн. Одоогийн нөхцөл байдлыг нухацтай шинжиж үзвэл FURIA мэйжорын аварга болох хамгийн өндөр боломжтой.
The MongolZ
1XBet-ийн ивээн тэтгэдэг Монголын залуу бүрэлдэхүүн 2025 онд BLAST.tv Austin Major 2025-т хоёрдугаар байр, Esports World Cup 2025-ын аварга, Valve-ийн дэлхийн чансааны #1 гэх мэт амжилтуудыг гаргасан. Senzu-г энэ мэйжорт controlez түр орлохоор болсон ч шинэ тоглогч хоёр ч тэмцээнд оролцож, тогтвортой сайн үзүүлэлт харуулсан. Энэ солилцоо Austin-д Vitality-г дарангуйлж чадаагүй дутагдлыг нь бүрэн нөхөж өгөх ч магадлалтай.
Vitality
Францын багийн 2025 оны хоёрдугаар хагаст үзүүлсэн форм эхний хагаст үзүүлсэн ноёрхолтойгоо огт адилгүй. Ropz-ийг элсүүлсний дараа тэд оролцсон зургаан тэмцээндээ дараалан түрүүлж, ESL Grand Slam S5, Austin Major 2025-ийг хүртсэн.
Гэвч зуны дараагаас тоглолтын чанар эрс доошилж, зөвхөн ESL Pro League S22-т л түрүүлсэн ба BLAST Open Fall 2025, IEM Chengdu 2025 гэх тэмцээнүүдийн финалд хожигдсон. Гэсэн ч тэд бол “мэйжорын хамгаалагчид”.
StarLadder Budapest Major 2025 эхлэхэд ердөө хэдхэн хоног үлдлээ. Энэ бол Valve-ийн албан ёсны Pick'Em Challenge-дээ багуудаа сонгоход хамгийн тохиромжтой мөч!
The MongolZ энэ удаа Монголын CS-ийн түүхэн анхны мэйжорын цомыг өргөж чадах уу? Бүх зүйл Будапештэд шийдэгдэнэ.


















































