
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой худалдааны хэлэлцээрт тохиролцсоноо зарлалаа. Уг хэлэлцээрийн дагуу АНУ Энэтхэгээс импортолдог бараа бүтээгдэхүүний татварыг 18 хувь болгон бууруулах юм. "Truth Social" дээрх постондоо Трамп "Энэтхэг улс худалдааны саадыг тэг болгон бууруулж, Оросын газрын тос худалдан авахаа зогсооно" гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл Дели Оросоос газрын тос худалдан авахаа зогсоохоос татгалзсаны төлөө АНУ-ын ногдуулсан нэмэлт 25 хувийн тарифын торгууль хүчингүй болж байгаа хэрэг.
Энэтхэг болон Европын Холбоо бараг хорин жилийн турш үргэлжилсэн шууд болон шууд бус хэлэлцээрийг дуусгасан түүхэн худалдааны хэлэлцээрийг зарласнаас хойш долоо хоног ч өнгөрөөгүй байхад уг үйл явдал болж байна. Моди X хуудсандаа АНУ-тай тохиролцоонд хүрсэнд "баяртай" байгаагаа хэлэв.
Түүнчлэн Трамп Моди эрчим хүч, технологи, хөдөө аж ахуй, нүүрсний бүтээгдэхүүн зэрэг Америкийн 500 тэрбум ам.доллараас дээш үнэ бүхий бараа бүтээгдэхүүн худалдан авахаар амласан гэж мэдэгдэв.
АНУ наймдугаар сард Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулсан нь Азийн улсын хувьд хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд үүнд Энэтхэг Оросын газрын тос худалдан авсантай холбоотой 25 хувийн торгууль ногдуулсан нь шууд нөлөө үзүүлж байв. Улмаар АНУ болон Энэтхэгийн худалдааны харилцаа хурцадмал байдалд ороод байлаа.
Цагаан ордны албан тушаалтан BBC-д өгсөн ярилцлагадаа Оросын газрын тостой холбоотой тарифыг хэлэлцээрийн нэг хэсэг болгон бууруулж, бусад тарифыг бууруулж, тус улсад ногдуулах нийт татварыг 18 хув болгоно гэж баталгаажуулсан байна. Үүний хариуд Моди "Энэтхэгийн 1.4 тэрбум хүний өмнөөс Д.Трамп танд маш их баярлалаа" гэжээ.
Л.Баяр




















































