Өмнөд Солонгосын тагнуулын албаны мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн өсвөр насны охин Ким Жү Э-г залгамжлагчаараа сонгосон байна. Их Бринтанийн үндэсний тагнуулын алба (NIS) түүний сүүлийн үед төрийн өндөр түвшний арга хэмжээнд байнга оролцож, олон нийтийн өмнө илүү тод харагдах болсон зэрэг “олон хүчин зүйлийг” харгалзан ийм дүгнэлтэд хүрсэн гэж парламентын гишүүдэд мэдээлжээ. Мөн энэ сард болох Хөдөлмөрийн намын их хурлын үеэр түүний оролцоо ямар байхыг анхааралтай ажиглана гэдгээ онцолсон байна.
Парламентын гишүүн Ли Сон Гвон хэлэхдээ, Ким Жү Э нь БНАСАУ-ын Ардын армийн ой, Кымсусан нарны ордонд хийсэн айлчлал зэрэг чухал арга хэмжээнд оролцож, зарим бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлж эхэлсэн нь түүнийг “албан ёсоор залгамжлагчаар тодруулах шатанд” орсныг харуулж байна гэжээ. Ким Жү Э нь Ким Жон Ун болон түүний эхнэр Ли Соль Жү нарын олон нийтэд мэдэгдсэн цорын ганц хүүхэд юм. Тагнуулын байгууллагын зүгээс түүнийг өөр нэг хүүтэй байж магадгүй гэж үздэг ч уг хүүг хэзээ ч албан ёсоор танилцуулж байгаагүй байна.
Ким Жү Э 2022 онд анх удаа улсын телевизээр гарч, тив алгасах пуужинг шалгаж буй эцгийнхээ дэргэд зогсож байсан нь олон улсын анхаарлыг татсан юм. Үүнээс хойш тэрбээр төрийн хэвлэл мэдээллээр байнга гарч, Бээжин хотод болсон Хятадын томоохон цэргийн парадад оролцох зэрэг гадаад, дотоодын чухал арга хэмжээнд эцгийгээ дагалдан оролцсоор иржээ. Түүний ийм идэвхтэй оролцоо нь Ким Жон Уны хатуу дүр төрхийг зөөлрүүлэхэд ч нөлөөлсөн гэж ажиглагчид үздэг.

Гэсэн ч 13 орчим настай охиныг дараагийн залгамжлагчаар сонгож байгаа нь Хойд Солонгосын эрэгтэй давамгайлсан нийгэмд сонин үзэгдэл хэмээн үнэлэгдэж байна. Зарим шинжээчид эмэгтэй удирдагч гарч ирэх магадлал бага гэж үздэг байсан ч Ким Жон Уны эгч Ким Ё Жон өнөөдөр өндөр албан тушаал хашиж байгаа нь үүний нэг жишээ болж байна. Одоогоор Ким Жон Ун харьцангуй залуу, эрүүл саруул харагдаж байгаа ч ийнхүү эртнээс залгамжлагчаа тодруулж эхэлсэн нь Хойд Солонгосын ирээдүйн улс төрийн чиг хандлагад чухал нөлөө үзүүлэх магадлалтай байна.
Эх сурвалж: BBC


















































