
Их Британийн хаан III Чарльз, хатан Камиллагийн хамтаар АНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Нью-Йорк хотын "9/11"-ийн дурсгалын цогцолборт хүрэлцэн очиж, 2001 оны террорист халдлагын хохирогчдод хүндэтгэл үзүүлжээ.
Тэд Манхэттэний доод хэсэгт байрлах Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгуудын суурин дээр байгуулагдсан дурсгалын усан сангийн дэргэд цэцгийн баглаа өргөж, амь үрэгдэгсдийн нэрсийг сийлсэн хүрэл хашлагын дэргэд зогсон дурсгалыг хүндэтгэсэн зурвас үлдээжээ.

Хаан Чарльз өөрийн гараар бичсэн зурвасдаа:
“2001 оны есдүгээр сарын 11-нд харамсалтайгаар амь насаа алдсан бүх хүнийг бид хүндэтгэн дурсаж байна. Ийм гүн гарзын өмнө Америкийн ард түмэнтэй бид хамтдаа, эв нэгдэлтэй байгаа” хэмээн онцолжээ.
Энэхүү айлчлал нь Их Британи, АНУ-ын харилцаанд тодорхой зөрчил, санал зөрөлдөөн үүссэн цаг үед болж буйгаараа онцлогтой. Гэсэн ч хаан Чарльз АНУ-тай түүхэн холбоо, хамтын ажиллагаа чухал хэвээр байгааг онцолж, эв нэгдлийн илэрхийлэл болгож энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцсон юм.
Мөн хаан, хатан нар халдлагад өртөгсдийн ар гэрийнхэн, аврагчидтай уулзаж, эмгэнэл илэрхийлэн ярилцсан бөгөөд дурсгалын газарт хүндэтгэлийн мөч нам гүм үргэлжилжээ.
Тэдний Нью-Йорк дахь айлчлал нь АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулагдаж буй төрийн айлчлалын нэг хэсэг юм.
Л.Баяр

























































