
Олон улсын шайбтай хоккейн холбоо 2026 оны тавдугаар сарын 29-нд гаргасан шинэ шийдвэрээр ОХУ болон Беларусийн шигшээ багуудад тавьсан өмнөх бүрэн хоригийг цуцалсан ч тэднийг автоматаар тэмцээнд буцаан оруулаагүй байна. Үүний оронд цаашид улс тус бүрийн оролцоог тэмцээн бүрээр тусад нь үнэлж шийдэх шинэ бодлого хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү өөрчлөлт нь 2022 оноос хойш үргэлжилсэн ОХУ болон Беларусийг IIHF-ийн бүх тэмцээнээс хассан шийдвэрийн дараах хамгийн том зөөлрөл гэж үзэгдэж байна. Тухайн үед Украины дайны улмаас IIHF нь эдгээр улсын бүх насны шигшээ баг, клубүүдийг олон улсын тэмцээнээс бүрэн түдгэлзүүлсэн юм.
2026 оны 1-р сард IIHF-ийн зөвлөл ОХУ-ыг 2026–2027 оны улиралд дахин оролцуулахгүй гэж шийдвэрлэсэн ч энэ шийдвэрийг Оросын хоккейн холбоо эсэргүүцэн давж заалджээ. Үүний дараа IIHF-ийн Дисциплинар хороо уг шийдвэрийг хүчингүй болгож, “аюулгүй байдлын үндэслэл хангалтгүй” гэж дүгнэсэн байна.
Гэсэн хэдий ч энэ нь ОХУ автоматаар эргэн ирнэ гэсэн үг биш бөгөөд асуудлыг дахин IIHF-ийн зөвлөлөөр хэлэлцэхээр болсон байна.
Шинэ зохицуулалтын дагуу:
ОХУ болон Беларусийг шууд бүх тэмцээнд оруулахгүй
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, залуучуудын тэмцээн бүрээр тусад нь шийднэ
Аюулгүй байдал, зохион байгуулалт, спортын нөхцөл байдлыг харгалзана
IIHF-ийн шийдвэр нь спортын хүрээнд томоохон маргаан дагуулж байна. Зарим тал үүнийг “спортын бодит байдлыг уян хатан болгосон алхам” гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь улс төрийн нөхцөл байдлыг үл тоомсорлосон шийдвэр гэж шүүмжилж байна.
Л.Баяр
























































