
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ удаад Персийн булангийн стратегийн чухал улс болох Оманы талаар хатуу байр суурь илэрхийлж, олон улсын анхаарлыг татлаа.
Трамп Оманыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авах боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр Ормузын хоолойг “олон улсын усан зам” хэмээн тодорхойлж, ямар ч улс дангаар хянах ёсгүй гэдгийг хатуу илэрхийлээд буй.
Энэхүү мэдэгдэл нь Ирантай холбоотой хурцадмал байдал нэмэгдэж, Ормузын хоолой дахь усан тээврийн асуудал дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлж буй үед гарч байна. Зарим мэдээллээр Иран, Оман хоёр тус хоолойгоор нэвтрэх усан онгоцноос төлбөр авах боломжийг хэлэлцсэн гэх мэдээлэл тархсан нь Трампын уур бухимдлыг өдөөсөн аж.
Оман нь уламжлалт байдлаар АНУ, Ираны хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд өмнөх цөмийн хэлэлцээ болон дипломат уулзалтуудыг зохион байгуулж байсан улс юм. Гэвч сүүлийн нөхцөл байдалд Трампын хурц үгс тус улсыг өмнө нь түүний шахалт, сүрдүүлэлтийн бай болсон бусад орнуудын эгнээнд оруулж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар Ормузын хоолой нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн чухал гарц тул энд үүсэх аливаа хурцадмал байдал нефтийн үнэ, бүс нутгийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх эрсдэлтэй юм.
Л.Баяр






















































