
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Үндсэн хуулийн Цэцийг “Улс төрийн улаан булан” гэж нэрлэв. Сэтгүүлч Г.Лхагвадорж бол “Манаач нэртэй мануухай” гэж цоллосон. Тэдний зөв байж. Юу гэхээр, энэ хүмүүс Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд бус, улстөрчдөд үйлчилдэг, улс төрийн л шийдвэр гаргадаг бүтэц болсон гэдгийг барим тавим баталж хэлээд байсан юм. Ингэхдээ бүр хуралдаагүй байгаа Их суудлынх нь шийдвэрийг урьдчилж зарлаад, Үндсэн хуулийн Цэцэд дээрх нэр хочийг өгөөд байсан л даа.
УИХ-ын гаргасан шийдвэр нь Үндсэн хуулиасаа гажсан эсэхийг нягталж тогтоодог, нэг ёсондоо хуулийн ноён оргил болсон Цэцийг арай ч тийм болчихоогүй байх гэж олон нийт харж, найдаж хүлээж байсан юмсан. Гэтэл үнэхээр л тэдний хэлсэн ч шиг Үндсэн хуулийн Цэц өөрөө арайч дээ гэмээр болсон байна.
Цэцийн Их суудлын хуралдаан өчигдөр боллоо. Уг нь Их суудал гэдэг нийт гишүүнийх нь хуралдааныг хэлдэг юм. Гэтэл Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан УИХ-ын Тамгын газар руу томилогдож, дарга Г.Баясгалангийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад бараг бүтэн жил болоод байгаа боловч Их суудлаа хуралдууллаа. Нэг сул оронтой, нэг бүрэн эрх нь дуусчихсан бүрэлдэхүүнтэй хийсэн энэхүү хурлаас гарсан шийдэр нь хамгийн ноцтой. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч зөвхөн нэг удаа 6 жилээр томилогдоно гэсэн хуулийн заалтыг хүчингүй болгож, хэдэн ч удаа дахин томилогдох боломжийг нээж өглөө. Ноцтой нь, Улсын дээд шүүхийн одоогийн Ерөнхий шүүгч Дамдины Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх сарын 2-нд дуусахын яг өмнө ийм шийдвэрийг Их суудлаараа гаргаж орхих нь тэр. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл уг нь энэ тухай өнгөрсөн даваа гарагт албан ёсоор мэдэгдэл хийсэн байдаг юм. Тэрээр “Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг зургаан жилээр нэг удаа томилдог байсныг зургаан жилээр томилж болох асуудлаар Цэцийн Их суудлын хуралдаан болох гэж байна. Үүнийг улс төрийн захилгын үйл явдал гэж АН-ын бүлэг үзэж байна. Өнгөрсөн жилээс хойш хийсэн томилгоонуудыг харахад бүгдийг нь улираан томилсон. Улсын ерөнхий прокурор, АТГ-ын даргыг улираан томилсон. Одоо дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улираан томилох үйл явц өрнөж байна. Хуульд байхгүй заалтыг тайлбарлаж, давуу байдал олгож байна гэж үзэж байна. Тэр тусмаа Цэц өөрөө улс төрийн захиалгын байгууллага болж хувирсан байж болзошгүй олон, олон шийдвэр гарсан. Тэр тусмаа Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа дууссан, нэг гишүүн нь чөлөөлөгдсөн байна. Хугацаа нь дууссан Цэцийн даргыг чөлөөлөх, хоёр гишүүний асуудлыг УИХ-д яаралтай оруулж ирэх шаардлагыг УИХ-ын дарга С.Бямбацогтод хүргүүлнэ. Хуулийн хүрээнд маргаангүй Цэцийн даргатай болох хүртэл Цэц дээр гаргаж байгаа шийдвэрүүдийг зогсоох шаардлагатай” гэж мэдэгдсэн.
Гэтэл УИХ дахь хамгийн том сөрөг хүчнээ гөлөг ч гэж тоосонгүй. Энэ бол парламентын ардчилал устаж буйн илрэл. Дээр нь Цэц яг сэтгүүлч Г.Лхагвадоржийн хэлсэн шиг “Хонгил угсарч” байгаагаа Их суудлын хуралдаанаараа нотолж орхилоо. Өөрөөр хэлбэл, одоо зургадугаар сарын 2-нд бүрэн эрх нь дууссан Д.Ганзориг дахин Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшээд орж ирвэл энэ асуудал улам бүр баталгаажна гэсэн үг.
Гэхдээ тэрийг хүлээлгүй бүх зүйл улстөрчдийн зурсан зургаар явж байгааг Та ч, би ч харлаа. Одоо энэ зураг бүтэн болж зурагдахыг ч бас харах нь байна шүү дээ. Гачлантай нь Үндсэн хуулиа манах ёстой нөгөө хуулийн ноён оргил болсон Цэц маань ийм явуургүй улс төрийн гар хөл болчих гэж. Уг нь энэ байгууллага улстөрчдийг хуулийн шугаман дотор алхуулдаг, дураараа авирлах гэснийг нь чөдөрлөдөг тийм л байгууллага байсан юмсан. Хэзээнээсээ ийм зүйлд хутгалддаг, “Улс төрийн улаан булан” болчихов оо.
Энд хариулт хайж ядаж цөхөх юм ч алга. Үнэндээ Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангаас энэ бүхэн хамаарч байгаа. Тэр өмнөх дарга нар шиг зангарагтай, хамгийн гол нь өөрөө барьцаанд орчихоогүй байсан бол хүний эрхийг хамгаалж, хуулийнхаа талд бат нот зогсож чадах байсан юм. Гэтэл энэ хүн ердөө л улиран томилогдох гэсэн өчүүхэн эрх ашиг, эсвэл өөрийн гэр бүлийнхний амин хувийн зорилго, аль эсвэл ажлын байран дээрээ архи ууж согтуурхаж хөлчүүрхсэн хэрнээ албан тушаал дээрээ бүтэн нэг жил илүү сууж байгаагийнхаа төлөөсийг төлөөд байна уу!?
Гэхдээ энд нэг зүйлийг зориуд тодотгож хэлэх нь зөв байх. Цэц бүхэлдээ ч арай Г.Баясгалан шигээ дампуурчихаагүй байгааг бид гишүүдийнх нь үйлдлээс харсан. Үндсэн хуулийнхаа талд зогсож, Их суудлын хуралдаан дээрээ эсрэг санал өгсөн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан нарыг магтах нь зүйтэй байх. Ийм хуульчид байгаагүй бол Үндсэн хуулийн Цэц үнэндээ бүрэн утгаараа улс төрийн намын утсан хүүхэлдэй болоод дуусах байсан биз. Ямар боловч энэ байгууллага бүхэлдээ өтчихөөгүйг бид харж авав. Эцэст нь хэлэхэд, Үндсэн хуулийг манах учиртай хуулийн ноён оргил болсон Цэц Г.Баясгалан даргын үед нуран унаж байгааг Та бид бүгд л харав. Харамсалтай...
А.Болдбаатар





















































