
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл эцэслэн шийдэгдээгүй ч дэмжүүлэх хөдөлгөөн төрийн ордноор хязгаарлагдахгүй сошиал орчинд идэвхтэй өрнөж байна. Нэр бүхий бөхчүүд, түүний тойрон хүрээлэгчид, нутгийн зон олных нь дэмжлэг жин дарна. Баян наадмаас урьтаж, хаврын чуулганы хуультай хугацаанд багтаж, 2021 онд Залуучуудын холбооноос зохион байгуулсан барилдааны үр дүнг тооцуулах гэж нам, бүлэг харгалзахгүй довтолгон улайрах нь хүчтэй байна. Энэ бүхний ард зөвхөн шинэ цол горилж буй бөхчүүд, тэдний цөөн тооны дэмжигчид байгаа.
2021 оны барилдаанд тав болон түүнээс дээш давсан зарим бөхөд цол олгоно, олгохгүй гэх маргааны нөгөө үзүүрт 2022 оны Улсын баяр наадмаар цол авсан бөхчүүдийн асуудал хөндөгдөж таарна. Учир юу гэвэл, 2021 оны наадмыг цуцалж, 2022 онд хамтатган тэмдэглэсэн буюу Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 1024 бөх зодоглосон билээ. Тиймээс 2021 онд наадам болоогүй, улсын Б.Бат-Өлзий улсын арслан болохгүй юм.
Хэрэв "спикер" бярдаад баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулбал юу болох вэ. Нөхөн тэмдэглэсэн 2022 оны наадмын зарим давааг хүчингүй болгож, түрүүлсэн аварга О.Хангай улсын арслан цолтой, үзүүрлэсэн улсын арслан Б.Орхонбаяр улсын гарди цолтой болно. Мөн улсын заан М.Лхагвагэрэл, Б.Серик харцага болж, улсын харцага Л.Лха-Очир, О.Мөнх-Эрдэнэ Г.Бадрах начин болж, өөр олон бөх улсын цолоо алдах асуудал гарна. 2021 оны тэрхүү барилдааныг хүчинтэй болгож, 2022 онд нөхөн тэмдэглэсэн 100, 101 жилийн ойн наадмын 100 жилийг цуцалбал, Б.Бат-Өлзий тэргүүтэй бөхчүүд цол ахиж болох юм.
Нэг ёсондоо О.Хангай аварга цолтой үлдэх үү, Б.Бат-Өлзий арслан цолтой болох уу. 2021 онд зохион байгуулах ёстой байсан 100 жилийн ойн наадмыг 2022 онд зохион байгуулж, О.Хангай түрүүлсэн ба тэгш ойн наадам хэмээн улсаас өч төчнөөн тэрбумын зардал гаргуулан нижгэр тэмдэглээгүй юу.
Мартаагүй бол. Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, 10 жил тутамд 1024 бөх барилдуулж байхаар хуульчилсан хууль хуудас шарлаагүй байна. Харин хууль баталж явсан гишүүдийн ой санамж муу байна уу даа. Зун болж, наадам дөхөхөөр л энэ нэг үйлийн үртэй хуулинд жалга дов харсан хэдэн гишүүд гар дүрэх гээд байдаг даа.
Л.Баяр



























































Сэтгэгдэл (1)