
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр дэлхий нийтээрээ 3Дэлхийн дугуйны өдөр"-ийг тэмдэглэж байна. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2018 онд албан ёсоор баталж, унадаг дугуйн нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх ач холбогдлыг сурталчлах зорилго тавьжээ.
Дэлхийн дугуйны өдрийг бий болгох санаачилгыг Польш гаралтай нийгмийн ухааны профессор Лешек Сибильски гаргаж, олон улсын дэмжлэгийн үр дүнд НҮБ-аар батлуулсан түүхтэй. Өнөөдөр энэ өдрийг дэлхийн олон оронд дугуйн аялал, уралдаан, нөлөөллийн аян болон нийтийн арга хэмжээгээр тэмдэглэн өнгөрүүлдэг байна.

Унадаг дугуйгаар хамгийн алдартай улсуудын нэг бол Нидерланд юм. Тус улс 18 сая орчим хүн амтай ч 20 гаруй сая дугуйтай гэж үздэг бөгөөд иргэдийн өдөр тутмын зорчилтын томоохон хэсгийг дугуй эзэлдэг. Мөн Дани улсын нийслэл Копенхаген хот дэлхийн хамгийн дугуйд ээлтэй хотуудын нэгээр нэрлэгддэг бол Бельги, Герман, Швед зэрэг Европын орнууд дугуйн замын сүлжээ, хэрэглээгээрээ тэргүүлдэг байна.
Дугуйн спортоороо алдартай улс орнуудын тоонд Франц улс багтдаг. Учир нь дэлхийн хамгийн нэр хүндтэй дугуйн олон өдрийн уралдаан болох “Францыг тойрсон аялал” тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Харин Итали, Испани, Бельги улсууд ч мөн дугуйн спортыг өргөн хөгжүүлсэн орнуудад тооцогддог.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар унадаг дугуй нь шатахуун хэрэглэдэггүй, агаар бохирдуулдаггүй төдийгүй хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй тээврийн хэрэгсэл юм. Тиймээс дэлхийн улс орнууд дугуйн хэрэглээг нэмэгдүүлэх замаар түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна.



























































