
Багахангай дүүргийн баяр наадмын тавын даваа өндөрлөлөө. Энэ үеэр уг наадамд гурав давж дөрвийн даваанд Улсын начин Б.Баатарцолд унасан залуу бөх Б.Галданцэрэн дараах зүйлсийг цхим хуудсандаа бичжээ.
Тэрбээр "15 жилийн дараа зодог өмсөж ардын наадамд зодоглолоо. Чадах хүртлээ барилдлаа за миний давж унах ч яахав… бөх миний амьдралын зорилго ч биш. Хамгийн гол нь Монгол бөх маань ямар эмгэнэлтэй байдалд байгааг өөрийн нүдээр харлаа. Гарч ирээд барилдахдаа яаж хүн дарамталдаг янз бүрийн ааш авир гаргадагийг хэдэн начин харцагуудаас нь бас биеэрээ мэдэрлээ “Чи пязда минь намайг шилддэг хэн бэ гэж байгаад л дарамтаа эхэлдэг юм байна. За энэ ч бас яахав! Асуудал бүр эхнээсээ ингэж эхлэв.
Наадам болохоос ч өмнө нэгийгээ түрүү бөх гээд өргөмжилчихсөн байх юм хамгийн аймар нь тэр нөхөр нь нэг хоногийн өмнө барилдах бөхчүүд ирж бүртгүүлэх үеэр үүдэнд сууж байгаад өөрийнхөө барилдаад дийлэхгүй гэж үзсэн бүх хүмүүсээ тэмдэглэж авч байгаад цаана бүртгэл хийдэг хүндээ аваачиж өгөөд бүгдийг нь бүртгэлээс хасуулж байгааг хараад ой гутав. За тэгээд наадам эхлэхэд Менежер гээд нэг бөх томилогдчихсон тэр нь энэ наадамд хэнийг давуулах хэнийг хэвтүүлэхийг шийдэж байна
Асар дотор бөхчүүдээ цуглуулж байгаад юу гэж ярьж байгааг та нар сонсвол бараг нүд чинь орой дээрээ гарна гэхдээ энийг би сэтгүүлчдэд болон МҮБХ-нд зураг, бичлэг бүх баримтаар нь хүргэж өгөөд нэг сайн бөмбөг тэслэе гэж бодож байна. Энэ миний Монгол бөхөд оруулах хувь нэмэр болог! Монгол бөхийн холбоо нь харин ямар арга хэмжээ авахыг харъя. Төрийн наадмаа тохуурхуулж, бузарлуулсан Багахангайнханд ч хүчингүй болгох эрх нь бий! Би унасандаа уурлаагүй шүү. Угаасаа энэ спортод би хүч хөдөлмөр цаг хугацаа зарцуулаагүй, өмнө нь хүүхэд байхдаа барилддаг байсан тэр суурин дээрээ л хэдэн сар бэлдээд зодоглосон төдий учраас надад харамсах, алдах юм юу ч байхгүй. Би дахиж барилдахгүй гэхдээ хайрлаж хамгаалж явах ёстой Монгол бөхийн төлөө чадах бүхнээ хийнэ" гэжээ.
Л.Баяр






















































