
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дроны халдлагаас стратегийн чухал дэд бүтцээ хамгаалж чадаагүй, эсвэл халдлагын дараа хэвийн ажиллагааг нь сэргээж чадаагүй тохиолдолд төр тухайн байгууламжийг түр хугацаанд хяналтдаа авах эрхтэй болох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Энэ нь ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд Украины нисгэгчгүй онгоцны халдлага эрчимжиж, нефть боловсруулах үйлдвэр, агуулах, худалдаа-логистикийн төвүүд зэрэг чухал байгууламжууд удаа дараа бай болсонтой холбоотой юм.
Уг зарлиг нь эрчим хүч, түлш, үйлдвэр, харилцаа холбоо, тээвэр, логистик зэрэг салбарын дэд бүтцэд хамаарна. Хэрэв хувийн компаниуд шаардлагатай хамгаалалт хийхгүй, эсвэл халдлагад өртсөн байгууламжаа цаг тухайд нь сэргээхгүй бол төр тухайн компанийн үйл ажиллагаанд түр хугацаагаар оролцож болох аж. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хувийн бизнес эрхлэгчид байгууламжийн аюулгүй байдал, тэр дундаа дроны халдлагаас хамгаалах арга хэмжээнд хангалттай анхаарал хандуулдаггүй тохиолдол бий гэж мэдэгджээ.
Гэхдээ ОХУ-ын Шадар сайд Денис Мантуров уг шийдвэр нь компаниудыг шууд төрийн өмч болгох, үндэсний өмчлөлд шилжүүлэх гэсэн үг биш гэж тайлбарласан байна. Харин тодорхой аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд төр тухайн аж ахуйн нэгжийн удирдлагад түр хугацаагаар оролцоно гэжээ.
Л.Баяр




















































