
Сүүлийн саруудад Украин ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд алсын тусгалт дронуудаар нефть боловсруулах үйлдвэр, түлшний байгууламж болон томоохон логистикийн төвүүдийг онилох болсон. Үүний улмаас Оросын зарим бүс нутагт шатахууны хомсдол үүсэж, үйлдвэрлэл, худалдаа, тээврийн салбарт доголдол гарах болсон.
Тухайлбал, Украины халдлагын бай болсон Оросын цахим худалдааны томоохон компаниудын нэг "Ozon"-ы логистикийн төвүүдэд дараалан цохилт өгсөн байна. Мөн нефть боловсруулах үйлдвэрүүд хэд хэдэн удаа халдлагад өртжээ.
Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины дроны халдлагаас стратегийн чухал дэд бүтцээ хамгаалж чадаагүй, эсвэл халдлагын дараа хэвийн ажиллагааг нь сэргээж чадаагүй тохиолдолд төр тухайн байгууламжийг түр хугацаанд хяналтдаа авах эрхтэй болох тухай зарлигт гарын үсэг зурсан тухай бид саяхан мэдээлсэн.
Шинжээчдийн үзэж буйгаар, Путины шинэ зарлиг нь дахин дахин халдлагад өртөж буй хувийн компаниудыг байгууламжаа хамгаалах, засварлахад илүү их хөрөнгө зарцуулахад шахах зорилготой байж болох юм.
Украины дроны довтолгоо Оросын нутаг дэвсгэрт улам гүнзгийрэхийн хэрээр Кремль хувийн компаниудын хамгаалалтыг төрийн хяналтад оруулах шинэ механизм бий болгож байна. Энэ нь дайны дарамт Оросын цэргийн фронтоос давж, эдийн засаг болон иргэний дэд бүтцэд улам хүчтэй мэдрэгдэж буйн нэг илрэл болж байна.
Л.Баяр




















































