
Германы Засгийн газар тус улсын Лейпциг/Халле нисэх онгоцны буудалд өнгөрсөн наймдугаар сарын 4-нд болсон дроны халдлагын ард Оросын төрийн байгууллагууд байсан гэж мэдэгдлээ. Берлин уг үйл явдлыг Германы нутаг дэвсгэрт чиглэсэн ноцтой “эрлийз халдлага” хэмээн үзэж байна.
Тухайн өдөр нисэх буудлын хамгаалалттай бүсээс тэсрэх төхөөрөмж суурилуулсан дрон илэрчээ. Дрон дэлбэрээгүй бөгөөд аюулгүй болгосон ч нисэх буудлын үйл ажиллагаа, агаарын тээврийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсан байна. Лейпциг/Халле нь Европын ачаа тээврийн чухал төв бөгөөд Украины чиглэлийн болон НАТО-гийн логистикийн үйл ажиллагаанд ашиглагддаг учраас уг халдлага онцгой анхаарал татжээ.
Германы эрх баригчид мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл болон тагнуулын байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн Оросын төрийн байгууллагуудыг халдлагатай холбон үзсэн байна. Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт үүнийг энгийн нэгэн дроны хэрэг бус, урьдчилан төлөвлөсөн ажиллагаа байсан гэж мэдэгджээ.
Үүний хариуд Герман Оросын эсрэг хэд хэдэн арга хэмжээ авахаар болжээ. Тухайлбал, Оросын дипломат болон соёлын байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах, Оросын дипломат ажилтнуудад тавих хяналтыг нэмэгдүүлэх, Европын холбооны түвшинд шинэ хориг арга хэмжээ авахыг дэмжихээр төлөвлөж байна. Мөн нисэх буудал болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн хамгаалалтыг чангатгахаар болжээ.
Харин Москва Германы буруутгалыг эрс няцаасан байна. ОХУ-ын тал уг мэдэгдлийг нотлох баримтгүй бөгөөд улс төрийн зорилготой хэмээн үзэж, Германы шийдвэрт хариу арга хэмжээ авах боломжтойг анхааруулжээ. Энэ хэрэг нь Украинд үргэлжилж буй дайны нөлөөгөөр Орос, Европын орнуудын хоорондын харилцаа улам хурцдаж, нисэх буудал, эрчим хүч, тээврийн сүлжээ зэрэг стратегийн дэд бүтцийн аюулгүй байдалд санаа зовнил нэмэгдэж буйг харуулж байна.
Л.Баяр
























































