
Монгол Улсад жилд дунджаар 147 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгддэг. Сүүлийн таван жилд буюу 2021-2025 онд улсын хэмжээнд 755 удаагийн дуудлага бүртгэгдэж, 15,200 толгой мал хорогдон, 76 гэр, хашаа, байшин, өвөлжөө шатжээ. Мөн нийт 7.2 сая га талбай түймэрт өртөж, 587.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Түймрийн 70 орчим хувь нь хүний санамсаргүй, болгоомжгүй үйлдлээс үүддэг. Тухайлбал, дутуу унтраасан чүдэнз, тамхины иш, ил задгай түлсэн гал, бүрэн унтраагаагүй үнс нурам зэргээс гал алдах тохиолдол түгээмэл байна.
Ялангуяа хуурайшилт, салхи ихтэй үед бага хэмжээний гал богино хугацаанд өргөн хүрээг хамарч, мал, эд хөрөнгө болон бэлчээрт ихээхэн хохирол учруулах эрсдэлтэй.Иймээс иргэд ой, хээрт зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, асаасан гал, тамхи, чүдэнзээ бүрэн унтраах шаардлагатай. Гал түймэр гарсан тохиолдолд нэн даруй холбогдох байгууллагад мэдээлж, байршлыг тодорхой хэлэх нь галын тархалтыг богино хугацаанд хязгаарлахад чухал үүрэгтэй.




















































