
Сүхбаатар аймагт 2026 оны есдүгээр сарын байдлаар нийт 2864 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 97-гоор буюу 3.6 хувиар өссөн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 882 гомдол, мэдээлэл бүртгэгдэж 9.6 хувиар, зөрчлийн шинжтэй 1939 гомдол, мэдээлэл бүртгэгдэж 1.0 хувиар тус тус өсчээ.
Аймгийн хэмжээнд нийт 670 гэмт хэрэг бүртгэгдсэний 316 нь Баруун-Урт суманд, 354 нь бусад 12 суманд ногдож байна. Өмнөх онтой харьцуулахад Сүхбаатар, Баяндэлгэр, Наран, Халзан сумдад гэмт хэрэг өсч, Түвшинширээ, Түмэнцогт, Мөнххаан сумдад буурсан байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнхийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа залилан, цахим залилан, иргэдийн өмч болон орон байрны хулгай эзэлж байна. Харин зөрчлийн 54 хувь нь согтуугаар болон жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн 188 зөрчил бүртгэгджээ.
Гэмт хэрэгт холбогдсон 442 хүний тал хувь нь ажилгүй иргэд бол гомдол гаргагчдын 91 хувь нь 18–49 насныхан байна.
Аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг өссөн сум, багт эргүүл, хяналтыг нэмэгдүүлэх, согтуугаар болон эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх, залилах гэмт хэргээс сэрэмжлүүлэх аян зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн өвөлжилтийн үед мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: BBS телевиз




















































