
Баянгол дүүрэгт энэ онд гэр хорооллын хэд хэдэн байршилд авто зам шинээр тавихаар төлөвлөсөн. Үүний нэг нь 9-р хороонд байрлах НЕБ-ын 146-р сургуулийг тойрсон авто замын ажил юм.
Дээрх ажлын хүрээнд нийт 791м урттай авто замыг тавихаас өнөөдрийн байдлаар сургууль орчмын 491м замыг асфальтаар хучаад байна. Үргэлжлүүлээд төв замаас хойш 75м автозамыг хучсанаар энэ онд тухайн бүсэд нийт 566м авто замыг хийж дуусах бөгөөд зорчих хэсэг нь 5,5-7м өргөнтэй. Үргэлжлүүлээд хоёр талд нь явган хүний зам, гэрэлтүүлэг суурилуулах ажлыг хийнэ.
Харин дунд хэсэгт үлдсэн 225м замын ажил 2 шалтгаанаас болж он дамжин хийгдэхээр боллоо. Тодруулбал, энэ онд хучилт хийгдээгүй үлдсэн 225м замын доор инженерийн шугам сүлжээ бий бөгөөд ОСНААУГ-аас дээрх шугамыг шилжүүлсний дараа авто зам тавих шаардлагатай гэсэн.
НЕБ-ын 146-р сургууль орчмын замыг шинээр тавихад замын трасст нийт 26 нэгж талбар өртсөнөөс 23-ыг нь Нийслэлийн төсвөөр чөлөөлснөөр дээрх бүтээн байгуулалт өрнөсөн. Одоо 3 нэгж талбар үлдсэн бөгөөд ирэх онд чөлөөлж дууссанаар үлдсэн замын ажлыг дуусгах юм.























































