
Эквадор улсын Гуаякиль хотын сүмд мөргөл үйлдэж байх үед том модон загалмай дээрээс нь унасны улмаас католик шашны санваартан амиа алдсан хэрэг гарчээ. Тухайн мөргөлийг цахим орчинд шууд дамжуулж байсан тул ослын бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан байна. Талийгаачийг Патри́сио Альфредо Санчес Молинари гэдэг. Тэрээр аравдугаар сарын 17-ны бямба гарагт Гуаякиль хотын "Перпетуо Сокорро" сүмд мөргөл үйлдэж байхдаа осолд өртжээ. Хотын хамба ламын албанаас аравдугаар сарын 19-нд түүний нас барсныг албан ёсоор мэдээлсэн байна.
Ослын үеэр санваартан тахилын ширээний өмнө мөргөл удирдаж байжээ. Энэ үед түүний ард байрлаж байсан том модон загалмай гэнэт унаж, толгойг нь цохисон байна. Бичлэгт сүмд байсан хүмүүсийн орилж, сандралдан түүнд туслахаар яаран очиж буй нь сонсогдож, харагджээ.
CNN-ийн мэдээлснээр, Санчес тухайн үед хуримын ёслол удирдахаар бэлтгэж байсан аж. Харин загалмай яагаад унасныг одоогоор тогтоогоогүй бөгөөд цагдаагийн байгууллага уг хэргийн талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Аравдугаар сарын 18-ны ням гарагт талийгаачийн дурсгалд зориулсан мөргөл зохион байгуулжээ. Уг ёслолыг Гуаякиль хотын хамба лам, кардинал Луис Кабрера удирдсан байна. Хамба ламын албанаас талийгаачийн гэр бүл, ойр дотнын хүмүүс болон шашны хамт олонд эмгэнэл илэрхийлж, түүний сүнс амар амгалан нойрсохын төлөө хамтдаа залбирахыг уриалжээ.
Патри́сио Санчес Молинари нь 1732 онд байгуулагдсан, дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг католик шашны Хамгийн ариун Гэтэлгэгчийн чуулган "Redemptorists"-ийн гишүүн байжээ.
Л.Баяр



















































