
IEA-ийн мэдээллээр, 2026 оны есдүгээр сард дэлхийн газрын тосны нөөц хоёрдугаар сарын сүүлчийн түвшнээс 509 сая баррелиар буурчээ. Мөн Орос болон Ойрх Дорнодын нийлүүлэлт буурснаар есдүгээр сард дэлхийн дизель түлшний экспорт өмнөх оны мөн үеэс өдөрт 700 мянган баррелиар багассан байна.
Европын холбооны аравдугаар сарын 22-ны мэдэгдэлд дизель болон нисэх онгоцны түлшний нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгааг дурджээ. Гэхдээ Европт одоогоор эдгээр бүтээгдэхүүний бодит хомсдол үүсээгүй бөгөөд нөхцөл байдлыг ойроос ажиглаж байгааг мэдээлсэн байна.
Үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдал нь тээвэр, үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний өртөгт нөлөөлж, инфляцын дарамтыг нэмэгдүүлж байна. Үүний улмаас дэлхийн газрын тосны хэрэглээ 2026 онд өдөрт дунджаар 2.6 сая баррелиар буурна гэж IEA таамаглажээ. Тус агентлагийн төсөөллөөр, дизель түлшний зах зээл 2027 оны эхээр нийлүүлэлтийн илүүдэлтэй болж болох ч энэ онд хуримтлагдсан нөөцийн алдагдлыг нөхөхөд хангалтгүй байна. Иймээс Ойрх Дорнодын мөргөлдөөн намжиж, тээвэрлэлт болон боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн болох хүртэл дэлхийн шатахууны зах зээл тогтворгүй хэвээр байх эрсдэлтэй байна.
Л.Баяр






















































