
Польшийн Краков хотын төв талбайд гал нээж, зургаан хүний аминд хүрсэн этгээдийг 24 настай Польшийн иргэн болохыг тогтоожээ. Тэрбээр хэт барууны үзэл суртал, хэт үндсэрхэг үзэлд татагдсан нэгэн байсан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Марчин Кервиньски мэдээлсэн байна. Хэрэг явдал арваннэгдүгээр сарын 7-ны бямба гарагт Краков хотын түүхэн төв талбайд болсон бөгөөд зэвсэглэсэн этгээд автомашинаасаа хүмүүс рүү хаа хамаагүй гал нээжээ. Улмаар дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй амиа алдаж, 15 хүн шархадсан байна.
Польшийн хэвлэлүүдийн мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээдийг О.Михаил гэдэг бөгөөд тэрбээр Свентокшиске мужийн Островец-Свентокшиски хотоос гаралтай аж. Польшийн хууль тогтоомжийн дагуу сэжигтний бүтэн нэрийг нийтэд зарлахгүй байгаа тул овог нэрийнх нь эхний үсгийг л мэдээлж байна.
Орон нутгийн "Wirtualna Polska" хэвлэл түүнийг мэргэжлийн цэргийн алба хаагч бус, токарьчин мэргэжилтэй гэж мэдээлжээ. Мөн тэрбээр галт зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд эцгийнхээ хамт буудлагын клубт бүртгэлтэй байжээ. Гэхдээ эдгээр мэдээллийн заримыг албаныхан хараахан баталгаажуулаагүй байна. Сэжигтэн өмнө нь цагдаагийн бүртгэлд байгаагүй, эрүүгийн хэрэгт холбогдож байгаагүй аж. Түүнчлэн Польшийн Батлан хамгаалахын сайд түүнийг зэвсэгт хүчний алба хаагч байсан гэх мэдээллийг няцаажээ.
ГЭР БҮЛИЙНХЭЭ ГУРВАН ГИШҮҮНИЙГ ХӨНӨӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Халдлага үйлдсэний дараа цагдаа нар сэжигтний гэрт нэгжлэг хийх үеэр гурван хүний цогцос олсон байна. Тэдгээр нь түүний 53 настай эцэг, 52 настай эх, 21 настай охин дүүгийнх цогцос байсан аж. Урьдчилсан мөрдөн шалгалтаар эдгээр гурван хүнийг мөн адил галт зэвсгээр хөнөөсөн байж болзошгүй.

Мөн сэжигтний автомашинаас болон гэрээс нь нийт 11 ширхэг галт зэвсэг, их хэмжээний сум, хэрэгсэл хураан авчээ. Тэрбээр халдлагын үеэр "AR-15" загварын хагас автомат буу ашигласан байж болзошгүй байна. Польшийн прокурорын байгууллага ням гарагт уг хэргийг ₮террорист гэмт хэрэг₮ гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Сэжигтэн цагдаа нарт буудуулж шархадсан бөгөөд хэд хэдэн удаагийн мэс засалд орсон ч биеийн байдал нь хүнд, эмнэлэгт цагдаагийн хамгаалалтад байгаа аж.
Л.Баяр






















































