2011 оны “UK Music Video Awards”-аас “Best Indie Rock Video” шагнал хүртэж байсан Английн “Is Tropical” хамтлаг саяхан фэйсбүүк хуудсандаа “Бид Монголд очно” хэмээн бичиж байсан бол өнөөдөр Улаанбаатарт газарджээ. “Монгол ньюс” төвд өнөөдөр хамтлагийн зүгээс сэтгүүлчдэд ирсэн зорилго, тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.“Is Tropical” хамтлагийнхан маргааш буюу 23-нд Дархан хотын “Queen” клубт, нөгөөдөр “iLoft function house”-т 20.00 цагт тус тус тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэдний тоглолтод урилгаар “Моханик”, “Ватаме”, “Колорс” хамтлагууд хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм байна. Английн алдарт “Is Tropical” хамтлагийн аялан тоглолтын үеэр дэлхийн олон сая интернет хэрэглэгчдэд хэдийнэ танил болсон www.vice.com сайтаас баримтат киноны баг дагалдан яваа бөгөөд тэдний аяллын тухай кино бүтээж байгаа аж.
Т.Энхэлээ





















































