Германд мэргэжил эзэмшсэн цөөхөн загвар зохион бүтээгчийн нэг болох Ариунаа Сүри хэмээх авьяаслаг бүсгүй Японны Токио хотын загварын тайзнаа өөрийн шилдэг бүтээлээ сонирхуулж байсан нь саяхан. “Mercedes Benz Fashion Week Tokyo” шоунаас хойш тэрбээр нам гүм байж байгаад энэ сарын 13-нд буюу Үндэсний их баяр наадмын өдрөөр элэг нэгтнүүддээ зориулан нэгэн онцгой үдшийг бэлэглэхээр төлөвлөж байгаа билээ. “SS2014 Fashion Week” супер шоу нь түүний эх орондоо зохион байгуулж буй анхны үйл ажиллагаа бөгөөд зөвхөн загварынхан төдийгүй гадаад, дотоодын нэртэй хамтлаг, дуучид, DJ нар оролцохоороо ихээхэн онцлогтой болох нь.
Тэгвэл өчигдөр эрхэм дизайнер бүсгүй маань МЗХ дээр болсон кастинг дээр загвар өмсөгч Норатай хамт Монголоос оролцох арван загвар өмсөгчийг шалгаруулж авсан байна. Тус шоуг Италийн “GR event and communications” агентлагаас хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү агентлаг нь дэлхийн нэртэй олон арга хэмжээг зохион байгуулж байсан туршлагатай аж.






















































