Дэлхийд алдартай "Кармен" дуурь тэртээ 1984 онд найруулагч Л.Эрдэнэбулганы тавилтаар үзэгчдийн хүртээл болсноос хойш нэг янзаараа тоглогдсоор ирсэн. Тэгвэл энэ дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх шинэчлэн найруулсан бөгөөд энэ сарын 14,15-нд тоглох гэж байна. Хэдий сонгодог бүтээл хуучны янзаараа байх нь үнэ цэнэтэй гэх авч тавилт, тайз өнөө янзаараа байхын зэрэгцээ хувцас, жижиг хэрэгсэл элэгдэж хуучирсан аж. Энэ талаар хөгжим судлаачид шүүмж өрнүүлэн театрын захиргаа дүгнэлт хийж, шинээр тавихад шаардагдах төсөв хөрөнгө олгох хүсэлтийг ССАЖЯ-нд тавьснаар ийнхүү “Кармен” шинэчлэгдсэн байна.
Ерөнхий зураач нь театрын ерөнхий зураач Г.Ганбаатар гэнэ. Сонирхолтой нь, түүний аав Ардын зураач Ч.Гунгаасүх 1984 онд уг бүтээлийг тайзнаа тавихад зураачаар нь ажилласан аж. Харин эдүгээ хүү нь аавынхаа тайзны шийдлийг бүхий л талаар өөрчилж, өөрийн гэсэн “Кармен”-ийг бүтээж байна. Өдгөө театрын тайзнаа өндөр гэгчийн угсармал хана цайз босгоод байгаа юм. Эргэдэг тайзыг дөрвөн хэсэгт хувааж үзэгдэл бүрийн өнгийг илтгэсэн зураг, тоноглол байршуулжээ.





















































