Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комисс, УИХ-ын Тамгын газар, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан өнөөдөр 14 цагаас Бөхийн өргөөнд эхэллээ.Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дэд дарга, Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга Р.Гончигдорж нээж товч үг хэллээ.
Бөхийн барилдааны нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс байлцав.
Барилдаанд улсын арслан Ө.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарын хүчит 224 бөх зодоглолоо.
Тус барилдааныг 1992 оноос хойш зохион байгуулж ирсэн юм. Энэхүү барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу дөрөв түрүүлсэн бол И.Доржсамбуу гарьд гурван удаа түрүүлж байжээ.
Хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.





















































