Нүүрсний уурхайнууд цахилгаан станцуудтай 2014 оны нүүрс нийлүүлэх гэрээгээ байгуулж эхэлжээ. Гэхдээ энэ жилээс уурхайнуудын алдагдлыг бууруулах зорилгоор нүүрсний үнэ болон тээвэрлэлтийн төлбөрийг Эрчим хүчний зохицуулах газар, ШӨХТГ-аас нэмэгдүүлэхээр болсон аж.Тодруулбал, өнгөрсөн оны наймдугаар сараас эрчим хүчний шинэ тариф мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор энэ жил нүүрсний үнийг 10 хувиар нэмжээ. Ингэснээр Багануурын уурхайгаас авах нэг тонн нүүрсний үнэ 20500-22500 төгрөг, Шивээ-Овоогийн нүүрс нэг тонн нь 16000-18000 төгрөг болж нэмэгдсэн байна.
Өчигдрийн байдлаар цахилгаан станцуудад Багануур, Шарын гол, Шивээ-Овоо, Адуунчулуун гэсэн дөрвөн уурхай нүүрс нийлүүлдэг. 2013 оны арванхоёрдугаар сарын сүүлийн байдлаар цахилгаан станцууд дээрх дөрвөн уурхайгаас 124.3 тэрбум төгрөгийн нүүрсийг худалдан авсан аж.
24tsag.mn

























































