-
2015 оны 5 сарын 25
ШХАБ-ын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 7 дугаар уулзалтын хүрээнд анх удаагаа Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нарын гурван талт уулзалт болов.
-
2015 оны 5 сарын 25
Хөшигийн хөндийд казино байгуулах санал гаргажээ
АН-ын өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.
АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэдээллийг сонссон байна. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсын Дубайд ажлын айлчлал хийх үеэрээ Оюутолгойн хэлэлцээрээс гадна амжуулсан ажлаа танилцуулжээ. Тодруулбал нэг тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын сан байгуулах санамж бичиг байгуулсан. Мөн гадаадын эдийн засгийн томоохон сонин сэтгүүлд ач холбогдолтой айлчлал болсон гэж мэдээлсэн нь Монголын эдийн засаг сэргэхэд томоохон түлхэц болно гэж үзжээ. АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдад баяр хүргэж амжилт хүсчээ. Ерөнхий сайдыг Дубайн айлчлалын хүрээнд, Монголоос махан бүтээгдэхүүн экспортод гаргахаар болжээ. Энэ чиглэлээр манайд үйлдвэр байгуулах боломжтой талаар дурджээ. Үүнтэй уялдуулан махны экспортын стандартыг нэг түвшинд авчрах талаар санал хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр УИХ-ын дарга Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалтай танилцсан талаараа мэдээлэл хийжээ. Олон улсын нисэх онгоцны буудлыг тойруулан казино, чөлөөт бүс байгуулах талаар УИХ-ын дарга өөрийн байр суурийг бүлгийн хуралдаанд хэлсэн байна. Энэ асуудлаар харилцан санал солилцож, Дубайгийн нисэх буудал дээр байрлах чөлөөт бүсийн загвараар Монгол Улсад чөлөөт бүс хөгжүүлэх боломж байна гэжээ. Дубайгийн чөлөөт бүс дэх жуулчдын 60-70 хувь нь Хятадууд байдаг аж. Тиймээс 6-7 цагийн нислэгтэй Дубайг зорьж буй Хятадууд 1-2 цаг нисээд Монголд ирэх нь давуу тал болно. Тиймээс казино байгуулах нэг компанид санал тавих нь оновчтой гэж УИХ-ын дарга саналаа хэлжээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар гурван дэд ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Тус намын бүлгээс ажилгүйдэл, хот төлөвлөлт, шинэ хөдөө гэсэн гурван дэд ажлын хэсэг байгуулжээ. Хот төлөвлөлт, шинэ хөдөө ажлын дэд хэсгийн ахлагч С.Одонтуяа “Энэ долоо хоногт анхаарал тавьж ажиллах зүйл бол Шинэ яармаг төсөл. Яармагийг иргэд тэндээ сургалт үйлдвэрлэлийн төвд сураад ажлын байр, орон байраар хангагдах чухал төсөл дээр АН-ын бүлэг ажлын хэсэгт хуваагдаад ажиллаж байна” гэсэн юм.
Ажилгүйдлийг шийдэх дэд ажлын хэсгийг Ж.Батзандан гишүүн ахалж байгаа юм байна. Тус ажлын хэсэг 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой гэж үзжээ. Тухайлбал, Цахилгаан торгоны замын төсөл, нүүрс шингэрүүлэх төсөл, Шинэ төмөр замын бодлого, Төмөрлөгйийн үйлдвэр барих зэрэг төслүүдийг эрчимтэй хөдөлгөх юм байна.
Ажлын хэсгүүд хүнд аж, үйлдвэрийн бодлогын баримт бичиг, Хот төлөвлөлтийн баримт бичиг, Хөдөөгийн хөгжлийн баримт бичгийг гаргах юм байна.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шийдвэрлэсэн баримт бичгийг Сангийн сайд баталгаажуулж, гарын үсэг зурна гэсэн мэдээлэл байгаа.
- Төлөвлөгөөнд холбогдох хүмүүс гарын үсэг зурчихсан. Сангийн сайд нэмж гарын үсэг зурахгүй. С.Ганбаатар гишүүн л уг асуудлыг ярьж байгаа.
- Гүний уурхайн санхүүжилтийн зардлыг нэмж байгааг АН-ын бүлэг хэрхэн харж байна вэ?
- Уг ажил хэрэгжиж эхэлснээс нийт 6 тэрбум долларын хөрөнгө босгох эрх нь нээгдэж байна.
- Хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийн санхүүжилтийг хаанаас гарах юм бэ?
- Засгийн газрын баталгаагүйгээр 1 тэрбум долларын зээл олгох боломжтой гэж Японы тал Ерөнхийлөгчийг айчлах үеэр мэдэгдсэн байна. Мөн Энэтхэгээс 1 тэрбум долларын зээл орж ирнэ. Эмиратын хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд 1 тэрбум доллар мөн орж ирнэ. Тэгэхээр хүнд үйлдвэр хөдлөх боломжтой болж байна.
-
2015 оны 5 сарын 25
Сэм Уолш 30 сая долларын татвараа төлнө гэж мэдэгджээ
-
2015 оны 5 сарын 25
Ц.Даваасүрэн:Сангийн сайд Далд уурхайн гэрээг нягтлалгүй гарын үсэг зурвал огцрох ёстой
УИХ дахь Бие даагчдийн зөвлөл Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний талаар мэдээлэл хийлээ.
Энэ төлөвлөгөөнд тодруулах зүйл их байна. Тухайлбал, энэ төлөвлөгөө эсхүл гэрээний аль нь вэ гэдэг нь тодорхойгүй байна. Мөн төлөвлөгөөний 4.4 заалтад “Сангийн яам Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийнэ тайланг хүлээн авч баталгаажуулна” гэсэн заалт байна. Энэ заалт хоёр тэрбум долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Сангийн сайд энэ асуудлыг сайтар судлах хэрэгтэй хэмээн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээлллийнхээ эхэнд хэллээ.
Тэрбээр, “Оюутолгой хөдөлж эхэлснээс хойш Монгол Улсын эдийн засаг маш хурдан хөгжиж байгаа. Жил 7.8 хувийн өсөлттэй. Гэхдээ бид яагаад хямраад байна вэ. Учир нь Оюутолгой нийт борлуулалтынхаа 5 хувийг л татварт төлдөг. Гэтэл одоо дахиад 6 тэрбум ам.долларын зээл авлаа. Энэ мөнгөний 2 тэрбум ам.долларыг нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах бол үлдсэн 4 тэрбумаар нь хөрөнгө оруулагч компани өөрийнхөө зээлийг төлөхөд зарцуулна. Ингээд хөрөнгө оруулагч өөрийн өрийг төлсөн мөнгөө Оюутолгойд үүрүүлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Далд уурхайн төлөвлөгөөний 5.5 дахь заалтад “Далд уурхайн төслийн санхүүжилт болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоос илүү гарсан хөрөнгөөр хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийг эргэ төлнө” гэж заасан. Энэ нь хөрөнгө оруулагчийн зээлийг Оюутолгойгоос төлнө гэсэн үг. Монголын өр одоо 20 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 6.1 тэрбумыг Оюутолгойн зээл эзэлж байсан. Одоо дахин 6 тэрбум ам.доллар нэмлээ. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг баталгаажуулан гарын үсэг зурсан тохиолдолд Сангийн сайд огцрох ёстой” гэв.
Түүнчлэн, “Энэ төсөл 100 төгрөгийн борлуулалт хийхэд Монгол Улс ердөө таван төгрөг л авах гэрээтэй. Ийм муу гэрээг сайжруулаагүй байж дахин зээл авах ёсгүй. Бид Оюутолгой төслийг зогсоохыг хүсээгүй. Харин Монгол Улсад ашигтайгаар үргэлжлүүлэх хэрэгтэй” гэлээ.
-
2015 оны 5 сарын 25
АН: МАН-ыг Ю.Цэдэнбалын асуудлаар сонгуулийн шоу хийлээ
-
2015 оны 5 сарын 25
МАН мэдээлэл хийхгүй
-
2015 оны 5 сарын 25
Өвөө, аавынхаа ажил амьдралаа зориулсан намд элсчээ
-
2015 оны 5 сарын 25
Засгийн газрыг тусад нь гаргах уу?
-
2015 оны 5 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоорондын дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.
-
2015 оны 5 сарын 25
Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
-
2015 оны 5 сарын 24
Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн айлчлал өнөөдөр дуусах юм. Тэрбээр өчигдөр Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор”-ын цол гардуулах ёслолын ажиллагаанд оролцсон юм.
-
2015 оны 5 сарын 23
Улсын Их Хурлын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарь /2015.05.25-29
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.05.22-ны өдрийн хурлаар батлав.
2015 ОНЫ 05 ДУГААР САРЫН 25-ААС 29-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН БОЛОН ДЭД ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 25-ны Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 25-ны Даваа гарагт:
Худалдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 305 тоот өрөөнд;
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
“Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “А” танхимд;
Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд.
05 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
“Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд.
05 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот;
Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Г” танхимд;
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд;
Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд.
05 дугаар сарын 28-ны Пүрэв гарагт:
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын тайланг танилцуулах Өргадлийн байнгын хорооны зөвлөгөөн 09.00 цагаас Их танхимд;
“Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол шийдэл” сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас “А” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
05 дугаар сарын 26-ны Мягмар гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
“Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
3.Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаарын сангийн 2014 оны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил болон 2015 оны ажлын төлөвлөгөөг сонсох.
4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.22-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
“Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулах Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ”Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
“Оюутолгой” ХХК-д хийсэн шалгалтын дүнгийн тухай мэдээлэл сонсох;
Бусад.
5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ/;
Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад.
6.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд оруулна/.
05 дугаар сарын 27-ны Лхагва гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Бусад.
2.Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулга.
3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай;
Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх тухай.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Цагдаагийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Прокурорын байгууллагын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
”Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.05.22-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
“Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүх байгуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд, Шүүгчийн орон тоо батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан нарын 6 гишүүн 2015.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
-
2015 оны 5 сарын 23
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :
1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө
Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 14 байршилд ажиллаж эхэлсэн. Харин 05 сард ачаалал ихсэх төлөвтэй байгаа учраас 7 цэг нэмж байршуулан нийтдээ нийслэлийн 21 байршилд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна. Мөн оношлогооны цэгүүд ажлын болон амралтын 2 өдөр уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэснээрээ энэ жилийн татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 5 сарын 23
Ерөнхийлөгчид “Хүндэт доктор” цол гардууллаа
-
2015 оны 5 сарын 23
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд баригдаж байгаа Улаанбаатар хотын нисэх онгоцны буудлын явц, үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа юм. Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд том оворын хүнд даацын онгоц буух, хөөрөх зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай /перон/ бие даасан ус, дулаан цахилгаан эрчим хүчний хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, нисэх онгоцыг газрын тоног төхөөрөмжөөр үйлчлэх болон гал гарсан үед унтраах албаны барилга, ачаа, шуудан хүлээн авах, явуулах барилга, онгоцыг шатахуухаар цэнэглэх газар доорх гидрант систем, 8000 тонн багтаамж бүхий шатахууны агуулах сав, борооны болон үерийн уснаас хамгаалах далан суваг зэрэг 30 гаруй барилга байгууламжаас бүрдэж байгаа юм.
Нисэх онгоцны буудалтай танилцсан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд хэлэхдээ,
Нэгдүгээрт: “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийг санхүүжүүлж буй Япон Улсын Хөгжлийн албан ёсны туслалцааны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 2018 оноос эхэлнэ. Энэхүү зээлийг уг нисэх буудлын үйл ажиллагааны орлогоос эргэн төлөхийн тулд үр ашигтай ажиллуулах хамгийн оновчтой менежментийг сонгох нь нэн чухал. Иймд дээрх үйл ажиллагааг зохион байгуулах, нисэх онгоцны шинэ буудлын ашиглалтыг хариуцан хамгийн үр ашигтай ажиллуулж чадах компанийг 2015 оны 12 сард багтаан шалгаруулж ажилд нь оруулах нь чухал. Бусад улс орнуудын туршлагаас харахад нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангахад19-26 сарыг зарцуулдаг.
Хоёрдугаарт: Нисэх онгоцны шинэ буудлын Зорчигч үйлчилгээний барилгын төлөвлөлтийн шатанд жилдээ 12 сая хүртэл зорчигч хүлээн авч үйлчлэх боломжтой болгон өргөтгөх боломжийг тооцсоноос гадна дахин нэмэлт зурвас барих зай талбайг төлөвлөсөн.
Хэдийгээр нэмэлт зурвасыг барих төлөвлөлтийг хийсэн боловч уг зурвасыг барих газрын асуудал одоог хүртэл шийдэгдээгүй байна. Иймээс нисэх онгоцны шинэ буудлын ирээдүйн хөгжлийг бүрэн хангахуйц зай талбайг тусгай хэрэгцээнд авах шаардлагатай.
Гуравдугаарт: Бүтээн байгуулалтын төслийн багийг тогтвортой ажиллуулах, ажилд аливаа улс төрийн шалтгаанаар оролцож хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх хэрэгтэй” гэв.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон шалтгаан нь 1993 онд Азийн хөгжлийн банкнаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд судалгаа хийжээ. Судалгаагаар тус нисэх онгоцны буудал нь хоёр талаасаа онгоц буух боломжгүй, буудлыг нэмж өргөтгөх боломжгүй, ашиглалтын хувь 73 хувьтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан аж. Зайлшгүй өргөтгөх бол Айдасын давааны оройг тэгшлэх шаардлага тулгарсан байна. Үүнийг хийхэд 50 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн судалгааг танилцуулжээ. Үүнээс үүдэн шинэ нисэх онгоцны буудал барих газрын Улаанбаатар хотын орчимд долоон газарт тодруулснаас Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийг сонгосон аж. Одоогийн шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа газрыг Японы судлаачид судалж үзээд 28.8 тэрбум иенээр санхүүжүүлж, онгоцны буудал барих боломжтой гэсэн дүгнэлт гаргажээ.
Ингээд бүтээн байгуулалтын ажлыг 2013 оны 6 дугаар сард Шинэчлэлийн Засгийн газрын үед эхлүүлж чадсан байна. Бүтээн байгуулалтын ажлыг нийтдээ 1290 хоног буюу 43 сарын хугацаанд хийж гүйцэтгэн 2017 оны 1-р сарын 7-нд хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгажээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацаанаасаа 1.5 хувиар илүү явж байгаа аж. Энэ хурдаараа явбал 2016 оны 12 дугаар сард дуусгах боломжтой юм байна.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Японы Мицибүши-Чиёода түншлэл, Ерөнхий туслан гүйцэтгэгч БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани ажиллаж байгаа юм. Мөн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр Монголын “Делта”, “Бүти”, “Mez Res”, “OTK”, “ND, Геокат, IT ZONE зэрэг компани, Япон, Солонгосын, Хятад, Чех улсын дангаараа болоод хамтарсан хөрөнгө оруулалттай 20 орчим компаниуд ажиллаж байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын талбайд 1500 орчим ажилтан ажиллаж байгаагаас 85 орчим хувь нь монгол иргэд ажиллаж байгаа юм байна.
-
2015 оны 5 сарын 22
ОЮУ ТОЛГОЙН ДАЛД УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
-
2015 оны 5 сарын 22
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийж байна.
-
2015 оны 5 сарын 22
МАН-ын бүлгийн гишүүд Ю.Цэдэнбалыг цагаатгах тогтоолын төсөл санаачиллаа
-
2015 оны 5 сарын 22
Ажлын хэсэг зарим материалтай танилцах хүсэлтээ Засгийн газрын гишүүдэд хүргүүлээд байна
-
2015 оны 5 сарын 22
З.Энхболд: Цаашид 11000 аж ахуйн нэгжийн асуудлыг ярихдаа 11000 мянган эрүүгийн хэрэг үүсгээд, 11000 мянган хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.22.Бямбаг гараг/ үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариу болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг тус тус сонсов.
Асуулгын хариуг сонсохын өмнө Хууль зүйн болон Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг хаалттай горимоор сонсох нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдоржийн гаргасан саналаар санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжих боломжгүй гэж үзсэнээр хуралдааныг ердийн горимооор явуулахаар тогтлоо.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулав.
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2014 оны 24 дүгээр тогтоолоор Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэ удаагийн өршөөлийн хуулийн төсөлд татвараас гадна эдийн засгийн эсрэг зарим гэмт хэрэг, зөрчил гаргасан этгээдийг өршөөлд хамруулахаар тусгасан. Өршөөлийн хуулиар ял, шийтгэл, хариуцлагаас чөлөөлөхдөө тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүмүүст хамааруулахаар холбогдох зүйлээр заах, эсхүл тодорхой хүрээний хүмүүсийг хамааруулах/ насанд хүрээгүй, эмэгтэйчүүд/ гэх мэт өршөөлийн хуулийн хамрах хүрээ хязгаарыг тухайлан зааж гаргадаг. Энэ хуулийн төсөлд Монгол Улсын нийт 230 гаруй хуульд заасан хууль зүйн нэгдсэн бодлогоор цэгцлэгдээгүй 1250 орчим зөрчлийг стандартаар төрөлжүүлэн нэгтгэж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг нарийвчлан заасан. Цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасны дагуу 2014 онд 21751 хүн, 270 аж ахуйн нэгжид, 2015 он гарсаар 4950 хүн, 58 аж ахуйн нэгжид торгох шийтгэл ногдуулсан байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Р.Гончигдорж, Д.Ганхуяг, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Х.Тэмүүжин нар асуулт асууж хариулт авлаа.
Гишүүдийн зүгээс хоёр хуулийн төсөл хоёулаа чухал хуулийн төсөл. Аж ахуйн нэгжүүдийг жижиг, том гэж дайрч давшилж болохгүй. Хуулийн хамрах хүрээ гэдэг дээр нийгмийн дунд буруу ташаа ойлголт байгаа иймээс үүнийг тодорхой болгох ёстойг хэлж байсан юм. Мөн татварын тайлан гаргаж байгаа 51 мянган аж ахуйн байдаг. Компаниудын хамрах хүрээг том, жижиг гэж ангилж үздэгийг болих хэрэгтэйг хэлж, Цагдаагийн байгууллагаас татварын асуудлаар шалгагдсан 11 мянган аж ахуйн нэгжийн асуудлыг хөндсөн юм.
Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл:- НӨТ-ын падаан хуурамчаар бичиж татвараас бодитойгоор зайлсхийсэн 11 мянган аж ахуйн нэгжийн тухай мэдээлэл татварын байгууллага дээр ирсэн юм билээ. Цагдаагийн байгууллага үүний дагуу 3600 орчим эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь хориод хүний хийсэн сүлжээ. Хуурамч падааныг эдгээр хүмүүсээс аваад зайлсхийсэн компаниудыг татвараа төлсөн тохиолдолд хэрэгсэхгүй болгоод явсан байгаа.
УИХ-ын дарга З.Энхболд:- Арван хэдэн мянган аж ахуйн нэгж НӨТ-ийн падаанаа буруу бөглөж санаатай юм уу эсвэл ямар нэгэн байдлаар алдаа гаргажээ. Тэгэхээр нь эрүүгийн хэрэг үүсгэхээр татвараас лавлагаа авч. Эрүүгийн хэрэг үүссэний дараа арван хэдэн мянган аж ахуйн нэгжийн 184-өөс бусад нь мөнгөө төлжээ. Иймээс татвараа төлөөгүй 184 аж ахуйн нэгжийн хэрэг үргэлжилж байгаа гэж ойлгож болох уу.
Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл:- Төлөөгүйгээс гадна түүн дотор хуурамч падааныг үйлдвэрлэх зохион байгуулалтай хэрэг үйлдэгдсэн.
УИХ-ын дарга З.Энхболд:- Хэргийн явцад сая төгрөгийн гүйлгээ хийгээгүй ч юмуу, буруу зөрүү хийсэн гүйлгээг цэгцлээд дууссан юм байна гэсэн ойлголт авлаа. Хууль зүйн яам үүнийг зөв гэж хэлж байна. Цаашид энэ 11 мянган аж ахуйн нэгжийн асуудлыг ярихдаа 11 мянган эрүүгийн хэрэг үүсгээд, 11 мянган хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй. Сая учрыг нь ойлголгоо шүү дээ.
Сангийн сайд Ж.Эрдэнэбат: Аж ахуйн нэгжийн хамрах хүрээг том жижиг гэж ангилаагүй. Бүх хуулийн этгээд хамрагдана. 11 мянган аж ахуйн нэгж гэж яригдаад байгаа тоо бол цагдаагийн байгууллагын шалгасан тоо. Харин татварын хувьд 2013 онд 13 мянга, 2014 онд 10 мянга гэсэн тоо гарна. Хяналт шалгалт хийдэг аж ахуйн нэгжүүдийг тоог бууруулья гэж байгаа. Татварын хяналтын байгууллагаар тогтоогдоогүй асуудал дээр цагдаагийн байгууллага ордог байдал байгааг зогсоохоор ярьж байна.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбоотой асуудлаар Сангийн сайд, Хууль зүйн сайдад асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.