
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээтэй холбоотойгоор удахгүй хэвлэгдэх дурсамж номынхоо сурталчилгааны арга хэмжээнд төлөвлөснөөсөө цөөн оролцох болсноо мэдэгджээ. Тэрбээр өвчин нь зарим өдөр биеийн байдлыг нь саармагжуулж байгаа ч номоо уншигчдад хүргэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Байден ням гарагт буюу арваннэгдүгээр сарын 8-нд нийгмийн сүлжээндээ нийтэлсэн мэдэгдэлдээ “Зарим өдөр бусдаасаа илүү сайхан байдаг. Өвчин намайг зогсоогоогүй. Гэхдээ заримдаа удаашруулдаг. Тиймээс харамсалтай нь номынхоо талаар ярилцах арга хэмжээнд хүссэнээрээ оролцож чадахгүй нь. Гэсэн ч номын хуудсанд бичсэн үгс маань өөрсдөө бүхнийг илэрхийлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
Түүний “Promise Me, America” нэртэй дурсамж ном арваннэгдүгээр сарын 17-нд худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байна. Уг номд Байдены Ерөнхийлөгчөөр ажилласан дөрвөн жилийн хугацаа, тулгарсан сорилтууд, гаргасан шийдвэрүүд болон тэдгээрийн цаад шалтгааныг өгүүлэх аж. Мөн АНУ-ын дэлхий дахинд гүйцэтгэх үүрэг, ардчилал, үндэсний үнэт зүйлсийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Өдгөө 83 настай Жо Байден 2025 оны тавдугаар сард түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсоноо олон нийтэд мэдэгдсэн юм. Тухайн үед түүний ажлын албанаас хавдар ясанд үсэрхийлсэн, илүү түрэмгий хэлбэртэй боловч дааврын эмчилгээнд мэдрэг тул эмчлэх боломжтой гэж мэдээлж байв.
Харин өнгөрсөн наймдугаар сард түүний хүү Хантер Байден BBC-д өгсөн ярилцлагадаа эцгийнх нь хавдар яс болон бусад хэсэгт тархсан, өвчин нь бие махбодод нь ихээхэн хүндрэл учруулж байгааг ярьжээ. Жо Байден энэ удаагийн мэдэгдэлдээ эмч нар нь эмчилгээний үр дүнд нь өөдрөг байгаа гэдгийг онцолж, өөрт нь болон гэр бүлд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн хүмүүст талархал илэрхийлсэн байна. Тэрбээр цаашид эцгийнхээ хэлж байсан “Унасан бол босох хэрэгтэй” гэсэн сургаалийг дагаж, өөрийн чадах хэмжээнд ажлаа үргэлжлүүлэхээ илэрхийлжээ.
Л.Баяр

























































