-
2018 оны 1 сарын 17
Д.Мөнгөндалай: Аав минь авьяас онгодын ундарга хүн байсан
Төрийн шагналт, яруу найрагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар агсны мэндэлсний 60 жилийн ой өнгөрсөн оны төгсгөлөөр болж эхнэр үр хүүхдүүд нь ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. О.Дашбалбар агсны 60 насны ойд зориулан уран бүтээлийн үзэсгэлэн, номын баяр, эрдэм шинжилгээний бага хурлыг О.Дашбалбар сан, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатар их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулсан.
Яруу найрагч О.Дашбалбарын зурсан зураг, бусад бүтээлийн үзэсгэлэн, ойд зориулж шинээр хэвлүүлсэн таван номын нээлт, баярын арга хэмжээ Монголын Уран зургийн галерейд, эрдэм шинжилгээний бага хурал, ”Миний мэдэх Очирбатын Дашбалбар” эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол Хүүхдийн төв номын санд тус тус болсон.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон хүмүүст бэлэг гардуулсан бөгөөд зөвхөн тэр өдөр зохиолчийн шинээр хэвлэгдсэн бүх номыг хямдралтай үнээр борлуулж байсан. Нэрт найрагчийн 60 насны ой хэрхэн болж өнгөрсөн хийгээд удахгүй болох шагналын сан өндөртэй О.Дашбалбар, З.Дорж нарын нэрэмжит яруу найргийн наадмын талаар нэрт найрагчийн том охин “Өдрийн сонин”-ы Улстөр, гадаад мэдээллийн албаны дарга Д.Мөнгөндалайгаас сонирхон ярилцсанаа хүргэж байна.
-Дарьгангын эрхэм хөвүүн нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч, цогтой эх оронч Очирбатын Дашбалбар агсны 60 насны ой гурван өдөр үргэлжлээд өндөрлөсөн. Ойн арга хэмжээнүүд сайхан болсон уу?
-Тэгсэн. Аавын минь 60 насны ойн баяр дурсгалтай сайхан болоод өнгөрсөн. Ойн арга хэмжээний хүрээнд таван ном хэвлүүлсэн. Номын нээлт болон аавынхаа зурсан уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийг хийсэн. Маш олон хүн ирсэн сайхан арга хэмжээ болсонд одоо ч сэтгэл өндөр яваа. Мөн эрдэмтэн судлаачид оролцсон эрдэм шинжилгээний хурал болж, зарим хүмүүст шагнал гардуулсан.
-60 насных нь ойн энэ томоохон арга хэмжээг О.Дашбалбар сан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Улаанбаатарын их сургууль, Монголын Уран зургийн галерей, Хүүхдийн төв номын сан, Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей, Соёл, яруу найргийн академи хамтран зохион байгуулсан гэсэн. Аавын тань 60 насны ойн арга хэмжээнд сэтгэлээ гаргаж хичээнгүйлэн оролцсон хувь хүмүүсийн талаар танилцуулна уу?
-Ер нь л олон хүний чин сэтгэл шингэж, тусалж дэмжсэн. Ээж, дүү нар минь ихээхэн ачаалалтай ажиллаж, гол ажлыг нугалсан. Найрагч аавын уран бүтээлийг залуу үеийнхэнд таниулах, сурталчлах зорилгоор“Миний мэдэх О.Дашбалбар” нэртэй эссе бичлэгийн уралдааныг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд болон насанд хүрэгчдийн ангиллаар зарласан. Залуус маш идэвхтэй оролцсоныг тэмдэглэн хэлье . Ялангуяа хөдөө орон нутгаас маш олон эссэ ирсэнд их талархаж байгаа.
-О.Дашбалбар агсан бол нэр яруу найрагч, соён гэгээрүүлэгчээс гадна сонин хэвлэлийн алдартай нийтлэлч байсныг хүмүүс тэр болгон мэддэггүй. Түүний бичсэн “Мөнхий бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас”, “Газрын төлөөх тулалдаан”, “Ардаасаа нуусан ардын эмнэлэг” гээд аргагүй чансаатай, алсыг харсан олон сайхан нийтлэл байдаг. Эдгээрийг нэгтгэн хэвлэж гаргах бодол бий юу?
-Тийм ээ. Аав маань үнэхээр чансаатай, маш сайхан уншууртай олон нийтлэл бичсэн байдаг. Тэдгээрийг нь нэгтгээд нийтлэлийнх нь номыг гаргахаар бэлтгэсэн. Одоо удахгүй хэвлэгдэнэ. Хойшдоо уран бүтээлийг нь өөрийнх нь бэлтгэж үлдээсэн эх хувиар нь хэвлүүлэх ажлыг үргэлжлүүлээд хийгээд явна гэсэн бодолтой байгаа.
-Удахгүй О.Дашбалбар, З.Дорж зэрэг төрийн соёрхолт нэрт яруу найрагчдын нэрэмжит, шагналын сан өндөртэй яруу найргийн тэмцээн болно гэсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж явсан манай аав болон Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж агсан нарын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сод Монгол Групп” ХХК-аас яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагналтай яруу найргийн наадмыг энэ жилээс эхлэн зохион байгуулахаар болоод байгаа юм.
Энэхүү наадам нь Монгол Улсын төрийн соёрхолт Сүхбаатарын одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн зүтгэлтэн Очирбатын Дашбалбар нарын нэрэмжит бөгөөд энэ сарын 26-нд болно. Наадмын тэргүүн байрын шагнал 10 сая төгрөг, хоёрдугаар байр таван сая төгрөг, гуравдугаар байранд орсон найрагч ном хэвлүүлэх эрхээр шагнах юм билээ. Зохион байгуулалтын ажилд нь манай дүү Д.Гангабаатар голлон оролцож байгаа. Миний хувьд дүүгээсээ сонсож мэдсэнээ л хэлж байна.
Шагналын сан өндөртэй энэ яруу найргийн наадмын эхний шатанд яруу найрагчид Их дагина Дондогдуламын үйл хэрэг, Их дагина Дондогдуламын эрдэм чадал, Их дагина Дондогдуламын нэрээр нэрлэсэн анагаах увдис нь олны дунд түгэн гайхагдсан Дондогдулам рашааны тухай зэрэг сэдвийн хүрээнд “naadam@sodmongolgroup.com и-мэйл” хаягаар энэ сарын 19-ний өдрийн дотор бүтээлээ илгээх ёстой гэсэн.
Нэгдүгээр шатанд ирсэн шүлэг, яруу найргийг мэргэжлийн шүүгчид шүүж шалгарсан бүтээлийн эзэд II, III шатанд эх оронч сэдвийн хүрээнд өрсөлдөнө.
Яруу найргийн энэ наадам нь эх оронч сэтгэлгээг алдаршуулах, Монголд оюуны бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, зохиолч уран бүтээлчдийг дэмжих зорилготой юм. Түүнчлэн Монголын яруу найрагч, зохиолчдын бүтээлийг гадаад хэлээр орчуулан Олон улсад гаргах давхар зорилгыг агуулж байгааг хэлэх нь зүйтэй байх.
-Өөрийн тань бага дүү Д.Дэжидмаа Японд ямар чиглэлээр сурч байгаа вэ. Төгсөх болж байгаа юу?
-Дүү минь сэтгэл судлал чиглэлээр суралцаж байгаа. Төгсөх арай л болоогүй.
-Та гурвын ээж Н.Борхүүхэн гуай нэрт найрагчийг 42-хон настай цэл залуухнаараа хорвоогоос буцсаны дараа ”Гадаа гарч эр болж, гэрт орж эм болсоор” та гурвыг хүний зэрэгтэй өсгөсөн. Ээжийнхээ талаар хамгийн түрүүнд юу гэж бодож явдаг вэ?
-Ээж минь үнэхээр гайхалтай эмэгтэй. Аав минь залуугаараа бурхан болж ээж минь биднийг хүний зэрэгтэй явуулах гэж мөн ч их хичээсэн дээ. Одоо бид аавынхаа уран бүтээлийг мөнхжүүлж, олон нийтэд хүргэх, ээжийгээ эрүүл энх, тайван амгалан амьдруулж л ачийг нь хариулна даа. Хүний аав, ээж үр хүүхдээ л сайн сайхан явж байвал сэтгэл амгалан, жаргалтай байдаг шүү дээ.
-О.Дашбалбар агсан амьд сэрүүндээ яруу найргийн хэдэн ном хэвлүүлсэн бол. 60 насных нь ойн үеэр та бүгдийн эмхэлж хэвлүүлсэн таван номтой нийлээд ер нь хэд орчим номтой болж байгаа бол?
-Аав арав орчим ном хэвлүүлсэн байсан. Дүү бид хэд аавынхаа арав гаруй номыг нэмж хэвлүүлсэн. Англи хэлээр ч мөн хэвлүүлж гадны уншигчдад хүртээл болголоо. Цаашид энэ ажил үргэлжлээд явна даа. Аав маань өөрөө нэлээд хэдэн номоо эхийг нь бэлдээд үлдээсэн байсныг нь яг тэр хэвээр нь хэвлүүлсэн. Мөн шүлгийн түүвэр, захидлын номыг нь хэвлүүллээ
-“Дарьгангын яруу гурвал” буюу О.Дашбалбар, Д.Нямсүрэн , Г.Мэнд-Ооёо нараас өнөөдөр ганцхан нь л үлдэж. Дорнын гурван том найрагчийн амьд ахуйдаа үерхэж нөхөрлөж явсан гэгээн дурсамжийг хэрхэн ойлгож, хүндэтгэж явдаг вэ?
-Дарьгангын гурван найрагч бол яалт ч үгүй, нөхөрлөх, холбоотой байх учиртай хүмүүс. Нэг нутаг уснаас гадна авьяас билэгтэй, мөн өөр нарийн юм ч байна. Жишээ нь Г.Мэнд-Ооёо найрагчтай хүж барилдсан ах дүү байсан бол, Д.Нямсүрэн ах аавыг маань дунд сургуульд сурч байхад багш нь байсан гэдэг. Тэр гурав бол яах аргагүй Дорнын тансаг яруу найраг, сэтгэл зүрхний гүн бат холбоотой хүмүүс байсан. Бид одоо аавынхаа шинэ гаргасан номын дээжийг хамгийн түрүүнд Г.Мэнд-Ооёо ахад өргөн барьдаг. Хайрлаж хүндлэхээс аргагүй сайхан нөхөрлөл байж дээ.
-О.Дашбалбар судлал өнөөдөр ямархуу түвшинд яваа бол. Түүний ганцхан ”Залуус дүү нартаа хүргэх шүлэг” гэхэд л маш том амьдралын философи, хүний амьдралын зам мөрийг зурагласан тэр чигээрээ ухаарал шингээсэн мөрүүд байдаг. Ганцхан тэр шүлгийг нь л гэхэд судлаад, шинжлээд барахгүй дээ?
-Яг үнэн. О.Дашбалбар судлалын эхлэл аль хэдийнээ тавигдсан. Аавын маань шавь Х.Сүглэгмаа судалгааны том ном хэвлүүлээд хэдэн жил боллоо. Мөн дүү Д.Гангабаатар маань “Галав эриний зөнч” ном эмхтгэн хэвлүүлсэн. Энэ номд О.Дашбалбар судлаачдын илтгэлүүд багтсан. Аавын 60 насны ойн баярын үеэр болж өнгөрсөн эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг ч бид эмхтгэн гаргана.
-О.Дашбалбар агсан нэрт яруу найрагчаас гадна их сайн зураач байсныг олон хүн зургийнх нь үзэсгэлэнг үзээд мэдэрсэн болов уу. Аав тань шүлгээ голдуу хэдэн цагт бичиж, зургаа аль үед нь туурвидаг байсан бол?
-Аав шөнө орой их сууж, бүтээлээ туурвидаг хүн байлаа. Авьяасын ундарга хүн байсан юм шүү дээ. Хөгжим тоглоно, ая зохионо, маш сайхан дуулдаг, мөн зураг зурдаг, хайчилбар хийдэг байсан. Тиймээс ээж, дүү бид хэд зөвлөлдөж 60 насных нь ойгоор уран зургийнх нь үзэсгэлэнг гаргаж олны хүртээл болгоё гэж шийдсэн юм. Үзэсгэлэнг гурав хоног гаргасан. Хүний хөл татрахгүй, маш олон үзэгч ирж үзсэн. Ээж, дүү, бид хэд үзэсгэлэнгээ өөрсдөө танилцуулж, зарим хүний хүссэнээр нь тайлбарлаж өгөөд л байсан. Тийм олон үзэгчид хүрэлцэн ирж аавын минь зургийн үзэсгэлэн, номын баярт оролцсонд үнэхээр их баярлаж, урам зориг сэргэсэн шүү.
-Бас их боломжийн сайхан дуулчихдаг хүн байсансан. Нэг удаа өөрийнх нь шүлгээр ”Чингис хаан” хамтлагийн ахлагч Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайханы зохиосон ”Цамцаа дэрвүүлсэн жаахан хүү би цагаан унагаа хөлөглөн одох юм” дуугаа ихэд уяралтай дуулж байхыг нь дэргэдээс нь харсанаа мартдаггүй?
-Таны хэлснээр “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ах аав хоёр их дотно сайхан нөхөрлөж, олон дууг хамтдаа бүтээсэн уран бүтээлийн хамтрагчид байлаа. 60 насных нь ойн арга хэмжээнд Жагаа ах маань ирж хамтын уран бүтээлээсээ үзэгдэд толилуулсан л даа.
-Өөр тэр хоёрын хамтран зохиосон ямар уран бүтээл байдаг билээ?
-“Гэгээн наранд ойрхон өслөө би” дууг хоёулаа ярилцан аяаа хийж байхад нь би яг хажууд нь сонсоод сууж байлаа. Нэрлээд байвал олон дуу бий. Их сайхан ярилцаж, нэг нэгнийгээ сонсож, хүндэтгэлтэй харьцаж уран бүтээлээ хамтран хийдэг байж билээ.
-О.Дашбалбар агсныг нэг л өдөр цэл залуухнаараа буцаж ирдэггүй аяндаа мордоход ханилсан хань ижил, үр хүүхдээс нь гадна Монголын ард түмэн ихэд эмгэнэн гашуудсан юмдаг. Ер нь аавыгаа ”Монголын улстөрийн бохир заваантай хэрэггүй л хутгалдсан юм” гэж бодогдох үе байдаг уу?
-Тийм ээ, аавд минь монголчууд хайртай байсан, одоо ч түүнийг хүндлэн биширдэг, хайрладаг, зохиол бүтээлийг нь шимтэн уншигчид маш олон байна. Улс төрд орсныг нь би хувьдаа буруутгадаггүй. Аавын минь дуу хоолой хэрэгтэй байсан болоод л тийшээ орсон шүү дээ. Дэлхийн том яруу найрагчид үргэлж том сэтгэдэг, олон талтай, содон сонин өвөрмөц ертөнцүүд байдаг. Тэд бүгд л улс орныхоо төлөө дуу хоолойгоо хүргэж, дайнд явах нь явж, улс төрд орох нь орж л байсан байдаг юм. Зүгээр л цэцэг навч, хайр дурлал бичээд агуу найрагч болохгүй шүү дээ
-Уучлаарай эвгүй ч гэсэн уншигчдын сонирхоод байдаг нэгэн асуултыг тавилгүй горьгүй. Сэтгүүлч Мөнхбаясгалан О.Дашбалбар агсантай амьд сэрүүнд нь багагүй тэрсэлдсэн. Мэргэжил нэгтэйн хувьд, бас эмэгтэй хүнийхээ хувьд Мөнхбаясгалангийн тэрхүү үйлдийг юу гэж бодож явдаг вэ. Ер нь учир зүйгээ ололцсон уу?
-Аавынхаа 60 насны ойн тухай энэ сайхан ярилцлага дундуур тиймэрхүү асуудлыг яримааргүй байна. Та ойлгоорой.
-Аавын тань 60 насны ойн арга хэмжээг дэмжин тусалж, хамтран зохион байгуулалцсан ямар газрууд байгаа бол. Заримыг нь дурдахгүй юу?
-Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо, Улаанбаатар их сургууль болон тусалж дэмжсэн найз нөхөд, шавь нар, дэмжигч уншигчид, Дэлхийн яруу найргийн академи, Сити дээд сургууль, Шинэ ази групп, “Өдрийн сонин”-ы хамт олонд талархлаа илэрхийлж маш их баярлаж байгаагаа танай сайтаар дамжуулан илэрхийлж байна, баярлалаа.
-За та бүхний хойшдын ажилд их амжилт хүсч, Дорнын их яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны уран бүтээлүүд үргэлжлэн уншигчдын сонорыг мялаасаар байх болтугай гэсэн ерөөлийн үгээр ярилцлагаа өндөрлөе?
-Аавын минь 60 насны ойн тухай хэрэг болгон уншигчидтайгаа уулзуулж байгаа танд гэр бүлийнхнийхээ өмнөөс талархал дэвшүүлье. Та бүхэнд ажлын амжилт хүсэхийн ялдамд танай сайтын уншигчдад сайн сайхныг хүсч байна, баярлалаа.
-
2018 оны 1 сарын 15
Л.Нямгэрэл:Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль багагүй эсэргүүцэлтэй тулгарч байгаа нь үнэн
ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлтэй уулзаж дараах тодруулга ярилцлагыг авлаа. Сүүлийн нэг жил нэлээн шаргуу ажилтай яваа энэ бүсгүй төрийн ордонд хуралдахаар ирээд байсан юм.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд нэг жил болох гэж байна. Өнгөрч байгаа нэг жилийн байдалд дүгнэлт хийхэд хуулийн хэрэгжилт ямархуу түвшинд явна. Мэдээж хуулийн хэрэгжилтийг дагасан хүндрэл бэрхшээл үүсч л байгаа байх даа?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд одоо нэг жил болох гэж байна. 2016 оны 12 дугаар сарын 23-нд батлагдаж гарсан энэ хуулийг яг сарын дараагаас хэрэгжүүлж эхлэхээр болсон учир дээрх хугацаанд уг хуулийг дагалдаж гарах журмууд нь бага зэрэг яаруу сандруу гарсан байдаг. Тийм учраас бид өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд журмуудыг нь засч сайжруулах ажлыг хийж ирлээ. Ер нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах, түүнтэй холбоотой судалгааны ажлууд хийх, сургалт зохион байгуулах гээд нэлээн олон ажлууд 2017 онд хийгдэж ерөнхийдөө тодорхой үр дүнд хүрсэн гэж хэлж болно. Ялангуяа иргэд, олон нийт рүү чиглэсэн хууль сурталчлах ажил тодорхой хэмжээгээр үр дүнд хүрснийг хэлж чадах байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад очиж байгаа мэдээллүүд нэлээн их болсон. Үүнтэй холбоотойгоор зөрчлийн тоо 3 дахин өссөн үзүүлэлт байна. Гэхдээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил өсөөд байна гэж үзэхээсээ илүүтэй тоо нь механикаар өсч байгаад бид дүгнэлт хийж байгаа. Энэ нь нэг ёсондоо мэдээлэгчийн нууцлалыг хадгалахтай холбоотойгоор, нэг ёсондоо Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг нэлээн өргөн хүрээтэйгээр цагдаагийн байгууллагад өгдөг болсонтой холбоотой гэж дүгнэж болно. Нөгөө талаас зөрчил буюу Гэмт хэрэг болохоосоо өмнөх шатандаа Гэр бүлийн хүчирхийлэл таслан зогсоогдсоноороо 2017 оны байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оныхоос 11 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлж ажиллахад гол бэрхшээл нь юу байв гэвэл энэ хуулийн хэрэгжилт нь 2017 оны Төсвийн тухай хууль батлагдсанаас хойш хэрэгжиж эхэлсэн тул тодорхой төсөвлөсөн хөрөнгө мөнгөгүйн зовлон л их байлаа. Гэхдээ Хууль зүй дотоод хэргийн сайдын багцад байдаг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байдаг зардлаас энэ хуулийн хэрэгжилтэд тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд явсан. Үүнээс гадна Олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдийн шугамаар бид нэлээн олон ажлууд хийж гүйцэтгэлээ. Ялангуяа хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын ажилтнуудыг сургах, түүнээс гадна орон нутагт байгуулагдах нэг цэгийн үйлчилгээний хамгаалах байрнуудын санхүүжилтийг шийдвэрлэх чиглэлээр НҮБ-ын харьяа байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ингээд 2018 оноос Олон улсын төсөл хөтөлбөрийн чиглэлээр он дамжаад нийтдээ 10 гаруй түр хамгаалах байр байгуулахаар ажиллаж эхлээд байна.
-Энэ хуулийн хэрэгжилтэд зориулан 2018 онд улсын төсөвт хэчнээн тэрбум төгрөг төсөвлөсөн бол. Нөгөөтэйгүүр энэ хууль хэтэрхий чанга, Канад зэрэг өндөр хөгжилтэй орны хуулийг шууд хуулаад тавьчихсан учир Монголын амьдралд нийцэхгүй, маш олон гэр бүл салж сарниж байгаа талаар шүүмжлэл их байгаа. Энэ хуулийн дагуу юм л бол баривчлаад байгаа учир эрчүүд хэтэрхий их хэлмэгдэж байгаа тухай их ярьж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Нэг талаас Гэр бүлийн хүчирхийллийг Гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсонд манай иргэдийн зүгээс нэлээн эсэргүүцэл илэрхийлж байгаа нь үнэн. Нөгөө талаас үйлдлээр нь ялгаад Зөрчлийн тухай хуулиар шийтгэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн хариуцлага нь баривчлах шийтгэл байгаа учраас олон нийтээс нэлээн шүүмжлэлтэй тулгарч байгаа. Хамгийн гол нь бидний зүгээс зөвхөн баривчлахыг эн тэргүүнд тавьж, дээрх шийтгэлийг оногдуулах тал руу биш хүчирхийлэгч буюу эсвэл хүчирхийлэл үйлдэж болзошгүй эрсдэл бүхий этгээдүүдэд сайн дурын болон албадан зан үйлийг өөрчлөх сургалтуудыг явуулах тал дээр илүү анхаарах болно. Энэ нь урьдчилан сэргийлэх ажлыг илүүтэй хийнэ гэсэн л үг юм. Хэдийгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр баривчлах ял эрс нэмэгдсэн юм шиг ойлголт төрж байгаа нь үнэн ч гол нь энэ төрлийн мэдээлэл ихэссэнтэй бас шууд холбоотой гэж ойлгож болно. Хойшид эн тэргүүнд баривчлаад байдгийг бас анхаарч үзэж энэ талыг зохицуулах чиглэлээр ажиллах зүйл бий.
-Түр хамгаалах байранд ажиллах мэргэжлийн сэтгэлзүйчид, албан хаагчид хангалттай хэмжээнд бэлтгэгдсэн үү. Тэнд ажиллах хүмүүс 24 цагаар ажиллах ёстой байх?
-2018-2019 онуудад 10 гаруй түр хамгаалах байр байгуулна. Тэгэхээр гол нь эдгээр түр хамгаалах байрууд ашиглалтад орсноор цоо шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллах тухай асуудал байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу Хамтарсан багууд байгуулагдсан байгаа. Энэ нь Сум, Хорооны Засаг даргаар ахлуулсан багийг хэлж байгаа юм. Тэгээд хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн болон ТББ-ын ажилтнууд түр хамгаалах байруудад ажиллана. Тэгэхээр цоо шинээр бүтэц зохион байгуулалт, орон тоо хүн хүчний талаарх яриа байхгүй гэсэн үг. Гол нь Хамтарсан баг болон төрийн болон ТББ-ын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг тусгуулах ажил 2017 онд ерөнхийдөө хийгдээд дууссан байгаа.
-Эдгээр байруудыг байгуулах чиглэлд улсын төсвөөс хэд орчим тэрбум төгрөг төсөвлөсөн бол?
-Ер нь бол Түр хамгаалах байруудыг орон нутгийн хэмжээнд, харъяа орон нутгийн байгууллагууд хөрөнгө мөнгөө зохицуулан байгуулахаар тусгасан. Харин одооны бидний яриад байгаа эдгээр 10 гаруй байрыг Олон улсын төслийн шугамаар санхүүжүүлэн байгуулна. Мэдээж улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө зарцуулахаар суугдсан байгаа. Ямар ч гэсэн 2018 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд тодорхой ажлууд хийж болохуйц хөрөнгө мөнгө улсын төсөвт суусан байгаа.
-Сүүлийн үед ялангуяа залуучуудын дунд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбогдон иргэдийн зүгээс “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй” гэсэн хандлага байдаг. Ер нь хуулийн зохицуулалт нь одоо ямархуу түвшинд байгаа вэ?
-Одоогоор Монгол Улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих харилцааг зохицуулахад шууд холбогдолтой 6 Олон улсын гэрээ, Монгол Улсын хууль 51, УИХ-ын 4 тогтоол, Засгийн газрын 8 тогтоол хүчин төгөлдөр үйлчилдэг. 2002 онд батлагдаж, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-аар энэ харилцааг шууд зохицуулж, Эрүүгийн хуулийн 188, 192-196 дугаар зүйлд зааснаар энэ төрлийн хууль бус эргэлттэй холбогдсон зарим асуудлыг гэмт хэрэгт тооцон Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байна. Манай улс Олон улсын хэд хэдэн чухал конвенцид нэгдэн орсон болохоор Олон улсын өмнө бас тодорхой үүрэг хариуцлага хүлээдэг. Гэвч байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо дутмаг, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангагдаагүй, хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлдэггүй тал бий. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Ерөнхий сайдын дэргэд Мансууруулах бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх нийтлэг үүрэгтэй Үндэсний хороо ажиллахаар хуульчлагдсан хэдий ч байгуулагдалгүй их удсан. Чухам энэхүү Үндэсний хороо нь миний дээр хэлсэн холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй байхаар хуулинд тусгагдсан байдаг. Монгол Улсын Засгийн газар 2000 онд Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр батлуулан хэрэгжүүлж байсан ч уг хөтөлбөр 2005 онд дууссан. Хууль батлагдсан болон нэмэлт өөрчлөлт орсон цаг үеэс өнөөдрийн нөхцөл байдал эрс ялгаатай байгааг түрүүн дурдсан. Мансууруулах бодистой холбоотой нөхцөл байдал хүндэрч буй өнөө үед урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах, хууль эрх зүйн орчинг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүст хүлээлгэж байгаа Эрүүгийн хариуцлагыг эргэж харах зүйл ч багагүй бий.
Д.Түвшин
-
2018 оны 1 сарын 11
Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөртэй уулзаж Улаанбаатарын гол хүндрэлтэй асуудал болоод байгаа ядуурлыг бууруулах талаар хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд болон бас нэгэн сэтгэл эмзэглүүлсэн асуудал болох хүүхэд хамгааллын асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн өдрүүдэд сүрхий хүйтэрч байна. Улаанбаатарын утаа ч улам бүр өтгөрлөө. Сүүлийн үед улстөрчид Улаанбаатарын энэ их утааг ядууралтай холбож ярьж байгаа. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?
-Тийм ээ. Улаанбаатарын утаа бол зөвхөн хэдэн улстөрчид, дарга нарын асуудал биш энд амьдарч байгаа 1.3 сая хүний сэтгэлийг түгшээж, эрүүл мэнд амь насанд нь шууд заналхийлсэн ноцтой асуудал болчихлоо. Улам бүр өтгөрч, хортой болж байгаа утааг янз бүрээр л ярьж байна. Зарим улстөрчид ядууралтай холбон ярьж байна. Ядуурал бол улс орны нийт эдийн засгийн байдал, өрхийн амьжиргаа муудаж байгаатай л салшгүй холбоотой юм. Ажлын байргүй болж байгаа, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа нь ядуурал нэмэгдэх үндсэн гол шалтгаан юм л даа. Өнөөдрийн энэ их ажилгүйдэл, түүнийг дагасан ядуурал бол дөнгөж өнгөрсөн жил юмуу хоёр гурван жилийн өмнөөс нүүрлэчихсэн асуудал биш шүү дээ. Өмнөх дөрвөн жил, за цаашлаад өнгөрсөн 27 жилээс алдаа дутагдлыг нь хайх ёстой. Өнөөдөр Монгол Улсын мөнгө санхүү дутагдалтай, хүнд байна. Үүнийг дагаад олон үйлдвэр, ажлын байрууд хаалгаа барьж ажилгүйдэл нэмэгдэж байна. Яг энэ шалтгаанаар ядуурал сэтгэл эмзэглүүлэх хэмжээнд хүрээд байна. Уг нь хүмүүс өөрөө өөрсдөө сайн дураараа ядуураад байгаа юм биш л дээ. Ажилтай орлоготой байж гэмээнэ ядуурал буурах нь тодорхой. Гэтэл ажил олгогч нар нь хаалгаа бариад байгаа нь гол зовлон болж байна. Мэдээж ажилгүй хүн сэтгэл тэнэгэр сайхан амьдрана гэж байхгүй. Ажлын байр бол төрийн албаны хувьд тогтоогоод өгчихсөн хэмжээ, тоо нормтой. Төр хувийн хэвшилтэйгээ хамтраад ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд том том технологийн парк барих, нисэх буудал барина ч гэдэг юмуу чадлынхаа хэрээр зүтгээд байгаа хэрнээ мэдээж бүх хүнийг ажлын байраар хангаж чадахгүй шүү дээ. Энэ бүх шалтгаанаар ажлын байр ихээхэн хумигдаж, түүнийг дагасан ажилгүйдэл, ядуурал маш их байна.
-Хувийн хэвшлүүд хаалгаа барихтай зэрэгцэн төрийн яамд хумигдаж тоогоо цөөрүүлснээр бас л баахан ажилгүй хүмүүс бий болсон байх даа?
-Мэдээж Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллын яамуудыг нэгтгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгоод цомхотгохоор тодорхой хүмүүс цомхотголд орж ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн л байж таарна. Өнгөрсөн хоёр жилд л гэхэд төрийн албанаас маш олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Тодорхой тоо хэлбэл биднийг ажил авч байсан 2016 онд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.4 хувьтай байсан. Бид ямар зорилт дэвшүүлээд ажиллаж байна гэвэл 2020 онд энэ үзүүлэлтийг 60 хувьд хүргэх маш том зорилт тавиад ажиллаж байгаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан энэ тоо бол маш өндөр тоо гэдгийг дахин хэлье. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд жилдээ дор хаяж 30 мянган ажлын байр бий болгох шаардлагатай. Бид өнгөрсөн 2017 оныхоо ажлыг дүгнээд үзэхэд нийтдээ 16400 шинэ ажлын байр бий болгосон байна. Мөн нийтийг хамарсан түр ажлын байр гэхэд 8250 гээд нийтдээ 25 мянга гаруй ажлын байр бий болгосон байна. Цаашдаа энэ тоог тогтвортой өсгөж 30 мянгад барьж байж бидний зорилго хэрэгжинэ. Гэхдээ улс орны эдийн засаг сэргэж, хөрөнгө санхүүгийн бололцоо нэмэгдвэл дагаад ажлын байр олноор бий болох нь ойлгомжтой л доо. Гэхдээ энэ том зорилтыг ганцхан төрийн байгууллагууд шийдэх биш хувийн хэвшилтэйгээ хамтарч л хэрэгжүүлнэ. Дээр нь Үйлдвэрчний эвлэл гэж хүчирхэг байгууллагын оролцоо бас их чухал.
-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Нэг өрх нэг ажлын байр” гэсэн зорилт байсан. Тэр юу болж байна?
-Тийм. Өнгөрсөн жил батлуулсан энэ дэд хөтөлбөр бол маш чухал зорилтот хөтөлбөр байгаа юм. Бидний зүгээс нийслэлийн 9 дүүргийнхээ хороо болгоны Засаг дарга нарт энэ талаар маш нарийн судалгаа гаргах үүрэг даалгавар өгсөн. Гайгүй сайн судалгаагаа ч хийсэн. Үүний ч үр дүнд өнгөрсөн жилийн хугацаанд 25 мянга гаруй хүнийг ажлын байраар хангасан байна. Бидний хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хэмжээнд 384 мянга гаруй өрх айл байгаа юм. Тэгээд бүр нарийвчлаад 240 мянган өрхөөс нэг өрхөд хэдэн хүн ажилгүй байна гэсэн тоо гаргаад үзэхээр тэдгээрийн 0.5 хувьд нэг өрхийн 5 хүн ажилгүй байгаа юм. Энэ нь нийтдээ 1120 орчим өрх айл болж байгаа юм. Харин нэг өрхөөс нэг хүн ажилгүй байгаа нь 37.6 хувь болж байгаа бөгөөд энэ нь нийтдээ 94 мянга орчим хүн болж байгаа юм. Энэ бол зөвхөн дээд доод хоёр хязгаар нь юм л даа. Мэдээж энэ дээр нэмэгдээд өчнөөн өрх толгойлсон эмэгтэйчүүд байна. Их дээд сургууль төгсчихөөд ажилгүй байгаа өчнөөн залуучууд байна. Нарийн угшлыг нь хөөгөөд үзвэл гуравхан сая хүнтэй Монгол Улсад энэ олон их дээд сургууль хэрэгтэй ч юмуу, үгүй ч юмуу. Нэг хувийн дээд сургууль төгсөөд “Би мэргэжил эзэмшчихсэн хүн” гээд өөрийгөө бодоод байдаг. Гэтэл яг ажил дээр гарахаараа гологдоод эхэлдэг. Тэгээд удахгүй халагддаг. Яг энэ байдал өнөөдрийн ажилгүйдэл, ядууралд хамгийн гол нөлөө үзүүлж байна. Одоо бидний зүгээс судалгаа явуулж гаргаж авсан тоо баримтынхаа үндсэн дээр Улаанбаатарын хамгийн их ядуурал ихтэй Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн тодорхой хороонуудын, тодорхой айл өрхийн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нэг айлаас 5 хүн ажилгүй байгаа өрхүүдээс эхний ээлжинд ядаж нэг юмуу хоёр хүнийг нь ажилтай болгохоор ажиллаж эхлээд байна. Ядаж л эхний ээлжинд машины зогсоол дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ажилд оруулахаар холбогдох газруудтай нь яриа хэлцлүүд явагдаж байна. Гэхдээ бид энэ ажлаа маш нарийн судалгаан дээр тулгуурлаж явуулна. Яагаад гэвэл нэг айлын таван хүн ажилгүй байхад нэг айлын бүх хүн ажилд орчихож болно шүү дээ. Бид эхний ээлжинд үүнийг зохицуулна.
-Хоёр жилийн өмнө нь ч билүү дээ Сонгинохайрхан дүүрэгт Агропарк байгуулж нэлээн олон өрхийн олон хүнийг ногоо тарих ажлаар хангаж байсан. Тэр ажил юу болсон бэ?
-Тийм. Тэр ажил маш амжилттай үргэлжилж байгаа. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дээр байгуулсан тэрхүү Агропаркийн ажилд нийтдээ 600 өрхийн төлөөллүүдийг аваачиж ногоо тариулсан юм. Тэнд тог цахилгаан, усыг нь хангаж өгч бүр ногооных нь үрийг ч өгснөөр өөрсдөө ч сайн ажиллаж их сайн ургац авсан. Мэргэжлийн хүмүүсээр ногоо тарих, арчлах бүх аргачлалыг нь зааж өгч, хүмүүсийг 20:20-оор нь баг болгон ажиллуулснаар намар их сайн ургац авсныг энэ жил ч үргэжлүүлэн явуулахаар бэлтгэл ажлыг нь хангуулж байгаа. Тэнд хүлэмж хүртэл барьсан. Тэгээд намар хурааж авсан ногоогоо зарна уу, өөрсдөө хэрэглэнэ үү тэр хүмүүсийн л сонирхол болохоор иргэд ч маш идэвхтэй оролцсон. Тэнд оролцсон хүмүүс 5 сарын хугацаанд 500 мянгаас нэг сая төгрөгийн ашиг олцгоосон байна лээ. Одоо тэнд ажилласан хүмүүсээс олон хүн, өрх айлууд “Бидэнд газар өгөөч, үр өгөөч ахиухан ногоо таримаар байна” гэж байнга асууж байгаа.
-Нийгэмд хамгийн их ажилгүй байгаа залуучуудын талаар ямар нэгдсэн цогц бодлого барьж, ямар ажлууд хийж байгаа вэ?
-Яг ид хийж бүтээх, хөдөлмөрийн насны маш олон залуучууд ажилгүй байгаа нь үнэн. Бид ч энэ чиглэлд “Start АF” гээд бизнесийн санаа өгөх, гарааны бизнес эрхлэх бүлэг болгож ажлыг нь эхлүүлэх чиглэлд ажлууд хийгдэж эхлээд байна. Сая Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 9 байгуууллагыг судлаад тэднээс 6-д нь 10 саяын зээл олгосон. Тэд тэрүүгээр бизнесийнхээ эхлэлийг тавих юм. Тэгээд ашигтай байвал зээлээ төлчихөөд цааш нь үргэлжлүүлээд өөрсдөө аваад явах болзолтойгоор “Start AF”-ыг дэмжиж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг болж л өгвөл дэмжиж ажиллана. Одоогоор дээрх хөтөлбөрт 9 байгууллагаас 6 нь тэнцэж гарааны мөнгөө аваад үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Харин үлдсэн 3 нь зээлээ төлөх, цаашдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулах найдлага муу нь мэдэгдсэн болохоор цуцлагдсан. Түүнээс гадна оюутны цагийн ажлын менежментийг бий болгохын тулд идэвхтэй ажиллаж байна. Яг одоо оюутны өвлийн амралт болж байгаа үед оюутны тогтвортой ажлын байрыг олноор бий болгох, хөдөлмөрийг нь шударгаар үнэлүүлэхийн тулд ажил олгогчидтой хэл амаа ололцох гээд ажил их байна. Ингэхийн тулд оюутнуудыг тогтвортой ажлын байраар хангадаг ажил олгогчдыг нийслэлийн зүгээс бодлогоор дэмжинэ. Татварын хөнгөлөлт эдлүүлэх, янз бүрийн урамшуулал үзүүлэх зэргээр дэмжихээр хууль эрх зүйн орчноо судалж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү хандсан ямар ажлууд хийгдэж байна вэ?
-Энэ өвлийн хүйтэнд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээрээ юм оёх, зарим нэг нь уран дархны ажил хийх гээд янз бүрийн аргаар л боломжийн хэрээр орлогоо нэмэгдүүлж байна. Одоо хороонууд дээр яг энэ чиглэлээр дэмжлэг үзүүлдэг Хадгаламж зээлийн хоршоод бий болсон. Тэдгээр Хадгаламж зээлийн хоршоод нь ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сард 1.2 хувийн хүүтэй 5 сая төгрөгийн зээл өгч байгаа. Өрхүүдэд өгч байгаа энэ зээлийн систем хэрэгжээд 2 жил болж байна. Одоо бидний зүгээс энэ зээлийн гэрээг сунгаад үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн үед “100 сая төгрөгийн дүрмийн сантай Хадгаламж зээлийн хоршооны мөнгийг 20 гэр бүл хуваагаад авчихаад байна” гэсэн хэл ам гараад байгаа тул энэ зээлийн системийг цааш нь сунгаад ажиллуулахаар болж байгаа. Энэ зээлд хамрагдсан нэг гэр бүл 6 сараас 2 жилийн хугацаатайгаар 5 сая төгрөг аваад дараагийнх нь авах ёстой юм. Гэтэл энэ мөнгө сүүлдээ дутагдаад эхэлсэн. Тэгэхээр одоо бид Хадгаламж зээлийн хоршооны тоог нэмэх, мөнгөн дүнг нь өсгөх шаардлагатай болж байна. Жилийн 14 гаруй хувийн хүүтэй энэ зээлд хамрагдсан өрх гэр бүлүүд ноосон тавчиг, улавч өөр бусад олон зүйл урлан зарж борлуулаад тодорхой хуримтлал үүсгэж чадаж байгаа. Хийсэн эдлэлүүдийг нь бүр Швед, Норвеги гээд Скандиновын орнуудад хүртэл гаргаж борлуулдаг сүлжээ бий болсон гэж сонсогдсон. Бидний зүгээс дээрх 5 сая төгрөгийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, мөнгөн дүнг нь ч ахиулах санаатай байна.
-Сүүлийн үед хүүхэд хамгааллын асуудал бас нэлээн хурцаар тавигдах боллоо. Энд тэнд муухай харгис, хэрцгий хэрэг гарах боллоо. Та яг энэ асуудлыг хариуцсан хүний хувьд ямар бодлого барьж, юу хийж байна?
-Тийм. Энэ бол сэтгэл зовоосон их том асуудал. Хотын хэмжээнд “Хүүхэд хамгаалал, хөгжлийн Үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд зуны цагт хүүхдийн зуслангуудтай нэлээн сайн тулж ажиллаж байна. Одоогоор Улаанбаатарыг тойроод 24 орчим пионерийн зуслан үйл ажиллагаа явуулж байгаа. Хамгийн гол нь эдгээр зуслангийн ахуй нөхцөл, байр сав, багш ажилчдын бүрэлдэхүүн, хоол ундны амт чанар гээд байнга эргэж тойрч шалгаж судлах ажил их байдаг. Эдгээр зуслангууд бараг бүгд хувьд шилжчихсэн. Тэгэхээр тэд давын өмнө орлого хөөцөлдөх нь ойлгомжтой. Тэгэхээр ялангуяа хотын захын хорооллын амьдралын боломж муу айлын хүүхдүүд зусланд хамрагдаж чадаж байна уу, тэдгээр зуслангууд зун ямар программаар хүүхдүүдтэй ажиллаж байна, багш нарынх нь мэдлэг боловсрол өнөөгийн шаардлагыг хангаж чадаж байна уу гээд манай Хүүхэд залуучуудын газрынхан байнгын судалж, шалгаад ажилладаг. Энэ зунаас зуслангуудад тавих хяналт шалгалтыг нэлээн сайн явуулна гэж төлөвлөж байгаа. Ноднин бол багагүй зөрчил илэрч байсан.
Түүнээс гадна ер нь хүүхэд бүрийг хараа хяналттай байлгахын тулд одоо хороо болгон дээр Хамтарсан баг ажиллаж байгаа. Тэнд Хороон дарга, цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хэсгийн ахлагч нар нэгдээд нэг баг болж ажиллаж багагүй үүрэг гүйцэтгэж эхлээд байна. Энэ жил бид Нийслэлийн цагдаагийн байгууллагатай хамтраад тэдэнд тусгай сургалт явуулсан. Одоо хороо, хэсэг бүр дээр ийм Хамтарсан баг ажиллаж байгаа болохоор ер нь л аль айлд хүүхэд хүчирхийлэлд өртөж байна, хаана хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй вэ гэдгийг мэддэг болсон. Энэ талд байдал хуучнаа бодвол нэлээн сайжирсан гэж хэлж болно. Мөн Нийслэлийн болон дүүргүүдийн Засаг даргын дэргэд Хүүхдийн салбар зөвлөлүүд ажиллаж байгаа. Мэдээж Монголын төр давын өмнө хүүхдүүдийнхээ төлөө анхаарал тавих ёстой. Хүүхэд хамгааллын чиглэлд энэ жил Нийгмийн хамгааллын яамны дэд сайдаар ахлуулсан салбар дундын байнгын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Энд мөн миний бие ч хамрагддаг.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 476 мянган 18 хүртэлх насны хүүхэд байна. Энэ нь Монгол Улсын энэ насны хүүхдийн 46 хувь нь болж байгаа юм. Энэ 46 мянган хүүхдийн 11500 нь хагас өнчин байгаа бол бүтэн өнчин хүүхэд 1520 байх жишээтэй. Эдгээрээс яг эцэг эхийн асрамжинд байдаг хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 844 хүүхэд байна. Одоо Улаанбаатарт өрх толгойлсон эмэгтэй гэхэд л 20500 байгаа нь бас л их тоо шүү. Улаанбаатарт жилдээ 8210 гэр бүл шинээр бий болж байхад 2510 гэр бүл салж байна. Гэр бүлийн хүчирхийллийн болон Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Эдгээр хуулиуд хэрэгжиж эхэлснээр 831 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон бол хүнд хэлбэрээр хохирсон хүүхэд 34 байх жишээтэй.
-Хүүхдүүд хараа хяналтгүй болох, хичээлдээ дургүй болоход цахим тоглоомын газрууд гол үүрэг гүйцэтгэж байгаа. Ер нь хотын хэмжээнд байгаа эдгээр цахим тоглоомын газруудыг нягтлах, шалгах чиглэлд ямар ажил хийж байна?
-Бидний зүгээс оны сүүлээр Нийслэлийн цагдаагийн газартай хамтраад цахим тоглоомын газруудад гэнэтийн шалгалт хийсэн. Одоогоор надад тэдгээрийн тухай тоо баримт хараахан ирээгүй байна. Ноднин шалгалтаар явж байхад цахим тоглоомын газрууд хүүхдүүдээ дүүргээд гаднаас нь цоожлоод хонуулдаг нийтлэг аргатай нь мэдэгдсэн. Одоо тэдний арга улам нарийсч байна. Яаж байна гэхээр бүр хэсэг бүлгээр нь нийлүүлээд, нэг анги хамт олон шиг болгочихсон байхтай ч таарч л байлаа. Томчууд нь буюу 16-18 настайчууд нь эр эмгүй нийлээд бүр мансуурдаг болсон гэсэн мэдээлэл ирсэн тул бид гэнэтийн шалгалт хийсэн. Одоогоор энэ шалгалтын дүн мэдээ хараахан ирээгүй байгаа тул дэлгэрүүлж ярих боломжгүй байна.
-Улаанбаатарын бас нэг томоохон сөрөг асуудал бол зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй дэн буудлууд байгаа. Энэ талаарх тоо барим юу байна?
-Тийм. Эдгээр олон зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй дэн буудлуудад мансуурах, хүчиндэх гээд маш олон гэмт хэрэг гарч байна. Эдгээр буудлуудад ихэвчлэн ажил сургуульгүй, хөдөө гадаанаас яваа хүмүүс хоног төөрүүлж архидаж, мансуурч гэмт хэрэг үйлдэж байна. Хэдийгээр шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байгаа ч өнгөрсөн жилийн байдлаар гэхэд л 6000 гаруй хүн ямар ч зөвшөөрөлгүй Улаанбаатарт орж ирсэн байгаа юм. Бичиг баримтгүй эдгээр хүмүүс ихэвчлэн дэн буудлаар л хоног төөрүүлж байгаа. Өнөөдөр Улаанбаатарын хэмжээнд 484 буудал ажиллаж байгаагаас 209 зочид буудал, 275 дэн буудал байна. Тэгвэл эдгээрээс албан ёсны зөвшөөрөлтэй нь ердөө л 178 байгаа бол 306 нь ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж янз бүрийн гэмт хэргийн уурхай болж байна. Бидний зүгээс удахгүй Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран дээрх ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 306 дэн буудлын үйл ажиллагааг албан ёсоор зогсооно. Хамгийн олон зөвшөөрөлгүй дэн буудал ажиллуулж байгаа Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн. Удахгүй араас нь тууштай явах болно.
-
2018 оны 1 сарын 11
Залуучууд гутарч гуниглан дуу хоолойгоо хураачихаагүй. Харин ч сонгуулийн дараа намаа шинэчлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг ярьж. Намын байр руугаа орж байсан. Энэ удаагийн АН-ын шинэчлэл залуучуудын идэвхи санаачлагаар явагдсан.
-
2018 оны 1 сарын 09
Хөөрхий дөө Пүрэв баавай. Жинхэнэ Монгол ур ухаан, уран дүрслэлтэй баавайн хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагыг авах хувь надад тохиож өнгөрсөн 12 дугаар сарын 27-нд ”Монгол ахуй, жинхэнэ монгол амьдралаа л бичиж гэмээнэ Азиас, цаашлаад дэлхийгээс ялгарна” гарчигтай ярилцлагыг нь ”Өглөөний сонин”-д гаргаж байжээ. Ярилцлага нь хэвлэгдсэн сонинг өөрийнх нь захисан ёсоор Зохиолчдын хорооны хойно байх оёдлын үйлдвэрт ажилладаг охинд нь аваачиж өгч билээ. Тэгтэл өдөр нь утас цохиж ”Эрхэм дүүдээ үнэхээр их баярлалаа. Муу өвгөн ах нь одоо бичээд л байхаас яах вэ” гэж байсансан. Хүний амьдрал гэдэг үнэхээр богинохон, дуусахаа хүрвэл даанч амархан юмсанж. Эрхэм баавай Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв гуайнхаа гэгээн дурсгалыг нь хүндэтгэн хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагыг нь уншигч танд хүргэж байна. Ум сайн амгалан болтугай
-
2018 оны 1 сарын 09
Улаанбаатарчууд хуучнаар МУИС-ийн хичээлийн зүүн урд буланд байдаг жижигхэн гутал засварын газрыг андахгүй. Тэндээ гутлаа засуулж байсан, одоо засуулж байгаа хүмүүсийн тоог барагцаалах ч аргагүй. Тэнд хоёр өвгөжөөр хятад хүн ээлжээр гутал янзална. Би ч тэнд олон удаа гутлаа засуулж байсан. Өчигдөр хэрэг болгон зорин очиж зүс таних Лю овогттой уулзаж ажил, амьдралынх нь талаар ярилцлаа. Нас 60 хол гарсан ч ануухан харагдах Лю Ружин гуай “Би ч гутал засахаас өөрийгөө мэдэхгүй шахуу, одоо ч нэг өвгөн л болж дээ” гэсээр яриагаа эхэлсэн юм.
-
2018 оны 1 сарын 08
Хүйтний эрч чангарч, цас ихээр орох тусам орон нутагийн зам, даваа цасанд боогдож, автомашин зорчих аргагүй халтиргаа үүсдэг. Үүний зэрэгцээ төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд ч саад учрах эрсдэл үүсч магадгүй болдог билээ. Харин галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг үргэлж хангаж, тогтсон цагт нь эрсдэлгүй явуулахын тулд УБТЗ-ын олон мянган замчин байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд нэгэн сэтгэлээр ажиллаж байдаг юм. Тиймээс идэр есийн жавар тачигнаж буй энэ үед төмөр замын аюулгүй байдал, замчдын ажил, хөдөлмөр хамгааллын талаар Замын аж ахуйн албаны дарга К.Р.Белоштой ярилцлаа.
-
2018 оны 1 сарын 08
1992 оны Үндсэн хуулийг “Усыг нь шахаж, утгыг нь тодруулан” батлалцсан 1990 оны АИХ-ын гишүүд төрийн ордонд цуглан “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь дуртай намынхан хүссэн цагтаа хийгээд байдаг ажил биш” хэмээн ярилцаж 2000 оны 11 дүгээр сард Үндсэн хуульд оруулсан “Дордуулсан долоон өөрчлөлтөө давын өмнө хуучин ёсоор нь болгох учиртай” хэмээн ярилцав. Тэдний зүгээс ихэнх нь мэдлэг, туршлага багатай балчир гишүүдээс бүрэлдсэн УИХ дахь МАН-ын 65-ын бүлэг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар улайрч байгааг “Цагаа олоогүй цамаан явдал” хэмээж байсан юм. Энэ үеэр 1992 оны Үндсэн хуулийг батлах үед АИХ-ын дарга байсан Ж.Гомбожавтай хийсэн яриаг болгооно уу.
-
2018 оны 1 сарын 03
Монголын хүүхэлдэйн театрын хамт олон нуруундаа үүрч яваа. Ингээд энэ айлын эзэн тотгыг өргөж, тооныг түшиж яваа өрхийн тэргүүн П.Нямлхагватай хөөрөлдлөө.
-
2017 оны 12 сарын 30
34 жилийн дараа монголын кино урлагийн түүхэнд дахин нэг гэр бүлийн кино үзэгчдийн хүртээл болж эхэлсэн нь “Хүн мод” кино. Тус киноны ерөнхий найруулагч “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяртай ярилцлаа. Тэрбээр “Сайн уу амьдрал минь”, “Хэцүү анги”, “Ах дүүс”, “Эрэмдэг”, “Эцсийн хүсэл” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан кинонуудыг бичиж, найруулж, гол дүрийг нь бүтээсэн уран бүтээлч билээ.
-
2017 оны 12 сарын 27
Цаагуураа л дэгжин хээнцэр харагддаг Н.Соёлмаа хатагтай энэ удаад өглөө босоод л орныхоо өмнө байсан хувцсыг шүүрч углаад гараа юу даа гэмээр байлаа. Хэргийн учир тэрбээр бяцхан зээгээ эрхлүүлээд тольдох ч завгүй манаргаж яваа гэнэ. Эрх чөлөөт амьдралд дуртай, зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг, мөнгө байхад л эрх мэдэл өмнө чинь сөгдөөстэй байх вий гэж хэлдгээсээ буцаж эхлэв бололтой. “Зээгээ яслид явахаар яслийн багш, цэцэрлэгт өгөхөөр нь цэцэрлэгийн багш, сургуульд орохоор нь сургуулийн захирал, өсч том болоод гадагшаа дээд сургууль энэ тэрд явбал асрагч эмэг эхийн үүргийг гүйцэтгэнэ гээд л байдгаараа буугаад өгчихсөн байна лээ. Уншигч та ингэж хэлэхээр эрхэмсэг хатагтайг намбалаг болж дээ гэж бодвол эндүүрэл шүү. Хөх хилэн өмдөөр гангарч, хагас түрийтэй гахайн ширэн гутал жийсэн Соёлмаа өнөөх л тас тас инээсэн, 10 минут тутамд тамхиа баагиулсан, санаанд нь нийцэхгүй зүйл гарах аваас шууд л дургүйцлээ илэрхийлж орхидог зан нь хэвээрээ байна билээ.
Тэр бүү хэл, ярилцлагын ширээнд суухаасаа урьтан “Загвар өмсөгч, загварын чиг хандлагын талаар ярихгүй шүү. Энэ сэдвээр ярихаас залхаж байна” гэж шулуухан хэлсэн. Энэ нь чухамдаа надад чөлөөтэй ярилцах олз болсон хэрэг.
-
2017 оны 12 сарын 18
Хувьсгалын судлагдахуун нь мөнгө хаанаас гарсан, мөнгө хэнийг хөдөлгөсөн, үр дүнд нь юунд хүрсэн гэдэгт л байдаг юм. Ардчилсан холбооны санхүүжүүлэгч нь би. Надаас мөнгө гарсан. Би бас азтай. Хувьсгалын үйл хэрэгт 6000 ам.доллар зарцуулчихаад байж байтал урвалт гарсан учраас цаашид санхүүжүүлэх шаардлагагүй болсон.
-
2017 оны 12 сарын 06
Би асуудлын зарим хэсэгт тайлбар хийхийг хүсч байна. Нэгдүгээрт, 49 хувь гэдэг томоохон компанийн өмчийн нэгээхэн хэсэг. Ингээд ярихаар өмчийн эзэн буюу хувьцаа эзэмшигч гэдэг нэр томъёо гарч ирнэ ээ дээ. Миний хувьд эзэн нь ч, хувьцаа эзэмшигч нь ч биш, зөвхөн ТУЗ-ийн даргаар хэдэн сар ажилласан нэгэн. Гэхдээ Монгол Улсын гурван сая иргэний нэг эд эсийн хувьд миний өмчлөх эрх тэр дунд яваа гэдгийг хэлэх ёстой. Эл эрхийг Засгийн газар, УИХ баталгаажуулсан байдаг. Одоо таны сонирхоод байгаа асуулт руу оръё. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь буюу одоо шүүхээр явж байгаа, маргаан дагуулсан асуудлыг Монгол Улс эзэмших ёстой юу,
-
2017 оны 12 сарын 05
Монгол тургатнуудын эв нэгдлийг сахихч хэмээн тодорхойлж болох нэгэн эрхэмтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц. Хулангийн өрөөнд ярилцах завшаан олдов. Энэ эрхэм бол Халимагийн Ардын туульч, нэрт жангарч О.Цагаанзам гуай билээ. Түүний сэтгэлийн гүн рүү өнгийх аваас эх орон, элгэн саднаасаа алсад суугаа хүүгийн шаналал, гансрал л мэдрэгдэх юм билээ. Бид эх орондоо, элгэн садан дундаа жаргаж суугаа болохоор аминаас ч үнэтэй тэр чухал зүйлийн үнэ цэнийг мэдэрдэггүй юм байна даа гэх сэтгэгдэл төрж байсныг нуух юун.
-
2017 оны 12 сарын 01
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Өдрийн сонин”-ы 2017 оны 11
-
2017 оны 11 сарын 30
Рок попын ертөнцөд өөрийн гэсэн тод өнгө, шинэ хэмнэлийг бий болгож яваа залуу уран бүтээлч манай өнөөдрийн зочин. Физикийн томъёогоор нухлагдсан түүний хувь тавилан гитартай холбогдож, эгшиг аялгуунд хөглөгдөх байж. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө цаг ямагт хичээж, зүтгэж яваа залуу уран бүтээлч Гантулгатай бид хэсэгхэн хором ярилцлаа. Түүний зальжин нүдэнд оч гялалзаж, Цээжинд нь хүсэл нь багтаж ядан яваа.
-
2017 оны 11 сарын 28
Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн ажил, арга хэмжээний талаар мэдээлдэг билээ. Энэ удаа тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх
-
2017 оны 11 сарын 17
Байгаль орчин, аялал жуучлалын яам байгуулагдсны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Эх орныхоо байгаль, ан амьтныг хамгаалах их үйлсэд зүтгэж яваа эх орончдын төлөөлөл болох Ж.Төмөрсүхтэй уулзаж ярилцсан юм. Тэрбээр 31 жил байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа бөгөөд өдгөө Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж буй. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Та МУИС-ийн байгалийн ухааны тэнхмийг 1987 онд төгссөнөөс хойш байгаль хамгаалчаар 31 жил ажиллаж байгаа юм билэээ. Таныг байгаль хамгаалагчаар ажиллаж эхлэх үед хүндрэл бэрхшээлтэй ямар зүйл байв?
-Намайг их сургууль төгсөх жил Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны газар дөнгөж байгуулагдсан. Өмнө нь Хөвсгөл нуурыг хамгаална, хамгаалахгүй гэж олон удаа яригдсны эцэст хамгаалах нь зүйтэй гэж шийдсэн юм билээ. Тэр үед Байгаль орчин, аялал жуучлалын яам байгуулагдаагүй байсан үе. Харин Ойн модны аж үйлдвэрийн яам гэж байлаа. Яамны томилолтоор Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргааны газарт ажиллах даалгавар авсан нь энэ. Би амьдралынхаа 25 жилийг Хөвсгөл нуурыг хамгаалахад зориулсан. Байгаль хамгаалагчаас эхлээд мэргэжилтэн, хяналт хариуцсан мэргэжилтэн, байцаагч, даргаар нь ажиллаж байгаад 2012 оноос Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа буюу Дархадын хотгорын уул, тайгыг хамгаалах газар шинээр байгуулагдах үеэс даргаар нь ажиллаж байна. Хөвсгөл нуурыг хамгаалах шийдвэр гаргасан нь тухайн үеийн хамгийн зөв шийдвэрт тооцогддог. Учир нь, тухайн үед энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд Хөвсгөл нуурын экосистемд сөрөг нөлөө үзүүлдэг байсан юм билээ. Хатгал суман дахь модны үйлдвэрүүдээс гадна ноос угаах үйлдвэрүүд нуур руу бохироо цутгадаг байлаа. Мөн усан онгоцоор нефть, автомашин тээвэрлэнэ. Тэр битгий хэл нуурын баруун эрэгт Уран дөш, Хүрэн хааны орд гээд бордооны орд нээж, төмөр зам тавихаар төлөвлөлт хийгдэж байв. Өөрөөр хэлбэл, биднийг ажлаа авахад Хөвсгөл нуурын баруун эргийн уулыг нураах гэж Орос-Монголын хамтарсан баг ажиллаж байсан. Яг энэ үед Байгаль орчны яам байгуулагдсан. Дээр нь сэтгүүлчид дуу хоолойгоо хүргэж эхэлсэн. Ц.Балдорж сэтгүүлч “Далай ээж цаазын давцанд”, Буриадын алдартай сэтгүүлч, зохиолч хүртэл “Дэлхийд ганцхан Байгаль нуур” гээд алдартай нийтлэлээ бичиж байлаа. Хэдийгээр дээрх ордыг ашиглах нь улс орны хөгжилд тустай ч Хөвсгөл нуурын экосистемд аюултай гэж салбар яамны зүгээс эсэргүүцсэний ачаар 1986-1990 гэхэд Орос-Монголын хамтарсан багийг татан буулгасан. Татан буулгахад хоёр зүйл нөлөөлсөн л дөө. Эхнийх нь сая хэлсэн зүйл. Нөгөөх нь ардчилсан тогтолцоонд шилжих үед томоохон үйлдвэрүүд татан буугдсан. Энэ нь ч бас нөлөөлсөн. Одоогийн Хатгал сум тухайн үед 6000 гаруй хүн амтай тосгон байлаа. Орд хаагдснаар хүн амын олонх нь Мөрөн рүү нүүсэн. Гэтэл иргэд “Хөвсгөл нуурын захиргааг татан буулга, иргэдийн амьдрал хэцүүдлээ” гэж 10 гаруй жил эсэргүүцсэн. Эргээд харахад Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны газрын ажилчид, БОАЖЯ-ны хүчин чармайлтын үр дүнд Хөвсгөл нуур аврагдсан юм болов уу. Энд нэг зүйл нэмж хэлэхэд, НҮБ-ын санхүүжилтээр БОАЖЯ-нд “Алтай саяны төсөл” хэрэгжих үед би хамтарч ажилласан юм. Эндээс Хөвсгөл аймгийн газар нутгийн 50 дугаар өргөрөгөөс хойших газар нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм. 2009-2014 онд таван жилийн хугацаатай хориглож, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэсэн үг. Энэ бол Монголын түүхэнд байгаагүй шийдвэр. Дараа нь 2014 онд хүчинтэй хугацаа дуусах үед манай Улаан тайгын УТХГХЗ-наас хугацааг нь 25 жилээр сунгах хүсэлт гаргахад БОАЖЯ-ны удирдлагууд дэмжсэн. Үүний хүчинд аймгийн ИХТ-аас 25 жилээр сунгах шийдвэр гаргасан юм. Зарим аймгийн нутаг дэвсгэр уул уурхайгаас болж ямархуу хүндрэлтэй байгаа билээ. Гэтэл манай аймаг 57 сая га талбайгаа тусгай хамгаалалтад авсан. Өмнө нь ашиглалт, хайгуулын 44 тусгай зөвшөөрөл олгосон байсан. Эдгээрийг 2009 оны шийдвэрээр хугацааг нь сунгахгүй байсаар одоо нэг ч зөвшөөрөл байхгүй. Гайхалтай байгаа биз. Манай аймаг шиг газар нутгаа орон нутгийн болон Улсын тусгай хамгаалалтад авсан газар байхгүй.
-Байгаль хамгаалагчид үүрээр гараад шөнө дөлөөр гэртээ ирэх энүүхэнд. Заримдаа хулгайн модчин, хууль бус анчидтай нүүр тулгардаг гэхээр эрсдэлтэй, бас хэцүү ажил гэдэг нь ойлгомжтой. Үүнд амьдралынхаа 31 жилийг зориулахад юу нөлөөлсөн бэ?
-Энгийн хүний нүдээр харвал ойлгоход хэцүү л дээ. Юун цагдаа, юун хилийн цэрэг. Маш хэцүү ажил. Энэ ажлыг нэгдүгээрт, дур сонирхолтой хүн, хоёрдугаарт, сэтгэлтэй хүн хийдэг. Байгаль хамгаалагчид байгалиа хамгаалсныгаа цалин авахын төлөө хийлээ гэж боддоггүй. Надаас эхлээд манай хамт олон ингэж боддог. Бидний сарын цалин 400 мянган төгрөг. Гэхдээ бид хэзээ ч цалингаа нэмүүлье гэж жагсаагүй, гомдоллоогүй. Энэ хэмжээний мөнгийг таксинд явахад л хэдхэн хоногийн дотор олчихно. Гэтэл бид бүтэн сар уул, хадаар тэнэж байж ийм хөлс авдаг. Гэхдээ үүндээ сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл бид эх орноо, байгаль дэлхийгээ хамгаалж байна. Нөгөөтэйгүүр, байгалийн ажил хүнийг өөртөө маш их дурлуулж, татдаг. Өөрөөр хэлбэл, тэр согоо маань янзаглсан болов уу, хулгайн анчны өгөөш болчихоогүй байгаа гэдгээс эхлээд сэтгэлд үргэлж хадаатай явдаг. Ийм бодол сэтгэлд тээглэж явсаар сүүлдээ үүндээ хүлэгддэг. Өглөө гараад шөнө гэртээ ирнэ гэсэн ойлголт бидэнд байхгүй. Хамгийн багадаа 3-5 өдөр уул, хадаар явна. Би гэхэд залуу байхдаа 290 гаруй хоног ууланд амьдарч байлаа.
-Олон сараар явах үед эхнэр, хүүхэд чинь дургүйцэхгүй юү?
-Эхнэр маань Архангай аймгийн Их тамир сумынх. Айлын эрх танхил охиныг хайрлана, халамжилна гэж авч суусан хэрнээ нус, нулимсыг нь их барсан даа. Олон хоногоор явахаар дөрвөн хүүхдээ эхнэр маань л халамжилна. Бүсгүй хүн уулын мухарт дөрвөн хүүхэдтэй хоцрох юу нь сайхан байх вэ. Бараг 10 сар шахуу явж ирээд хэд хоночихоод буцах гэтэл хүүхдүүд цулбуурнаас зуураад уйлалдчихсан. Тэгэхээр нь цулбуураа шувт татаж аваад эргэж ч харалгүй мод руу орсныхоо дараа эргэж хараад нулимсаа арчиж байлаа. Иймэрхүү зүйл зөндөө тохиолдож байсан. Эхнэр маань эхний хэдэн жил их уурлаж, бухимддаг байлаа. Сүүлдээ “Энэ хүнд яаж ч хэлээд нэмэргүй. Уул руугаа явах нь тодорхой” гэж бодсон байх. “Чи хэзээ явахаа битгий хэл. Чимээгүй л явж бай” гэж хэлсэн юмдаг.
-Нэг талаасаа байгаль хамгаалах нь хувь хүний соёл, ёс суртахуунтай салшгүй холбоотой. Ар гэрээ орхих хэмжээний эрсдэл, зориг гаргаад ажлаа хийх үед арагшаа сэтгэл хорогдоно биз.
-Яг ийм бодол өдөр бүр сэтгэл дотор эргэлддэг байсан. Одоо ч тэр мэдрэмж унтраагүй байна. Явж байгаа зориг нь тэр боловч явснаас хойших сэтгэл хорогдох шалтгаан нь ар гэр шүү дээ. Гэхдээ ийм сэтгэлдээ автах юм бол байгаль хамгаалагчаар ажиллах хэрэггүй. Нэгэнт энэ замыг сонгосон бол ажиллах л хэрэгтэй. Үүний тулд гэртээ байх хугацаандаа түлээ түлшээ хангалттай бэлтгэхээс эхлээд бүхий л шаардлагатай зүйлээр нь хангах хэрэгтэй. Ийм байхад сэтгэл зовних нь арай бага. Олон сар, өдөр яваад гэртээ ирэхдээ их айна аа. Юу болсон бол, яасан бол гээд л. Ядаж харилцаа холбоо хөгжөөгүй байсан үе. Холоос дурандаж дурандаж очно. Очих замдаа “Яаж буцаж явна даа” гэж зүрх алдана. Тиймдээ ч харих замдаа морио аргамжиж үлдээдэг заль хэрэглэдэг болсон. Уул руу буцах үедээ хээрээс морио барьж аваад явна. Тэгэхгүй бол гэрийн гаднаас морьдвол хүүхдүүд уйлалдаад явуулахгүй шүү дээ. Дээр нь дурангаас өөр “зэвсэггүй”. Ууланд олон хоног ажиллах үед үер, усны аюул болно, цасан шуурга шуурна, араантантай нүүр тулна, уул, хаднаас унана, морио алдах гээд олон эрсдэлтэй нүүр тулгардаг. Энэ бүхэнтэй зохицох нь тайгын хууль. Тайгад үүнээс өөр ямар ч хууль хэрэгжихгүй.
-Иргэдийн 20 хувь нь байгаль хамгаалах ажлыг эсэргүүцэж, 80 хувь нь дэмждэг гэж та хэлсэн. Байгаль хамгаалагчдын амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн тохиолдол бий юү?
-Өмнө нь хүний ааш араншин сайхан байж. Одоо үед араатан, амьтнаас илүү хүнээс айдаг болж. Ууланд хүний бараа харагдвал сайн ажиглаж, шинжиж байж уулзана. Ямар санаа, бодолтойг мэдэхгүй шүү дээ. Ийм үед бидний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орохгүй гэх баталгаагүй. Ядаж хоёулаа эргүүл хийх хэрэгтэй. Харилцаа холбооны төхөөрөмжийг сайжруулах ёстой. Эрсдэлийн хувьд 1994 онд нууранд тавьсан торыг нь хураалаа гэж манай нэг байгаль хамгаалагчийг хутгалсан хэрэг гарсан. Азаар морин чарга нь айлын гадаа очсоноор Батжаргал маань амь аврагдсан. Үүнээс гадна амь насыг нь хороосон, машинаар чирсэн, гар, хөлийг нь хугалсан олон хэрэг гарсан. Даанч энэ бүхэн нь тэгс ингэс гээд дарагдсан даа.
-Байгаль хамгаалагчид хулгайн анчинтай таарвал ямар тактик хэрэглэдэг юм бэ. Үйлдлийг нь баримтжуулж, баривчлах уу. Эсвэл отолт хийж баривчлах уу?
-Аль болох хүчирхийлэлд хүргэхгүй байх арга хэмжээ авна. Үүний тулд нарийн тактик хэрэглэдэг. Эхлээд аль нутгийн, ямар хүн бэ гэдгээс тухайн хулгайн анчинд үнэлэлт өгнө. Тэгж байж очих эсэхээ шийддэг. Очихгүй бол баримтыг нь араас нь цуглуулах, өмнө нь отолт хийх, эсвэл олны өмнө гарч ирэхээр нь баривчлах гээд олон арга бий. Энэ бүхнийг байгаль хамгаалагч өөрөө зохицуулж, ямар тактик хэрэглэхээ шийддэг. Нэг удаа Модотын шанаа гэдэг газарт таван морьтой хүнтэй замд таарсан юм. Сэжиг бүхий санагдахаар нь машинаа түрүүлж явуулаад өөрөө ард нь үлдсэн. Хажуугаар морьтой хүмүүс өнгөрөх үед нь хоёр морьных нь тамгыг тогтоочихлоо. Дараа нь хавь ойрын айлуудад тийм тамгатай морь бий эсэхийг судалсан. Тэгж, тэгж сэжиг бүхий нэг айлд ороод “Ууланд ийм тамгатай хоёр морь уяатай байна. Цулбуурандаа орооцолдсон байхаар нь хазаарыг нь аваад тавьчихлаа” гэж хэлтэл айлын авгай “Хүүе, манай морь байна. Хотоос хүмүүс ирээд анд явсан юм” гэж ам алдсан. Маргааш нь анчдыг харих үед нь отолт хийж баривчлахад бор гөрөөс агнасан байсан. Энэ байтугай юм болно оо.
-Мөр мөшгөх гэж айхтар шинжлэх ухаанд та нар яаж суралцдаг юм бэ?
-Тухайн хүний авьяас л даа. Хэнээсээ сурах вэ дээ. Өөрсдөө сурсан зүйлээ шинэ залуустаа зааж өгнө. Олон жилийн ажлын туршлага юм даа. Манай байгууллагад яггүй сайн мөрч залуу хэд хэд бий. Би ч тэдний тоонд орно. Хулгайн анд явж болзошгүй айлын адууны туурайн мөрийг андахгүй гэвэл чи итгэх үү.
-Бүгдийг нь үү?
-Бараг л бүгдийг нь. Энэ хэдэн өдрийн өмнө, хэдэн цагт гишгэсэн мөр байна гэдгийг нэг хараад л шууд хэлж чадна. Хэдэн сарын дараа ч гэсэн адуун сүргийн дундаас хараад танина. Жишээлбэл, хэрээ мах зуучихсан нисч явахтай манайхан таарсан юм. Хэрэг бишидсэн байна гэж таамаглан мод руу ортол бараг 20-иод хоногийн өмнө алагдсан бугын сэгтэй таарсан юм. Мөр хайлаа. Гэтэл нэг гутлын мөр олдов. Олдох олдохдоо ямар мөр байсан гэхээр гутлынхаа улыг мотоциклын дугуйны олгой хаймераар уллачихсан байж таарсан. Энэ сэжмээр хайсаар дөрвөн өдрийн дараа хулгайн анчинг олсон юм даа. Тэгэхээр байгаль хамгаалагчид зөвхөн байгалиа хамгаалдаг биш хилийн цэрэг, цагдаа, прокурор, гал сөнөөгч гээд маш олон ажил давхар хийдэг болж таарч байгаа биз.
-Зөрчлийн тухай хууль мөрдөгдөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хууль байгаль орчныг хамгаалж байгаа та бүхний ажилтай хэр уялдаж байна вэ?
-Байгаль орчны тухай хууль олон удаа өөрчлөгдсөн. Гэхдээ сайжирсан уу гэхээс дордсон зүйл байхгүй. Зөрчлийн тухай хууль салбарын тухай хуультай тэр дундаа бидний ажилтай нэг их уялдаж өгөөгүй юм болов уу. Суурин газарт амьдарч байхад байгаль орчны хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл гарахгүй. Хаана, хэзээ үйлдэгддэг вэ гэхээр тусгай хамгаалалттай бүс нутаг, эзгүй ууланд л зөрчил гардаг. Манай Улаан тайга гэхэд газарт утасны ямар ч сүлжээ байхгүй. Бид ийм нөхцөлд Хөвсгөлийн гурван тайгын дархан цаазтай газрыг хамгаалдаг. Машин байтугай морь хүртэл хүрч чаддаггүй газар гээд боддоо. Явганаар эсвэл цаагаар очно. Ингэхдээ дөрвөн өдөр явах шаардлагатай. Гэтэл Зөрчлийн тухай хуулиар тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 24 цагийн дотор прокурорт мэдэгдэх ёстой. Энэ ямар ч боломжгүй. Ууланд хэн байх вэ. Зөрчил гаргагч этгээд, байгаль хамгаалагч хоёр л байна биз дээ. Гэрч хаанаас олох вэ. Зөрчлийг баримтжуулна гэхээр юугаараа баримтжуулах вэ. Манай 30 гаруй байгаль хамгаалчийн дунд зургаан ширхэг зургийн аппарат бий. Үүнийгээ дамжуулж хэрэглэдэг. Гар утасны камераар зураг авъя гэхээр олонх нь сүлжээ сайн барьдагаар нь Жи-Мобайлын антеннтай утас барьдаг. Энэ мэтчилэн зарим хууль, тогтоомж бодит байдалтайгаа уялдахгүй байна. Байгаль хамгаалах салбарт хууль, эрхзүйн шинэчлэл хийж байгаатай уялуулаад байгалийн гэмт хэргийг хянаж, шалгадаг эрх бүхий прокурорыг тусгай хамгаалалтын захиргааны газруудад ажиллуулах хэрэгтэй. Монголд 33 хамгаалалтын захиргаа, 102 тусгай хамгаалалттай газар бий. Тэнд гарсан зөрчлийг аймгийн ганц нэгхэн прокурор хянан шийдвэрлэхэд хүндрэлтэй.
-Байгаль орчин, аялал жуучлалын яамны 30 жилийн ой тохиож байна. Яам байгуулагдснаар байгаль хамгаалах ажилд эерэгээр нөлөөлж чадсан уу?
-Суурь бодлогыг тодорхойлох яамтай болсноор тогтвортой ажиллах боломж бүрдсэн. Тэр дундаа тусгай хамгаалалтын бүс нутагт авах арга хэмжээг салбар яамны зүгээс эрчимтэй дэмжиж ирсэн. Үүний үр дүнд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 18 хувийг тусгай хамгаалалтад авлаа. Цаашид энэ хэмжээг 30 хувьд хүргэхээр зорьж байгаа юм билээ.
-Яамны зүгээс байгаль хамгаалагчдаа дэмжих тал дээр ямар бодлого баримталж ажилладаг вэ. Сэтгэл хангалуун байж чаддаг уу?
-Өмнө нь зөвхөн ой хамгаалагч гэдэг статустай байсан. Харин одоо байгаль хамгаалагч буюу зөвхөн ой хамгаалах бус ан амьтан, нутаг усыг тэр чигт нь хамгаалах чиг үүрэгтэй болсон. Дээр нь хууль сурталчлах, хэрэгжүүлэх, судалгаа мониторинг хийх эрх, үүрэгтэй болсон. Түүнчлэн бидний цалин хөлс, хангамжийн асуудалд шат дараалж анхаарч байна. Өмнө нь төрийн үйлчилгээний албан хаагчаар цалинждаг байсан бол одоо төрийн захиргааны албан хаагчаар цалинжиж байна. энэ мэтчилэн дэвшилттэй зүйл олон бий. Ярианыхаа төгсгөлд Байгаль орчин, аялал жуучлалын яам байгуулагдсны 30 жилийн ойн мэндийг үе үеийн байгаль хамгаалагчид болон салбарын нийт ажилчдадаа хүргэе.
Эх сурвалж: Үндэсний шуудан
-
2017 оны 11 сарын 16
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын албаны хүмүүс ХБНГУ-ын Хэссэн мужийн хуульч бэлтгэх тогтолцоо, шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчийн мэргэжлийн талаар судлаад ирсэн билээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, судалгааны багийн ахлагч О.Зандраагаас тодрууллаа.
-
2017 оны 11 сарын 12
Шинэ жил боллоо хүүхнүүдээ. Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байгаа энэ үед хэн хүнгүй гоо сайхандаа анхаарч эхэлж байна. Тиймээс манай сайт сүүлийн үед охид, эмэгтэйчүүдийн ихээр хийлгэх болсон гоёлын шивээс буюу гоо сайхны шивээсний талаар шивээсчин Н.Батзаяатай ярилцлаа.