Улаанбаатар
Өнөөдөр / 2017.11.22
-17
Өдөртөө
-21
Шөнөдөө

Баруунш зорчсон үлгэр: Хоёрдугаар бүлэг

2017 оны 11 сарын 16

ХОЁРДУГААР БҮЛЭГ:


ҮНЭН БОДИЙН ҮНДЭС ХУВИЛГААН ЁСЫГ НЭВТЭРХИЙ УХАВ
ҮХЛИЙН ТҮЙТГЭР АРИЛААД ӨРЛӨГ СҮЛД БИЕД ОРШИВ

 

Өгүүлэх нь Сайхан бичин ван овог нэр олоод баярлан дэвхэрч, Бодисадвад мөргөв. Бодисадва олныг захиж, Сүн Ү Күнийг дагуулан хоёрдугаар хаалганы гадна аваачиж, хүрээ хөсөр шүхэрдэх, орох гарах, өчих хариулах зэрэг ёс ном сураг хэмээсэнд олон хувилгаан зарлигийг дагаж гарав. Ү Күн хаалганы гадна гарч номын ах нартаа ёслон мөргөж, харшийн давхарга дор амрах ор засав. Манагар өглөөнөөс эхлэн өдөр бүр номын ах нараараа үг хэл, ёс ямба, үсэг бичиг заалган, ном хэлэлцэж, онол өгүүлэлдэн, хүж шатаан зул зул асааж, чөлөө гарваас газар хөсөр шүхэрдэн, хүрээний өвс арчиж, цэцэг тарин мод засаж, түлээ аван гал түлж, ус дамнан будаа чанаж, хамаг юмыг цөм бэлтгэмүй. Ийн агсаар энд санамсаргүйгээр зургаа долоон жил болов. Нэгэн өдөр Бодисадва номын тавцанд гарч, олон хувилгааныг цуглуулан их Дандарыг үндэснийг номлов. Энэ үнэхээр: 


Тэнгэрээс цэцэг хур орж, газраас алтан лянхуа дэлгэрмүй. Гурван хөлгөний гол номлолыг гайхамшигтайяа айлдан, хамаг номын шалгадаг онолыг нэвтэрхийеэ өгүүлмүй. Атган хөвүүрээ алгуур сажлан, арвис тарнийг тоолон уншиж, аянга цахилгаан үүсгэн агаар тэнгэрийг түргүүлмүй. Бумбын ёсныг өгүүлэн, бодийн даяаныг номлож, гурван сургаалын нэгэн үндсийг үзүүлмүй. Энэхүү онолыг мэдвээс үнэн ёсонд ороод эс төрөхийг удирдан зааж, эчнээ нууцыг ухааруулмуй. 

 

Сүн Ү Күн дэргэд байж, Бодисадвагийн номлохыг сонсон маш баясан, дух толгойгоо маажилхийлэн, тэсгэлгүй дэвхцэн аашилж байхыг Бодисадва гэнэт олж үзээд, Сүн Ү Күнийг дуудан, “Хурлын дотор миний ном номлохыг сонсохгүй юунд дэмий аашлан сарвалзмуй?” хэмээсэнд Ү Күн өгүүлрүүн: “Шавь би үнэн сүсгээр ном авсаар багшийн гайхамшигт онолыг сонсож, тэсгэлгүй баясахдаа ийнхүү дэвхрэх байдлыг санаандгүй гаргасныг багш уучлах ажааму?” Бодисадва өгүүлрүүн: “Чи нэгэнт миний онолыг ухаж аваас би чамаас асуусугай. Чи агуйд ирээд хэдий өдөр болов?” Ү Күн өгүүлрүүн: шавь би төрөлх мунхаг тул хэдий өдөр болсныг үл мэдмүй. Гагцхүү шавь би цээжилсэн нь зууханд галгүй болбоос уулын ард одож, түлээ авахад уул дүүрэн тоорын модон байхыг үзээд түүнээс долоон удаа идлээ.” Бодисадва өгүүлрүүн: “Тэр уулын нэр нь Илжирхий тоорын уул хэмээмүй. Чи долоон удаа идсэн аваас долоон жил болжээ. Чи өдгөө надаас ямар номыг суръя хэмээмүй?” Ү Күн өгүүлрүүн:  “Багш өөрийн тааллаараа соёрхму. Номын үнэр аваас шавь би даруй сурсугай.” Бодисадва өгүүлрүүн: “Номд гурван зуун жаран гадаад үүд бий бөгөөд цөм бодь хутгийг олмуй. Чи аль үүднээс сурахыг үл мэдмүй?” Ү Күн өгүүлрүүн: “Багшийн тааллаар заасныг шавь би шамдан сурсугай.” Бодисадва өгүүлрүүн: “Би  чамд “Увидас”-ын үүдний номыг зааваас ямар?” Ү Күн өгүүлрүүн: “Увидасын үүдний номд ямар онол буй?” Бодисадва өгүүлрүүн: “Увидасын үүдний номд хувилгаан сахиусныг залах, төлгө бэлгэ үзэх, өлзий мөрийг олж гай гамшгийг зайлуулах онол буй.” Ү Күн өгүүлрүүн: “Ийн болбоос мөнхийн шидийг олж чадмуй?” Бодисадва өгүүлрүүн: “Үл чадмуй. Үл чадмуй. Ү Күн өгүүлрүүн: “Тийм болбоос би сурахгүй. Би сурахгүй.” 


Бодисадва бас өгүүлрүүн: “Чамд “Урсгал”-ын үүдний ном зааваас ямар?” Ү Күн өгүүлрүүн: “Урасгалын үүдний номд ямар онол буй?” Бодисадва өгүүлрүүн: “Урсгалын үүдэнд бичгийн сургаал, бурхны сургаал, бумбын сургаал, зурхайн сургаал, анагаахын сургаал зэрэг бий. Үүнд ном унших маань тоолох, бурханд мөргөх, сахиусан залах зэргийн зан үйл бий болой.” Ү Күн өгүүлрүүн: “Үүнийг сурваас мөнхийн шидийг олж чадах уу?” Бодисадва өгүүлрүүн: Мөнхийн шидийг олсугай хэмээвээс мөн ч хаяаны дотор тулгуур мод босгосон мэт болмуй.” Ү Күн өгүүлрүүн: “Багш аа, би хэмээгч нэгэн шударга хүн тул, ийм битүү үгийг үл мэдмүй. Юуг “Хаяаны дотор тулгуур мод босгомуй” хэмээмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Хүмүүс байшин барихад маш бат болгохын тул хаяаны дотор нь тулгуур мод босгомуй. Хэзээ нэгэн цагт гэр нурваас тулгуур мод бас ялзармуй.” Ү Күн өгүүлрүүн: “Үүгээр үзэхүл мөн ч мөнхийн шидийг олж үл чадмуй. Би сурахгүй. Би сурахгүй.” Бодисадва өгүүлрүүн: “Чамд “Самади”-ийн үүдний номыг сургаваас ямар? Ү Күн өгүүлрүүн: “Самадийн үүдэнд ямар шид буй?” Бодисадва өгүүлрүүн: “Энэ нь даяанд сууж, санваар шагшаабад авах, бацаг барих, буян үйлдэх, самади агуулах зэрэг буй.” Ү Күн өгүүлрүүн: “Үүнийг сурваас мөнхийн шидийг олж чадмуй за?” Бодисадва өгүүлрүүн: “Мөнхүү түүхий тоосгод адил болой.” Ү Күн инээн өгүүлрүүн: “Багш юунд ийнхүү яршигламуй? Битүү үгийг би үл мэдмүй хэмээн хэдийнээ хэлсэн бус уу? Түүхий тоосго хэмээгч бас юуныг хэлмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Уурхайн орой дээрхи түүхий тоосгын янз хэлбэр нь хэдийгээр тоосго лугаа адил боловч боловсруулаагүй тул хэзээ нэгэн цагт их борооноо учирваас тэр даруй шавар болмуй.” Ү Күн өгүүлрүүн: “Бас ч мөнхийн шидийг олж чадмуй. Би сурахгүй. Би сурахгүй.” Бодисадва өгүүлрүүн: “Чамд “Үйлтгэл”-ийн үүдний ном сургаваас ямар?” Ү Күн өгүүлрүүн: “Энэ нь ямар ном бэ?” Бодисадва өгүүлрүүн: “Билгийг олж аргыг нөхөх, хий татах, заслын хүрдний бэлгийг үйлдэх болой.” Ү Күн өгүүлрүүн: “Мөнхийн шидийг олсугай хэмээвээс усны дотроос сарыг шүүхэд адил болой.” Ү Күн өгүүлрүүн: “Багш бас юунд ийн өгүүлмүй? Тэр “Усны дотроос сарыг шүүх” хэмээгч нь бас юуг өгүүлмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Огторгуй дахь сарны сүүдэр усны дотор тусмуй. Тэр хэдийгээр үзэгдэх авч баригдахгүй тул мөн хоосон болой.” Ү Күн өгүүлрүүн: “Бас мөнхийн шидийг олж үл чадах тул би сурахгүй, би сурахгүй.” хэмээв. Бодисадва ихэд хилигнэн тавцангаас үсрэн бууж жаягийн модоор Ү Күнийг зааж, “Энэ сармагчин үүнийг ч сурахгүй, түүнийг ч сурахгүй хэмээж, чухам юу сурсугай хэмээмүй?” хэмээгээд урагш болж, Ү Күний толгой руу гурвантаа оршуулж, нуруугаа үүрэн дотор өрөөнөө орж, хаалгаа хаагаад олон шавийг орхин эчив. Хурлын шавь нар эс цочсон хүн бээр үгүй, цөм Ү Күийг зэмлэн: “Энэ садаа ёармагчин огоот ёсгүй. Багш чамд эрдэм сургасугай хэмээхүл чи сурахгүй мөртөө багш лугаа хариуцах нь юун? Өдгөө багшийн эгдүүг хөдөлгөв, одоо хэзээ гарч ирэхийг үл мэдмүй?” хэмээн гаслалцан Ү Күнийг жигшин буруушаамуй. Ү Күн огтхон ч уурласангүй, харин их л баясан инээмүй. Үзвээс энэ бичин ван битүү дохионы утгыг нэгэнт ухаад дотроо сэмээр тогтоосны тул олон лугаа үл маргалдан хүлцэн тэсвэрлэхийг бодмуй. Бодисадва гурвантаа оршуулсан нь шөнө дөлийн гурван жинд бодлогоо тогтоо хэмээсэн санаа болой. Нуруугаа үүрэн дотор өрөөнөө орж дунд хаалгаа хаасан нь түүнийг хойд хаалгаар ир, нууц номыг уламжилсугай хэмээсэн санаа болой. 


Ү Күн тэр өдөр алман саран Маргасар одон агуйн өмнө олон лугаа баясан тоглож, наран шингэхийг бараалсаар бүрий болмогц унтагч болон олон лугаа хэвтэж, бодлогоо тогтоон нүдээ аньж, шөнө дөл болохыг хүлээмүй. Аглаг уулнаа цагийн дохио мөчийн хувин үгүй тул амьсгалын тоогоороо цагийг хэмжин хэвтсээр бараг хулгана цаг болмогцаяархан босч хувцсаа өмсч, сэмээр хаалгыг нээж, гадна гараад тэргүүн өргөн үзвээс: 


Саран гэгээн шүүдэр жихүүхэн
Сав ертөнц арчсан толь мэт
Ойн гүнд хоногийн болжмор унтаад 
Урсгалын эхэнд булгийн усан ундармуй.
Галт хорхой гэрэл тулалзуулан нисч
Галуун цуваа эгнэн жиргэлэн өнгөрмүй.
Үзвээс яг гурван жингийн үе
Үнэн номыг хүртэх цаг болбай.


Тэр хуучин замаар хойд үүдний гадна хүрч үзвээс тал хаалга нь нээсээр буй. Үүнийг үзээд Ү Күн баярлан, “Багш үнэхээр надад номыг уламжлахын тул хаалгаа нээжээ”Урагш алхан хаалгаар хавиргалан ороод Бодисадвагийн нойрссон орны дэргэд хүрч үзвээс Бодисадва дотогш хандан богжин нойрсчээ. Ү Күн цочоон сэрүүлэхээс болгоомжлон, даруй орны өмнө сөгдөн авай. Бодисадва удалгүй сэрээд хөлөө жийж, амандаа ийн шүлэглэрүүн: “Хэцүү. Хэцүү. Хэцүү. Ёс хэмээгч их нууц болой. Чандмань эрдэнийг олохуйяа хялбар хэмээн битгий сэтгэ нууц увидсыг чин сэтгэлт хүнд заахгүй болбоос хий хоосон ам чилж хэл чулчирмуй.” 


Ү Күн: “Багш аа, шавь би энд сөгдсөөр удав.” Хэмээсэнд Бодисадва дууны аясаар Ү Күний ирснийг мэдэж, дээлээ нөмөрч завилан суугаад зандран өгүүлрүүн: “Энэ сармагчин өмнө гэрт унтахгүй миний энд ирж яамуй?” Ү Күн өгүүлрүүн: “Багш өчигдөр тавцангийн өмнө олны дэргэд гурван жингийн үеэр хойд хаалгаар ир. Номыг уламжлан заасугай хэмээсэн тул тийнхүү аймшиггүйгээр багшийн өмнө ирсэн бөлгөө.” Багш сонсоод их л баясан ийн сэтгэрүүн: “Энэ дамшиг үнэхээр тэнгэр газрын төрүүлсэн ажгуу. Эс тийм болбоос миний битүү дохионы утгыг яахин ухмуй.” Ү Күн өгүүлрүүн: “Өдгөө энд өөр хүн үгүй. Шавь ганцаар амуй. Багш нигүүлсэн өршөөж, надад мөнхрөх үнэн номыг уламжилбаас ачийг шавь би үүрд үл умартмуй.” Бодисадва өгүүлрүүн: “Өдгөө чи бид хувь ерөөл аж, миний битүү дохионы утгыг ухжээ. Чи нааш ирж хичээн сонс. Чамд мөнхийн шид олох номыг би дуртайяа уламжилсугай.” Ү Күн наманчилан мөргөөд үнэн сүсгийг барьж, орны өмнө сөгдөхүйд Бодисадва нууц номын увидсыг уламжлан зааж өгсөн нь: 


Ил нууц бүрэн нэвтэрхий, үнэн нарийн увидас нь амь насаа хайрлан бясалгахаас өөр учиргүй, ерөнхийлбөөс цөм дусал, агаар, сүлд болой. Битгий цувруул, битгий гоожуул, биедээ жигд хадгалагтун, чи сонсоод би уламжилбаас аяндаа ном дэлгэрмүй. Аман тарнийг цээжилбээс тус олон буй. Харангуй нисванисыг арилгаж, ариун шагшабадыг олмуй. Ариун шагшабадыг олбоос гэгээн саруул болж, бүтээлийн тавцангийн зүг тунгалаг саранг үзэхүйд сайн. Саранд хасын туулай, наранд алтан тахиа буй. Мэлхий, могой аяндаа харилцан ороолдвоос амь нас батжин галын дотор алтан лянхуаг ургуулж чадмуй. Таван махбодыг багцлаад улируулан хэрэглэж, хичээн бүтээж шидийг олбоос бурхан ба хувилгаан болмуй.” хэмээн уг язгуурыг гүн тайлбарлаж өгсөнд Ү Күний оюун билиг нээгдэж, зүрхэн тарни болгож, сайтар цээжлэн, багшийн их ачид талархан мөргөөд, хойд хаалгаар гарч үзвээс, зүүн этгээдээс гэгээ шарлаад үүр цайжээ. Тэр хуучин замаар буцан өмнө хаалганд ирж, аяархан хаалгыг нээн орж ирэн орон дээрээ сууж, “Үүр цайв. Үүр цайв. Босох цаг болжээ” хэмээн дуудсанд тэд цөм унтаж байсан тул Ү Күний рид шид олсныг нэг ч хүн мэдсэнгүй. Цөм нойрмоглон босцгоов. 


Үүнээс хойш тэр өдөр бүр бясалгасаар, удалгүй бас гурван жил болов. Нэгэн өдөр Бодисадва номын тавцанд залран сууж, олноо ном талбин, ёгт дохиог тайлбарлан, дүрс үзэгдлийг өгүүлж агаад гэнэт: “Ү Күн хаана вэ?” хэмээн дуудсанд Ү Күн урагш давшин сөгдөөд, “Шавь би энд амуй.” хэмээв. Бодисадва өгүүлрүүн: “Өдгөө чи ямар ном бясалгамуй?” Ү Күн өгүүлрүүн: “Өдгөө шавь би номын чанарт нэлээд нэвтэрч уг язгуурыг улмаар онов. Бодисадва өгүүлрүүн: “Чи номын чанарт нэвтэрч уг язгуурыг улмаар оносон болбоос хувилгаан цогц нэгэнт бүтжээ. Тийн авч гурван аюулаас хичээвээс зохимуй.” Ү Күн сонсоод удтал төлбөрөн өгүүлрүүн:  “Багшийн үг ташаарав. Шавь би сонссон нь ёсон дээд эрдэм өндөр болбоос тэнгэр лүгээ адил мөнхөрч, гал усны гашуун зовлонгоос тонилон, хамаг өвчинд нэрвэгдэхгүй хэмээх атал бас ямар гурван аюул байх вэ?” Бодисадва өгүүлрүүн: “Энэ болбоос ер бусын ёсон болой. Тэнгэр газрын хувь зохиолыг олж, арга билгийн гайхамшиг нууцыг онож, шид бүтсэний хойно асар чөтгөр нар адалмуй. Туулсан хутагтан болсон авч таван зуун жилийн дараа аянга бууж чамайг дайрмуй. Түүнийг зөгнөн мэдэж урьдаар зайлбаас зохимуй. Зайлж чадваас мөнхөрмүй. Эс чадваас сөнөмүй. Бас таван зуун жил болсны хойно галын аюул болмуй. Тэр гал нь тэнгэрийн гал бус бөгөөд ертөнцийн гал бас бус, нэр нь “Нисванисын гал” хэмээмүй. Өөрийн биеийн хөлийн улаас дээш шатан Эсэруагаар нэвтлэн, таван цул, дөрвөн мөч цөм үнэс болон хэмхрээд, мянган жилийн бясалгал цөм хоосон болмуй. Бас таван зуун жил болсны хойно салхины аюул болмуй. Тэр нь өмнө, умар, дорно, өрнийн салхин бус бөгөөд дөрвөн улирлын салхин бус, нэр нь “Угалзан салхин” хэмээмүй. Энэ салхин Эсэруагаар нэвтэлж, зургаан саваар ороод, самшуугаар өнгөрөн есөн сүвийг нэвтэлмүй. Ийнхүү арьс мах нэг мөсөн барагдаж, бие цогцос өөрөө цуцармуй. Тиймийн тэл эдгээр аюул зовлонгоос цөм зайлах хэрэгтэй болой.” Ү Күн сонсоод яс нь шажигнан, үс нь босч яаран мөргөн өгүүлрүүн: “Ачит багш авран нигүүлсэж, энэ гурван аюулаас зайлах увидсыг заан соёрхох аваас шавь би багшийн их ачийг үүрд үл умартмуй.” Бодисадва өгүүлрүүн: “Энэ нь бэрх бус, гагцхүү чи бусад хүн лүгээ адил бус тул үл болмуй.” Ү Күн өгүүлрүүн: “Миний тэргүүн тэнгэр өөд хандаж, хоёр хөл газар гишгэж байх бөгөөд есөн сүв, дөрвөн мөч, таван цул, зургаан сав цөм бүрэн атал юунд хүн лүгээ адил бус хэмээмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Чи хэдийгээр хүн лүгээ төсөөтэй боловч хүнээс түүш дутуу.” Үзвээс энэ бичний нүүр нь хатингар, уруул нь шөвгөр, ооч нь татангар ажгуу. Ү Күн гараараа тэмтрэн инээн өгүүлрүүн: “Багшийн үг ташаарав. Би хэдий түүш дутуу боловч хүнээс илүү нэгэн цулцан бий тул дутууг нөхвөөс болмуй за.” Бодисадва өгүүлрүүн: “Болтугай. Тэнгэрийн товч хэмээх увидас бий. Гучин зургаан зүйлээр хувилмуй. Газрын хөвч хэмээх увидас бий. Далан хоёр зүйлээр улирмуй. Чи алийг нь сурсугай хэмээмүй?” Ү Күн өгүүлрүүн: “Шавь би олонд дуртай тул Газрын хөвч хэмээх увидсыг сурсугай.” Бодисадва өгүүлрүүн: “Тийм бөгөөс чи нааш ир. Чамд зүрхэн тарни зааж өгсүгэй.” хэмээгээд Ү Күний чихэнд сэмээр шивнэн, гайхамшигт увидсыг заан соёрхов. Энэ бичин ван хэмээгч нэгийг сурваас нэгийг төсөөлөх тул сонсмогц сураад өөрөө бясалган бүтээж, далан хоёр зүйлийн хувилах увидсыг цөм боловсорчээ. 


Нэгэн өдөр Бодисадва олон шавь нартай Маргасар одон агуйн гадна гарч үдшийн үзэмжийг сонирхон зоогхийж байх зуураа: “Ү Күн чиний шид бүтэв үү? Үгүй юү?” хэмээн асуусанд Ү Күн өгүүлрүүн: “Багшийн анабад далай мэт ач авралд шүтэж, шавь би шидийг бөтөггээд өдгөө үүл хөлөглөн дэгдэж чадах болжээ.” Бодисадва өгүүлрүүн: “Тийм болбоос чи дэгд. Би үзсүгэй.” Ү Күн шид үзүүлэхийн тул ухасхийн тонгорцогломогц газраас тав зургаан хос алд дээр дэгдэн гарч үүлэнд гишгэн одож, нэг цагийн хоол болтол нааш цааш гурван бээрийн газар яван буцаж ирээд үүлнээс бууж, багшийн өмнө наманчилан залбираад, “Багш аа, дэгдэн гарч үүл хөлөглөн хэмээгч нь даруй үүнийг өгүүлмүй.” Хэмээсэнд Бодисадва инээн өгүүлрүүн: “Энэ нь үүл хөлөглөхөд үл тооцогдмуй. Үүлнээ мөлхөх төдий л байна. Эртний үгэнд өгүүлсэн нь: “Хувилгаан шидтэн өглөө умар далайд зорчоод, үдэш замбу газарт ирмүй” хэмээсэн болой. Чиний энэ мэт удтал яваад гурван бээрийн газраас хэтэрсэнгүйгээр үзвээс чухам үүлнээ мөлхөхөд ч үл тооцогдмуй.” Ү Күн өгүүлрүүн: “Юуныг “Өглөө умар далайд зорчоод, үдэш замбу газарт ирмүй” хэмээмүй? Бодисадва өгүүлрүүн: “Үүлнээ хөлөглөгчид цөм өглөө умард далайгаас мордон дорнод далай, өрнөд далай ба өмнөд далайг цөм тойроод үдэш замбу хэмээх газарт ирмүй. Замбу хэмээгч даруй умард далайн хязгаарыг хэлмүй. Дөрвөн далайн гадуур нэгэн өдөр бүрэн тойрч дуусгаваас сая үүлнээ хөлөглөхөд тооцогдмуй. Ү Күн өгүүлрүүн: “Энэ үнэхээр бэрх. Бэрх.” Бодисадва өгүүлрүүн: “Хүнд зориг байваас дэлхийд бэрх үгүй болой.” Ү Күн энэ үгийг сонсоод мөргөн айлтгаруун: “Хүнд тус хийвээс дуустал хэмээсэнчлэн, багш ихэд нигүүлсэн өршөөж, үүл хөлөглөх увидсыг заан соёрхвоос шавь би ачийг үл умартмуй.” Бодисадва өгүүлрүүн: “Хувилгаан шидтэн үүл хөлөглөхөд хөлөө тавхийлэн гармуй. Чи ийм бус сая чамайг үзвээс харин ч тонгорцоглон хараймуй. Би өдгөө чиний байдалд тохируулан нэгэн үүлнээ тонгорцоглох увидсыг чамд сургасугай.” Ү Күн дахин мөргөж гуйхад Бодисадва бас зүрхэн тарнийг зааж өгөөд өгүүлрүүн: “Хуруугаа инчдэж, тарни уншин, нударгаа зангидаж, биеэ өндийсхийн харайж гараад нэг тонгорцогловоос агшин зуур арван түм найман мянган газар явмуй.” Олон шавь нар сонсоод цөм баясан өгүүлрүүн: “Ү Күн сайн болов. Энэ увидсыг сурваас хүнд өртөөчин болж албан бичиг хараа хүргэж хаана хүрсэн ч аж төрөхүйд үл зовнимуй.” Харанхуй болсны хойно багш шавь цөм өөр өөрийн агуйд буцав. Энэ шөнө дуусан Ү Күн хувилгаан увидсыг боловсруулан бүтээж үүлнээ тонгорцоглохыг сурав. Үүнээс хойш өдөр бүр эрх зоригоор байж, энэхүү мөнхийн шидэд амарлин авай. 


Нэгэн өдөр хавар эцэслэж, зун болсонд олон шавь нар нарсан модны доор ном өгүүлэлдэн ахуйд бүгдээр өгүүлрүүн: “Ү Күн чиний урд төрлийн хувь ерөөлөөр өмнө өдөр багш чиний чихэнд сэмээр сургасан гурван аюулаас хэлтрэх хувилгаан увидсыг цөм сурсан буюу?” Ү Күн инээн өгүүлрүүн: “Номын ах нар танаас нуухгүй, нэгэнд болбоос багшийн уламжлан заасны ачаар, хоёр болбоос миний өдөр шөнөгүй шамдан чармайснаар тэр хэдэн зүйлийг цөм сурчээ.” Бүгдээр өгүүлрүүн: “Энэ сайн цаг тохиолд чи увидсаа гаргаж бидэнд үзүүлтүгэй.” Ү Күн сонсоод омог төрөн, увидсаа гайхуулсугай хэмээн өгүүлрүүн: “Та бүгдээр нэг сэдэв гарга. Намайг ямар юм хувилтугай хэмээмүй?” Бүгдээрээ өгүүлрүүн: “Нэгэн нарсан мод болж хувил.” Ү Күн хуруугаа инчдэж, тарни уншин бие сэгсрэн, нэгэн нарсан мод болон хувилав. Энэ үнэхээр: 


Алс булс униар татан мөнх ногооноор цэлгэрэн 
Асган өндөр бие агаарын үүлийг шувталжээ. 
Энд сармагчны дүр байдал өчүүхэн ч үл мэдэгдэж
Ац салаа нарийн мөчир цас хяруунаас үл аймуй
. Бүгдээр үзээд алга ташин инээлдэж, “Сайн сармагчин, сайн сармагчин.” хэмээн түрхийлдэх дуун Бодисадвагийн сонорт хүрэв. Бодисадва сонсоод яаран таягаа барин гарч асууруун:


“Ямар хүн энд ирж цуугилдмуй?” Бүгдээр санд мэнд дээл хувцсаа засч, урагш болоход Ү Күн уг дүрээр хувилан олны дунд орж өгүүлрүүн: “Багшид айлдах нь бид энд ном өгүүлэлдэж агсан бөлгөө. Өөр хүн ирж цуугилдсангүй болой.” Бодисадва зандран өгүүлрүүн: “Та бүгдээр бархиран шуугилдаж бясалгалчийн дүр огт үгүй, бясалгалч хүн ам нээвээс сүг сүлд тармуй, хэл хөдөлвөөс үнэн ташаа үүсмүй, юунд ийнхүү инээлдэн шуугилдмуй?” Бүгдээр өгүүлрүүн: “Аймшиггүй багшаас нууж үл болмуй, өнөөхөн сая Сүн Ү Күн хувилах шидээ үзүүлэн наадахад бид түүнийг нэгэн нарсан мод хувилагтун хэмээхэд тэр үнэхээр нарсан мод болон хувилсны тул шавь бид их дуугаар гайхалдан магтсан бөлгөө, тийнхүү их багшийг цочоов, алдсыг уучлах ажааму.” Бодисадва өгүүлрүүн: “Та бүгд бос, Ү Күн чи нааш ир, би чамаас асуусугай, чи юунд нарсан мод болон хувилав? Энэ увидсыг хүний өмнө гайхуулж болох буюу, энэ увидас бусдад буй аваас чи эрхбиш бусдаас гуйх буюу? Чамд ийм увидас аваас бусад чамаас гуймуй, чи аюулаас айваас түүнд сургамуй, түүнд эс сургаваас эрхгүй чиний аминд хор ирэх тул чи амиа хамгаалахад бэрх болох бус уу?” Ү Күн өгүүлрүүн: “Гагцхүү багшийн уучлахыг хүсмүй.” Бодисадва өгүүлрүүн: “Би чамайг яллахгүй, гагц чи одвоос барав.” Ү Күн сонсоод нүднээсээ нулимс цувруулан өгүүлрүүн: “Багш намайг хааш од хэмээмүй?” Бодисадва өгүүлрүүн: “Чи хаанаас ирсэн болбоос мөн тэндээ одвоос барав.” Ү Күн гэнэт ухаараад өгүүлрүүн: “Би Үлэмж биет тивийн Уулай улсын Цэцэг жимст уулын Усан үүдэт агуйн орноос ирлээ.” Бодисадва өгүүлрүүн: “Чи тургэн хойш эгвээс амь насанд чинь хоргүй, энд өчүүхэн төдий ч хүлгэлзэж үл болмуй.” Ү Күн ялаа хүлээн өгүүлрүүн: ” Багшид айлтгах нь би гэрээсээ салаад нэгэнт хориод жил болов. Хэдийгээр хуучин нутаг үр хүүхдээ үзсү хэмээн санавч багшийн их ачийг өчүүхэн ч хариулаагүйн тул аймшиггүй одож үл чадмуй.” Бодисадва өгүүлрүүн: “Бас ямар ач хэмээх аж? Гагц чи гай барцад татаж хэрэг уршиг эс халдааваас барав.” Ү Күн арга буюу багш Бодисадвад мөргөн олонд салах ёсыг гүйцэтгэсүгэй хэмээтэл Бодисадва өгүүлрүүн: “Чи одсоны хойно сайн хэрэг лав үл үйлдмүй, чи ямар хэрэг зарга гаргаж яахан хэрцгий догшноор явсан ч гагцхүү миний шавь хэмээж болохгүй, чи хэрвээ миний нэрийг шүдний завсраар гаргаваас би даруй мэдмүй, тэр үед сармагчин чамайг арьсыг чинь өвчиж, ясыг чинь хэмхлэн, сүнсийг чинь арван найман тамын адаг ёроолд орхиод түмэн галавт хүний биеийг үл олуулмуй.” Ү Күн: “Би ямар аймшиггүйгээр багшийн алдрыг дурдмуй, гагцхүү өөрөө сурав хэмээвээс барав.” Ү Күн багшид мөргөж, увидас үүсгэн тарни уншиж үүл хөлөглөн Үлэмж биет тивийг зорин явсаар удалгүй Цэцэг жимст уулын Усан үүдэт агуй нүдний өмнө үзэгдмүй. Сайхан бичин ван ихэд баясан дотроо ийн сэтгэрүүн: “Эчих үес эгэл бие жирийн цогц эгэх цаг шид олоод бие махбод хөнгөн, даян дэлхийд чин зоригийг барьж явагчид үгүй дайчнаар нууцыг бясалгаваас нууцыг аяндаа ономуй. Өнгөрсөн цагт далайг гэтлэхэд үнэхээр бэрх байлаа энэ өдөр ирэхэд юутай хялбар аж. Салах үеийн захисан үгс чихний сонорт байсаар санамсаргүй хоромхон зуур зүүн далай үзэгдмүй.”


Ү Күн үүлэн толгой даран доош буугаад Цэцэг жимст ууланд хүрч зам эрж яван атал гэнэт сармагчны гаслах дуун гарч туйлын эмгэнэлтэй сонстмуй. Ү Күн агуйн хаалганд хүрээд: “Хүүхэд ээ, би ирлээ.” хэмээн дуудсанд эрэг хадны завсар, өвс модны дотроос их бага түмэн мянган бичин үсрэн гарч ирээд Сайхан бичин ванг томоолон мөргөн өгүүлрүүн: “Их ван юутай уужуу сэтгэлтэй аж, юунд нэгэнтээ одож өдөр удтал үл эргэмүй? бид цөмөөр энд орхигдоод үнэхээр өлссөн ундаассан хүн идээ ундааныг хүсэхэд адил чамайг эрлээ. Ойрд нэгэн шулам ирээд хүчирхэн аашилж, манай Усан үүдэт агуйг булааж авах хэмээн дарлахад бид амь биеэ цөлөн түүнтэй тэмцэлдэхэд тэр манай эд хэрэгслийг булаагаад бас үр хүүхдээс нэлээдийг барьж аваачив. Бид шөнө туж унтах нойргүй гэр хөрөнгөө сахиж ахуйд завшаанаар их ван иржээ. Хэрэв их ван бас нэг хэдэн жил эс ирвээс бидний уул агуй бүхнээр цөм хүнд эзлэгдэх бөлгөө.” Ү Күн сонсоод дотроо ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Тэр ямар шулам хэмээн аймшиггүй ёс бусчилмуй. Та нар нарийвчлан өгүүл, би түүнийг эрээр одож өшөөгөө авсугай.” Олон бичин мөргөн өгүүлрүүн: “Их ван айлтгасугай, тэр шулам биеэ ертөнцийг түйвээгч шулмын хаан хэмээн өргөмжилж эндээс ас умарт амуй.” Ү Күн өгүүлрүүн: “Эндээс хэдий хол вэ?” Олон бичин өгүүлрүүн: “Тэр эрж одоход үүл униар хөлөглөх буюу эсвээс бороо салхи аянга цахилгаанаар явах тул бид хэдий хол байхыг үл мэдмүй.” Ү Күн: “Таануус битгий ай, зоригоороо наадаж байгтун, би түүнийг эрээр одсугай.” хэмээв. Ү Күн нэгэнтээ хараймагц үүл хөлөглөн тонгорцоглон удалгүй умар зүгт хүрч дорогш харваас нэгэн өндөр бараат уул харагдмуй. Үнэхээр:


Асга хад сэгийлцэн агаар тэнгэрт тулж алам зав сүлжилдэн доод ертөнцөд нэвтэрчээ. Наана цаана навч цэцэг өнгө ялгаран энд тэнд нарс хулс цэлгэрэн ногоормуй, зүүн биед луу цагираглан баруун этгээдэд барс хэвтмүй, төмөр үхрээр тариалах нь үүрд үзэгдэж алтан зугаагаар үрлэх нь үргэлж харагдмуй. Аглаг завд жигүүртэн шувуу жиргэн донгодож алтан наран өөд ал гарьд бүжиглэмүй. Шорон хад цүнхээл хөв, халил эрэг хавцал хөндий бэрх хэцүү бартаат уул байнам. Энэ дэлхийн эл олон нэрт уулны элдэв цэцэг үүрд ээлжлэн дэлгэрч, үргэлж өнгө үзэмжтэй байдаг нь эгнэгт энэ мэт ажгуу. Үнэхээр гурван орны урсгалын эх болсон уул, таван махбодын тэжээл болсон усан савын агуй болой.


Сайхан бичин ван хараахан сэмээр үзэмжийг ажиглаж атал гэнэт хүний хэлэлцэх дуун сонстмуй, уулнаас бууж үзвэл хана хадны ёроолд усан савт хэмээх агуй ажээ. Агуйн гадна хэдэн бага шулам дэвхрэн наадаж агаад Ү Күнийг үзмэгц дутаан одоход Ү Күн дуудан өгүүлрүүн: “Битгий дутаа, миний үгийг уламлагтун, би болбоос ас өмнө зүгийн Цэцэг жимст уулын Усан үүдэт агуйн эзэн мөн бөлгөө, танай агуйд ямар нэгэн ертөнцийг түйвээгч шулмын хаан хэмээгч юм аж, миний үр хүүхдийг дахин дахин зовоон дарласны тул өдгөө би түүнтэй эрэгчин эмэгчнээ ялгасугай хэмээн тусгайлан ирлээ.” Тэдгээр бага шулам сонсоод мэндэн сандан агуйд гүйн орж мэдүүлрүүн: “ Их ван, хэрэг муухай болов.” Шулмын хаан өгүүлрүүн: “Ямар муухай хэрэг болов?” Бага шулам өгүүлрүүн: “Агуйн гадна нэгэн бичин ирж, биеэ Цэцэг жимст уулын Усан үүдэт агуйн эзэн хэмээгээд өгүүлэх нь чамайг дахин дахин үр хүүхдийг зовоон дарласны тул тусгайлан чамтай эрэгчин эмэгчнээ ялгасугай хэмээмүй.” Шулмын хаан инээн өгүүлрүүн: “Сонсохул тэд нарт нэгэн их ван агсан нь гэрээс гарч тойн болов хэмээнэм бөлгөө. Бодвоос өдгөө тэр ирсэн буй за. Та нарын үзэхээр тэр ямар хуяг дуулга өмсч, ямар зэвсэг барьсан бэ?” Бага шулам өгүүлрүүн: “Тэр зэвсэггүй толгой нүцгэн, биед улаан дээл хөдөрч,  шар ёнгорын бүс бүсэлж, хөлд хар гутал өмсч, хар хэмээхэд хар бус, тойн хэмээхэд тойн бус, хувилгаан хэмээхэд хувилгаан ч бус, бумба ч бус, хоёр гар, хоосон нударгаар хаалганы гадна ирж, хашхиран дуудмуй.” Шулмасын хаан сонсоод: “Миний хуяг дуулга, зэр зэвсгийг авч ир” хэмээхэд бага шулам сандан мэндэн авч ирэв. Тэр шулмасын хаан хуяг дуулга өмсч, дам илдээ шүүрэн авч, олон шулмасаа дагуулан хаалганы гадна гарч өндөр дуугаар, бархиран өгүүлрүүн: “Усан үүдэт агуйн эзэн хэмээгч хаана вэ?” Ү Күн нүдээ өргөн тэр шулмасын хааныг яаран ажиглаваас, 


Тэргүүнд хар алтан дуулга дарж, биед хар дээл өмсч, дундуураа суран бүс бүслэн, хөлдөө угалзан гутал өмссөнийг үзэхүл, үнэхээр өрлөг хүчит баатар жанжины дүртэй, бэлхүүсээрээ арван төө, биеийн өндөр гурван хос алд, гартаа гэрэл татсан гангийн элд барьжээ. Ертөнцийг түйвээгч шулмын хаан хэмээгч үнэхээр сүрхий дүртэй. 


Бичин ван зандран өгүүлрүүн: “Энэ муу шулам нүдтэй байгаад юунд Сүн өвгөө олж үл үзмүй?” Шулмын хаан жихүүнээр инээн өгүүлрүүн: “Атгандаа барьсан зэвсэггүй, ааваасаа олсон биегүй, аман сүү чинь арилаагүй  анга атал ямар аймшиггүй их үг гарган, надтай эрэгчин эмэгчнээ ялгасугай хэмээмүй?” Ү Күн хараан өгүүлрүүн: “Үзвээс энэ муу шулам нүдгүй аж, чи намайг бага хэмээн басамжилнам буюу? Их болъё хэмээвээс маш хялбар болой. Чи намайг зэвсэггүй гэнэм буюу? Миний хоёр гар огторгуйн саранд хүрмүй. Айхгүй болбоос Сүн өвгийнхөө нударганы амтыг үз.” хэмээн нэгэнтээ үсрэн нүүр өөд нь нударгалахад тэр шулмын хаан гараараа тосон зайлуулж, өгүүлрүүн: “Чи ийм бага, би ийм их, чи нударга хэрэглэхэд би илд хэрэглэнэ. Би чамайг илдээр цавчин албаас ертөнцийн хүн намайг элэглэх болой. Тэгэхээр би илдээ орхиж чамд нэгэн замын илдийн эрдэм үзүүлсүгэй.” Ү Күн өгүүлрүүн: “Чиний үг маш зөв болой. Чи нэгэн сайн эр тул илдээ орхиж, нааш ирэгтүн.” Шулмын хаан илдээ орхин нударга далайн ороход Ү Күн урагш давшиж угтан авав. Тэд хоёул нударгадан өшгөлөлцөж, хэдэн удаа зөрөлдсөнгүй, шулмын хаан гар урт нударга их тул хоосонд занчиж, Бичин ван гар охор нударга хатуу тул зүүн сүвээ, зүрхэн эх, найман хавирга нарийн нуруу үлдээлгүй занчихад шулмын хаан хүлээж чадахгүй болж, илдээ шүүрэн авч, Ү Күний тэргүүн лүү цавчихад Ү Күн яаран зайлсанд хоосон газар цавчив. Ү Күн түүний сүрхийг үзээд тарни уншин, биеийн үснээс нэгэн атга сугалж аваад аманд хийж зажлан, агаар өөд үлээн орхиж, нэгэнтээ “Хувил.” Хэмээмэгц даруй хоёр гурван зуун бага бичин болон хувилж, шулмасыг давхар давхар бүслэн хаав. Үзвээс хүн хэрвээ хувилгаан шидийг олбоос, хувирах улирах нь үнэхээр хязгаарлашгүй ажгуу. Энэ бичин ван шидийг бөтөгсний хойнобиеийн найман түмэн дөрвөн мянган үс нь цөм санаагаар нь хувилан чадмуй. Тийнхүү тэдгээр бага бичний нүдэн хурц, бие гавшгай тул илд жаданд оногдохгүй, цөмөөр ар өвөр дөрвөн талаас үсрэн харайж, шулмасын хааныг томоолов. Тэдгээр олон бичин тэврэх нь тэвэрч, татах нь татаж, гуядах нь гуядаж, шийрдах нь шийрдаж, хонгодох нь хонгодож, нударгадах нь нударгадаж, өшгөлөх нь өшгөлж, гижигдэх нь гижигдэж, нүдийг нь чичиж, хамрыг нь гувьж, нэгэнтээ дундаа тэлж, зууралдан эхлэв. Тэр чөлөөнд Ү Күн илдийг нь булаан авч олон бага бичнийг зайлуулан, шулмын хааны эсэруаруу нэгэнтээ цавчин хоёр анги болгов. Ү Күн олон бичнийг дагуулан агуйн дотор алан орж, их бага шулмын зулзагыг цөм сөнөөгөөд, биеэ сэгсрэн үсээ хурааж авав. Түүнд хураагдсангүй үлдсэн дөч тавин бичин болбоос урьд өдөр шулмын хаан Усан үүдэт агуйгаас барьж авчирсан бичид ажгуу. Ү Күн өгүүлрүүн: “Та нар юунд энд ирсэн бэ?” Тэдгээр бичин нүдэн нулимс цувруулан өгүүлрүүн: “Их ван шидийг олохоор одсоноос хойш, тэр шулмас хэдэн жил дараагаар бидэнтэй тэмцэн бөлгөө. Манай агуйгаас булаан авчирсан чулуун аяга сав цөм тэнд байх биш үү?” Ү Күн: “Манай агуйн аяга сав мөн бөгөөс та нар гадна гарга” гэж захиж усан савт агуйд гал тавин үнсэн товрог болгов. Ү Күн олонд: “Та бүгдээр намайг дагаж харьтугай” хэмээн олон бичин өгүүлрүүн: “Бид ирэхэд чихэнд гагцхүү салхи шуугин сонстож, хөвөлзөн дэгдсээр энд хүрч ирсэн тулд зам мэдэхгүй болов. Хэрхэн харимуй?” Ү Күн: “Энэ нь түүний илбэ увидас тул ямар бэрх вэ? өдгөө би бас чадмуй. Та бүхэн нүдээ ань, битгий айгтун” хэмээв. Тэндээс Ү Күн тарни олон бичнээ авч догшин салхи дэгдээн үүл хөлөглөн одож, төдөлгүй үүлэн толгой дарж, “Хүүхээд, нүдээ нээцгээ” хэмээв. Олон бичин хөрст газарт бууж, өөрийн гэр нутгаа үзээд цөм тэсгэлгүй баясалцан, агуйн хаалганы зүг гүйлдэн одов. Агуйд байсан олон бичин цөм угтан гарч бичин ванг томоолон агуйн дотор ороод нас жил хөөлцөн жигүүрлэн жагсаж, бичин ванд ёслон мөргөж, архи жимсийн ширээ засан, баярын хурим хийх зуур шулмыг дарж хүүхдээ аварсан учрыг асуув. Ү Күн нэгэн зэрэг нарийвчлан өгүүлсэнд, олон бичин ихэд гайхалдан өгүүлрүүн: “Их ван хаа хүрч санамсаргүй ийм их эрдмийг сурсан аж?” Ү Күн өгүүлрүүн: “Урьд та нараас салан урсгалыг даган хөвсөөр зүүн их далайд тулж, замбутивд хүрч хүнийг дуурайн энэ дээл гутсыг өмсөн гэхэлзэн зорчиж, найм есөн жил болтол шидийг олсонгүй тул, баруун их далайг туулан Үхэр эдлэгч тивд хүрч, асуун сурвалжлан явтал, завшаанаар нэгэн Бодисадвад учраад надад тэнгэртэй адил өнөд мөнхрөх бодь хутгийн үнэн номыг сургав.” Олон бичин баясан өгүүлрүүн: “Энэ үнэхээр түмэн галавт тохиолдохуйяа бэрх завшаан болой.” Ү Күн мөн инээн өгүүлрүүн: “Бас нэгэн баяр нь өдгөө бид цөм овогтой болов.” Олон бичин: “Их ван ямар овог олов?” хэмээн асуусанд ү Күн өгүүлрүүн: “Өдгөө миний овог Сүн. Номын нэр Ү Күн.”Олон бичин сонсоод маш баясан алга ташилцан: “Их ван өвөг Сүн болбоос бид цөм хүүхэд Сүн, ач Сүн, жич Сүн, нэгэн гэрээрээ Сүн, нэгэн үүрээрээ Сүн, нэгэн улсаараа Сүн болов.”Хэмээгээд Ү Күнийг өргөн хүндэлж, үзмийн архи хувилгаан цэцэг, аршийн жимс барьж, бүгдээр найрлан, цэнгэлдэв. Нэгэн овогтой болж, язгуур биед оршоод гагцхүү хувилгаан дансанд нэрээ тэмдэглүүлэхийг хүлээмүй. Эгнэгт ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...
...