ЖАРАН НАЙМДУГААР БҮЛЭГ:
ЗҮЧИ УЛСАД ТАНСАГ УРЬДЫН УЧРЫГ ТООЧИВ
ИХ БОГД ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛЭН УТСААР СУДАЛ БАРИВ
Буяны мөр түмэн ерөөлийг бүрдүүлбээс богдын алдар дөрвөн тивд дуурсмуй. Билгийн гэрэл чанад хязгаараа хүрвээс бэлгэт үүлэн тэнгэрийн хаяанаа мандмуй. Олон бурхан харилцан ядамлаваас, угманы орноо өнө үүрд оршмуй. Орчлонгийн хүслийн зүүдийг завхруулбаас улаан тоосыг арилган зовнилгүй амарлимуй.
Өгүүлэх нь, Тансаг багш шавь дөрвүүл буртаг хавчлыг ариутган сайхан замд орон явсаар төдөлгүй бас зун болов. Төв хэмээн:
Анар цэцэг дэлгэрэн алтан бадам цэцэглэжээ. Айлын тэртээх ногоон улиаснаа хараацай хоргодон, аяны хүн энгэрээ сөхөөд дэвүүрдэн сэрүүцмүй.
Нэгэн өдөр явсаар өмнө нь хот үзэгдэхэд, Тансаг морийг татан өгүүлрүүн: “Шавь нар та үз тэр ямар газар болов?” Бичин өгүүлрүүн: “Багш та бичиг мэдэхгүй байгаад юунд Тан хааны зарлигийг хүлээн гарч ирсэн буй?” Тансаг өгүүлрүүн: “Би хар багаас тойн болон ном сударт нэвтэрсэн атал чи юунд намайг бичиг мэдэхгүй хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос тэр хотын хаалганы шар тугийн дээр байх үсгийг танихгүйгээр энэ ямар газар хэмээн биднээс асуух нь юун?” Тансаг зандан өгүүлрүүн: “Энэ сармагчин дэмий донгодмуй! Тэр туг салхинаа хуралзаж байхуйяа ямар үсэг ахуйг би яахан үзэж гармуй!” Бичин өгүүлрүүн: “Тийм бөгөөтөл би юунд үзэж гарсан буй?” Гахай, Шороотон өгүүлрүүн: “Багш, номын ахын тэр худал үгийг бүү сонс, ийм холоос хотын хэрэм ч тодорхой үзэгдэхгүй байхад тугийн дээрх үсгийг яахан олж танимуй?” Бичин өгүүлрүүн: “Тэр нь “Зүчи улс” хэмээх үсэг буюу?” Тансаг өгүүлрүүн: “Тийм болбоос баруун орны бас нэгэн улс, бид эчиж замын тэмдгээ халсугай” Бичин: “Түүнийг юун өгүүлмүй” хэмээв.
Удалгүй хотын хаалганд хүрч мориноос бууж гүүрийг даван гурван давхар хаалгыг орж үзвээс үнэхээр нэгэн гайхамшигт орон ажгуу! Ганц үзвээс:
Хаалганы асар сүндэрлэн хотын хайлсан сэгийжээ. Урсгал ус тойрон урсаж, өмнө хойно өндөр уул эсрэглэжээ. Дөчин зээл далан гудамж эд бараа үлэмж, түмэн өрх мянган гэр арилжаа худалдаа хөгжилтэй. Үнэхээр эзэн төрийн хот их улсын нийслэл. Алс орны арилжаа хөлөг ирж, хол газрын хас торго цуглажээ. Хотын хэрэм хайрхан уул лугаа чацуулан, харш асар хан тэнгэрт тулжээ. Гурван боомтын хаалгыг батлан, түмэн үе энх жаргамуй.
Багш шавь дөрвүүл зээлээр яван үзвээс хотын хүмүүсийн дүр байдал ихэмсэг, дээл малгай дарь тэгш, өгүүлэх өчих тодорхой, үнэхээр их Тан улсаас дооргүй. Хотын арилжаачин Гахайн урт хошуу дэлбэгэр чих, Шороон хар царай өндөр бие, Бичиний үсхий царай улаан нүд цөм өөр дүртэйг үзээд маш гайхалдан ирэхэд, Тансаг сэмээр: “Битгий хэрэг гарга! Толгойгоо бөхийн явагтун!” хэмээсэнд Гахай урт хошуугаа өвөрлөн, Шороо айшгүй дээш үл харав. Бичин Тансагийг даган хэнхэлзэн явмуй. Тэдгээр хүмүүсийн дотор томоотой нь үзвээс даруй тархмуй. Хэрэгт дуртай хүүхдүүд инээлдэн чулуу шидэж Гахайг цохиход Тансаг маш эмээж хөлсөө арчин: “Хэрэг бүү гарга!” хэмээсэнд тэр манхуу дээш эс харав.
Удалгүй нэгэн зээлийг тойрон ормогц хаалганы дээр нь “Хуй Түн Гуан” хэмээх гурван үсэг байхыг Тансаг үзээд: “Шавь нар минь бид энэ яаманд орсугай” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Үүнд орж юу хиймүй?” Тансаг өгүүлрүүн: “Хуй Түн Гуан хэмээгч дэлхий дахины зочид буух газар, бид орж баахан амраад хаанд золгон тэмдэгт бичгээ халаад жич явсугай.” Гахай үүнийг сонсоод: “Багшийн үг зөв, бид үүнд орж, энэ муу гайхалчдын дагахаас зайлсугай” хэмээгээд хошуугаа гаргасанд тэдгээр дагаж байсан хүмүүс айж унав.
Өгүүлэх нь, тэр яаманд хоёр түшмэл буй ажгуу. Тэд зочдыг угтахаар хүнээ бүртгэн атал, гэнэт Тансагийн хүрч ирэхийг үзээд цочин асууруун: “Ямар хүн буй? Аль газраас хааш одмуй?” Тансаг наманчлан: “Тойн би зүүн газраас баруун орноо ном залахаар одмуй. Өдгөө танай их гүрэнд хүрч ирээд, айшгүй дуугай өнгөрч үл болох тул тэмдэгт бичгээ халж эчсүгэй хэмээн ирэв.” Тэр хоёр түшмэл сонсоод дээл малгайгаа засан суудлаас буун угтаад суух гэрийг цэвэрлүүлэн цагаан цав барьсанд Тансаг хариу тал өгөв. Тэр хоёр түшмэл олноо авч зочноо угтахаар гарсаны хойно, доорх хүмүүс ирж Тансагийг суух гэрт залсанд Бичин зандан өгүүлрүүн: “Энэ муу ард! Юунд өвгөн Сүн намайг гол ордонд үл залмуй?” Тансаг өгүүлрүүн: “Энэ газар манай их Тангийн харьяат улс бус, зэргэлдээ улс ч бус, бас хойш урагш явах зочид олон тул биднийг голт ордонд буулгасангүй буй за.” Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос би түүнийг зүгээр тавихгүй.”
Ийн хэмээн өгүүлэлдэн атал хэрэг хамаарагч нь нэгэн пял гурил, нэгэн пял амуу, хоёр атга ногоо, дөрвөн хэсэг дүүпүү, сүеэ авч ирэн өгсөнд Тансаг тал өгөн шавь нараар авахуулав. Тэр хамаарагч: “Баруун чихэн гэрт цэвэр тогоо ба бэлэн түлш буй, та нар өөрөө хийж ид” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Би чамаас асуусугай, хаан харшдаа заларсан буюу?” Тэр хүн өгүүлрүүн: “Манай хаан харшид эс гарсаар уджээ, энэ өдөр өлзий бэлгэт сайн өдөр тул бүгд түшмэдээ цуглуулан тунхаг тархаахыг завдан амуй. Чи бичгээ халсу хэмээвээс түргэн бараад, маргааш болбоос манай хаан хэзээ харшид гарахыг мэдэж болшгүй.” Тансаг шавь нартаа: “Та энд цав манзаа бэлд, би бичгээ халаад цав идсэний хойно явсугай” хэмээсэнд, Гахай яаран номт дээл, тэмдэгт бичгийг гаргаж Тансагт өгөв. Тансаг номт дээлээ өмсөн шавь нараа гадна гарч хэрэг битгий гаргагтун хэмээгээд одов.
Удалгүй таван гарьдын асрын өмнө хүрч үзвээс, тэр орд харшийн үзэсгэлэн сайхан асар тагтны өндөр сүрлэгийг өгүүлбээс барахгүй. Гол хаалганд хүрээд хэрэг айлтгах түшмэдэд тэмдэгт бичиг халах учраа өгүүлсэнд, тэр түшмэл дотогш орж хаанд айлтгаруун: “Гадна зүүн их Тан улсын хааны илч тойн баруун бурхны орны Аянган дуут сүмд хүрч бурханаа бараадан ном залахаар одох хэмээн тэмдэгт бичгээ халахаар иржээ” хэмээсэнд, тэр хаан маш баясан зарлиг болруун: “Мөхөс хүн би өвчлөөд бараалалд гарсангүй маш удав. Энэ өдөр харшид гаран сайн эмч эрэх тунхаг тараасугай хэмээтэл дээд тойн манай улсад иржээ!” хэмээгээд зарлиг буулгаж дуудан оруулав. Тансаг орж наманчлан ёсолсонд хаан дэргэдээ суудал шагнаж хуримын яаманд цав бэлтгэ хэмээсэнд, Тансаг хэсэгт талархан тэмдэгт бичгээ өргөв.
Хаан тэр бичгийг үзээд маш баясан зарлиг болруун: “Танай хаан хэдэн үе сууринд суув? Өдгөө бас ямар өвчтэйн тул ийм хол газраас ном залахаар илгээв?” Тансаг алгаа хамтатган хариу өчрүүн: “Үгээгүй тойны тэнд:
Гурван хуан ертөнцийг засч, таван Ди хүний ишийг тогтоов. Юү Шүн сууриныг нээгээд, Иүй, Тан иргэнийг амаржуулав. Чэн, Жоугийн хөвгүүд эзэд чадал чадлаар чармайн эзэлж, чийрэг нэгэн нь буурь юугаа довтлон хэсэглэн өмчлөөд хаан суув. Хаант улс арван найман хязгаар орныг салган захирав. Хойно арван хоёр улс болж, хар иргэд баахан амасхийв. Тэрэг морьгүйн учир тэмцэн гарч харилцан довтлов. Долоон эзэрхэг тэнцэн тэмцсээр догшин Чин нэгтгэн ерөнхийлөв. Тэнгэрээс Лу, Пэйг түрүүлээд тус тус самууныг ахуулжээ. Уул мөрөн Ханд харьяалагдан, улс гэрийн хууль ёсыг тогтоов. Ханы төр Сэ Мад улираад, Жин улс үймээн үүсчээ. Өмнө умар арван хоёр улс, Сүн, Чи, Лян, Чэн. Олон эзэд уламжлан захирсаар, их сүй дундаас товчлов. Хаан нь эд өнгөнд балраад, харц иргэдэд зовлонг үүрүүлэв. Манай хаан Ли овогт, улсын нэрийг Тан хэмээжээ. Гоу Зу хаан сууринаас хальснаа голомтыг залгасан өдгөөгийн эзэн Ши Мин, гол мөрөн тунгалаг гэгээн болж голч журмыг нийгэн түгээмүй. Хааны хот Чан Аны ард, хачин нэгэн хувилгаан лус байж, хувийн мэлзээний учир хурын дуслыг хассанаа хуулиар шийтгэж цавчин алах болов. Үдшийн гүнд хааны зүүднээ өмнөх лус амь юугаа гуйв. Өршөөлт эзэн зөвшөөн тэмдэглээд, өглөө эрт мэргэн сайдыг урив. Харшийн дээр авч суун, хамт зоогдон шатар тавив. Морин цаг гол үдийн үед нойрмоглон хэвтээд тэр сайд зүүдээр лусыг алжээ.” Тэр хаан сонсоод ийн зарлиг болруун: “Тэр лууг алагч мэргэн сайд ямар газраас ирсэн буй?” Тансаг өгүүлрүүн: “Тэр хэмээгч манай хааны туслагч чинсан, овог нь Вэй нэр нь Чэн, тэнгэрийн утга газрын зүй арга билгийг мэдэгч төрийн тулгуур түшмэдийн дээд болой, Вэй чинсан нэгэн зүүдээр Жин Хэ голын лусын хааныг алсанд, тэр лусын хаан манай хааныг аврах хэмээгээд алуулав хэмээн эрлэгт заалдсанаас эзэн хаан бие чилээрхэн өдрөөс өдөр өвчин нь хүнд болов. Вэй Чэн үүнийг үзээд нэгэн хуудас бичиг айлдаж эрлэгийн дансан түшмэл Зүй Жьюайд илгээхээр эзэнд өгсөнд Тан хаан халиад гурав хоног дээрээ дахин эдгэрчээ. Энэ нь цөм эрлэгийн элч Зүй Жьюай, Вэй чинсаны бичгийг үзэж үхэж төрөх заяаны дансыг баллаж хааны насан хутгийг хорин он уртатгасны сайн болой. Өдгөө номын их хурал хийхийн тул ядуу тойн намайг зарж бурханд бараадан их хөлгөний номыг залж, нүгэл хилэнцтэнийг гэтэлгэн тэнгэрт төрүүлсүгэй хэмээх болой.” Тэр хаан шүүрс алдан өгүүлрүүн: “Үнэхээр их улс, мэргэн түшмэл болой. Би хуучин өвчинд баригдан атал нэг ч туслах сайд түшмэл үгүй.” Тансаг тэр хааныг шинжвээс царай нь шарлан тураад тамир цус нь маш доройтжээ, Тансаг хааны өвчнийг асуусугай хэмээтэл, зочны яамны түшмэл ирж Тансагийг цав зоогло хэмээн мэдүүлсэнд хаан зарлиг буулган: “Миний зоогийн ширээг хүжист харшид авч ир, би тойн лугаа хамт идсүгэй” хэмээсэнд, Тансаг хишигт мөргөж, хаан лугаа хамт сууж зооглохыг түр өгүүлэхгүй.
Жич өгүүлэх нь, Бичин Хуй Түн Гуан буудалд сууж Шороог цав бэлдэн зууш базаа хэмээсэнд, Шороо: “Цав бэлтгэхэд хялбар, зууш базаахад хэцүү” хэмээв. Бичин: “Юунд тийм буй?” хэмээн асуусанд Шороо өгүүлрүүн: “Давс тос жан цуу үгүй болой.” Бичин өгүүлрүүн: “Надад нэгэн хэдэн зоос буй, Гахай чи одож зээлээс худалдан авчир.” Тэр манхуу залхууран өгүүлрүүн: “Миний зүс муухай хэрэг гарваас багш намайг зэмлэмүй, би одохгүй.” Бичин өгүүлрүүн: “Тэднээс гуйх бус, булаах бус тогтсон үнээр худалдан авахад ямар хэрэг гармуй?” Гахай өгүүлрүүн: “Сая би хошуугаа гаргамагц арван хэдэн хүн айж унасныг чи эс үзсэн буюу? Хэрвээ зээлийн олон хүний дунд орвоос тэднийг цөм айлгах үхүүлэх ч мэдэшгүй!” Бичин өгүүлрүүн: “Чи зээл дээрх олон хүнийг үзсэн боловч ямар юм худалдахыг үзсэн буюу?” Гахай өчрүүн: “Багшийн үгээр тэргүүнээ бөхийн явсан тул юу ч олж үзсэнээр үгүй.” Бичин өгүүлрүүн: “Архины пүүс, амууны пүүс, амуу цайлгах гэр, зүйл бүрийн торго дурдан худалдах пүүс олныг өгүүлэхээр үгүй, бас цайны гэр боов боорцог хоол зууш, бурам чихэр худалдах пүүс олон буй, би чамайг уриваас ямар буй?” Тэр манхуу шүлсээ залгин харайн босоод: “Энэ удаа ах чамайг зовоосуу, би зоос олсоны хойно ахуйг урьсугай.” Бичин сэмээр инээн: “Шороо чи будаагаа сайтар чанагтун, бид хоол давс тосыг авахаар гарсугай” хэмээсэнд, Бичиний тэр манхуугаар наадам хийж байхыг Шороо мэдээд ийн өчрүүн: “Та хоёул зээлэнд гарваас цадтал идэгтүн” хэмээтэл, тэр манхуу нэгэн их аягыг авч өвөрлөөд Бичинийг даган одов. Яамны хаалга сахигч хоёр түшмэл асууруун: “Багш нар хаана эчмүй?” Бичин өгүүлрүүн: “Бид давс тосыг авахаар одмуй.” Тэр хүн өгүүлрүүн: “Та зээлээр баруунш од, өнцгийн тэр асрыг тойрон гарваас Чэн овогтын пүүсэнд давс тос зүйл бүрийн юм буй” хэмээв.
Тэр хоёул гар гараасаа хөтлөн баруунш одоод хэд хэдэн цай будааны цай гуанзыг өнгөрсөн боловч Бичин цөм орохгүйд Гахай тэсэж ядан: “Энд орж баахан идвээс барав” хэмээсэнд, Бичин түүнийг шоглосугай хэмээх тул: “Дүү чи юунд ийм мэдээ үгүй буй! Ихээхэн гуанзанд орж идсүгэй” хэмээгээд бас урагш явахад зээлийн хүмүүс гайхалдан дагав. Удалгүй асрын доор хүрч ирвээс тоо томшгүй олон хүмүүс цуугилдан эчих замыг бөглөжээ. Гахай үзээд: “Ах би тэнд эчихгүй, тэдний цуугилдах нь хэцүү, бидний мэтийн зүс буруу тойныг бариваас юу хиймүй?” Бичин өгүүлрүүн: “Дэмий бүү донгод! Буруу эс хийвээс тэд юунд биднийг баримуй? Бид тэдний дундуур гарч Чэн овогтны пүүснээс давс тосоо худалдан авсугай.” Гахай өгүүлрүүн: “Байтугай! Байтугай! Би хэрэг өдөхөөр үгүй, тийм олон хүний дунд чихэлдээд нэгэн хэдийг айлгаж албаас миний хэрэг болох болой!” Бичин: “Тийм болбоос энэ хэрмийн ёроолд хүлээн, би эчиж цагаан гурилын боорцог авчирч чамд идүүлсүгэй” хэмээсэнд, тэр манхуу аягаа Бичинд өгөөд хошуугаа өвөртөө хийж буруу хандан хэрмийн ёроолд хөдлөлгүй зогсон авай.
Бичин тэр асрын дэргэд хүрвээс хааны тунхгийг асрын доор нааж олон хүмүүс шуугилдан үзмүй.
Бичин ойр нь хүрээд нарийвчлан үзвээс тэр бичиг нь:
“Баруун Үхэр эдлэгч тивийн Зүчи улсын хаан би тулгар төрийг байгуулснаас нааш дөрвөн зүгт цөм энх амгалан бөлгөө. Ойрын жилд мөхөс хүн миний бие өвчтэй болоод хэдий эмч залан засуулсан боловч илаар болон эс чадав. Өдгөө тунхаг тархааж дэлхий дахины мэргэн эмчийг эрмүй, үүнд өөр ба гадаад улс хэмээн ялгахгүй, хэн намайг эдгээх болбоос төрөө хагаслан түүнд хувааж өгмүй. Үүний тул тунхаг тараав” хэмээжээ.
Бичин үүнийг үзээд дотроо баясан сэтгэрүүн: “Эртний үгэнд “Хөдөлбөөс хүнс буй” хэмээжээ. Ном залахыг нэгэн өдөр саатсан ч ямар хамаа буй, өвгөн Сүн би нэгэн эмч болж наадсугай” хэмээгээд аягаа тавьж нэгэн атга Шороо аван дээш цацаад тарни уншин бие далдлан увидсаар тэр тунхгийг шаалан авч хийн орноос нэгэн ам хий сорон үлээсэнд их салхи салхилав. Тэр тунхгийг үзэж байсан хүмүүс цөм тархсаны хойно Бичин хойш эгэж Гахайн хүлээсэн газарт ирвээс, тэр манхуу хэрэмд хошуугаа наалдуулан үүрэглэн амуй. Бичин түүнийг сэрээлгүй сэмээр тэр тунхаг бичгийг түүний өвөрт нь чихээд буусан газартаа буцахыг өгүүлэхгүй.
Өгүүлэх нь тэр тунхгийг сахьсан түшмэд салхи өнгөрмөгц нүдээ сөхөж үзвээс өглөө наасан тунхаг гурван цаг болсонгүй салхинд хийсэгдсэнийг үзээд бүгдээр маш айн дөрвөн зүгт эрэхдээ гэнэт Гахайн өврөөс цаасны өнцөг гарч байхыг үзээд олноор урагш ирж: “Чи юунд тунхгийг шаалан авмуй?” хэмээсэнд, тэр манхуу толгойгоо дээш өргөсөнд тэдгээр хүмүүс цөм түүний хошуунаас айж цочин унав. Манхуу сая урагш явсугай хэмээтэл, нэгэн хэдэн их зүрхт хүн нь түүнийг татаж: “Чи хааны тунхгийг авсан атал харшид орж хааны өвчнийг эмнэхгүй хааш одсугай хэмээмүй?” хэмээсэнд, тэр манхуу их л мэгдэн: “Хөвгүүн чинь тунхгийг авсан буй за, ач чинь эмнэж чадах буй за!” хэмээсэнд тэдгээр хүмүүс өгүүлрүүн: “Чиний өвөрт байх нь юун буй?” Гахай бөхийн үзвээс үнэхээр бичиг буй ажгуу. Гахай тэр бичгийг дэлгэн үзээд шүдээ зуун: “Тэр сармагчин намайг хорлов!” хэмээгээд бичгийг урсугай гэтэл бүгдээр татан барин өгүүлрүүн: “Чи үхсүгэй хэмээх буюу! Энэ хэмээгч хааны зарлигийг бичиг, хэн айшгүй урмуй? Чи шаалж авсан тул лав эмнэж чадах буй за, бид лүгээ хамт хаанд золгохоор одсугай!” Гахай өгүүлрүүн: “Энэ тунхгийг би шаалсан бус, надад Бичин хэмээгч нэгэн номын ах буй, тэр шаалан аваад сэмээр миний өвөрт хийж намайг орхин явжээ. Энэ хэргийг тодорхойлсугай хэмээвээс бид түүнийг эрэхээр одсугай.” Олон хүмүүс өгүүлрүүн: “Дэмий чалчих хэрэггүй! Гол хулгайчаа тавиад годолдсон хулгайчийг эрэх буй юу? Тунхаг бичиг чинь өвөрт байх атал, бид бас хэнийг эрмүй! Бид мэдэхгүй! Чамайг аваачиж хаанд золгуулсугай!” хэмээгээд манхууг түлхлэхэд тэр манхуу уяа мод мэт өчүүхэн бээр үл хөдлөв. Гахай өгүүлрүүн: “Сайн мууг мэдэхгүйгээр ийм түлхэн татсаар та миний тэнэгийг хөдөлгөвөөс биедээ гомд!”
Удалгүй зээлийн хүмүүс хуран ирэв. Тэдний дотроос хоёр хөгшин тайган өгүүлрүүн: “Чиний зүс царай өөр, аль газраас ирсэн хүн буй!” Гахай өгүүлрүүн: “Бид болбоос зүүн газраас баруун газар ном залахаар одогч тойд, миний багш Тансаг хэмээгч тэмдэг бичгээ халахын тул харшид гарч хаанд бараадахаар одов. Би номын ах лугаагаа давс тосыг худалдан авахаар гарч ирээд зээлийн хүн олонд, би айшгүй эчсэнгүй, энд хүлээсэн бөлгөө, энэ бичгийг тэр лав шаалан аваад миний өвөрт хийж одсон буй за.” Тэр тайган өгүүлрүүн: “Нэгэн цагаан царайтай тарган тойн ордонд сая орсон нь чиний багш буюу?” Гахай: “Мөн, мөн” хэмээв. Тайган өгүүлрүүн: “Чиний номын ах хааш эчсэн буй?” Гахай өчрүүн: “Бид багш дөрвүүл Хуй Дүн Гуан хэмээх буудалд буусан бөлгөө, тэр тэндээ буцсан буй за.” Тэр тайган тунхаг сахигч түшмэдэд өгүүлрүүн: “Та нар үүнийг чирэх хэрэггүй, бид хамтаар түүний буусан газар одож үзвээс даруй үнэнийг олох болой.” Гахай өгүүлрүүн: “Энэ хоёр эмгэний үг зөв.” Тунхаг сахигч өгүүлрүүн: “Энэ тойн үнэхээр юм танихгүй! Өвгөн атал юунд эмгэн хэмээмүй?” Гахай инээн өгүүлрүүн: “Ичихгүй! Чи сая эр эмийг танихгүй байнам, энэ хоёр эмгэнийг эмгэн хэмээн дуудахгүй өвгөн хэмээн дуудах буюу!” Тэр хүмүүс “Олон өгүүлэх хэрэггүй. Номын ахад чинь одсугай” хэмээгээд цуугилдсаар буудлын хаалганд хүрэв.
Гахай өгүүлрүүн: “Та нар энд түр хүлээ, миний тэр ах хэмээгч догшин долгин зантай, надад адил танд шоглогдох хүн бус. Та нар түүнд учирваас “Сүн өвөг” хэмээн хүндэтгэн ёсол! Хэрвээ тэр уурлаваас хэрэг муухай болмуй.” Түшмэд өгүүлрүүн: “Чиний ахад үнэхээр эрдэм буй болоод хааныг эдгээн чадваас хагас төр түүний болох атал, бид түүнд ёсолж үл болох ёс буюу.”
Гахай түшмэдийг дагуулан буудалд ороод сонсвоос, Бичин Шороод тунхаг авсан учраа хэлэн инээлдмүй. Гахай урагш хүрмэгц Бичинийг татан барьж бархиран өгүүлрүүн: “Чи хүн буюу! Чи надад юм авч идүүлэх хэмээн намайг хууран дагуулаад харин салхи хөдөлгөн хааны тунхгийг шаалан авч миний өвөрт сэмээр хиймүй, энэ нь ах дүүгийг ёс буюу!” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ манхуу буруу замаар явсан буй за, би тэр асрыг өнгөрөн давс тосоо худалдан аваад хойш ирж чамайг эрэн эс олоод буцаж ирэв. Ямар тунхгийг шаалав хэмээмүй?” Гахай өгүүлрүүн: “Тэр тунхгийг сахигч түшмэд энд буй” хэмээн өгүүлтэл, тэр түшмэд орж ирээд ёслон өгүүлрүүн: “Сүн өвөг, миний эзэн эдгэх ерөөл буй тул эцэг тэнгэр энэ өдөр их багштаныг буулгав. Багш та их эрдмээ илрүүлж гурван хурууг даран хааны өвчнийг илаар болговоос уул мөрөн улс гүрнээ тэгш хуваах болой.” Бичин царайгаа төв болгон Гахайн гараас тунхгийг аваад олны зүг өгүүлрүүн: “Та нар тэр тунхгийг сахигч түшмэд буй за?” Тайганчууд ёслон өгүүлрүүн: “Боол бид дотоод орны түшмэд болой, энэ хэд болбоос тунхгийг сахигч түшмэд бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Энэ тунхгийг би шаалан авсан нь үнэн, таны хаан үнэхээр өвчинтэй болбоос эртний үгэнд: “Эмийг хямдаар үл худалдах, өвчнийг хялбараар үл засах” хэмээжээ. Чи одож хаанаа өөрийн биеэр залтугай хэмээгээд, хуруу хүрсэн цагт хоггүй эдгээн чадмуй.” Тэр түшмэд цочин өөр зуураа өгүүлрүүн: “Үнэн эрдэм байхын тул ийм үг өгүүлэх буй за, хэдэн хүн одож хаанд айлтгасугай” хэмээв.
Айлтгахаар одсон хэдэн түшмэд зарлиг хүлээлгүй шууд дотогш орж: “Түмэн наст их баяр болов!” хэмээсэнд, Тансаг лугаа зоог барин байсан тэр хаан гэнэт ийн айлтгахыг сонсоод: “Ямар баяр болой?” хэмээн асуусанд, тайган айлтгаруун: “Түшмэд бид эмч эрэх тунхаг бичгийг асрын доор аваачиж наасан бөлгөө, зүүн газрын Тан улсаас ирсэн ном залагч богд тойн Бичин хэмээгч түүнийг шаалж авав. Өдгөө тэр Хуй Дүн Гуанд сууж хааныг өөрийн биеэр залтугай хэмээмүй. Тэр хуруу хүрсэн цагт хоггүй эдгээх эрдэм буй хэмээх тул тийнхүү айлтгахаар ирэв.” Хаан сонсоод маш баясан Тансагаас асууруун: “Багштанд хэдэн шавь баймуй?” Тансаг алгаа хамтатган өгүүлрүүн: “Ядуу тойнд гурван шавь буй.” Хаан асууруун: “Аль нэгэн нь эмчлэн чадмуй?” Тансаг өгүүлрүүн: “Хаанд нуулгүй хэлсүгэй, миний тэр хэдэн шавь цөм хүдэги бүдүүлэг улс, ганц дамжуур дамнах, морь эмээллэх, намайг удирдан уул давааг давах, газрын хэцүүд хүрвээс шулмыг барих, луу барсыг номхотгохоос өөр эмнэж чадах хүн нэг ч үгүй.” Хаан зарлиг болруун: “Номын багш юунд ийнхүү хөнгөмсөглөмүй? Би энэ өдөр сая харшид гармагц их багштан хүрч ирсэн нь хувь ерөөл бус буюу, чиний шавь эрдэм үгүй бөгөөс юунд миний тунхгийг шаалан авч намайг биеэр зал хэмээх буй?” хэмээгээд бичиг цэргийн түшмэдийг дуудан: “Миний бие тамир үгүйн тул явж үл чадмуй, та нар миний өмнөөс тэр тойныг хүндэтгэн залж миний өвчнийг эмнүүл. Та нар түүнд золгосон хойно хөнгөлж болохгүй, эрхбиш түүнийг “Богд тойн Сүн их багш” хэмээж эзэн түшмэдийн ёсоор золгогтун” хэмээв.
Бүгд түшмэд зарлигийг хүлээн Хуй Дүн Гуан буудлын гадна ирж зэрэглэн жагсааж мөргөн золгоход, Гахай айн баруун өрөөнд дутаан оров. Шороо бас хэрмийн цаана нуугдав, Бичин ажиг үгүй суув. Гахай далдаас гаслан өгүүлрүүн: “Энэ сармагчин элдвээр аашилсаар үхэх буй за! Өдий олон түшмэд мөргөн атал босох ч үгүй, хариу ёслох ч үгүй!” Тэр түшмэд ёслон баруун хоёр этгээдэд жигүүрлэн зогсож айлтгаруун: “Богд тойн бид болбоос Зүчи улсын хааны зарлигаар биеэ рашаалан хувилгаан тойныг ордноо залан хааны өвчнийг үзүүлэхээр ирэв” хэмээсэнд Бичин сая босон тэдэнд өгүүлрүүн: “Хаан юунд үл ирэв?” Бүгд түшмэд өчрүүн: “Манай хаан тэнхээ тамир дорын тул биднийг илгээн эзэн түшмэдийн ёсоор эрдэмт тойныг залуулсан бөлгөө.” Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос та нар урьдаар явагтун, би хойноос эмчүй.” Бүгд түшмэд гарсаны хойно Бичин дээлээ засч одсугай хэмээтэл Гахай өгүүлрүүн: “Ах, биднийг бүү хэлэгтүн.” Бичин өгүүлрүүн: “Би таныг хэлэхээр үгүй, та хоёул эм хураан авч байгтун.” Шороо өгүүлрүүн: “Ямар эм хураах буй?” Бичин өгүүлрүүн: “Хүн эм хүргэж ирвээс та нар түүнийг тоо ёсоор хураан авагтун, би хойш ирсний хойно хэрэглэмүй.” Хоёул мөн хэмээн хүлээн авав.
Бичин, түшмэдийн хойноос төдөлгүй хүрсэнд, хаан сувдын орхиулыг дээш эвхэн луугийн нүдийг өргөн зарлиг болруун: “Хувилгаан тойн Бичин хэмээгч аль буй?” Бичин урагш давшин өндөр дуугаар: “Өвгөн Сүн би мөн болой” хэмээсэнд, тэр хаан Бичиний дуу догшин зүсний муухайг үзээд маш айн луугийн ширээнээс унав. Дэргэд байсан түшмэд яаран түшиж босгон ордны дотор оруулсанд хаан бас: “Намайг айлган алав!” хэмээв. Олон түшмэд Бичинийг зэмлэн: “Энэ тойн юунд ийм болхи бүдүүлэг ёс үл мэдэх буй!” хэмээв.
Бичин сонсоод инээн өгүүлрүүн: “Та нар намайг энэ мэт буруушааваас танай хааны өвчин мянган жил боловч мөн эдгэх бээр үгүй.” Түшмэд өгүүлрүүн: “Хүн хэдий наслах хэмээн мянган жил боловч үл эдгэх хэмээмүй?” Бичин өгүүлрүүн: “Тэр өдгөө нэгэн өвчинтэй хаан тул үхвээс мөн өвчтэй чөтгөр болмуй, дахин төрөл олбоос мөн өвчтэй хүн болох буй за, тийнхүү мянган жил боловч үл эдгэх хэмээгч тэр бус буюу!” Бүгд түшмэд хилэгнэн өгүүлрүүн: “Энэ тойн даанч ёсгүй! Юунд энэ мэт аман тааваар донгодмуй!” Бичин инээн өгүүлрүүн: “Би дэмий донгодох бус, та нар миний үгийг сонс:
Өмнөхийн ёс нь эгнэгт нарийн тул, их төлөв сэтгэлийн дотор эргэцүүлэхэд буй. Үзэх сонсох асуух тодлох нь дөрвөн зүйл, эгнэгт нэгэн нь дутваас үл болмуй. Нэгдүгээрт түүний сүлд тамир өнгийг хянан тарган туранхай унтаж хэвтэхийг үзмүй, хоёрдугаарт түүний дууны өнгийн тунгалаг сөөнгм, дөгөөтэй ба солиу ярихыг сонсмуй, гуравдугаар түүнээс өвчин олсон шалтгаан өдөр сар, идээ ундааны амт өтгөн шингэний байдлыг асуумуй. Дөрөвдүгээрт сая судал барьж хий цусыг шүүмжлэн, живсэн хөвсөн гадна дотрын хямрал харшлыг тодолмуй. Энэ дөрвөн зүйлийг надаар эс үзүүлбээс, эмгэг өвчин энэ насанд арилахыг бүү сана.”
Эзний эмч энэ үгийг сонсоод: “Энэ тойны үг маш зөв. Хэдий хувилгаан ирэвч энэ дөрвөн зүйлээс өөр засах арга үгүй” хэмээсэнд, олон түшмэд цөм үнэмшин нэгэн түшмэлийш илгээж хаанд айлтгасанд, тэр хаан гараа сэжин зарлиг болруун: “Би уулзахгүй, түүнийг явуул” хэмээв. Тэр түшмэл ирж: “Манай эзэн тойн танд учрахгүй хэмээмүй” хэмээсэнд, Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос би утсыг уяж судлыг барьсугай.” Бүгд түшмэд маш баясан: “Утсыг уяж судал барихыг сонссон бөлгөө, харин нүдээр үзсэн үгүй” хэмээгээд хаанд дахин айлтгаруун: “Тэр тойн эзний гэгээнийг үзэлгүй, утсыг гарт уяж далдаас судал барьж үзсүгэй хэмээмүй.” Хаан дотроо сэтгэрүүн: “Би өвдөөд гурван жил болтол ийм үгийг сонссонгүй бөлгөө” хэмээгээд түүнийг оруул хэмээсэнд тэр түшмэл эзний зарлигийг уламжлан утсаар судал бариулахаар Бичинийг дагуулан оров.
Бичин эрдэний харшид гартал, Тансаг угтаж хараан өгүүлрүүн: “Энэ сармагчин намайг хорлов!” Бичин инээн өгүүлрүүн: “Багш, би чиний нүүрт алт түрхэн явах атал чи юунд хорлов хэмээмүй.” Тансаг зандан өгүүлрүүн: “Чи энэ хэдэн жил намайг дагав, хэнийг эмнэж эдгээсэн буй! Чи эмийн чанарыг ч мэдэхгүй, эмийн судрыг ч үзсэнгүй атал юунд айшгүй ийм их хэргийг сэдмүй!” Бичин инээн өгүүлрүүн: “Үзвээс багш мэдэхгүй ажгуу. Надад хэдэн зүйлийн жор буй, цөм их өвчнийг засч чадмуй. Хэдий эдгээж чадахгүй үхүүлсэн ч муу эмч нар хүнийг эмнээд үхүүлсэн лүгээ адил буй за, бас ямар ялд ормуй. Чи айх хэрэггүй, дуугаа сууж миний судалд ямрыг үзтүгэй.” Тансаг өгүүлрүүн: “Чи ямар эмийн судрыг үзлээ хэмээн утсаар судал барих хэмээмүй!” Бичин инээж: “Чи үзсэнгүй. Миний алтан утас энд буй” хэмээгээд гурван үсийг сугалан авч “Хувил!” хэмээн зандсанд хорин тохой урт хорин дөрвөн амьсгалаар бүтсэн гурван алтан утас болов. Тэр түшмэд үүнийг үзээд Тансагт өгүүлрүүн: “Багш түр битгий зэмлэгтүн, бид үүнийг залж судал бариулсугай!” Бичин Тансагаас салан тэр түшмэдийг дагаж ордонд оров. Энэ төв хэмээн:
Сэтгэлд уран арга байваас улсыг засан тогтоогоод, санаанд нууц увидас аваас урт наслан чадмуй.
Энэ орсон нь ямар өвчнийг ямар эмээр эмнэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.
Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.