ЖАРАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ:
БҮГД ЭРХТЭН ШУЛМЫН ГАРТ ОРОВ
МАЙДАР БУРХАН ШАР ХӨМСӨГТИЙГ БАРИВ
Өгүүлэх нь Бичин аргагүйдээ үүл хөлөглөн өмнөд замбутивийн Удан уулын шулам дарагч их тэнгэрийг залан Тансагтаныг зовлонгоос гаргасугай хэмээн одов. Тэр, огторгуйд тонгорцоглосоор удалгүй их тэнгэрийн аршийн үзэгдсэнд хөнгөнөөр үүлийг доош даран тэр газрыг лавлан үзвээс:
Дорно өмнөдийг сүрээр дарсан дундад орны хувилгаан хайрхан. Цэцэглэг хад сэгийж, чандмань оргил сүндэрлэжээ. Есөн мөрөн энд цутгаж, урт мөрөн алсын хязгаараа урсчээ. Өмнөдийн уул хайрхан үргэлжлэн, Ударабэлгүни, Хасда хуржээ. Дээр нь асар сансрын агуй, эзлэгч гарагийн мандал буй. Гучин зургаан ордноо алтан жүн дуурьсаж, мянга түмэн мөргөлчин хүж өргөхөөр ирмүй. Шүн хаан мөргөж Иүй хаан зарбирсан хас, шошго, алтан бичиг буй. Асар тагт жигүүрлэн, ялгуусан чимэг амирламуй. Хорвоод хосгүй нэрт уулан оршиж, хутагт тэнгэрийн зохиосон хувилгаан орноо амуй. Тэргүүлэгч цэцэг бадран дэлгэрч, таана өвс цэлгэрэн ногоорчээ. Луу цүнхээлд нуугдан, барс хаднаа оршжээ. Эчнээ анир үг хэлэх мэт дуулдаж, эелдэг буга хүнийг хавьтан явмуй. Ал тогоруу хонгорцогт модноо үүрлэж, алтан гарьд нарны өөд донгодмуй. Хасын ордны хувилгаан багшийн хутагт орон алтан харшийн авралт богдын энхжүүлэгч газар.
Тэр Махашувари хэмээгч ариун жаргалант улсын хааны сайн ялгуусан хатан нарыг залгив хэмээн зүүдэлснээс жирэмсэн болж, арван дөрвөн сар болоод, Кай Хуаны тэргүүн он, хөх луу жилийн гурван сарын шинийн нэгний морин цагт хааны ордонд мэндэлсэн ажгуу. Энэ хан хөвгүүн:
Хараахан багаас баатар хүчтэй, хонгонд тулмагц хувилгаан гайхамшигтай. Хааны сууринд суухгүй, харин ч бясалган бүтээхийг зорьжээ. Эцэг эх нь хориглон чадахгүй, эзний ордноос ангижран явав. Эрдмийг бясалган тугдамд сууж энэ ууланд оршив. Үйл бясалгал гүйцсэн хойно, өдрөөр дээш нисэн дэгдэв. Эзэн хурмаст цол хайрлаж, эрхт Махашувари хэмээн нэрлэв. Богдын бодлого дээдэд эевэргүү, бурхны цогцыг батад бүтээв. Арван зүгийн эрхтэн бүхэн, агуу шидтэн хэмээн түүнийг өргөжээ. Далд бүхнийг айлдан үйл бүхнийг бүтээмүй. Галав юүлэн галав тогттол гажуу шулмыг даран арилгамуй.
Тэндээс Бичин хувилгаан орны үзэмжид бахархсаар гурван давхар үүлийг шурган амарлингуй ордны гадна хүрвээс яруу бэлгэт униар туналзан таван зуун хувилгаан эрхтэн угтан ирж: “Энэ ирэх хэн буй?” хэмээн асуусанд Бичин: “Би болбоос тэнгэр лүгээ чацуу их богд Сүн Ү Күн болой, их багшид золгох явдал буй” хэмээсэнд, олон эрхтэн яаран орж мэдүүлэв. Тэр багш харшаас буун амарлингуй оронд ирж угтсанд Бичин ёслон: “Явдалтай тул багшийг эрэхээр ирэв” хэмээсэнд, тэр багш: “Ямар явдал буй?” хэмээв. Бичин өгүүлрүүн: “Би Тансагийг хамгаалан баруун газраас ном залахаар явнам бөлгөө, өдгөө баруун үхэр эдлэгч тивд хүрсэнээ бага бурхны орон хэмээгч уулын бага Аянган дуут сүмд нэгэн шулам ажгуу, миний багш тэр сүмд орсонд архад Кирди, аяг тахимлаг, тойн хуврага жагсаасныг үзээд Шигэмуни бурхан хэмээн санаж сая хөсөр мөргөтөл, тэд гар хөдлөн барьжээ. Би хичээлгүй түүний алтан цанд хумигдаж гарах завсар өчүүхэн ч үгүй байхад завшаанаар алтан түрүүт Кирди хурмастад айлтгаад, хорин найман одыг олж шөнө дөл бууж ирэн тэр цанг нээж эс дийлсэнд Сувади өөрөөр чичиж цоолоод намайг гаргав. Би алтан цанг занчин хэмхэлсэнд шулам цочин сэрээд намайг нэгэн байлдах зуураа бас нэгэн цагаан уут орхиж, намайг хорин найман одон, Кирди нартай цөм уутлан аваачиж дахин дээсээр хүлжээ. Тэр шөнө би оргон гараад, олон одон ба Тансагтаныг тавин гаргаад би хоцорч амьтайгаа ирэх зуур бас тэр шуламд сэрэгдээд, тэр тэнгэрийн цэргийг нэхэн байлдав. Тэр шулам бас цагаан бөс уутаа гаргахыг үзээд байдал бусыг мэдэж дутаав, үлдсэн олныг цөм урьдын ёсоор уутлан аваачив. Тийнхүү би аргагүй болоод багшаас туслахыг гуйхаар ирэв.” Махашувари тэнгэр өгүүлрүүн: “Би урьд сүр хүчээр умардыг дарангуйлан Махашуваригийн орныг эзлээд, дэлхий дахины ад шулмыг дарав, энэ цөм хурмастын зарлиг бөлгөө. Хойно бас үсээ тавин хөл нүцгэнээ нисэх могой хувилгаан хавтастад хөлөглөн, таван аянгын тэнгэр, аварга арслан, догшин лууг авч, зүүн хойд этгээдийн хар уур шуламсын мананг дарсан нь, Закара самбарагийн зарлигаар эчсэн бөлгөө. Өдгөө Удан уулын амарлингуй ордонд амарлин суухад, эгнэгт уул далай энх, тэнгэр газар төвшин болов. Миний өмнөд замбутив, хойд муу дуут тивийн газар, ад арилан шулам сөнөжээ. Өдгөө их богд биеэр ирсэнд эс эчвээс үл болох боловч дээд тэнгэрээс зарлиг үгүй тул айшгүй зоригоор зэр зэвсэг хөдөлгөж үл болмуй. Хэрвээ олон эрхтнийг хөдөлгөвөөс хурмаст зэмлэхээс болгоомжилмуй, бас нэг ч хүн эс илгээвээс их богд юм санах буй за. Баруун оронд хэдий шулам байвч мөн их хор болохгүй хэмээн санасан бөлгөө. Би өдгөө чамд хавтаст могой хоёр жанжныг таван их хувилгаан луу лугаа зээлж туслуулсугай, лав шулмыг барьж, чиний багшийн зовлонг тайлж чадмуй.”
Бичин Махашуварид тал өгөөд хавтаст могой хоёр эрхтэн жич таван их хувилгаан лууг дагуулан баруунш одоод нэгэн өдөр болсонгүй бага Аянгын дуут сүмд хүрч үүлийг даран хаалганы өмнө бууж, байлдсугай хэмээн дуудав.
Тэндээс тэр Шар хөмсөгт ван эрдэнийн харшид олон шулмаа цуглуулж: “Энэ хоёр өдөр Бичин ирсэнгүй нь бас хааш цэрэг гуйхаар одсоныг мэдэхгүй” хэмээн өгүүлж барахын урьд өмнө хаалга сахигч бага шулам ирж: “Бичин, луу могой хавтас тэргүүтнийг олж ирээд хаалганы гадна байлдсугай хэмээн дуудмуй!” хэмээн мэдүүлсэнд шулам өгүүлрүүн: “Энэ сармагчин хавтаст могойн тэргүүтнийг хаанаас олж ирсэн болов?” хэмээн бие хуяглаж үүдийг гараад өндөр дуугаар дуудан асууруун: “Та нар хаанаас ирсэн эрхтэн буй? Айшгүй миний хувилгаан оронд халдахаар ирмүй?” Таван луу, хоёр хувилгаан жанжин сүвээ тулан сүр тавин: “Муу шулам чи сонс! Бид болбоос Удан уулын амарлингуй ордны балар эртний их багш, шулмыг дарагч Махашувари тэнгэрийн доор таван их хувилгаан луу, хавтаст могой хоёр эрхтэн болой. Өдгөө тэнгэр лүгээ чацуу их богдын урилга, Махашувари багшийн зарлигаар чамайг барихаар ирэв. Чи хүргэн Тансаг ба олон одон эрхтнийг гаргаж өг, эс өгвөөс чамайг үнсэн товрог болгомуй!” хэмээсэнд тэр шулам сонсоод маш хилэгнэн: “Энэ малууд ямар эрдэм буй хэмээн айшгүй ийм их үг өгүүлмүй! Битгий дутаа! Миний шийдмийн амтыг үз” хэмээгээд араат шийдмээ өргөн занчин ороход, тэр таван их хувилгаан луу үүл бороо үүсгэн хоёр эрхтэн тор тоос дэгдээн тус тусын зэвсгээ өргөн угтан оров. Бичин мөн хойноос шийдэм далайн цохилон оров. Энэ нэгэн зэрэг байлдсан нь:
Буг шулам балмадлан бурхан дүрлэн хуурав. Бичин багш цэрэг гуйн лусын эрхтнийг авчрав. Туслах эрхтэн гал ус хэрэглэхүйеэ тэрс шулам зэр зэвсэг хөдөлгөмүй. Таван луу зарлигаар баруунш ирж байлдахуйяа Тансаг багшийн учир Бичин ард хамгаалмуй. Илд жад эргүүлэхүйеэ цахилгаан цахилах мэт. Ирт мэс хураалахуйяа суунаг татах адил. Араат шийдэм айхавтар хэцүү хэмээвэл, алтан бэрээ алдалгүй тосмуй. Бэрээ шийдмийн харшилдах дуун тачигнан, барьдал зэвсгийн харгалдах дуу хангинамуй. Гал усаар гажуу шулмыг хаахуйяа, гарын зэвсгээр гайхал шулам угтмуй. Бахиралдах дуунаа барс ирвэс цочиж, цуугилдах үймээнээ чөтгөр сахиулсан эмээмүй. Улиран байлдаж дийлэн дийлэгдэх ялгарахгүй байтал нүгэлт шулам бас тэрхүү эрдэнээ гаргав. Бичин долоон эрхтний хамт шулам лугаа хагас цаг шахам байлдахуйяа тэр шулам уутаа гаргасныг Бичин олж үзээд хирдхийж “Та бүгдээр хичээгтүн!” хэмээсэнд тэдгээр эрхтэн үүнийг мэдэлгүй байлдан атал, тэр шулам эрдэнээ дээш орхисонд Бичин тэр таван луу, хоёр эрхтнийг хамаарч завдалгүй огторгуйд дутаан гарав. Тэр шулам долоон эрхтнийг уутлан аваад дийлсэн ёсоор сүмдээ эгэж дээсээр хүлэн нэгэн гэрт хорихыг түр өгүүлэхгүй.
Тэндээс Бичин үүлийг даран уулын оргил дээр буугаад сүр сүлдгүйгээр чулууг түшин суусаар үүргэлэн байхад, нэгэн хүн ирж дуудан өгүүлрүүн: “Их богд, битгий унт, эртхэн туслах цэрэг эрвээс сайн, чиний багшийн сөнөх нь хөмсөг шатах мэт түргэн болжээ!” Бичин яаран үсрэн босч үзвээс дөрвөн цагийн эзлэгч эрхтэн ажгуу. Бичин зандан өгүүлрүүн: “Чи хаана тахил эрэхээр одоод сая ирж намайг цочоомуй! Нааш ир! Өвгөн Сүн би хоёр шийдэм занчиж уйтгараа сэргээсүгэй!” Эзлэгч эрхтэн яаран ёслон өгүүлрүүн: “Их богд хэмээгч дэлхий дахины баясгалант хувилгаан, бас юунд ийн зовмуй! Бид Хомсим бодисадвагийн зарлигаар Тансагийг далдаас сахин явмуй. Савдаг навдагийн хамт нэгэн цаг ч салсангүй атал юунд намайг буруушаамуй?” Бичин өгүүлрүүн: “Тийн болбоос миний багш бүгд одон, Кирди, Чойжин өдгөө хаана хоригдож яаж байнам?” Эзлэгч эрхтэн өгүүлрүүн: “Чиний багшийг номын дүү нарын чинь хамт гэрийн саравчнаас дүүжилж бүгд эрхтнийг нүхэн гэрт хорьж амуй. Энэ хоёр өдөр их богд үзэгдэхгүй болоод, тэр шулам хувилгаан луу, хавтаст могой тэргүүтнийг аваачиж нүхэн гэрт хаясанд би сая их богдын залж авчирсан туслах цэрэг болохыг мэдэв, тийнхүү өчүүхэн эрхтэн би их богдод золгосугай хэмээн ирэв. Их богд зүдрэхийг тэвчин түргэн одож туслах цэргийг авч ирвээс сайн.”
Бичин сонсоод тэсгэлгүй нулимсыг цувруулан өгүүлрүүн: “Би өдгөө хурмаст тэнгэр лусын хаан, бурхан бодисадва нарт золгохдоо ичэнгүүрмүй. Саяын баригдсан нь Махашуваригийн доорх хавтаст, могой таван их хувилгаан луугийн эрхтэн болой. Би бас хаана одож цэрэг гуймуй, хэрхвээс сайн?” Эзлэгч эрхтэн инээн өгүүлрүүн: “Их богд сэтгэлийг сул тавь. Бага эрхтэн нэгэн газрыг санаж олов. Тэнд одож туслах цэрэг авчирваас эрхгүй шулмыг дийлж чадмуй, их богдын эчсэн Удан хэмээгч уул нь өмнөд замбутивд буй, миний санаж олсон газар өмнөд замбутивийн Сьюй И Шан уулын баян нь цаглашгүй. Түүний гар доор ялгуусан хөвгүүн хэмээгч шавь ба дөрвөн их хувилгаан жанжин байж, тэр жил усан ягчисыг номхотгосон бөлгөө. Та түүнийг залж авчирваас сааргүй шулмыг барьж багшаа гаргаж чадмуй.” Бичин сонсоод маш баясан: “Чи миний багшийг сайн сахь, би одмуй” хэмээв.
Тэндээс Бичин үүлэнд тонгорцоглон хөдөлгүй Сьюй И Шан ууланд хүрээд нарийвчлан үзвээс, үнэхээр сайхан газар ажгуу:
Өмнөд мөрний олмыг хавиран умард Хуай Шүй голыг хөвөөлжээ. Зүүнш Хай Цьюйд нэвтрэн баруунш Фэн Фуд залгалджээ. Уулын орой дээр асар тагт сэгийлцэн, уулын хормойд горхи булаг оргилмуй. Сонин хад сэрвийлцэн суман нарс жигдэрмүй, элдэв жимс цаг цагаар боловсрон, Эсрүн цэцэг наран өөд дэлгэрмүй. Хүний олон нь шоргоолж мэт, хүлгийн үлэмж нь галуу адил. Дээр байх чандманийн хийд, номын хааны харш, таван хувилгааны сүм, урт настын сүмээс жүнгийн дуун дуурьсаж хүжсийн үнэр анхилмуй. Бас тэр болор булаг, таван Суваргат зав, найман аршийн мандал, гүйлсэн хүрээлэн нь Бин Чэн хотыг чимэглэжээ. Хөвөн цагаан үүл хөтөл дээгүүр хөвөлзөн, хөөрхөн болжмор хөндий дотор жиргэмүй. Тансаг үзэмж нь таван хайрхнаас хэтийдэж, гайхамшиг байдал нь гурван арал лугаа тэнцмүй.
Бичин үзэж бараад Хуай Шүй голыг гатлан Бин Чэн хотод ороод, тэр их богдын сүмийн гадна хүрч үзвээс орд харш сэгийлцэн эрдэнийн суварга сүндэрлэн амуй. Үнэхээр:
Агаарт тулан үүлнээ шургаад алтан бумба нь гялалзмуй. Арван зүгт гэрэл цацран орчлон дэлхийд тунараад ойр хавьд сүүдэргүй орхиул шарилж гэрэлтмүй. Эрдэнийн хонх салхинаа хангинан, Эсрүн газарт наран тусчээ. Хачин жигүүртэн хоргодон жиргэж Хуай Шүй гол хязгааргүй нэлийжээ.
Бичин шууд хоёрдугаар хаалганд хүрсэнд тэр бодисадва хэдийн мэдээд шавь ялгуусан хөвгүүнийг авч хаалганы гадна гарч угтан харилцан ёслон золгосон хойно Бичин өгүүлрүүн: “Би Тансагийг хамгаалан баруун газраас ном залахаар одох замд нэгэн бага аянгын дуут хэмээгч сүмийн Шар хөмсөгт хэмээх шуламд учрав. Тэр шулам бурхны дүрээр хувилсанд миний багш үнэн худлыг танихгүй орж мөргөөд түүнд баригджээ. Алтан сангийн дотор намайг хумьсанд тэнгэрээс олон одон бууж намайг гаргав, би цанг хэмхчин түүн лүгээ байлдсанд тэр шулам нэгэн бөс уут гаргаж олон эрхтэн, Кирди, Чойжин ба миний багш дүү нарыг цөм уутлан аваачжээ. Би бас Удан ууланд одож Махашуварийг тусалмуй хэмээн гуйсанд тэр таван их хувилгаан луу, хавтаст, могойн эрхтний хамт явуулж шулмыг бариултугай хэмээн зарсанд, бас түүний уутанд уутлагдав. Шавь надад өмөг болох өөр газар үгүй болоод бодисадвад золгон туслахыг гуйхаар ирэв. Бодисадва бээр тэрхүү усан ягчисыг барьсан ид хувилгаан ба хамаг амьтныг аврах эрдэм увидсаар шавь над лугаа одож миний багшийг зовлонгоос авран ном залан авчирч дундад оронд үүрд уламжилж бурхны бэлгэ билгийг дэлгэрүүлж, билиг барамидын ач тусыг мандуулах ажааму.” Бодисадва өгүүлрүүн: “Чиний энэ өдрийн ирсэн нь бурхны шашныг дэлгэрүүлэх их үйлийн төлөө тулд, би чухам биеэр одвоос зохих бөлгөө, ганц өдгөө зуны цаг болж, Хуай Шүй гол үерлэх улирал болжээ, усан Бичин их богд хэмээгчийг сая дагуулсан бөлгөө, тэр амьтан ус үзвээс даруй хөдлөх тул намайг эчсэний хойно муу зангаа гаргаваас дарах хүн үгүй, өдгөө би шавь ялгуусан хөвгүүнд дөрвөн эрхтнийг дагуулж илгээсүгэй, эд чамайг тусалж шулмыг барьтугай.” Бичин тал өгөн ёслоод ялгуусан хөвгүүний хамт дөрвөн эрхтнийг авч, үүл хөлөглөн бага бурхны орон зүг ирэв. Шууд сүмийн гадна хүрч, ялгуусан хөвгүүн урт жад барин дөрвөн их эрхтэн цөм Күн Ү Жан сэлэм хэрэглэн байлдсугай хэмээн хараасанд, бага шулам орж мэдүүлсэн хойно, тэр шулам мөн олныг авч гарч ирээд: “Сармагчин! Чи энэ өдөр бас ямар хүнээ залж авчрав?” хэмээн өгүүлтэл тэр ялгуусан хөвгүүн дөрвөн эрхтнийг дагуулан зандан өгүүлрүүн: “Самуун шулам! Чи үл танимуу!” Шулам өгүүлрүүн: “Өчүүхэн хөвгүүн чи хаанаас айшгүй ирж түүнд тусалмуй?” ялгуусан хөвгүүн өгүүлрүүн: “Би болбоос Сэ Жоугийн их богд Гошика бодисадвагийн шавь, өдгөө дөрвөн их эрхтнийг авч зарлигаар чамайг барихаар ирэв!” Шулам инээн өгүүлрүүн: “Бяцхан хөвгүүн чамд ямар эрдэм буй хэмээн энд ирж хэтрэмхийлмүй?” Ялгуусан хөвгүүн өгүүлрүүн: “Чи миний чадлыг мэдсүгэй хэмээхийг сонсогтун:
Өвөг дээдийн уг нутаг сартуул улс, эцэг ноён угаас тэр улмын хаан бөлгөө. Эхээс төрсөн энэ бие өвчин тахал үлэмж, өөрийн заяа шүхэр одны догшин гарагт харшжээ. Хол нутгаас багш эрэн мөнхрөх шидийг сурлаа, хувь таарч бурханаа учраад ханд эмийг соёрхов. Хагас мөхлөг алтан үрэлд хамаг өвчин арилснаас хаан сууринг залгамжлахгүй хувилгааныг даган бясалгав. Тэнгэр лүгээ чацуу наслах мөнхийн шидийг олоод төрсөн мах бодь үүрд хорин тавны зүс. Түмэн өлзийт хуриманд хүрч бас үзээд, төгс буянт бурхны оронд үүл хөлөглөж эчлээ. Салхийг тогтоон мананг сарниулан усан шулмыг дараад совор[1]-ыг барин лууг номхотгож уул усыг амаржуулав. Шударга ардыг илбэн тохинуулж бодь суварга босгоод шарилын гэрэл дөрвөн далайг гэрэлтүүлэв. Болд эрдэнийн жадаар буг шулмыг дарангуйлан бурхан бодисадвагийн увидсаар барцад түйтгэрийг арилгамуй, Бин Чэн хотод бясалгал хийж суусан бүх дэлхийд алдартай ялгуусан хөвгүүн хэмээгч би!” Тэр шулам сонсоод хүйтнээр инээн өгүүлрүүн: “Чи хааны төрийг орхиод, тэр Гошика бодисадваг дагаж ямар урт наслах эрдэм сурах хэмээмүй? Чи ганц Хуай Шүй голын усан шулмыг барих төдий буй за. Юунд Бичиний хуурмаг үгэнд орж уул усыг туулан үхэх амиа хүргэж ирмүй! Би чиний мөнхрөх үл мөнхрөхийг үзсүгэй!”
Ялгуусан хөвгүүн маш хилэгнэн жад далайн жадлан ороход дөрвөн эрхтэн Бичинтэн тусалж байлдан оров. Тэр шулам өчүүхэн ч эмээхгүйгээр араат шийдмээ өргөн, зүүнийг занчин барууныг угтан байлдав. Энэ үнэхээр:
Ялгуусан хөвгүүн, эрхтэн дөрөв, эрдэмт Бичин эд зургуул, эзэрхэг шулмыг бүслэн авч байлдахуйяа увидас ихт шулмын ван огтхон ч эмээхгүй угтан тулалдмуй. Араат шийдэм нь бурхны эрдэнэ аливаа зэвсэгт үл эрсдмүй. Харгалдан ийнхүү байлдахуйяа хар салхин босч харанхуй манан татмуй. Тэр нэгэн нь санаатайгаар ертөнцөд буун чадлаа гайхуулмуй. Энэ нэгэн нь ганц сэтгэлээр бурханд мөргөн ном залахыг зоримуй. Ахин ахин тулалдаж агсран агсран тэмцэлдмүй. Угаас гурван хөлгөн нь дээд ном атал олон эрдэмтнийг харшилдуулан ийнхүү зовоомуй.
Олноор удтал байлдаж дийлэн дийлэгдэх ялгарахгүй байтал, тэр шулам уутаа тайлан авахыг Бичин үзээд “Хичээгтүн!” хэмээсэнд ялгуусан хөвгүүнтэн учрыг ухахгүй атал, дөрвөн их эрхтнийг ялгуусан хөвгүүний хамт уутлан аваачжээ. Бичин дутаан гарав. Шулам дийлсэн ёсоор сүмдээ эгэж тэд тавуулыг хүлж нүхэн гэрт хорихыг өгүүлэхгүй.
Өгүүлэх нь, Бичин үүлэнд тонгорцоглон гараад шулмын цэрэг эгсэнийг үзээд уулын орой дээр бууж гаслан өгүүлрүүн: “Багш минь! Би:
Санваар хүртэж сахил аваад бурхны номд орсноос, чин сэтгэлээр Хомсим бодисадвагийн аварсанд сүсэглэв. Чамайг хамгаалан баруунш ирж их ёсыг эрэн, чигч сэтгэлээр тэтгэн тусалж Аянган дуутад одмуй. Тэгш дардан түвшин зам хэмээн тийнхүү бид саналаа, түйтгэр ад халдан зовоохыг юуны олж мэдэв. Түмэн мянган арга сүвэгчилбээс чамайг: тэнхрүүлэхүйеэ бэрх, тэнгэр газрыг бартал эрэвч талаар дэмий хэрэг!” хэмээн хараахан гуниран сууж байтал гэнэт баруун өмнөөс нэгэн хэсэг өнгөт үүл нүүн ирээд уул дүүрэн цэцгийн хур бууж тэндээс нэгэн хүн: “Бичин чи намайг танихгүй буюу?” хэмээн дуудмуй. Бичин яаран урагш давшин тэр хүнийг үзвээс:
Чих их магнай агуу нүүр дөрвөлжин, цээж өргөн мөр тэгш лагшин бэлгэтэй. Энэрэнгүй дүр мөшөөх царай, гэгээн нүд цог төгөлдөр. Агуу ханцуй сажин ариун буяныг ивээгч, өвсөн шаахай өшгөлөн өлзий хутгийг соёрхогч. Хотол баясгалантын тэргүүн шүтээн, хутагт Майдар авралт бурхан ажгуу. Бичин яаран сөгдөж: “Зүүн зүгийн бурхан багш хааш залармуй? Шавь би ёс алдсан нь түмэн осол болой!” хэмээсэнд, Майдар зарлиг болруун: “Би тэр бага Аянгын дуут сүмийн шулмын учирт ирэв.” Бичин өгүүлрүүн: “Бурхан багшийн үлэмж их ач явдал соёрхогдов. Тэр нь аль газрын шулам буй? Түүний тэр уут нь ямар эрдэнэ болохыг бурхан багш заан гаргах ажааму.” Майдар зарлиг болруун: “Тэр хэмээгч нь гар доорх шар хөмсөгт харангачин данги бөлгөө. Гурван сарын шинийн гурванд би Закара самбарагийн номын чуулганаа одохдоо түүнийг үлдээж сүм сахиулсн бөлгөө. Тэр миний хэдэн зүйлийн эрдэнийг хулгай хийж аваад энд ирж шулам болжээ. Тэр уут хэмээгч нь түрүү үеийн ихэс, ерийн хүмүүс түүнийг “Хүний үндэсний уут” хэмээмүй. Түүний тэр араат шийдэм хэмээгч миний харангын цохиур болой.” Бичин сонсоод их дуугаар зэмлэн өгүүлрүүн: “Бодисадва, чи өөрийн хүнээ хамаарч чадсангүй шулам болгон өвгөн Сүнийг зовоосон нь чиний буруу буй за.” Майдар зарлиг болруун: “Нэгэнт болбоос миний хүнээ хамаарч эс чадсаны уршиг, хоёр болбоос таны багш шавь нарын зовлон бараагүйн тул, олон шидтэн ертөнцад бууж энэ зовлонд учрав. Өдгөө би чам лугаа одож түүнийг барьсугай.” Бичин өгүүлрүүн: “Тэр шулмын эд хувилгаан маш их, чи түүнийг яахан барих буй?” Майдар мөшөөн зарлиг болруун: “Би энэ уулын доор нэгэн овоохой босгон тарвас тарьсугай, чи одож түүнийг өдөөн байлдаж миний дэргэд авч ир, чи нэгэн боловсорсон тарвас хувил, тэр ирвээс лав тарвас идсүгэй хэмээмүй, би чамайг авч түүнд идүүлсүгэй, чи түүний гэдсэн дотор нь орсны хойно зоригоороо аашлан, тэр үед би уутаа авч түүнийг ууталж аваачсугай.” Бичин өгүүлрүүн: “Энэ арга хэдий сайн боловч миний хувилсан тарвасыг чи яахан таних буй? Тэр бас намайг дагаж ирэх буюу?” Майдар мөшөөн өгүүлрүүн: “Чи миний билгийн нүднээс яахан гарч чадмуй, чи ямар юм хувилавч би үл таних бээр үгүй. Ганц түүний дагаж ирэхгүйгээс болгоомжилж, би чамд бас нэгэн увидас сургасугай.” Бичин өгүүлрүүн: “Тэр намайг уутандаа хийж авахаас бус, юуг дагаж ирмүй! Ямар увидсаар түүнийг өдөөн авчирмуй?” Майдар мөшөөсөөр зарлиг болруун: “Чи гараа гарга” хэмээсэнд Бичин зүүн гараа гаргаж өгсөнд, Майдар баруун гарын долоовор хуруугаа амандаа хийж хувилгаан шүлсээр норгоод, Бичиний алган дээр “Цээрлэ” хэмээх нэгэн үсэг бичээд: “Чи нударгаа зангидсаар од, шулам гарч ирсний хойно нүүр өөд нь алгаа дэлгэ, тэр даруй чамайг дагаж ирмүй” хэмээв.
Бичин нударгаа зангидан баярлан хүлээж, нэгэн гараар бэрээгээ барин сүмийн үүдний гадна хүрч өндөр дуугаар: “Шулам сонс, Сүн өвгөн чинь бас ирэв! Түргэн гарч ир, чам лугаа эрэгчин эмэгчнээ ялгасугай!” хэмээн дуудсанд, хаалгач шулам бас яаран орж мэдүүлсэн хойно, шулам асууруун: “Тэр хэдий цэрэг авч ирэв?” Бага шулам өчрүүн: “Тэр ганц биеэр иржээ.” Шулам инээн: “Энэ сармагчин арга мохон хүчин цөхөөд цэрэг гуйх газар үгүй болж, үхэхээ эрэн иржээ” хэмээгээд бие хуяглан эрдэнээ авч араат шийдмээ өргөн гарч ирээд дуудан өгүүлрүүн: “Бичин чи энэ удаа дутааваас эчих газар үгүй болжээ!” Бичин хараан өгүүлрүүн: “Миний шулам! Би юунд эчих газар үгүй буй?” Шулам өгүүлрүүн: “Чи арга мухардан хүчин цөхөөд эчих газар үгүй болж ганц биеэр ирсэн бус буюу.” Бичин зандан: “Энэ муу шулам үхэхээ мэдэхгүй! Чалчих хэрэггүй! Миний шийдмийн амтыг үз!” хэмээн занчин ороход, шулам тэсгэлгүй инээн өгүүлрүүн: “Энэ сармагчин элдвээр аашилмуй! Юунд ганц гараар байлдмуй!” Бичин өгүүлрүүн: “Хөвгүүн минь! Би хоёр гараараа цохивоос чи тэсэхгүй болой! Чи тэр уутаа зарахгүй бөгөөс чиний мэт тав арав ч болов, миний энэ өрөөсөн гарт үл тэсэх болой!” Шулам: “Байтугай! байтугай! Тийм болбоос энэ удаа би эрдэнэ хэрэглэхгүй, ганц зэвсгийн эрдмээр чам лугаа эрэгчин эмэгчнийг ялгасугай” хэмээгээд араат шийдмээрээ занчин ороход, Бичин алгаа дэлгэн дутаав. Тэр шулам увидаст мунхраад уутаа хэрэглэх бээр үгүй, шийдэм өргөн нэхсээр баруун уулын доор хүрч ирэв.
Бичин тарвасны тарианд ороод нэгэнтээ өнхөрмөгц нэгэн боловсорсон тарвас болон хувилав. Тэр шулам гүйцэн ирээд дөрвөн зүгт нь эрвээс Бичин үл үзэгдэхэд, тэр овоохойн дэргэд хүрч: “Энэ тарвасыг ямар хүн тарьсан буй?” хэмээн асуусанд Майдар бээр тарвас сахигч болон гарч ирээд: “Миний тарьсан тарвас болой” хэмээв. Шулам асууруун: “Боловсорсон тарвас буй болбоос авч ир, би ундаа дарсугай” хэмээсэнд, Майдар даруй Бичиний хувилсан тэр тарвасыг авч өгөв. Тэр шулам өчүүхэн ч сэжиглэлгүйгээр тосон авч идэхэд Бичин хэдийн дотогш бөмбөрөн хэнхдэг дотор нь ороод өшгөчин харайлан тонгорцоглон дэвхцэхэд, тэр шулам тэсэхгүй болоод тарвасны тарианд өнхрөн: “Болтугай! болтугай! Хэн миний амийг аврах болов!” хэмээн бархирахад, Майдар мөн биеэр болоод инээн өгүүлрүүн: “Чивэлт адгуус! Намайг танихгүй буюу?” хэмээв. Тэр шулам өндийн үзээд газар тэврэн сөгдөж гараар хэвлийгээ нухалсаар мөргөн өгүүлрүүн: “Эзэн минь! Амийг хэлтрүүлэх ажааму! Үүнээс хойш би муу хэрэг үйлдэх бээр үгүй!” Майдар урагш давшин эрдэнэсээ хураан аваад: “Бичин чи миний нүүрийг бодож үүний амийг хэлтрүүл” хэмээсэнд Бичин тэсгэлгүй хорсох тул бас нэгэн зэрэг өшгөчин дэвхцэхэд тэр шулам огт тэсэхгүй болоод үхэтхийн унажээ. Майдар бас зарлиг болруун: “Бичин чиний хорсол тайлагдсан буй за амийг нь уучилтугай” хэмээсэнд Бичин сая өгүүлрүүн: “Чи амаа ангай, өвгөн Сүн би гарсугай” хэмээв. Тэр шулам сонсоод өвдөхийг тэсвэрлэн амаа ангайв. Бичин үсрэн гарч ирээд мөн биеэр болж шийдэм далайн занчсугай хэмээтэл, бурхан багш шулмыг уутанд хийж ташаанаасаа зүүгээд хараан асууруун: “Чивэлт адгуус миний алтан цан хаана буй?” Тэр шулам уутны дотроос өчрүүн: “Алтан цанг Бичин занчин хагалжээ.” Бурхан зарлиг болруун: “Тийм болбоос хэмхэрхий нь хаана буй?” Шулам өчрүүн: “Хэмхэрхий нь бадам тавцангийн доор овоолж баймуй.”
Тэр бурхан уутыг авч цохиураа барин Бичиний зүг мөшөөн: “Бид хоёул алтан цан эрэхээр одсугай” хэмээсэнд Бичин бурхны ид хувилгааныг үзээд айшгүй зөрчиж үл болох тул урагш болон сүмд хүрч ирвээс сүмийн хаалгыг цөм даржээ. Бурхан манцуугаар нэгэнтээ заасанд хаалга нээгдээд дотор нь бага шулам цөм амьтайгаа төхөөрөн дутаахаар бэлтгэн ажгуу. Бичин тав зургаан зуун бага шуламсыг цөм алаад үзвээс чулуун модон араатан жигүүртэн шулам ажгуу. Майдар бурхан хэмхэрхий алтыг хураан аваад тарни уншин нэгэнтээ үлээсэнд мөн уг ёсоор алтан цан болон бүтээжээ. Төд бурхан, Бичинээс салан алтан гэрэлд залран төгс баясгалантын орондоо өөд болов.
Бичин тэр үед Тансаг, Гахай, Шороотоныг тайлан тавив. Тэр манхуу хэдэн өдөр түгжлэгдээд маш өлссөн тул, Бичинд тал өгөлгүй яаран гүйж тогоон гэрт орж үзвээс миний идэхээр базаан тавьсан нэгэн тогоо будаа буй ажгуу. Тэр манхуу үзмэгц даруй хагас тогоог лавшаад хоёр багвар хутгаж багш ба Шороод нэжгээд аяга идүүлсэн хойно сая Бичинд тал өгөн шулмын учрыг асуув. Бичин учрыг нэгэнтээ тоочин өгүүлсэнд Тансаг бурхан тэнгэрт залбираад: “Тэр бүгд эрхтэн одон өдгөө хаана буй?” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Өчигдөр дөрвөн цагийн эзлэгч эрхтэнээс сонсвоос цөм нэгэн гэрт хорьж амуй хэмээсэн бөлгөө. Гахай бид хоёул одож гаргасугай” хэмээв.
Тэр манхуу цатгалан тул сүр бадруулан малтуураа барин Бичинийг даган одов. Тэд хоёул нүхэн гэрийг нээн бүгд эрхтнийг гаргав. Тансаг намжираа өмсөж тэдэнд ёслон тал өгсний хойно, таван луу, хоёр эрхтэнээ дагуулж Удан уулнаа буцав. Ялгуусан хөвгүүн дөрвөн эрхтнийг авч Бин Чэндээ эгэв. Хорин найман одон тэнгэрийн оронд буцав. Бичин, Кирди Чойжин нарыг тус тусын оронд эчүүлэв. Багш шавь дөрвүүл тэр шөнө тэнд хоноод цагаан морио цадтал тэжээж маргааш өглөө сүмд гал тавин шатаагаад баруунш одов. Үүнээс хойш хэзээ их аянгын дуут сүмд хүрэхийг мэдэшгүй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.
Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.