ЖАРАН ХОЁРДУГААР БҮЛЭГ:
СЭТГЭЛИЙГ АРИУТГАН БИЕИЙГ ЦЭВЭРЛЭЖ СУВАРГЫГ ШҮҮРДЭВ
ШУЛМЫГ БАРИН ЭЗЭНД ТУШААЖ БАРЦАДЫГ АРИЛГАВ
Арван хоёр цагийн дотор алгасалгүй шившвээс ариун бясалгал зуун мөчид адбиш бүтнэм. Арван түмэн найман мянган хормын таван оны дотор, айтангуйлан гал тавьж рашааныг битгий ширгээ. Ус гал зохилдвоос харш даруй арилан таван махбодь холболдвоос хэлхээ мэт болном. Арга билиг найралдваас үүл асарт гарч алтан галбинга хөлөглөн батын ордноо ажирмуй.
Энэхүү дууллын нэрийг Лин Жян Шян хэмээмүй. Үүнд, Тансаг багш шавь дөрвүүлийн ус гал зохилдон уг чанар тунгалаг болж, үнэн билгийн эрдэнийн дэвүүрийг олж, өндөр уулны догшин галыг унтраасныг өгүүлжээ. Тэндээс багш шавь дөрвүүл найман зуун газрын гал уулыг туулан баруунш одохуйяа нэгэнтээ намрын эцэс өвлийн эх болжээ. Үзвээс:
Шар удвал хувхайран ногоон гүйлсний гол хөвөрмүй. Газар бүхэн тариа төмсөө аваад гацаа бүр амтат будаа идмүй. Ойн навч зулгарахуйяа алсын уул илрэн, өвс ороонго хувхайрахуйяа алим зав тодормуй. Өвлийн уурыг угтан ичээний үүд хаагдмуй. Арга билиг цэвэршихүйеэ саран дагина сэрүүнээ баясаж, усан мах бодь дэлгэрэхүйеэ наран тэнгэр тунгалгийг таалмуй. Газрын уур шимдэж тэнгэрийн амьсгал дэгдээд өнгөт солонго нуугдан өргөн мөрөн зайрлажээ. Хадан дээрх хувхай ороонго цайж харагдахуйяа хяруу унасан нарс хулс нэнт ногоон болжээ.
Дөрвүүл яван атал өмнө нь нэгэн хот үзэгдэв. Тансаг мөн дээрээс: “Бичин чи үз, тэнд асар тагт харагдах нь бас ямар газар болов?” хэмээсэнд, Бичин тэргүүн өргөн үзвээс үнэхээр нэгэн хот буй. Тэр хот нь:
Луу цагирагласан жавхлант орон барс оцойсон баатар хот. Гадаад биед газрын шинж бүрдэж, гудамж зээлийг дарь тэгш байгуулжээ. Хас гүүрийг хачин гөрөөсөөр хэрсэглэн, алтан мандал дээр эрдэмтэн мэргэд жагсаажээ. Үнэхээр бодийн орны балгад, их гүрний нийслэл. Түмэн газрын улс орон бат, мянган оны эзэн төр бөх. Харь улс хааны хишгийг шүтэж, холих хязгаар хутагтын ивээлийг хүртжээ. Харшийн индэр ариун, ордны зам цэвэр. Дарсны гэрт дуулан хөгжимдөж, цэцгийн асарт цэнгэлдэн найрламуй. Үдийн ордны өмнөх мөнх модод цэлгэрэн, өглөөний нарыг угтаж, өнгөт гарьд донгодмуй. Бичин өгүүлрүүн: “Энэ хотыг үзвээс эзэн хааны суусан орон буй за.” Гахай инээн өгүүлрүүн: “Дэлхий дахинд фу, сяний газар цөм хот буй, чи яахан хааны хот хэмээн мэдэв?” Бичин өгүүлрүүн: “Хааны хот тэр хот лугаа адил бус, чи үз, дөрвөн талд нь арваад хаалга буй, тойрон зуун илүү газар асар тагт сэгийлцэн униар бүрхжээ. Хааны хот бус бөгөөс ийм сүрлэг сайхан байж болох уу?” Шороо өгүүлрүүн: “Ахын нүд хурц хааны хот хэмээн таньсан боловч нэрийг нь мэдэх буюу?” Бичин өгүүлрүүн: “Хотын хаалганд илэрхийлэл бичиг үгүй тул яахан олж мэдмүй? Хотод хүрсний хойно асууваас аяндаа мэдэх болой.”
Тансаг морио шамдан хаалганд хүрээд мориноос буун гүүрийг өнгөрч хотод орон үзвээс зээлийн хоёр талаар арилжаа наймаа зэрэглэн, ард иргэний байдал ихэмсэг бөгөөд дээл малгай тэгш хээнцэр. Урагш яван атал, гэнэт гав дөнгө зүүсэн арваад тойн өрх дараалан юм гуймуй. Тансаг үзээд шүүрс алдан өгүүлрүүн: “Нэг үхрийн эврийг цохиход мянган үхрийн эвэр доргимуй” Бичин чи одож асуу, тэд юун учир ийм ялд унасан буй.” Бичин мөн хэмээн урагш давшин: “Та нар аль сүмийн тойд буй? Ямар учирт ялд оров!” хэмээсэнд тэдгээр тойд сөгдөн өгүүлрүүн: “Багш минь, бид болбоос алтан гэрэлт сүмийн хилсдсэн тойд болой.” Бичин асууруун: “Тэр алтан гэрэлт сүм хаа баймуй?” Тойд өчрүүн: “Тэр зээлийг ороон орвоос даруй мөн болой.” Бичин тэднийг дагуулан Тансагийн дэргэд авчирсан хойно ийн асууруун: “Та нар яахан хилсдсэнээ өгүүлэгтүн, би сонссугай.” Тойд өчрүүн: “Их багш хаанаас ирсэн болов? Огоот таних хүн мэт санагдмуй, энд аймшиггүй хэлж болохгүй, манай сүмд залран ичих ажааму, бид зовлонгоо тоочин хэлсүгэй.” Тансаг хажуугаас: “Мөн, мөн эдний сүмд хүрч учрыг нарийвчлан сонссугай” хэмээгээд сүмийн үүдэнд хүрвээс хаалганы илэрхийлэлд “Зарлигаар байгуулсан алтан гэрэлт сүм” хэмээн бичжээ. Багш шавь дөрвүүл үүдийг алхан дотор орвоос:
Хуучин харшийн хүж зул тасран хоосон хонгилд хуурай навч хийсмүй. Өндөр суварга үзэмж муутай болоод өнчин нарс эрийн нэг харагдмуй. Цэцэг навч хөсөр дүүрэн зулгаран, цонх саравчийг аалзны тор бүрхжээ. Харанга хэнгэргийг хоосоор өлгөж, хана туурга тоосноо дарагджээ. Номын суудал дээр лам хувраг харагдахгүй, Даяаныг дуган дотор болжмор шувуухай үүрлэжээ. Эзгүй энэ байдлыг үзэхүйеэ шүүрс алдалтай, элий хулий шинжийг харахуйяа уярал төрөлтэй, цөгц хүлс цөм хоосон, тахил таваг таг үгүй.
Тансаг үүнийг үзээд дотор нь уяран нүд нулимс цувруулахад, бүгд тойд гав дөнгөө өргөн гол дуганы үүдийг нээж Тансагийг бурханд мөргөтүгэй хэмээсэнд, Тансаг дуганд орж хүж асаан гурван зэрэг наманчлан мөргөөд, хойд дуганд орж үзвээс зургаа долоон бандийг тулгуур баганаас уяжээ. Тансаг үзэн төвдөхгүй болоод гарч ирсэнд, олон тойд сөгдөн мөргөөд: “Багш нарын байдал дүрийн гайхамшгийг үзвээс зүүн их Тан улсаас ирсэн буй за?” Бичин инээн өгүүлрүүн: “Энэ тойд хэрхэн зөгнөн мэдэв? Бид Тан улсаас ирсэн тойд болой.” Бүгд тойд өгүүлрүүн: “Бидэнд ямар зөгнөн мэдэх эрдэм буй, ганц хилсдсэнээ хэлж ялгаруулах газар үгүй тул өдөр шөнөгүй бурханд залбирдаг. Бүтвээс бурхан өршөөсөн буй за, өчигдөр шөнө бид нэгэн зүүдийг зүүдлэв, тэр зүүдэнд зүүн газрын их Тан улсын богд тойн ирвээс таны зовлон сая арилан үнэн цагаанаа олмуй хэмээсэн бөлгөө. Өдгөө багш нарын дүр байдал өөр гайхамшгийг үзээд төсөөлөн танив.”
Тансаг сонсоод ихэд баясан өгүүлрүүн: “Үүнийг ямар газар хэмээмүй? Та нар ямар хилс хэрэгт унав?” Олон тойн сөгдөн өчрүүн: “Энэ газрыг Кашкар хэмээх бөгөөд баруун газрын их улс бөлгөө. Урьддаа өмнө дахь Удар улс, умар дахь Хож улс, дорно дахь Кис Курган улс, өрнө дэх Балба зэрэг дөрвөн харийн улс жил бүр гэгээн хас гэрэлт тана, гоо охид хурдан хүлэг хүргэж алба барьдаг бөлгөө. Мануус хэдийгээр цэрэглэн дайлахгүй байсан ч тэдгээр улс цөм манай улсыг дээд гүрэн хэмээн өргөсөн бөлгөө.” Тансаг өгүүлрүүн: “Дээд гүрэн хэмээн өргөснөөр үзвээс таны улсын хаан эзэн гэгээн мэргэн бөгөөд сайд түшмэд баатар бодлоготой буй за?” Бүгд тойн өчрүүн: “Их багш минь, манай улсын сайд түшмэд баатар бодлоготой бус бөгөөд хаан эзэн ч гэгээн мэргэн бус. Гагцхүү манай энэ алтан гэрэлт сүмийн эрдэнийн суваргаас өдөртөө өнгөт туяа татан, шөнөдөө алтан гэрэл цацарч түмэн газар хол үзэгддэг тул дөрвөн харийн улс цөм манай улсыг тэнгэрийн ордон хувилгаан нийслэл хэмээн үзээд алба барьж агсан бөлгөө. Гурван жилийн өмнөх намрын тэргүүн сарын шинэтгэл өдрийн шөнө дөлийн хулгайлана цагт цусан бороо орсонд хамаг бүгд сэжиглэн эмээж, хаан эзэнд айлтгаснаа хувраг бумба нарыг цуглуулан ном гүрэм хэлхэж бурхан тэнгэрт даатгав. Манай сүмийн алтан суварга бузартаад энэ хоёр жил гэрэл цацрахгүй болсноор харь улсад алба барихаа байв. Хаан хилэгнэн дайлахаар мордсугай хэмээтэл олон сайд эзэнд суварган дээрх эрдэнийг энэ сүмийн тойд хулгай хийж авсаны тул гэрэл гарахгүй болов, тийнхүү харь улсууд алба барихаа байжээ хэмээн айлтгасанд будангуй хаан зөв бурууг үл хянан түшмэдээрээ биднийг цөм бариулаад зүйл бүрийн эрүү тулгав. Өвгөн тойд эрүүг эс тэсэн үхээд, өдгөө биднийг барьж гав дөнгө зүүлгэжээ. Манай зэргийн хүмүүс ямар айшгүй хулгай худал хэрэг айлтгаж, суваргын эрдэнийг хулгамуй! Гуйх нь багш та нигүүлсэн үнэн худлыг тодорхойлон үхэх амийг ажааму!” хэмээв.
Тансаг тэргүүн дохин шүүрс алдаж өгүүлрүүн: “Энэ хэрэг битүү болоод мэдэхэд хэцүү. Нэгэнд хэлбээс хаан төр засгийг алдаж, жичид болбоос та бүгдэд мөн гай буй. Цусан бороо орж суваргыг бузарласныг мэдэх атал юунд эзэнд айлтгайхгүй энэ зовлонг амсмуй?” Бүгд тойд өгүүлрүүн: “Бидний зэргийн эгэл хүмүүс тэнгэрийн санааг хэрхэн төсөөлмүй. Хөгшин тойд цөм зөвөө олж чадсангүй атал, манай зэргийн ард хэрхэн чадмуй!” Тансаг Бичинээс асууруун: “Шавь өдгөө ямар цаг болж баймуй.” Бичин өгүүлрүүн: “Бараглаваас Бичин цаг болсон буй за.” Тансаг өгүүлрүүн: “Энэ өдөр тэмдэг бичгээ халахын тул хаанд золгосугай хэмээвэл, эдгээр тойдын явдал тодорхойгүй тул, хаанд айлтгахуйяа бэрх. Би Чан Ан хотоос мордон гарч ирэхдээ: сүм учирваас хүж асаан суварга тохиолдвоос цэвэрлэн шүүрдсүгэй хэмээн амласан бөлгөө. Энэ өдөр энд ирж эрдэнийн суварганы шалтгаанаар хилсдсэн олон тойдод учрав. Чи надад нэгэн шинэ шүүр авчир, би биеэ угааж суваргыг шүүрдэн, түүний бузартсан шалтгааныг мэдсэн хойно сая хаанд айлтган тойдын зовлонг тайлсугай.”
Тойд сонсоод яаран тогоон гэрт орж, нэгэн хутга авчран Гахайд өгч өгүүлрүүн: “Чи үүнээр тэр баганд гинжлэгдэж байх банди нарын гинжний оньсыг сөхөж, тэднээр цав манз хийлгэж багшид зооглуулан, биеийг угаалгагтун. Бид зээлд одож суварга шүүрдэх шинэ шүүр бадарлан авчирсугай.” Гахай инээн өгүүлрүүн: “Гав оньс сөхөхүй бас юунд хутга хэрэглэх буй, тэрхүү эсгий царайтай өвгөө гуйтугай, тэр болбоос оньс сөхөхдөө увидастай хүн болой.” Бичин урагш давшин араар илсэнд оньс цөм газарт унав. Тэдгээр банди нар цөм тогоон гэрт гүйлдэн орж тогоо шанагыг угаан, цав манз базаав. Тансаг багш шавь дөрвүүл цав зооглотол бүрий болов. Тэдгээр гав дөнгөт тойд хоёр шинэ шүүр авч ирсэнд Тансаг их л баярлав.
Тансаг зоог дэлгэн суутал банди ирж зул асаан биеэ угаан хэмээмүй. Тэр үед одон мичид огторгуйд түгэж асрын дээрх дохионы хэнгэрэг нүжигнэмүй.
Дөрвөн этгээд жихүүн салхи сэрчигнэн, түмэн өрх дэн зул асаав. Зургаан зээл үүд хаалгаа дарж, гурван зах цонх гэгээвчээ бүтээв. Загасчин айл тосгондоо эгэж, тариачин өрх гэртээ буцав. Түлээч эр харьж ирэн амуй, сурах хөвгүүн бичиг юүгээ цээжилмүй.
Тансаг биеэ угаан ариутгаад намжираа өмсөн, бүсээ чангалан гарт шинэ шүүрийг барьсаар бүгд тойдод ийн өгүүлрүүн: “Та нар энд унтаж амрагтун, би одож суварга шүүрдсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Суварга цусан бороонд бузарлагдаад гэрлээ алдав, өдгөө бас шөнө болсон тул буг чөтгөр байх магадгүй, өвгөн Сүн би дагаж эчвээс ямар?” Тансаг маш баясаж: “Сайн! сайн!” хэмээгээд хоёул тус бүр нэгэн шүүр авч урьдаар гол дуганд орж зул хүж асаан бурхны өмнө наманчлан өгүүлрүүн: “Шавь Жан Шуан Зан би, зүүн Тан улсын хааны зарлигаар Гандарагүд уулын Шигэмуни бурханд бараадан ном залахаар одмуй. Өдгөө Кашкар улсын алтан гэрэлт сүмд ирээд, сүмийн тойдоос сонсвол, эрдэнийн суварга бузарлагдан эзэн хаан эрдэнийг хулгайлав хэмээн эгэл тойдыг сэжиглэж, эрүү тулган ял нөмөрлүүлээд эзэн сайд тодлон чадахгүй байнам хэмээмүй. Шавь би үнэн сүсгээр суваргыг шүүрдмүй, бурхан өршөөж, суваргын бузартсан шалтгааныг илт айлдан, эгэл хүмүүсийн хилсийг цагаатган өгөх ажааму” хэмээн даатгаад, Бичин лүгээ суваргын үүдийг нээж доороос дээш шүүрдэв. Энэ суварга үнэхээр:
Сэгийн сүндэрлэж тэнгэрт тулаад шовх орой агаарыг шувталжээ. Үүнийг үнэхээр цагаан хасын уул, шижир алтан хад хэмээлтэй. Эргэмэл шат дугуй адил, үүд хаалга тооно мэт. Эрдэнийн бумба сарнаа гэрэлтэн, алтан хонх салхинаа хангинамуй угалзан саравчийг урлан сийлсэн нь улаан гарьд жигүүрээ дэлгэсэн адил, оройн ганжирыг үүл бүрхсэн нь хөх луу ороосон мэт, алсыг бараалбаас мянганы газар үзэгдэж, авиран дээшилбээс агаар тэнгэрт гарсан мэт. Давхарлаг бүр дэнгүй харанхуй, дэгтэр тутамд хог тоос дүүрэн. Чодов[1]-ын ширээнээ зул хүж тасраад, цонх гэгээвчээр аалзны тор бүрхжээ. Гүлсэнд хулганы баас дүүрээд, цөгцөнд тосгүй хоосорчээ. Эрдэнийг санамсаргүй алдсан учир, эгэл хуврагуудын амиа алдахад хүрчээ. Хутагт тойн чин сэтгэлээр мандал суваргыг шүүрдэж, хуучин тэнгэрийг лавтайяа дахин сэргээсү хэмээмүй.
Тэд хоёул шүүрдсээр долдугаар үе хүрэхэд нэгэнтээ хоёрдугаар жим болой. Тансаг алжаасанд Бичин өгүүлрүүн: “Чи алжааваас түр суутугай, өвгөн Сүн би шүүрдсүгэй.” Тансаг асууруун: “Энэ суварга хэдэн үе буй?” Бичин өгүүлрүүн: “Арван гурван үе байх буй за.” Тансаг алжаахыг тэсвэрлэн: “Би өөрөө шүүрдэж барваас сая амласанд хүрмүй.” хэмээгээд бас гурван үе шүүрдсэнд нуруу өвдөн, хөл хөшихөд аравдугаар үе дээр сууж “Бичин, дээрх гурван үеийг миний оронд шүүрдтүгэй” хэмээсэнд, Бичин шүүрийг нь аван бас хоёр үе шүүрдэж арван хоёрдугаар үед гарч шүүрдэн атал гэнэт суварганы орой дээр хүн хэлэлцэх дуун сонстмуй. Бичин дотроо: “Сонин! сонин! Шөнийн гурван жингийн үед, суварганы орой дээр бас юуны хүн хэлэлцмүй? Лав буг чөтгөр буй за, би гарч үзсүгэй” хэмээн сэтгэв.
Төд Бичин сэмээр гарч үзвээс тэр суваргын арван хоёрдугаар үеийн гол дунд хоёр шулам эсрэглэн сууж өмнөө нэгэн таваг зууш тавин архи уугаад хуруу жимэлцмүй. Бичин шийдмээ гарган суваргын үүдийг бөглөн: “Суварганы эрдэнийг хулгайлагч шулам та нар ажгуу!” хэмээн занчсанд, хоёр шулам мэндээд хундага цомоор авч цохилоход, Бичин шийдмээ барин: “Би таныг занчин албаас үнэнийг олоход бэрх болмуй” хэмээгээд, шийдмээр хөгшин хэрмэнд шахсанд хоёр шулам хөдөлж чадахгүй болоод: “Амийг хэлтрүүл! Амийг хэлтрүүл! Бидэнд хамаагүй! Эрдэнийг хулгайлагч тэнд буй” хэмээсэнд, Бичин хоёр шулмыг барьж аравдугаар үед авчран эрдэнийг хулгайлсан шулмыг барьж ирэв! хэмээсэнд, сая дугжран байсан Тансаг гэнэт үүнийг сонсоод баясан гайхаж: “Хаанаас олж ирэв?” хэмээсэнд Бичин шулмыг чирэн Тансагийн өмнө сөгтгөж: “Энэ хоёр амьтан суварганы орой дээр хуруу жимэлцэн архидаж байхад өвгөн Сүн би дууг сонсож үүдийг нь хашин барьж авав. Багш эдний өчгийг нь авбаас хаанах шулам болох, хулгайлсан эрдэнэ хаана байхыг мэдэж болмуй.” хэмээв.
Тэр хоёр шулам чичрэн дагжин: “Амийг хэлтрүүл!” хэмээгээд үнэнээ өчрүүн: “Хүрмэн чулуут уулын хөхөмдөг долгиот цүнхээлийн түмэн богд лусын хаан бид хоёулыг суварга эргэтүгэй хэмээн илгээсэн бөлгөө. Түүний нэр нь долгионоо гишгэгч хэмээмүй, миний нэр долгионоо гүйгч хэмээмүй, бид хоёул цөм загасан шулам бөлгөө. Манай түмэн богд лусын хаанд нэгэн гүнж буй, нэр нь Түмэн богд гүнж хэмээмүй. Тэр гүнжийн гоо үзэсгэлэн нь цэцэг мэт саран адил бөгөөд эрдэм чадал буй. Өгсөн тавнан нь есөн толгойт тавнан хэмээгч ид хувилгаан цаглашгүй. Урьд жил тэр хадам эцэгтэйгээ энд ирж ид хувилгаанаараа цусан бороо оруулаад эрдэнийн суваргыг бузарлан доторх шарилыг хулгайлан авав. Гүнж бас эсрүн тэнгэрт гарч, бидэрьяа эрдэнэ харшийн өмнөөс Нэвс хүрз эхийн есөн навчит бэлгэт өвсийг хулгайлан авчраад нуурын ёроолд тарьжээ. Тэр хоёр эрдэнэ өдөр шөнийн хувинд алтан гэрэл цацармуй. Орчим сонсоход, Бичин хэмээгч нэгэн тойн баруун газраас ном залахаар одмуй хэмээжээ. Түүний ид хувилгаан цаглашгүй их болоод зам мөрт огоот хүний бурууг ирмүй. Тиймийн тул бид хоёулыг мэдээ автугай хэмээн илгээсэн бөлгөө.” Бичин сонсоод хүйтнээр инээн: “Тэр адгуус үнэхээр ёсгүй! Тэр өдөр үхэр шулмыг хуриманд залсан нь гажуу муу хэрэг үйлдэх ажгуу” хэмээв.
Ийн хэмээн өгүүлэн атал Гахай хоёр гурван бандийг дагуулан зул өргөн гарч ирээд: “Багш суваргыг шүүрдэж бараад нойрсохгүй юун өгүүлмүй?” Бичин өгүүлрүүн: “Дүүгийн ирсэн нь маш сайн болой. Суваргын дээрх эрдэнийг түмэн богд лусын хаан хулгайлсан ажгуу. Тэр хоёр бага шулмаа илгээж авахуулсанд, би цөм барьж авав.” Гахай асууруун: “Ямар нэрт шулам буй?” Бичин өгүүлрүүн: “Нэгний нэр долгион гишгэгч, нэгний нэр долгион гүйгч хэмээх хоёр загасан шулам.” Гахай малтуур далайн өгүүлрүүн: “Шулам бөгөөс өчгийг нь аваад алахгүй ямар цагийг хүлээмүй?” Бичин өгүүлрүүн: “Чи мэдэх бус, үүнийг амьд баримт болгон аваачиж хаанд хэлэхэд сайн, бас үүгээр сүвэгч болгон эрдэнийг эрэхэд сайн.” Гахай цохихыг байгаад хоёулаа нэжгээдийг барьж суварганаас буухад шулам: “Амийг хэлтрүүл” хэмээн гуймуй. Гахай өгүүлрүүн: “Та хоёулыг алж хилсдсэн тойдод идүүлмүй!” хэмээв.
Тэр гурван банди их л баясан дэнгийн зул өргөн Тансагийг удирдан суварганаас буугаад нэгэн нь гүйн одоод бүгд тойдод өгүүлрүүн: “Сайн болой! Сайн болой! Тэнгэрийн нарыг үзэв! Богд тойн бээр эрдэнийг хулгайлсан шулмыг барив!” хэмээтэл Бичин төмөр дээсийг авчруулан шулмын далны ясыг нүхлэн гинжлээд: “Та нар сайн сахь, бид унтаад маргааш жич мэдсүгэй” хэмээсэнд, бүгд тойд чанга сахиж Тансаг багш шавь дөрвүүлийг нойрсуулав.
Төдөлгүй үүр цайсанд Тансаг босоод “Би Бичин лүгээ хаанд золгон бичиг тэмдгээ халсугай” хэмээгээд намжираа өмсөн үснирт малгайгаа даран гарч одоход, Бичин бас барсын арьсан хормойвчоо чангалан бүс намжираа засч, замын тэмдгээ аваад хамт гарахад Гахай өгүүлрүүн: “Энэ хоёр шулмыг үл аваачих буюу?” Бичин өгүүлрүүн: “Бид хаанд мэдүүлбээс, тэр хүн илгээж аваачих буй за” хэмээгээд хааны ордны хаалганд хүрч үзвээс асар тагт үнэхээр тоолошгүй. Тансаг зүүн хаалганы гандна хүрч, хаалга сахигч түшмэдэд ёслон: “Бадарчин тойн би зүүн их Тан улсын баруунш ном залахаар одогч тойн бөлгөө, хаанд золгож тэмдэгт бичгээ халсугай хэмээмүй. Дотогш орж айлтгах ажааму” хэмээсэнд, тэр хаалга сахигч түшмэл дотогш орж айлтган өгүүлрүүн: “Гадна зүс бороо хоёр тойн ирж биеэ өмнөд замбутивийн зүүн Тан улсын баруун газар бурхны орноос ном залахаар одогч тойн хэмээн хаанд золгон тэмдэгт бичгээ халсугай хэмээмүй.”
Хаан оруул хэмээсэнд, Тансаг Бичинийг дагуулан оров. Бүгд түшмэд Бичинийг үзээд маш айн зарим нь сармагчин хэмээмүй, зарим нь аянгын эрхтэн хэмээмүй. Төд цөм маш айн харалгүй байхад, Тансаг индрийн доор түмэн наст хэмээн ёслон айлтгаруун: “Тойн би өмнөд замбутивийн зүүн газрын их Тан улсын элч, баруун бодийн орны Аянгын дуут их сүмийн бурханд мөргөн үнэн номыг залахаар одмуй. Өдгөө дээд улсад хүрч ирээд айшгүй дураар гарч үл болох тул, тэмдэгт бичгээ халсугай.” Тэр хаан сонсоод маш баясан Тансагийг алтан харшид залан хатгамал түшлэгт суудал хайрласанд, Тансаг ганцаар харшид гарч тэмдэгт бичгээ өргөн хишигт мөргөж суудалд суув.
Тэр хаан тэмдэгт бичгийг үзээд маш баясан өгүүлрүүн: “Таны Тан улсын хаан бие чилээтэй болоод эрдэмт тойдыг шилж газрын холоос айлгүй бурхнаас ном залахаар одмуй; миний эндэх тойд харин хулгай дээрэм хийж улс гэрийг доройтуулан эзнээ муу болгомуй!” Тансаг алгаа хамтатган наманчлан өгүүлрүүн: “Улсыг доройтуулан эзнээ муу болгохын учир нь юун?” Хаан өгүүлрүүн: “Миний энэ улсад нэгэн алтан гэрэлт хэмээгч сүм буй, сүмийн дотор нэгэн алтан суварга буй тэр суварганаас өнгөт туяа огторгуйд туналзахын тул, дөрвөн зүгийн олон улс цөм миний улсыг баруун орны их гүрэн хэмээн алба барьдаг бөлгөө. Ойрд тэр сүмийн тойд суварганы доторх эрдэнийг хулгайлснаас нааш гурван жил гэрэл гарахгүй болоод харьяат улс алба барихаа байв. Иймийн тул би маш гомдмуй.” Тансаг алгаа хамтатган инээн өгүүлрүүн: “Түмэн наст, “Тавнан чиний хашаанаас тэмээн чинээ эндүүрэл болмуй” хэмээгч үүнийг өгүүлжээ. Ядуу тойн өчигдөр үдэш эзний нийслэлд хүрч ирээд арваад тойд гарт гав дөнгөтэй явахыг үзээд тэднээс асууваас алтан гэрэлт сүмийн хилсдсэн тойд хэмээмүй. Би тэдэн лүгээ тэр сүмд нь хоноод суваргыг шүүрдэхдээ эрдэнийг хулгайлсан хулгайч шулмыг барив.” Хаан баясан асууруун: “Хулгайч шулам өдгөө хаана буй?” Тансаг өгүүлрүүн: “Шавь нар алтан гэрэлт сүмд сахиж буй.”
Тэр хаан яаран алтан шошго буулган: “Шадар цэргийг явуулж алтан гэрэлт сүмээс хулгайч шулмыг авчир, мөхөс хүн өөрийн биеэр шүүсүгэй” хэмээтэл Тансаг бас айлтгаруун: “Түмэн наст, миний шавь эчихгүй болбоос үл болмуй.” Хаан асууруун: “Шавь чинь хаана буй?” Тансаг хуруугаар зааж: “Хасын индрийн доор зогсогч даруй мөн болой” хэмээсэнд, хаан үзээд маш цочин өгүүлрүүн: “Богд тойны зүс үзэсгэлэн байдал аруухан бөгөөтөл шавь чинь юунд ийм сүрхий буй?” Бичин сонсоод өндөр дуугаар өгүүлрүүн: “ “Хүнийг басаж үл болох, далайг яндаж үл болох” ганц зүсийг эрвээс яахан хулгайч шулмыг барьж чадмуй?” Хаан сонсоод маш баясан: “Энэ тойны үг зөв, би хүний бүсийг эрх бус, ганц хулгайчийг барьж эрдэнээ олохыг эрхэм болгомуй. Шүхэрт сүйхийг бэлтгэн яамны түшмэд дамнан алтан гэрэлт сүмээс хулгайч шулмыг авахаар од” хэмээсэнд, шадар сайд шар шүхэрт их сүйхийг авчирч суулгаад заам нээн алтан гэрэлт сүмийн зүг одоход, хотны бүгд ард түрхрэн, богд тойны шулам барихыг үзэхээр ирэв.
Гахай, Шороо үймэлдэх дууг сонсоод, хааны зарсан түшмэл буй за хэмээн яаран гарч угтваас, үзвээс Бичин сүйхэнд сууж ирмүй. Манхуу үзээд инээн өгүүлрүүн: “Ах чи хуучин зэрэгт дэвшив!” Бичин сүйхнээс буун Гахайг түшиж өгүүлрүүн: “Би ямар хуучин зэрэгт дэвшсэн буй?” Гахай өчрүүн: “Чи шар шүхэр өргүүлэн найман хүний сүйхэнд заларсан нь хуучны Бичин вангийн зэрэгт хүрсэн бус буюу?” Бичин: “Наадам бүү хий” хэмээгээд хоёр шулмыг тайлан авч ордны зүг одоход, Шороо өгүүлрүүн: “Ах, дүү намайг дагуулах ажааму.” Бичин: “Чи энд амьтайгаа сахиж бай” хэмээсэнд, гав дөнгөтэй тойд өгүүлрүүн: “Бид сахиж байсугай, та нар бүгдээр одож хааны хишгийг хүртэгтүн.” Бичин: “Тийн бөгөөс маш сайн болов, бид одож хаанд айлтган таныг тавиулсугай” хэмээв. Төд Гахай нэгэн шулмыг барин, Шороо нэгнийг чирэн, Бичин мөн сүйхэнд суун хааны ордонд эчив.
Төдөлгүй хасын индрийн доор хүрч хаанд “Хулгайч шулмыг барьж авчрав” хэмээн айлтгасанд хаан луугийн ширээнээс буун, Тансаг лугаа бичиг цэргийн олон сайдын хамт ирж лавлан үзвээс, нэгэн нь эрүү хавтгай хайрс хар, хоншоор шөвгөр, шүд хурц. Нэгэн нь арьс гилгэр, гэдэс бүдүүн, сахал урт, ам их, хэдий хөдөлж алхах хөл буй боловч, хүний биеийг олоод удаагүй. Тэр хаан асууруун: “Та хоёр хаанахын шулам, аль газрын хулгайч, миний улсад хэзээ ирээд, аль жил эрдэнийг хулгайлав. Бүгд хэдий хулгайч буй, нэр нь юун? Үнэн өчгөө өг!” хэмээсэнд, хоёр шулам доош сөгдөн, цус гоожуулан өчрүүн: “Таны нийслэлээр зүүн өмнө этгээд зуу илүү газрын үзүүрт нэгэн түмэн богд хэмээгч лусын хаан буй. Түүний оршсон орон нь хүрмэн чулуун уулын хөхөмдөг долгиот цүнхээл. Тэр лусын хаанд нэгэн гүнж буй, үзэсгэлэн нь цэцэгт адил, өгсөн тавнан нь есөн толгойтой бөгөөд эрдэм чадал эсэргүүцэлгүй. Тэр таны эндэх суварган дээр гайхамшигт эрдэнэ байхыг мэдээд, гурван жилийн өмнө урьдаар цусан бороо оруулан дараагаар шарилыг хулгайлан аваачжээ. Өдгөө тэр эрдэнэ лусын ордныг гийгүүлэн, үдшийн харанхуйд өдөр мэт гэрэлтүүлж буй. Гүнж нь бас чадал үзүүлэн сэмээр тэнгэрт гараад, Нэвс хүрзийн бэлгэт өвсийг хулгайлан авчирч, цүнхээлийн ёроолд тарьжээ. Бид хоёр болбоос оргон хулгайч бус, лусын хааны зарсан өчүүхэн цэрэг болой, өдгөө нэгэнтээ баригдсан тул үнэн өчгөө өгмүй.” Хаан зарлиг болруун: “Өчгөө өгөх атал, юунд нэрээ нуумуй?” Шулам өчрүүн: “Миний нэр долгион гишгэгч, түүний нэр долгионоо гүйгч, цөм загасан шулам.” Хаан даруй зарлиг буулган хоёр шулмыг гянданд хориулаад бас: “Алтан гэрэлт сүмийн хилсдсэн тойдыг тавиулж бэлгэт гөрөөсөн харшид хурим бэлтгэн богд тойдын шулмыг барьсан гавьяанд тал өгөн хулгайн түрүүг барихыг зөвдмүй.”
Цагаан улаан хоёр зүйлийн хуримын ширээ засаад хаанаар Тансаг багш шавь дөрвүүлийг бэлгэт гөрөөсөн харшид залж суулцсан хойно, хаан асууруун: “Богд тойны цол юун?” Тансаг алгаа хамтатган өгүүлрүүн: “Ядуу тойны нэр Жан Шуан Зан хэмээмүй, эзэн хааны өршөөн өгсөн нэр нь Тансаг бөлгөө.” Хаан бас асууруун: “Богд тойны шавь нарын цол юун?” Тансаг өгүүлрүүн: “Их шавь Сүн Ү Күн, хоёрдугаар шавь Жү Ү Нэн, бага шавь Ша Ү Жин хэмээмүй. Цөм Будлангийн Хомсим бодисадвагийн өгсөн нэр бөлгөө.” Хаан сонсоод Тансагийг гол суудалд залж Бичинийг зүүн этгээдийн ширээнд залж, Гахай, Шороо хоёулыг баруун этгээдийн ширээнд суулгаад цагаан цаваар дайлав. Эсрэг талын ширээнд улаан идээ өрөөд, хаан тэргүүлэн бичиг цэргийн зуун түшмэд суусан хойно, сайд түшмэд цөм богдын хишиг хэмээн хаанд мөргөөд бас багшийн ач хэмээн Тансагт ёслов. Хаан хундага өргөн тал хийхэд, Тансаг айшгүй архийг уухгүй, тэр гурвуул тус тус ширээний дээжээ баахан амтлав. Гахай бээр ширээнд тавьсан зууш жимсийг цөм дуусган идээд, нэмж ирснийг нь бас үлдээлгүй идэв. Хурим үргэлжилсээр үдийн хойно сая тархав.
Тансаг, хаанд тал хийсэнд, хаан бас хүчлэн үлдээж: “Энэ нэгэн ширээ хуримыг богд тойны шулмыг барьсан ачид хариулсу хэмээн бэлтгэсэн бөлгөө” хэмээгээд бас хуримын яамнаа зарлиг буулган: “Хууль тогтоогч харшид хуримлан хулгайн түрүүг барих учрын зөвдмүй” хэмээсэнд Тансаг өгүүлрүүн: “Хуримлах хэрэггүй, үгээгүй тойн бид өдгөө одож шулмыг барьсугай.” Хаан огт хүлээхгүй, хууль тогтоогч харшид хурим бэлтгэн хундага өргөн зарлиг болруун: “Богд тойдын аль нэгэн нь цэрэг аван шулмыг дайлахаар одмуй?” хэмээсэнд, Тансаг: “Миний их шавь Бичин одтугай” хэмээв. Бичин одсугай хэмээтэл хаан асууруун: “Тийм болбоос хэдий цэрэг авч хэзээ мордох буй?” Гахай их дуугаар өгүүлрүүн: “Цэрэг морь хэрэггүй, би энэ архины халуунд ах лугаа одоод шулмыг барин ирсүгэй!” Тансаг баясан: “Орчим Гахай залхуу зангаа халав!” хэмээсэнд Бичин өгүүлрүүн: “Тийм болбоос Шороогоор багшийг сахиж суутугай, бид хоёул одсугай.” Хаан өгүүлрүүн: “Хоёр багш цэрэг морь аваачихгүй боловч ямар зэвсэг хэрэглэх буй?” Гахай инээн өгүүлрүүн: “Таны зэвсгийг бид хэрэглэхгүй, бид өөрөө зэвсэг буй.” Хаан сонсоод хундаганд архи нэрэн Бичин Гахай хоёрт барихад, Бичин өгүүлрүүн: “Архи уух үгүй, тэр хоёр шулмыг ачиж гэрч болсугай.” Хаан зарлиг буулган хоёр шулмыг авчрав. Бичин Гахай хоёул үүл хөлөглөн зүүн өмнө зүгт одов. Энэ эчсэн нь ямар болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.
Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.