ТАВИН ТАВДУГААР БҮЛЭГ:
ТАЧААНГУЙ ШУЛАМ СЭРТЭНТЭН ИРЖ ТАНСАГИЙГ ТАТАВ
ТӨВ САХИЛТАН ЗОРИГ ЧАНГАЛЖ ШАГШАБАДЫГ ХАМГААЛАВ
Тэндээс Бичин Гахайтан хараахан увидас үүсгэн олон охидыг зогсоосугай хэмээтэл, гэнэт салхи шууран, Шороо бархирахад яаран эргэж харваас Тансаг хэдийнээ үзэгдэхгүй болсон тул Бичин цухалдан асууруун: “Ямар хүн багшийг булаан аваачив?” Шороо: “Нэгэн охин хуй салхи хөлөглөн багшийг хийсгэн аваачжээ” хэмээхэд, Бичин нэгэнтээ исгэрэн огторгуйд дэгдэн гараад гараа саравчлан зүг бүр ажиглаваас баруун хойш нэгэн зурвас тор тоос татан одмуй. Бичин яаран хойш харж дуудан өгүүлрүүн: “Дүү нар та үүл хөлөглөн намайг дагаж ир, багшийг эрэн одсугай!” Гахай Шороотон амьтайгаа моринд ганзагалуулахад цөм огторгуйд дэгдэн гарч одов.
Тэр охин улсын олон түшмэд их л гайхалдан газарт сөгдөж өгүүлрүүн: “Эзэн хаан цочин сэжиглэх хэрэггүй, эд цөм өдөр наранд нисэн дэгдэх архад ажгуу. Тан хааны дүү хэмээгч мөн ч ёсыг олсон хутагт тойн байнам, бид үнэхээр нүд байвч сохор, дундад улсын эр хүнийг эс таньж нэгэн зэрэг талаар сэтгэлийг сүйтгэв. Эзэн сүйхэнд залран хойш эгэх ажааму.” Хаан дотор ичгүүрэн олон түшмэдээ авч хойш эгсэнийг өгүүлэхгүй.
Өгүүлэх нь Бичин багштан гурвуул үүл мананд гишгэн тэр хуй салхийг даган нэхэж одсоор нэгэн ууланд хүрч үзвээс салхи зогсоод тоос завхарчээ, шулам хааш одсоныг мэдэхгүй тул гурвуул үүлнээс бууж зам эрэн явтал, гэнэт нэгэн далдавч мэт хөх чулуу харагдмуй, гурвуул морийг хөтлөн чулуун далдавчийг тойрон өнгөрвөөс түүний ард чулуун хаалга буй, хаалганы дээр “Хорт уулын Пипа агуй” хэмээн сийлсэнийг үзээд манхуу Гахай урагш давшин малтуураар занчсугай хэмээтэл Бичин яаран зогсоож өгүүлрүүн: “Дүү бүү яар, бид хуй салхийг мөрдөж ирээд үүнийг олсон боловч чухам ямар болохыг мөн мэдээгүй, хэрвээ бус болбоос харин муухай болох бус уу? Та хоёулаа морио авч далдавчийн цаана гарч түр хүлээ, би орж сураг чимээг олоод жич мэдсүгэй.” Шороо баярлан: “Сайн! Сайн! Үнэхээр бүдүүлгийн дотор нарийлгийг хэрэглэж, бачим газар болгоомжтойгоор хэмээгч болой” хэмээгээд хоёулаа морио хөтлөн буцаж гарав.
Тэндээс Бичин багш увидас үүсгэн хуруу эмрэн тарни уншиж, бие сэжин нэгэн зөгий болон хувилав! Үзвээс:
Нимгэн жигүүр жаврыг даган хөвж, нарийн бие нарны гэрэлд жирвэгнэмүй. Соргог хоншоор цэцгийн голыг сорж, сүүлийн зүүгээр бахыг ердөө дарангуйлмуй. Бал найрлах үйл юуг хөнгөн бараатан яамлахуйяа ёслол аяндаа хөнгөмсөг. Нарийн уран аргыг өдгөө хэрэглэж, нисэн бүжиглэсээр үүд шурган оров.
Бичин үүдний завсраар шурган орж хоёрдугаар үүдэн дотор нисэн хүрч үзвээс нэгэн эм шулам тэнд цэцэгт тагтны гол дунд сууж, өнгөт хувцас хатгамал дээл өмссөн олон охид хос гэзэг шанхлуулаад хоёр этгээдэд жигүүрлэн зогсож юу хэлэлцэж байхыг мэдэхгүй, дэмий л баясалдмуй. Бичин нисч ороод тагтны цонхон дээр сууж чих тавин чагнатал гаднаас сэгсгэр гэзэгтэй хоёр эм хоёр тэвш боорцог хийж авчраад: “Хатан эх энэ нэг нь хүний махтай боорцог, энэ нь буурцагтай цагаан цав” хэмээн эргэхэд, тэр эм шулам инээн өгүүлрүүн: “Хүүхэд одож Тансагийг түшиж авчир” хэмээтэл, өнгөт дээл өмссөн хэдэн охин хойд гэрээс Тансагийг түшиж гаргав. Бичин үзвээс багшийн царай шарлан уруул цайж, нүд улцайн уйлж амуй. Бичин сэмээр шүүрс алдаж: “Багш хордсон болой!” хэмээв.
Тэр шулам ширээнээс бууж, булбарай гараар Тансагийг татаж өгүүлрүүн: “Хааны дүү бүү зов, миний энд хэдий тэр охин улсын хааны ордон мэт баян эрхэм бус боловч, мөн ч амарлин сууж маань тоолон ном уншихад маш зохих сэлүүн газар болой. Би чамд номын нөхөр болж насан турш найрласугай.” Тансаг огт дуу гарахгүйд, тэр шулам бас өгүүлрүүн: “Чи бүү цухалдан гасал. Би чиний охин улсын хуриманд будаа идсэнгүйг мэдээд чамд улаан цагаан хоёр зүйлийн цавыг базаав. Чи тааваараа идэж цочсоноо дарагтун.” Тансаг дотроо санаруун: “Би ийнхүү дуун гарахгүй, юм идэхгүй болбол, энэ шулам хаан лугаа адил бус, тэр хаан болбоос мөн ёс цээрлэл бүхий хүний бие, энэ хэмээвч шулам тул хүлцэн тэсэхгүй болоод биед минь хор хүргэвээс хэрхэх аж?... Шавь нар минь намайг энэ газар хоригдож байхыг мэдэхээс урьд үүнд хорлогдвоос харин талаар амь юугаа алдах бус уу?...” хэмээн огт аргагүй болоод чармайн өгүүлрүүн: “Цагаан цав нь ямар, улаан цав нь ямар?” Шулам өгүүлрүүн: “Улаан цав нь хүний махтай, цагаан цав нь буурцагтай, цөм боорцог болой.” Тансаг өгүүлрүүн: “Ядуу тойн цагааныг нь идсүгэй.” Шулам инээн: “Хүүхэд хурдан гэрийн эзэн ноёнд цай авчир, боорцог идсүгэй хэмээмүй” хэмээтэл, нэгэн охин үнэхээр цомтой цай авчран Тансагийн өмнө тавьсанд тэр шулам нэгэн ариун боорцгийг хагалаад Тансагт барив. Тансаг мөн нэгэн махан боорцгийг шуламд бүхлээр өгөхөд, шулам инээн өгүүлрүүн: “Чи юунд үл хагалж өгмүй?” Тансаг наманчлан өгүүлрүүн: “Би гэрээс гарсан хүн аймшиггүй улаан идээг үл хүндэлмүй.” Шулам өгүүлрүүн: “Чи гэрээс гарсан хүн улаан идээг хөндөхгүй хэмээх бөгөөд юунд тэр өдөр үр тогтоогч голд усан боорцог идээд, өдгөө бас буурцагийн боорцог идмүй!” Тансаг өгүүлрүүн: “Усан гүнд онгоц явах түргэн, элсэн годрохуйяа морины явах удаан.”
Бичин цонхон дээрээс багшийн тэр шулам лүгээ зоог дэлгэхийг үзээд, үнэн чанар нь самуурагджээ хэмээн тэсгэлгүй үсрэн бууж уг биеэр болоод, шийдэм далайн зандаж: “Чивэлт адгуус бүү ёс бусчил!” хэмээсэнд, тэр шулам амнаасаа утаа үлээн гэрээ бүрхүүлээд охидод захиж: “Хааны дүүг хамгаалж авчрагтун!” хэмээгээд гурван салаат сэрээ аван дэвхлэн гарч ирээд хараан өгүүлрүүн: “Садаа сармагчин чи даанч ёсгүй! Юунд зоригоор миний гэрт орж ирэн намайг хулгайд үзмүй! Бүү дутаа! Эмгийнхээ сэрээг амталж үз!” хэмээн сэрээдэн ирэхэд, Бичин шийдмээр угтан байлдхийлэн ухармуй.
Тэр хоёул байлдсаар агуйгаас гарч ирсэнд чулуун далдавчийн цаана хүлээж байсан Гахай Шороо үзээд яаран морийг хөтлөн авчирч: “Шороо чи морь амьтайгаа сахиж бай, би одож туслан байлдсугай” хэмээсэнд тэр манхуу урагш одож малтуур далайн өгүүлрүүн: “Ах хойш байгтун, энэ садар шивэгчнийг би занчсугай!” Тэр шулам Гахайн ирэхийг үзээд бас увидас үүсгэн урхиран дуугарч хамар амнаас утаа гал зэргээр боргилуулан бие сэгсэрч сэрээ өргөн шаламгайлан ирэв. Тэр шулам тун хэцүү нүүр нүдгүй сэрээдэн ороход Бичин Гахай хоёр хавчин орж байлдав, тэр шулам өгүүлрүүн: “Сүн Ү Күн чи үнэхээр дээр доорыг мэдэхгүй болой! Чи намайг танихгүй боловч би чамайг таньж буй. Чиний тэр Аянган дуут сүмийн Шигэмуни ч надаас айх бөгөөтөл таны зэргийн хорвойсон хоёрыг тордох газар юун! Та хоёр хамтаар ир, сэрээ үз!” хэмээн зууралдан байлдав. Энэ нэгэн зэрэг байлдсан нь үнэхээр хэцүү:
Буг эмийн сүр хүчин нэмэгдэж, Бичин вангийн омог сүлд бадармуй. Гахай багш гавьяа олохыг тэмцэж ган малтуурыг далайн чадлыг гаргамуй. Тэр нэгний гар бушуу, ган сэрээ эргүүлэхүйеэ жавар татмуй. Энэ хоёрын хилэн түргэн хурц зэвсэг буулгахуйяа салхи сөргөмүй. Эм шулам ганц холбон хурьцахыг хүсэвч эр тойн яахан үнэн шимийг барагдуулмуй! Арга билиг зохилдохгүйд атаатан болон тэмцэж ас асын эрдмийг гарган хорсол зангидаж байлдмуй. Билиг нь өнгийг тэжээн үргэлж цалгайрч, арга нь шимийг тэжээн үүр амарлимуй. Энэ хоёр этгээд эгнэгт үл зохицон, иртэн зэвсэг хэрэглэж дийлэн дийлэгдэхийг мөрийцмүй. Болд бэрээ айхавтар хэмээвэл малтуур нэн хэцүү, буг эмийн ган сэрээ хоёулыг тосч эсэргэлмүй. Хорт уулын доор гурвуулаа хилэгнэн байлдаж, Пипа агуйн гадна хоёр этгээд найр үл тавимуй. Нэгэн нь Тансагийг олсноо уран хажны учрал бүтвээс хэмээхүй хоёр нь хутагт тойныг дагаж үнэн номыг залж авчирсуу хэмээмүй. Харшилдан тэмцэж байлдахуйяа тэнгэр газар түрхрэн, харанхуй манан бүрхэж наран сарныг халхалжээ.
Гурвуулаа зууралдан байлдаж дийлэн дийлэгдэх ялгарахгүй байтал тэр шулам гэнэт дэвхлэн үсэрч мэдрэн буугаад Бичиний санамсаргүйд, түүнийг нь хатгасанд Бичин тэсгэлгүй өвдөж “Юутай гашуун!” хэмээгээд дарагдан буруулав. Гахай байдал муухайг үзээд мөн малтуурыг чирэн хойш эгсэнд тэр шулам мөн нэхэхгүй агуйд эгэж оров.
Бичин тэргүүнийг тэврэн: “Хэцүү! Хэцүү!” хэмээн гаслахад Гахай мөн хүрч ирээд асууруун: “Ах юунд чив хэмээн халамшин байлдах үед гэнэт гаслан дутаасан аж?” Бичин ганц толгойгоо тэвэрч: “Өвдмүй! өвдмүй!” хэмээхэд, Шороо өгүүлрүүн: “Лав чиний толгойн хуучин хөдөлсөн буй за?” Бичин дэвхцэн өгүүлрүүн: “Бус! Бус!” Гахай өгүүлрүүн: “Ахын шарх олсныг би олж үзсэнгүй бөлгөө, толгой өвдөх нь юун?” Бичин ёолж өгүүлрүүн: “Хэцүү! Хэцүү! Би түүн лүгээ хараахан байлдаж сэрээний эрдмийг нь дарахуйяа шулам гэнэт дэвхрэн үсэрч толгойг юугаар хатгасныг мэдэхгүй, тэсгэлгүй, өвдөх тул би сая дутааж ирсэн болой.” Гахай инээн өгүүлрүүн: “Ах ганц хүн үгүй газарт миний толгой болбоос давтан боловсруулсан болой хэмээн гайхуулмуй, юунд энэ нэгээхэн хатгахыг тэсэхгүй болов?” Бичин өгүүлрүүн: “Тийн болой миний бие бясалган бүтээж, өлзийт тоор, шидэт архи, Дилавын хувилгаан үрлийг хулгайлан идээд тэнгэрийн орныг түйвээсэн үеэс хурмаст тэнгэр бээр их хүчит чөтгөрийн ван, хорин найман одоор Ударасад орны гадна аваачуулж, илд сүх, сэрээ сэлэм, бялуу шийдэм цахилгаан зэргийг хэрэглэж, бас Дилавын найман хөллийн зууханд дөчин есөн хоног шатаасан боловч миний толгой гэмтсэнгүй болой. Энэ өдөр энэ эмийн хэрэглэсэн нь ямар зэвсгийг мэдэхгүй, өвгөн Сүний толгойг шархдуулав!” Шороо өгүүлрүүн: “Чи гараа ав, би үзсүгэй, хэгзэрсэн болов уу?” Бичин өгүүлрүүн: “Хэгзэрсэнгүй! хэгзэрсэнгүй!” Гахайн өгүүлрүүн: “Би охин улсад одож наах эм олж нааж өгсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Хавдаж хэгзэрсэн бээр үгүй, ямар эм наамуй?” Гахай өгүүлрүүн: “Миний сараас олсон, шалтгаанаас болсон өвчин цөм арилав, чи харин яагаад бас шоргоолжин хатигтай болов.” Шороо өгүүлрүүн: “Бага ах бүү шогло, өдгөө их ах шархтсаны дээр тэнгэр мөн орой болов, багшийн амин хааш болсныг мөн мэдэхгүй, өдгөө яаваас сайн?”
Бичин ёолж өгүүлрүүн: “Багшид гай үгүй. Би зөгий хувилан дотор орж үзвээс тэр эхнэр цэцэгт тагтын дээр сууж баймуй, удсангүй хоёр охиноор махтай ариун хоёр зүйлийн боорцог авчруулаад, бас хоёр охиноор багшийг түшин авчирч цочсоныг дарах цав идүүлсүгэй хэмээж бас юуныг номын нөхөр болгосугай хэмээхэд, багш анханд түүн лүгээ үг хэлэлцэхгүй боорцгийг ч идэхгүй байсан бөлгөө, хойно түүний уран хоншоор сайхан үгэнд юу бодсоныг мэдэхгүй, даруй ам нээж ариуныг нь идсүгэй хэмээв. Тэр шулам нэгэн ариун боорцогоо хагалж багшид барьсанд, багш мөн нэгэн махтай боорцгийг түүнд бүхлээр өгөв. Эхнэр өгүүлрүүн: “Чи юунд хагалж өгөхгүй буй” хэмээсэнд, багшийн өгүүлсэн нь: “Гэрээс гарсан хүн аймшиггүй улаан идээг үл хөндмүй” хэмээв. Тэр эхнэр бас өгүүлсэн нь: “Улаан идээг үл хөндөх бөгөөтөл юунд тэр өдөр үр тогтоогч голд усан боорцог идэн өдгөө бас буурцагтай боорцогт дурлав?” хэмээсэнд, багш түүний үгийг эндүү сонсож хариу өгүүлсэн нь: “Усан гүн болбоос онгоц явах түргэн, элснээ годорвоос морь явахад удаан” хэмээв. Би цонхон дээрээс сонсоод багшийн сэтгэл самууржээ хэмээн даруй бие илэрч даруй шийдмээ гарган занчив, тэр мөн увидас гаргаж утаа үлээгээд: “Хааны дүүг хамгаалан авч” хэмээж ган сэрээ эргүүлэн өвгөн Сүн лүгээ байлдан гарч ирсэн бөлгөө.” Шороо сонсоод занан өгүүлрүүн: “Энэ муу шулам бас хаанаас манийг дагаж ирснийг мэдэхгүй, урьдах явдлыг цөм мэджээ.”
Гахай өгүүлрүүн: “Тийнхүү бөгөөс бид унтсугай хэмээх буюу? Харанхуй шөнө хар өдөр ямар хамаа буй, бид одож түүний үүдэнд өдөөн үймүүлж унтуулах ч үгүй, багшийг оролдуулах ч үгүй болгосугай.” Бичин өгүүлрүүн: “Толгой өвдмүй, одож чадахгүй.” Шороо өгүүлрүүн: “Манай багш болбоос санваарыг сахьсан үнэн хувраг тул магад сэтгэл үл самуурмуй. Жич бас номын ахын толгой өвдөх тул байлдах хэрэггүй. Энэ шөнө уулын нөмөрт орж сайтар амраад маргааш жич мэдсүгэй” хэмээж гурвуул морио уяад боодлоо дэрлэн уулын доор хоносныг түр өгүүлэхгүй.
Жич өгүүлэх нь, тэр шулам агуйд ороод хорт санаагаа хураан хурьцлын сэтгэл хөвөлзөн хүүхдийг дуудан: “Үүд хаалгыг бэхлэн дарагтун” хэмээгээд бас хоёр охин гаргаж сэргийлэн сахь, үүд дуугарваас даруй ирж мэдүүл хэмээв, нэгэнтээгүүр охидыг дуудан: “Хэвтэх гэрийг сайтар цэвэрлэ, зул асааж хүж шатаа, Тансагийг залж авчир, цэнгэлдсүгэй” хэмээж Тансагийг хойд гэрээс түшүүлэн авчраад шулам тэсгэлгүй гоо сайхан авирлаж Тансагийн гараас атган өгүүлрүүн: “Энгийн үгэнд: “Алт мөнгийг эрхэм хэмээх юун, амраглан цэнгэлдэхийн үнэ харин үлэмж” хэмээжээ. Бид хоёул нэгэн үе эр эм бололцон цэнгэлдэн наадахаар одсугай” хэмээв.
Тэр тойн шүдээ зууж дуун гарахгүй, одохгүй хэмээвэл мөн түүний хөнөөхөөс эмээн чичрэн дагжсаар дагаж хонохоор гэрт орж, хэлгий мэт жонон адил болоод юуг тэргүүн өргөж үзэх аж, нэнт тэр гэрийн дотор тавьсан ор, ширээ, хөшиг лавир, авдар хорго засал зэмсгийн зүйлийг огт харахгүй. Шулмын хэлсэн үүлэн борооны учир санааг мөн өчүүхэн ч сонсон орохгүй. Энэ тойн үнэхээр:
Нүдэнд самуун өнгийг үзэхгүй, чихэнд садар дууг сонсохгүй. Таж магнагийн танхилзуур гоог тоос шороогоор үзэж, алтан хасын ариун өнгийг үнс хог лугаа үлдмүй. Насад даяан самадийг бясалгаж, ямагт бодь мөрөөс үл ангижирмуй. Хаанаас хасыг хайрлан заарыг таалахыг ухнам, харин ганц үнэнийг бясалгаж чанарыг тэжээхийг мэдмүй. Буг эм дэнхэлзэн хөөрөөд хурьцлын сэтгэл хязгаарлашгүй, богд тойн биеийг барьж санваар шагшабадыг хамгаалмуй. Нэгэн нь эерүү зөөлнөөр татахуйяа нөгөө нь эрс зөрүүдээр ухармуй. Нэгэн нь уран хачны хөнжлийг дэлгэн нисванисын хүсэл эвлэхүйеэ нөгөө нь номт дээлээ чангалж хатуу сэтгэл барьмуй. Нэгэн нь өвчүү нийлүүлэн хөл солилцож гарьд галбинга авцалдсугай хэмээвэл нөгөө нь буруу хандаж буцаан бодидармад учирсугай хэмээмүй. Шулам эхнэр чармай нүцгэлж сэртэгнэн өдөхүйеэ санваартан Тансаг энгэрээ хумхиж ариухан цогцсоо нуумуй. Эм шулам өгүүлрүүн: “Урт дэр тавьж уудам хөнжил базаасан атал ухарч татгалзах юун?” Тойн Тансаг өчрүүн: “Толгой тоймог тоорцог өөр чам лугаа хэрхэн тэнцмүй?” Тэр нь өгүүлрүүн: “Би дуртайяа анх төрийн Льюй Цай Цүн болохыг хүсмүй.” Энэ нь өгүүлрүүн: “Ядуу тойн би Ювэ Азар бус.” Шулам эм өгүүлрүүн: “Миний зүс Си Шигээс бас гоо.” Тансаг өгүүлрүүн: “Ювэ ван түүний учир ордод булагджээ.” Эм шулам өгүүлрүүн “Хааны дүү чи “Цэцгийн доор үхвээс чөтгөр боловч сайхан” хэмээгчийг мэдэх буй за?” Тансаг өгүүлрүүн: “Миний үнэн дусал хэмээгч эрхэм эрдэнэ, оогийн хохимой чамд өгч яахан болмуй...”
Хоёул ийн тийн хэлэцсээр шөнийн гүн болтол маргалдаж Тансагийн сэтгэл огт самуурахгүйд шулам эхнэр бас татаж оролдон тавихгүй, Тансаг ганц төв сууж түүний санаагаар үл болмуй. Шөнө дөл болтол оролдсоор шулам гэнэт их л хилэгнэн: “Хүүхэд дээс авчир!” хэмээж хөөрхий тэр элгэн хайрт хүнээ атиртал хүлүүлж саравчны доор аваачиж тавиулаад, мөнгөн зулаа унтрааж тус тус унтан амарсныг үл өгүүлмүй.
Тэндээс удсангүй тахиа гурвантаа дуугарч тэнгэр гэгээрсэнд уулын дор хоносон Бичин багш эвшээн босч өгүүлрүүн: “Миний толгой өчигдөр нэгэн зэрэг өвдөөд өдгөө өвдөхгүй болов, баахан загатнамуй.” Гахай өгүүлрүүн: “Загатнах болбоос дахин нэг хатгалбаас ямар?” Бичин нулимж: “Шалиг! Шалиг!” хэмээхэд, Гахай бас инээж өгүүлрүүн: “Шалиг! шалиг! шалиг! Манай багш харин энэ шөнө шалав! Шалав! Шалав!” Шороо өгүүлрүүн: “Сул үг хэрэггүй, тэнгэр гэгээрэв, эртхэн одож шулмыг дарваас болмуй.” Бичин: “Дүү чи энд морио харж суугтун, Гахай над лугаа одсугай” хэмээв.
Тэр манхуу хар торгон намжраа засч сүр тавин Бичинийг даган зэвсгээ аваад ууланд гарч шууд чулуун далавчийн ойр хүрсэн хойно, Бичин өгүүлрүүн: “Чи энд түр хүлээж байгтун, энэ шөнө шулам багшийг хөнөөсөн магадгүй, би одож урьдаар мэдээ авсугай, хэрвээ багш түүнд хууртагдаад өрлөг шимээ алдаж, үнэн номыг үл тэвчсэн болбол бүгдээр тархалзан одсугай. Хэрвээ санаа сэтгэл нь самуураад самади шагшабадаа алдсангүй болбоос чармайн оролдож шулмыг дараад багшаа авран баруунш явсугай.” Гахай өгүүлрүүн: “Чи үнэхээр тэнэг болой, энгийн үгэнд “Хав, мууранд хатсан загасыг дэрлүүлж болох буюу?” хэмээжээ. Хэдий хэмлэн эс дуусавч гэнэт маажих буй за!” хэмээхэд, Бичин: “Дэмий битгий донгод би одож үзсүгэй” хэмээжээ.
Бичин, чулуун далавчийг тойрон Гахайгаас салж, мөн нэгэн зөгий хувилан нисч үүдэн дотор орж үзвээс хоёр охин ташуур модыг дэрлээд хараахан унтаж баймуй. Цэцэгт тагтанд хүрч үзвээс тэр шулам шөнө дөл болтол оролдоод цөм цөхөж ядран тэнгэр гэгээрснийг мөн мэдэхгүй унтсаар ажгуу. Бичин бас ниссээр хойд хүрээнд орж Тансагийн дууг сонсож эрэн ажваас үзвээс гэрийн саравчин доор хүлж тавьсан ажгуу. Бичин сэмээр одож багшийн толгой дээр суун: “Багш!” хэмээн дуудсанд, Тансаг түүний дууг таниад: “Бичин, чи ирсэн буюу? Хурдан намайг авар!” хэмээхэд, Бичин өгүүлрүүн: “Шөнийн сайхан явдал яав?” Тансаг шүд зуун өгүүлрүүн: “Би үхэвч тийм хэргээр үл явмуй!” Бичин өгүүлрүүн: “Өчигдөр би түүнийг үзвээс чамайг элэгсэн хайрлах сэтгэл байх мэт бөлгөө, энэ өдөр юунд ийнхүү зовмуй?” Тансаг өгүүлрүүн: “Тэр над лугаа шөнө дөл болтол зууралдаад, би хувцас тайлсангүй хонох оронд хавьтсангүйд уурлаж сая намайг ийнхүү хүлсэн нь болой. Чи хэрхвээс намайг аргалж гаргагтун, ном залахаар одсугай!” хэмээн хэлэлцэн байтал, тэр шулам хэдийн сэрээд хэдий баахан хардах боловч бас ээнэгших сэтгэл байх тул, бие урвах зуур түүнийг “Ном залахаар одсугай!” хэмээх үгийг сонсоод, ширээнээс бууж ирэн дээр дуугаар: “Энэ сайхан эр эмийг болохгүй бас ямар ном залахаар одсугай” хэмээмүй.
Бичин яаран багшийн дэргэдээс салж, жигүүр дэлгэн нисч гараад, уг биеэр болж: “Гахай” хэмээн дуудсанд манхуу далавчийг тойрон ирж асууруун: “Сайх үгээр болов уу?” Бичин инээн өгүүлрүүн: “Үгүй! үгүй! Багш түүнд тарчлагдаад бас дагасангүйд шулам хилэгнэн хүлээд тэнд тавьж амуй, надад хараахан урьдын учрыг хэлж байтал тэр шулам сэрсэнд би яаран гарч ирэв.” Гахай өгүүлрүүн: “Багш юу болов?” Бичин өгүүлрүүн: “Тэр ганц дээл тайлсангүй, оронд хавьтсангүй хэмээн хэлж амжмуй” хэмээхэд Гахай инээж өгүүлрүүн: “Сайн! сайн! Үнэхээр бат сахилт хувраг ажгуу, бид гаргахаар одсугай!” хэмээв.
Тэр манхуу ялган хэлэлцэхгүй, малтуур далайн хаалгыг хүч чинээгээр нэгэнтээ цохьсонд, хаалга нь нураад тачигнан дуугарсанд, тэр тогшуур модыг дэрлэн унтаж агсан охид цочин сэрээд хоёрдугаар хаалганд гүйлдэн хүрч: “Үүд нээ! Өмнө хаалгыг өчигдрийн тэр хоёр муухай хүн занчиж эвдэв!” хэмээв. Тэндээс шулам эм гэрээс гарч ирвээс хэдэн охид гүйлдэн ирж мэдүүлрүүн: “Эмээ өчигдрийн тэр хоёр муухай эр бас ирж өмнө хаалгыг нэгэнтээ занчиж эвдэв.” Тэр шулам охидоор халуун ус авчруулан угаан самнаж: “Хааны дүүг хойд гэрт дамнаж аваачин хорьж байгтун, би гарч байлдсугай!” хэмээгээд, сэрээ барин гарч хараан өгүүлрүүн: “Садаа сармагчин, зэрлэг бодон та нар даанч ёсгүй, юунд аймшиггүй миний хаалгыг эвдмүй!” Гахай мөн хараан өгүүлрүүн: “Энэ муу садар эм чи! Миний багшийг хорьж сэртэнтэх бөгөөд бас энэ мэт гүжирлэмүй! Багшийг түргэн гаргаж өг, чиний амийг уучилсугай! Аймшиггүй дахин “Үгүй” хэмээх үг хэлбээс өвгөн би уулыг чинь цөм малтуурдан нураамуй!” Тэр шулам юуг ялган хэлэлцэх аж. Сүр тавин сурсан зангаар ам хамраас гал утаа үлээн Гахайн зүг сэрээдэн ирэхэд, Гахай хэлбийн зайлж малтуур далайн угтан дийлдэв. Бичин шийдэм өргөн өмөглөн байлдахад тэр шулам увидас гарган мөн хэдэн гартай болсныг мэдэхгүй, зүүн барууныг халхлан тосч байлдмуй. Зөрөлдөн байлдаж хэдэн удаа болсон хойно бас ямар зэвсэг хэрэглэснийг мэдсэнгүй, хэдийнээ Гахайн хоншоорыг нэгэнтээ хатгасанд тэр манхуу өвдөхөд тэсэхгүй хоншоороо тэврэн хойш буруулав. Бичин ч мөн энэ шулмаас халирах тул хоосон занчин хойш дутаав. Тэр шулам дийлэн эгээд хүүхдүүдээр өмнө хаалгыг дахин бариулсныг өгүүлэхгүй.
Өгүүлэх нь, Шороо хараахан уулан доор морио идүүлж байтал гэнэт Гахайн цархирах дуун гарахад яаран дээш харан үзвээс номын ах Гахай нь хоншоороо барьсаар ирмүй. Шороо тосч асууруун: “Ах яав?” Манхуу ёолсоор өгүүлрүүн: “Хэцүү! хэцүү! Өвднөм! өвднөм!” хэмээн хэлж барахын урьд Бичин бас хүрч ирээд инээн өгүүлрүүн: “Манхуу чи өчигдөр сая намайг шоргоолжин хатиг гарав хэмээн тавлаж байсан бөлгөө, энэ өдөр чи харин аман боом олжээ!” хэмээсэнд Гахай ёолон өгүүлрүүн: “Тэсэхгүй! тэсэхгүй! Өвдөх нь даанч хэцүү!” хэмээмүй.
Гурвуул хараахан цухалдан атал нэгэн эмгэн сагс тохойлон өмнө уулын замаар ирэхийг үзээд Шороо өгүүлрүүн: “Aх, би одож тэр эмгэнээс эм шулам ямар болох, жич түүний ямар зэвсгээр ийнхүү хүнийг хорлохыг асууж ирсүгэй.” Бичин: “Чи байз, өвгөн Сүн би одож асуусугай” хэмээгээд дээш гарваас тэр эмгэний тэргүүн дээр бэлгэт үүл эвхрэлдэн, хүжсийн уур биеийг тойрсныг үзээд даруй таньж дуудан өгүүлрүүн: “Дүү нараа, тэр эмгэн хэмээгч нь Хомсим бодисадва болой. Та нар хурдан ирж мөргөхгүй буюу!” Гахай яаран өвдөхийг хүлцэн мөргөв. Шороо морийг хөтөлсөөр сөгдөн Бичин алгаа хамтатган наманчилж: “Хамаг амьтныг харанхуй зовлонгоос аврагч ихэд нигүүлсэхүй Хомсим бодисадва” хэмээн залбиран мөргөв.
Бодисадва тэдний таньсныг үзээд даруй бэлгэт үүлийг гишгэн огторгуйд тэндээ үнэн бие илрэв. Үзвээс мөн урьд удаагийн илэрсэн дүр ажгуу. Бичин дагаж бас огторгуйд гараад мөргөж айлтгаруун: “Шавь нар бид багшаа гаргахын учир оролдсоор бодисадвагийн залран ирэхийг мэдсэнгүй угтахыг алдсан ослыг уучилмуу! Өдгөө хараахан шуламсын зовлонд тохиолдоод дарж чадахгүй баймуй, бодисадва нигүүлсэн аврах ажааму!” Бодисадва өгүүлрүүн: “Энэ шулам их л хэцүү болой, түүний тэр сэрээ хэмээгч даруй түүний өмнө хоёр хөл нь болой. Хүнийг хатган шархдуулдаг нь түүний “Эргүү хор” хэмээх сүүл дээрх гох болой, уг бие нь хилэнцэт хорхой бөлгөө, урьд аянгын дуут сүмд бурхны ном номлохыг сонсоход, Шигэмуни үзээд санамсаргүй гараар нэгэнтээ түлхэхэд, энэ амьтан мөн сүүлээрээ Шигэмунигийн зүүн гарын дунд хурууг хатгаснаа бурхан ч тэсгэлгүй эвэршээсэн болой. Тийнхүү очирваань нараар бариулсугай хэмээхүйеэ харин энд дутаан иржээ, чи Тансагийг гаргасугай хэмээвээс нэгэн хүнийг залбаас сая болмуй, би ч үүнд халиран үл чадмуй.” Бичин дахин давтан мөргөж өгүүлрүүн: “Үүнийг хэн дарж чадахыг бодисадва заан соёрхох ажааму, шавь би одож түүнийг залсугай.” Бодисадва: “Чи тэнгэрийн зүүн хаалганы доторх гэгээн гэрэлт ордонд хүрч, Гирдиг одыг залбаас сая дарангуйлан чадмуй” хэмээгээд, нэгэн зурвас алтан гэрэл болон өмнөд далайд өөд болов.
Төд Бичин үүлийг даран бууж ирээд Гахай, Шороотонд өгүүлрүүн: “Дүү нар зовох хэрэггүй, багшийг аврах одон буй.” Шороо асууруун: “Аврах ордон нь аль буй?” Бичин өгүүлрүүн: “Бодисадва сая намайг Гирдиг одыг зал хэмээн захьсан болой, өвгөн Сүн би одмуй.” хэмээсэнд, Гахай хоншоороо битүүлж ёолон өгүүлрүүн: “Ах минь! Түүнээс өвдөхийг зогсоох эм нэг баахан олж ир!” Бичин инээн өгүүлрүүн: “Эм хэрэггүй, мөн өчигдрийн миний адил, нэг шөнө өвдөх хэрэг буй за” хэмээхэд, Шороо: “Олон хэлэлцэх хэрэггүй, эртхэн одогтун” хэмээв.
Бичин багш тонгорцоглон агшин зуур тэнгэрийн зүүн хаалганаа хүрэхүйеэ, үлэмж Махаранз угтан ёсолж: “Их богд хааш морилмуй?” хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Тансагийг хамгаалан баруунш ном залан одох зам гудас шулмаар хашигдсан учир гэгээн гэрэлт ордны Гирдиг одон эзэнд золгосугай хэмээмүй.” Ийн атал Доу, Жан, Шин, Дэнгийн зэрэг дөрвөн их өрлөг мөн урагш ирж, хааш одмуй хэмээн асуусанд, Бичин өгүүлрүүн: “Гирдиг одон эзнийг залж шулмыг дарж багшийг аварсугай хэмээмүй.” Дөрвөн өрлөг өгүүлрүүн: “Одон эзэн энэ өглөө хурмастын зарлигаар од байцаах мандалд бүртгэн үзэн оджээ.” Бичин асууруун: “Энэ үг үнэн буюу?” Шин өрлөг өгүүлрүүн: “Бага жанжин нар Ударасад ордноос түүн лүгээ хамт буусан бөлгөө, ямар аймшиггүй худал өгүүлмүй?” Доу өрлөг өгүүлрүүн: “Өдгөө нэлээд удаж буй, мөн эгэж ирэх болов, богдтон урьдаар гэгээн гэрэлт ордонд одвоос одож үзэгтүн, хэрвээ буцаагүй болбоос дахин одон байцаах мандалд одвоос болмуй.” Бичин баярлан тэндээс дотогш орон гэгээн гэрэлт ордны үүдэнд ирвээс үнэхээр хүнгүй тул, эргэн гарч иртэл, үзвээс тэртээ этгээдээс нэгэн багийн цэрэг ирэх бөгөөд хойноос одон эзэн ирмүй. Тэр одон эзэн ёсны дээл өмсөж, бүх бие алтан өнгөөр гялбалзмуй. Үзвээс:
Тэргүүнд тавьсан титэм малгайнаас алтан гэрэл цацран, төрийн цуглааны цомцог хас гялаан өнгө солонгормуй. Хас чимэг хангир жингэр дуугарч, алтан хангилзуур гангир жингэр сонстмуй. Торгон шүхэр эргүүлэн Гирдиг одон залраад, тэнгэрийн хүжис тунарч тэнхим дүүрэн анхилмуй:
Өмнө багийн цэрэг Бичиний гэгээн гэрэлт ордны гадна зогсож байхыг үзээд яаран хойш мэдүүлрүүн: “Одон эзэн, Сүн их богд энд баймуй.” Одон эзэн үүлийг зогсоон ёслолын дээлээ засан жагсаалаас гарч урагш давшиж гар өргөн ёслоод: “Их богд хаанаас ирэв?” хэмээхэд Бичин өгүүлрүүн: “Багшийн зовлонг тайлсугай хэмээн тухайлан чамайг зүдээн залран ирэв.” Гирдиг өгүүлрүүн: “Хаана ямар зовлон тохиолдсон буй?” Бичин өгүүлрүүн: “Кис Курган улсын хорт уулын Пипа агуйд буй.” Одон эзэн өгүүлрүүн: “Тэр уулын агуйд ямар шулам аж өчүүхэн эрхтнийг дуудмуй?” Бичин өгүүлрүүн: “Хомсим бодисадва сая илрэн бууж захьсан нь, энэ хэмээгч хилэнцэт хорхойн шулам ганц чи болбоос дарангуйлж чадмуй хэмээснээр тийнхүү ирсэн болой.” Одон эзэн өгүүлрүүн: “Чухам хурмастад айлтгаж одох бөлгөө, ганц их богдтон нэгэнтээ залран ирсэн бөгөөд бас Хомсим бодисадва заан гаргасан тул удваас саад болох болжээ, өчүүхэн эрхтэн мөн цай барьж аймшиггүй удаахгүй, даруй хамт одож шулмыг даран буцаж ирээд зарлигийг эгүүлбээс барав.”
Бичин багш даруй Гирдиг одны хамт тэнгэрийн зүүн хаалгыг гарч, шууд Кис Курган улсын хязгаарт хүрээд, алсаас хорт уулыг заан: “Энэ уул даруй мөн” хэмээсэнд одон эзэн үүлийг даран хоёул чулуун далавчийн өмнө уулын бэлд буусан хойно Шороо үзээд Гахайг дуудан: “Бага ах босогтун, их ах одон эзнийг залж ирэв” хэмээсэнд, тэр манхуу бас уруулаа битүүлсээр өгүүлрүүн: “Биед өвчин бүхийн тул ёсыг гүйцэтгэн чадахгүй, ялыг уучил!” Одон эзэн өгүүлрүүн: “Таны бясалгал хийх хүмүүст бас ямар өвчин баймуй?” Гахай өгүүлрүүн: “Өглөө тэр шулам лугаа байлдаад бие уруулаа нэгэнтээ хатгагдсанаар өдгөө болтол өвдмүй.” Одон эзэн өгүүлрүүн: “Чи нааш ир чамд засч өгсүгэй” хэмээхэд тэр манхуу гараа тавиад ёолсоор ирж өгүүлрүүн: “Эрхбиш намайг сайн болгомуу, эдгэрсэн хойно жич тал өгсүгэй.” Одон эзэн гараар түүний хоншоорыг нэгэнтээ илээд, тарнидан үлээсэнд даруй өвдөхгүй болов. Манхуу инээж: “Гайхалтай! гайхалтай!” хэмээхэд Бичин инээн өгүүлрүүн: “Одон эзэн таныг зовоосугай, миний толгойг бас нэгэнтээ илж өгмүй.” Гирдиг өгүүлрүүн: “Чи хордсонгүй бөгөөтөл илж яамуй?” Бичин: “Өчигдөр би бас хатгагдсан бөлгөө, нэг шөнө өнгөрөөгөөд өдгөө өвдөхгүй болсон боловч бас баахан загатнамуй, бороо бүрхэг болбоос мөн хөдлөх болуузай, чамайг зовоож даруй засуулсугай” хэмээсэнд, Гирдиг үнэхээр мөн түүний мөн түүний толгойг илэн тарнидсанд загатнахгүй болов. Гахай занан: “Ах, дахин тэр хуялчийг дайлан одсугай!” хэмээсэнд, Гирдиг өгүүлрүүн: “Мөн, мөн, тах хоёул одож өдөөн гарга, би түүнийг барьсугай.”
Бичин, Гахай хоёул давхилан одож чулуун далдавчийн ард ороод манхуу хараан бархирч, малтуур далайн малтуурдаж хаалган дээр овоолсон чулууг зайлуулаад дотор үүдэнд хүрч бас нэгэнтээ малтуурдан хаалгыг хэмхэлсэнд, хаалганд байсан бага шулам сандарч нисэх мэт орж мэдүүлрүүн: “Эмээ! Тэр хоёр муухай эр дахин ирээд хоёрдугаар хаалгыг бас занчин эвдэв!” Тэр тухай эм шулам хараахан Тансагийг дийлэн авчраад будаа идүүлж ажгуу. Хоёрдугаар үүдийг эвдэв хэмээхийг сонсож даруй цэцэгт тагтнаас үсрэн гараад, сэрээ далайн Гахайг сэрээдэн ирэв. Гахай малтуур далайн угтан ортол, Бичин хажуугаас мөн шийдэм эргүүлэн занчин оров, тэр шулам урьдын ёсоор мөн хавьтан хүрч хорлосугай хэмээтэл, Бичин, Гахайтан аргыг мэдээд хойш дутаав. Тэр шулам хойноос хөөж чулуун далдавчийг тойрон гарч ирэхэд, Бичин яаран: “Гирдиг хаа буй?” хэмээн дуудав, тэр Гирдиг одон хэдийнээ уг биеэр болоод бэл дээр зогсчээ. Үзвээс харин хос цэцэнт эрэгчин тахиа ажгуу, тэр тахиа хүзүүгээ сунгахад зургаа долоон тохой өндөр буй, Гирдиг төд шулмын зүг нэгэнтээ дуугарсанд тэр шулам даруй уг бие илрэн Пипагийн чинээ нэгэн хилэнцэт хорхой болжээ. Гирдиг одон дахин нэгэнтээ дуугарсанд тэр шулмын хамаг бие нь сулдайн зөөлрөөд уулан доор чичирсээр үхжээ. Шүлэглэсэн шүлгийн үг:
Оройн цэцэг нь улаан залаа мэт, урт хумс нь хурц гох адил. Эрэлхэг сүрт таван эрдэм төгсөж эрэмгий дуунд гурван дохио бүрджээ. Язгуураас алдар цолт тэнгэрийн одны бүрэлбаа тул энгийн тахианы адил юунд улалзан овоохойд дуугармуй. Хорт хорхой хугасран хүний ёсыг бүтээвээс, хоромхон зуур бясалгал эвдрэн уг бие илрэв.
Гахай урагш хүрч хөлөөрөө тэр хилэнцэт хорхойн цээжин биеийг гишгэж: “Нүгэлт адгуус, энэ удаа гохт сүүлээ хэрэглэхгүй юу!” хэмээхэд тэр шулам огт хөдлөхгүй болжээ. Манхуу малтуураар шавар болтол занчин орхив. Гирдиг одон алтан гэрэл гишгэн үүл хөлөглөж хойш эгэн одоход Бичин, Гахай, Шороотон тэнгэр өөд хандан хойноос нь ёсолж: “Таныг их л зүдээв! Хойч өдөр чиний хүч бараатан тал өгсүгэй” хэмээв.
Гурвуул ёслон барж, боодол, морио аваад агуйд орж үзвээс, тэдгээр эмс охид замыг хавчин сөгдөж мөргөн: “Багш нараа, бид цөм шулам бус, Кис Курган улсын хүн болой, урагш адар энэ шулам манийг хийсгэн авчирсан бөлгөө, таны багш өдгөө хойд гэрт уйлан сууж буй.” Бичин лавлан үзвээс үнэхээр цөм шулам бус тул, даруй хойд гэрт орж “Багш!” хэмээн дуудсанд Тансаг шавь нарын бүгдээр ирснийг үзээд тэсгэлгүй баярлан өгүүлрүүн: “Шавь нарыг их л зүдээв, тэр эм шулам яагаав?” Гахай өгүүлрүүн: “Тэр шулмын харин бие хилэнцэт эм хорхой ажгуу. Завшаанаар Хомсим бодисадва соёрхон айлдаж, номын ах тэнгэрийн ордноос Гирдиг одыг залж авчраад сая шулмыг дарж, би түүнийг шавар болтол занчив. Тийнхүү сая энд орж ирэн багшид олж учирсан нь энэ болой” хэмээсэнд, Тансаг баярлан талархаж барахгүй. Тэндээс багш шавь нар агуйгаас ариун будаа, гурил олж нэгэн цагийн цав идээд тэдгээр охин эмсийг уулнаас буулгаж, эгэх замыг заан өгч явуулаад, шулмын агуйг галдаж гэр барааг дуусган шатаав. Тэд Тансагийг моринд мордуулж их замаар баруунш оров. Үнэр: улаан тоосноос ангижирч, өнгийн хүлээсийг таслан, эд ашгийг тэвчиж бодь мөрийг засмуй. Чухам хэзээ сая үнэнийг бүтээхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.
Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.