Нэгэн цагт “Монголын хаан” байсан Н.Энхбаярыг АТГ-ынхан аавынх нь гэрээс “аавынд” хийчихлээ. Хуулийн өмнө хүн бүр ижил, тэгш эрхтэй гэдгийг хүмүүст ойлгуулж байх шиг байна. Түүнийг хууль, шүүхийнхэн “аавынд” хийсэн гэдэг тайлбар олон хүнд айдас төрүүллээ.

О.Цолмон хатагтай нөхрөө хуулийн дагуу мэдүүлэг өгөөгүй, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зэрэг АТГ-ынхны мэдээлэлд ч тайлбар хийсэн юм. Энэ асуудлын талаар “Сүүлийн гурван жил шалгаж байна. Одоогийн Оюутолгой, Тавантолгойн булхай луйврыг захаас нь шалгавал юу гарч ирэх бол. Манай хүн хуулийнхан дуудахад ажлаа хийж байна гэж үнэмшээд өнгөрсөн жил хоёр удаа мэдүүлэг өгсөн. Тайлбар ч өгсөн. Харин сүүлд хилс хэрэг болж хувирсан. Миний элэнц өвөө хилс хэргээр амиа алдсан. Н.Энхбаярыг шалгаж байгаа загвар нь яг тийм хэлмэгдүүлэлт шиг байсан. Тэгээд хилс хэрэг юм бол өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзсэн. Долдугаар сарын 1-тэй холбоотой баримт материалаас гадна сонгуулийн луйвар хийсэн баримтыг дэлгэнэ гэсэн. Тэгээд л ийм юм боллоо” хэмээн байр сууриа илэрхийлжээ. О.Цолмонгийн тайлбараас үзвэл Н.Энхбаяр эхний удаад хуулийн байгууллагын ажлыг хүндэтгэж мэдүүлэг өгдөг байж. Эцэстээ мөрдөн шалгах ажиллагаа нь зорилготой болоод ирэнгүүт захиалгат ажиллагаа хэмээн ойлгож очихоо байжээ. Ингээд ирэхгүй байна гэдэг үндэслэлээр албадан баривчлах ажиллагааны “объект” болжээ. Харин АТГ-ынхан үүнээс өөрт тайлбар хийж нэг ч удаа ирээгүй тухай яриад байгаа. Хэн нь үнэн худал ярьж байгааг цаг хугацаа харуулах биз.
Мөн О.Цолмон нэгэн зүйлийг онцолж, ардчилсан Ерөнхийлөгчийн үед хэлмэгдүүлэлт эхэлж байгааг анхааруулан сануулсан байна. Энэ талаар “Нэг л юманд харамсаж байна. Хэлмэгдүүлэлт дахин эхэлж байгаад харамсаж байна. Хэлмэгдүүлэлт махны машин шиг зогсохоо мэдэхгүй эргэдэг. Нэг л эргэсэн бол зогсохгүй бүгдийг нь чирдэг. Одоо манай нөхрөөс гадна олон хүнийг дагуулна. Дагуулаад ч эхэлчихлээ. Анх удаа ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон байж ахиад хэлмэгдэж байгаад харамсаж байна. Хэлмэгдүүлэлт хэзээ ч дуусдаггүй. Надад уйлах ч зав өгөхгүй байна. Энхбаярыг өмөөрөх гэсэндээ биш. Ийм хэлмэгдүүлэлт Монголд байж болохгүй. Хэлмэгдүүлэлт эхлүүлсэн хүн өөрсдөө тэр зүйлдээ ороогддог” хэмээн тайлбарлажээ. Түүний хэлсэн энэ үгнээс хэд хэдэн зүйл анхаарал татлаа. “Хэлмэгдүүлэлт махны машин шиг зогсохоо мэдэхгүй эргэдэг. Нэг л эргэсэн бол зогсохгүй бүгдийг нь чирдэг. Одоо манай нөхрөөс гадна олон хүнийг дагуулна. Дагуулаад ч эхэлчихлээ” гэсэн хэсэгээс харвал түүний нөхрийн хэрэгтэй холбогдуулан зарим хүмүүсийг “чирээд” эхэлжээ.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамт түүний бие хамгаалагчаас гадна 3-4 хүнийг хорьсон гэж МАХН-ынхан мэдэгдээд байгааг хэлсэн бололтой. Харин “олон хүнийг дагуулна” гэдэгт цаашид хэн хэнийг баривчлахыг хэлээд байна вэ? Үүнд О.Цолмонгоос гадна хуулийн байгууллага, цаг хугацааны хамт хариулт өгөх нь ойлгомжтой юм. Мөн “Хэлмэгдүүлэлт эхлүүлсэн хүн өөрсдөө тэр зүйлдээ ороогддог” гэсэн О.Цолмонгийн үг хэнд зориулагдсан, ямархуу өнгө аястай болохыг уншигч таны анхааралд үлдээе. Юутай ч гэсэн Н.Энхбаяр гэдэг хүнийг цагдан хорсон нь ихээхэн дуулиан тарилаа. Нэр алдартай хүнийг хорих болгонд ийм л дуулиан гарч байсан. Анх казиногийн хэргээр УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулгаас эхлээд Л.Гүндалайг авлигалаар, Э.Бат-Үүлийг Зоригийн хэрэгээр хорьж байсан удаатай. Д.Энхбаатар, Д.Баттулга хоёрыг хүчээр ялалсан бол Л.Гүндалай, Э.Бат-Үүл хэрэгээ хүлээлгүй олны анхааралд өртөж “ардын баатар” болоод л “аавынх”-аас гараад ирсэн. Харин Н.Энхбаярыг ямар зам хүлээж байгаа бол доо.