Төв аймагт саатуулагдаж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын Баянзүрх дүүрэгт орших “Монголросцветмет” орчимд байрлах албан байрыг өнөөдөр АТГ-ынхан хууль бусаар нэгжсэн.

Төв аймагт саатуулагдаж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын Баянзүрх дүүрэгт орших “Монголросцветмет” орчимд байрлах албан байрыг өнөөдөр АТГ-ынхан хууль бусаар нэгжсэн. Тэд албан байрыг ямар ч хариуцах хүнгүй, Н.Энхбаярын өмгөөлөгчийг ч дуудаж мэдэгдэлгүй нэгжиж байгаа нь хууль бус бөгөөд дараа ямар нэг байдлаар зориудаар буруутгах, гэмт хэрэгт холбогдуулах, баримт олсон мэтээр гүтгэж магадгүй хэмээн үзэж байгаагаа МАХН-аас илэрхийлсэн.
Харин 17.00 цагийн үед Н.Энхбаярын өмгөөлөгч Н.Ганбаатар, Н.Ширнэн, О.Баасанхүү нарыг дуудан, хөндлөнгийн гэрчтэй нэгжлэгээ эхлэхээр болсон. Гэвч нэгжлэгийг одоо хүртэл эхлээгүй байгаа аж. Учир нь МАХН-ын дарга Н.Энхбаярын ажлын байр байрладаг тус барилга нь “Скон” гэх компанийн өмч тул “Скон” компаниас зөвшөөрөл авч, төлөөллийг байлцуулан нэгжлэг хийх шаардлагатай болжээ. Харин “Скон” компаниас ямар нэгэн хариу ирээгүй төлөөлөл байхгүй учир нэгжлэг эхлэх боломжгүй байгаа аж.
Б.Чимэг