

МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллахыг шаардаж, хорихыг эсэргүүцсэн иргэд олон байгаа бөгөөд тэдэнтэй монголын зохиолчид хамтарсан гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Тэд хамтран мэдэгдэл гаргаж ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд болон бусад төрийн өндөрлөгүүдэд хаягласан юм байна. Мэдэгдэлд ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг зүй бусаар баривчилж, хүний эрхэнд халдсан хийгээд хорьж байгаа явдлыг эсэргүүцэж байгааг дурджээ.
"Н.Энхбаярыг батлан даалтад гаргах хөдөлгөөн" байгуулагдаад хоёр дахь өдрөө Д.Сүхбаатарын талбайд ажиллаж байгаа бөгөөд иргэдээс гарын үсэг цуглуулсаар байна. Өчигдөр тэд 2500 гаруй хүнээс гарын үсэг авч чадсан бол өнөөдөр мөн төдий хэмжээний хүнээс гарын үсэг авна гэж үзэж байгаа аж. Албан бус мэдээллээр Н.Энхбаярыг баривчлагдсанаас хойш МАХН-д 4500 гаруй хүн шинээр гишүүн болж элсээд байгаа гэнэ.