
УБЕГ-ыг хариуцах болсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тус газарт бүтцийн зохион байгуулалт хийжээ. Он гарахаас өмнө УБЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Мөнхбаатар сонгуульд нэр дэвшихээр ажлаа өгсөн. Тиймээс хоёр орлогч даргын нэг байсан Энхбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон аж. Гэтэл Ц.Нямдорж ажлаа авмагцаа энэ орон тоон дээр Л.Амарсанааг шууд тавиад, дараа нь төрийн албан хаагчийн шалгаруулалт явуулсан гэлээ. Н.Алтанхуяг “Төрийн албан хаагчийн шалгаруулалт явуулахдаа энэ салбарт 20 жил ажилласан байх гэсэн шаардлага тавьсан. Үүнд Л.Амарсанаагаас өөр тохирох хөгшин хүн байгаагүй” гэсэн юм.
Ц.Нямдорж сайд саяхан УБЕГ-т бүтцийн өөрчлөлт хийхдээ гурван газрыг нэгтгэж, хоёр хүнийг ажлаас нь халжээ. Цахим иргэний үнэмлэх гаргах, хэвлэх, тараах ажлыг эхнээс нь хариуцаж байсан УБЕГ-ын дарга асан Энхцэцэг, орлогч дарга Энхбаатар нарыг чөлөөлсөн байна. Тиймээс гурван жил ярьж, хийсэн ажлыг гуравхан сарын дотор нураасан тухай хэлж байлаа. УИХ-ын гишүүн З.Энхболд: “Яагаад бэлдэц нь ирсэн байхад цахим иргэний үнэмлэхийг хэвлэхгүй байгаа талаар асуухад хариу хэлэхгүй байгаа. Хэрэв чадахгүй бол бид ажлыг нь хийе. Одоо бага ч гэсэн хугацаа байгаа болохоор хурууны хээ таних машиныг ашиглаж сонгуулийг шударга явуулах боломж байгаа” гэсэн юм. АН-ын бүлгийн зүгээс цахим иргэний үнэмлэхийг хэвлэхгүй, ажлыг саатуулж байгаа гол хүн нь Ц.Нямдорж сайд гэж үзэж байгаа бөгөөд “Дараагийн сайдтай л ажил ярина” гэж түүнийг огцруулах хүсэлтэд санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн юм.