Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ болон орон нутгийн сонгуулийг
хамтад нь явуулах эсэх талаар хэлэлцэх байсан ч мөн л хоёр намын саналын
зөрүүнээс болж хойшиллоо. АН-ын зүгээс буулт хийж, МАН-ын бүлгийн
гишүүдэд албан бичгээр санал өгсөн

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэх талаар хэлэлцэх байсан ч мөн л хоёр намын саналын зөрүүнээс болж хойшиллоо. АН-ын зүгээс буулт хийж, МАН-ын бүлгийн гишүүдэд албан бичгээр санал өгсөн. Харин үүний хариулт болгож МАН-ын бүлгийн дарга Н.Энхтүвшин АН-ын хоёр сонгуулийг хамт явуулна гэсэн саналыг хүлээж авахгүй гэж бүлгийн хурлаар шийдсэн тухай мэдэгдсэн юм. Тэрбээр “Энэ байр сууриа АН-ын бүлгийн хуралд удахгүй бичгээр өгнө” гэв.
АН, МАН-ын бүлэг саналаа нэгтгэхгүй ингэж удаж байгаа тул УИХ-ын дарга Н.Дэмбэрэл намын бүлгүүдийн саналаар биш, УИХ-ын гишүүд өөрсдөө шууд санал өгөх хуулийн заалт байгааг сануулсан юм. Тэрбээр сонгуулийн хугацаа дөхөж байхад намууд өөрсдийнхөө эрх ашгийн үүднээс хандаад байвал шууд гишүүдийн саналыг хураах болно гэдгийг хэлсэн. Мөн АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг ч “Сонгуулийн тов зарлах хугацаа ойртсон байхад саналаа нэгтгэж, шийдвэрээ гаргаж чадахгүй бол одоо үйлчилж байгаа хуулийн дагаа явуулна” гэсэн юм. Хүчин төгөлдөр байгаа Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд хоёр сонгуулийг хамт явуулна гэж заасан байдаг. УИХ-ын чуулган завсарлаад байна.