
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн Хуулийг зөрчсөн байж болзошгүй тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 05 сарын /... дугаар/ зарлиг нь агуулгаараа Монгол Улсын Үндсэн Хуулийн нэгдүгээр зүйлийн 2, гучин дөрөвдүгээр зүйлийн 1, 56 дугаар зүйлийн 3 дахь заалтуудтай зөрчилдсөн байж болзошгүй байна.
Үндэслэл нотлогоо:
Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлийн З.-т “Монгол Улсын прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу Прокурорын байгууллагын тухай хуулийг батласан.
Прокурорын байгууллагын тухай хуулийн 39.3-т “Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор гучин таван нас хүрсэн, хуульчийн мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно” гэж заасан байдаг. Мөн хуулийн 39.1-т “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадвараар шаардлага хангасан, хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй, эсхүл прокурорын туслах ажилтнаар хоёроос доошгүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, хорин гурван нас хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор томилно” гэж заасан байдаг
Гэтэл иргэн Д.Дорлигжавын намтарыг Улсын ерөнхий прокурорын газрын албан ёсны веб сайтад тавьсан байдлаас үзхэд хуульч мэргэжлээр 10 жил ажиллаагүй, хуульчийн сонгон шалгаруулалтад ч орж байгаагүй байна. /цахим хуудсан дээрх намтарыг нотлох баримтаар хавсаргав/
Прокурорын байгууллагын тухай хуульд заасан “хуульч “гэх нэр томъёог ойлгохдоо Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийг баримтална. Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 3.1-т нэр томъёоны тайлбар байх бөгөөд 3.1.1.-т “хуульчийн сонгон шалгаруулалт” /цаашид “сонгон шалгаруулалт” гэх/ гэж шүүгчийн албан тушаал эрхлэх сонгон шалгаруулалтад оролцох, өмгөөллийн болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах мэргэшлийн шалгалтад оролцох, прокуророор ажиллах этгээд нь мэргэжлийн хангалттай мэдлэг, чадварыг эзэмшсэн эсэхийг шалгаж, гэрчилгээ олгох үйл ажиллагааг; мөн зүйлийн 3.1.2-т “хуульч” гэж энэ хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан этгээдийг хэлнэ гэсэн байна.
Эрх зүйн чиглэлээр сурсан, төгссөн, эрдмийн зэрэг хамгаалсан, аль эсхүл урьд өмнө нь хуульч, эрх зүйч мэргэжлээр ажиллаж байсан хүнийг хуульч гэж ойлгохгүй. Тухайлбал аль нэг компанийн хуулийн хэлтэст ажиллах, сургуульд багшлах, эсвэл УИХ-ын гишүүн байх, тэр байтугай хууль зүй дотоод хэргийн яамны бодлогын газрын мэргэжилтнээр ажилласан байлаа ч энэ нь хуульч байх, хуульчийн мэргэжлээр ажилласан гэсэн шаардлагыг дангаараа хангахгүй.
С.Нарангэрэлийн “эрх зүйн эх толь бичиг”-т хууль дээдлэх гэдгийг “төрийн гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд эрх зүйн хэм хэмжээний актаас Үндсэн хууль, хуулийг тэргүүн зэрэгт тавьж үзэх” гэж тайлбарласан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хууль, Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан хуулийн шаардлага хангаагүй хүнийг Улсын ерөнхий прокуророор томилсон нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2.-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсан зарчмыг, үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана” гэснийг тус тус зөрчсөн байж болзошгүй байна.
Дээр дурдсан мэдээлэлд үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянаж өгнө үү.
Жич: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон хуульч сонгон шалгаруулах тухай хууль батлагдсанаас хойш хуульчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлж орсон иргэдийн нэрсийн жагсаалтыг холбогдох газраас гаргуулан авна уу” гэжээ.
Б.Чимэг