
Уулзалтын үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва бензин шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор таксины үйлчилгээ эрхлэгчид үнээ нэмсэн нь иргэдийн нуруун дээр ачаа болж байгаа, бензиний үнэ буурчихаад байхад таксины км-ийн үнэ буурахгүй хэвээрээ байгаад ямар байр суурьтай байгаа болон хэрэглэгчдийг байнга чирэгдүүлж байдаг том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдэд мөрдөгддөг стандарт байдаг эсэх талаар сонирхов.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П. Наранцэцэг хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд манай газартай гэрээтэй ажилладаг таксины үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд км тутамд 600 төгрөг гэсэн тарифыг мөрдөж ажиллаж байгаа хэдий ч хууль бусаар тээврийн үйлчилгээ үзүүлдэг иргэд үнээ бууруулалгүй үйлчилгээ үзүүлж олон нийтийг чирэгдүүлж байгаа нь үнэн. Монгол улсад нийтийн тээврийн салбарт мөрдөгддөг 20 гаруй стандарт байдаг. Тиймээс Нийслэлийн авто тээврийн газраас том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг 24 аж ахуй нэгж, компаниудад энэ стандартуудыг мөрдөж ажиллахыг шаарддаг” хэмээсэн юм.
Санал солилцсоны дараагаар талууд цаашид харилцан мэдээлэл солилцох, нийтийн тээвэрийн зах зээлд өрсөлдөөний орчныг бүрдүүлэх тал дээр хамтарч ажиллахаар боллоо.
Б.Чимэг