Цагдаагийн экс дарга нарт холбогдох шүүх хурал өнөөдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид болох байсан ч дахин хойшиллоо. Энэ удаад хойшлохдоо хугацаагүйгээр хойшилсон юм. Учир нь шүүгдэгч нар өмгөөлөгчгүй болсон бөгөөд өмгөөлөгч сонгох хүсэлтээ гаргахгүй байгаа аж.
Өнгөрсөн 16-нд болох байсан шүүх хурлаар тэд өмгөөлөгчөө сонгоогүй учир Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооноос ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, хурандаа Ш.Батсүх, НЦГ-ын Хэв журмын хэлтсийн дарга асан, дэд хурандаа Г.Ганбаатар нарт өмгөөлөгч томилж өгсөн юм.
Гэвч тэд шүүх хурлын үеэр өмгөөлөгчдөөсөө татгалзаж, тэдний хүсэлтийг хүндэтгэж өмгөөлөгч нь мөн үйлчлүүлэгчдээсээ татгалзснаар шүүх хурал хойшилж өнөөдөр товлогдсон юм. Харин өчигдөр Монголын өмгөөлөгчдийн холбоо уг асуудлаар хуралдаж, цагдаагийн экс дарга нарын гомдлыг хэлэлцэн, өмгөөлөгчдийг томилсон тогтоолыг хүчингүй болгосон байна. Ингэснээр цагдаагийн экс дарга нар өмгөөлөгчгүй болжээ. Өнөөдөр шүүх хурал цагдан хорих төвд болох байсан ч өмгөөлөгч, шүүгч, улсын яллагч нарын нэг нь ч ирсэнгүй. Харин шүүх хурал хойшилсон гэдгийг цагдан хорих төвийн харгалзагч нар мэдэгдсэн юм.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяраас тодруулахад, “Өнөөдөр болох шүүх хурал хойшилсон. Учир нь шүүгдэгч нар өмгөөлөгчдөөсөө татгалзсан учраас тэд өмгөөлөгчгүй болсон. Тиймээс өмгөөлөгчгүйгээр шүүх хурлыг явуулах боломжгүй. Цагдаагийн экс дарга нар өмгөөлөгчөө сонгохгүй байсан учраас Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч томилж өгсөн. Энэ тухайгаа цагдаагийн экс дарга нарт мэдэгдэхэд “За” гэж хариулсан. Гэвч энэ сарын 16-нд болох байсан шүүх хурлаар тэд өмгөөлөгчөөсөө татгалзсан. Тэгэхээр одоо тэд өмгөөлөгч сонгох, өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах учраас шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан. Шүүгчдэгчид өмгөөлөгчөө сонгохгүй байгаа” гэв.
Монголын өмгөөлөгчдийн холбооноос гаргасан шийдвэр


Б.Чимэг