Долоо хоногийн тойм
Сонгуулийн жилийн жишгээр олон чухал хэрнээ сонирхолтой үйл явдал өрнөсөн долоо хоног боллоо. АН хамтарсан Засгийн газраас гарснаас хойш байнга сөргөлдөх болсон эрх баригч намууд ч маргалдаж, хэмлэлдсээр байлаа. Улс төрчид иргэдэд таалагдах хурц үгтэй мэдэгдэл хийсэн ч үр дагавар нь тийм ч хурдацтай байсангүй. МАН-ын есөн гишүүн Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах хүсэлт гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаяр Төв аймаг дахь урьдчилан саатуулах төвөөс захидал бичиж, АН-ын зарим гишүүд Өмнөговийн Овоот толгойг Хятадын төрийн өмчит компанид зарах болсныг эсэргүүцэв. Бүгд шударга ёс хэрэгтэй гэж хашгирцгааж байсан ч нэг нь ч шударга үр дүнд хүрсэнгүй, харин хэдэн улс төрчид хэвлэлийн “баатар” боллоо.
Онцлох захидал

МАХН-ын дарга Н.Энхбаярын Төв аймгийн цагдан хорих төвөөс иргэдэд зориулан захидал илгээсэн. Гэсэн ч зарим асуулт хариултгүй, бүрхэг үлдсэн юм. Тэрбээр өөрийг нь буруутгаж байгаа хууль бус өмчлөлийн асуудлыг захидалдаа бүрэн тайлбарлаж чадаагүйн дээр бусдын мөнгөөр ном хэвлүүлсэн гэдэгтээ хариулт өгөөгүй. “Монголын түүхэнд тодорсон дөрвөн Ерөнхийлөгчийн Гуравдахь нь шоронд сууж байна. Яагаад?” гэж сүржин эхэлсэн захидалд харин өөрийг нь өмөөрч, Ц.Нямдоржийг огцруулах хүсэлт гаргаж зориглосон МАН-ын есөн гишүүний тухай дурдсангүй. Тэднийг МАХН-д орох гэж байгаа гэсэн яриа, МАН-ын удирдлагууд дээрх баривчилгаанд нөлөөлсөн үү гэсэн асуулт эзэнгүй үлдэв. Гэхдээ Н.Энхбаярын АТГ-т хураалгасан намынхандаа хандаж бичсэн хоёр дахь захидалд зарим нэг сэжүүр байхыг үгүйсгэхгүй. Тэр захидал ирэх долоо хоногт эзэндээ ирж, бас л нэг хэсэг хүнийг сандралд оруулах нь магад.

Оны өмнө баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг хоёрдугаар сарын 28-нд цэцийн гишүүд гаргасан. Мажоритар тойрогт ялагдсан нэр дэвшигч нь хувь тэнцүүлсэн тойрог руу “гулсаж” болно гэсэн заалтыг Үндсэн хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн юм. Харин АН-ын гишүүд гурван жил дуншиж байж баталсан хуулиа гуравхан сарын дотор өөрчлөх гэж байгаа нь хэн нэгний сонирхолд үйлчилсэн хэрэг гэж эсэргүүцсэн юм. МАН-ын хувьд цэц нэгэнт шийдвэр гаргасан бол хүлээж авах ёстой гэж үзэж байсан. УИХ-ын чуулганыг цөөнгүй өдөр гацаасан ч эцэст нь 74,5 хувийн саналаар дээрх дүгнэлтийг хүлээж авахгүй гэж шийдсэн юм. Чуулганы танхимд бие биенийхээ мууг дуудалцаж байсан АН, МАН-ын гишүүд пүрэв гарагийн өглөө эвтэй, найртай нь аргагүй кнопоо дарцгаасан нь тэднийг цаагуураа наймаа, тохироо хийсэн гэх хардлагыг олон нийтэд түрүүлсэн.

Энэ долоо хоногт УИХ гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд дэлгэсэн юм. УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр дөрвөн машинтай, 22 компанид хувьцаа эзэмшдэг, жилийн 1,9 тэрбум төгрөгийн орлоготой гэдгээрээ хамгийн бэл, бэнчинтэй гэдэг нь харагдаж байлаа. Гэтэл зарим нь дөрвөн жил УИХ-д суусан хэрнээ өөрийн гэсэн байргүй, зарим нь машингүй гэв. Тухайлбал, Ж.Энхбаяр, Д.Зоригт нар өөрийн гэсэн байргүй, зугаалж амьдардаг бололтой. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, С.Баяр, П.Алтангэрэл, Ц.Батбаяр, Л.Болд, С.Ламбаа, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ж.Энхбаяр, Ж.Сүхбаатар, З.Энхболд нарын 12 гишүүн төрд зүтгэсний шанд нэг ч машингүй, хоёр хөлөөрөө “таваргадаг” гэж мэдүүлсэн байх юм.
