Залуучуудын амны уншлага болоод буй “Би бодохдоо”-гийн сурталчилгааг явуулж буй НАМЗХ-г Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх гомдол Сүхбаатар дүүргийн шүүхэд иржээ.

Энэ нь шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна гэдгийг онцолсон байна. Тодруулбал, НАМЗХ-ны ерөнхийлөгч, МАН-ын нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн гэж үзэж байгаа аж. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаагаа энэ хуулийн 30.11, 30.12-т заасны дагуу нэр дэвшигч бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ” гэж заасан. Үүнийг зөрчвөл сонгуульд өрсөлдөх эрхийг нь хүртэл хасах хуулийн заалт бий. Гэтэл мөн уг сурталчилгаанд одоогоор 1.6 тэрбум төгрөгийн зардал гаргасан гэх мэдээлэл байна.
Шүүхэд иргэний журмаар гомдол ирсэнтэй холбогдуулан НАМЗХ “Би бодохдоо…”, “Бид бодохдоо…” сурталчилгааныхаа самбаруудыг хурааж эхэлсэн гэнэ. Сүхбаатар дүүргийн шүүхээс энэ талаар тодруулахад “Гомдол ирсний дагуу хянаж байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй” гэсэн юм.
Б.Золбоо