Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага энэ сарын 25-наас тавдугаар
сарын 2-ны өдрүүдэд орон даяар эхлэх гэж байна. Хаврын цэрэг татлагын
ажил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэл, дүүрэг, аймгийн ЗДТГ-ын
цэргийн штабууд "Цэрэг татлага"-ын семинарыг зохион байгуулжээ.

Тэдэнд дүүрэг, аймаг, сум багаас цэргийн албанд татагдах 18-25 насны залуусыг цэрэг татлагад бүрэн хамруулах үүргийг өгсөн байна. Мөн халагдсан цэрэг дайчдыг хүлээн авах, шинэ дайчдыг үдэх ажлыг засаг дарга нар хариуцах ёстойг семинарын үеэр онцолсон байна. "Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах" нь Монгол улсын иргэний үндсэн үүрэг мөн болохыг хуульчлан баталгаажуулсан байдаг. Эр цэргийн албыг 18-25 насны иргэн өөрийн биеэр, эсвэл дүйцүүлэн хаах боломжтой юм. Дүйцүүлэн хаахад 3-4 сая төгрөг шаардлагатай аж.