УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр Их өөрчлөлт, Их үйлсийг хамтдаа бүтээе уриатай “Ард түмнээ хайрлая” нэртэй нам байгуулж, гишүүн элсүүлж эхлээд буй.
Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос нэр дэвшихээр зэхэж буй. Тиймээс намынхаа анхны гишүүдийг Эрдэнэт хотоос элсүүлжээ. Эрдэнэт хотоос “Ард түмнээ хайрлая” намдаа 400 гишүүн элсүүлж, намын үнэмлэх гардуулжээ. Маргааш тэрбээр Дархан хотод ажиллах бөгөөд багадаа 500 хүнийг гишүүнээр элсүүлнэ гэв. Шинээр байгуулж буй улс төрийн нам 801 гишүүнтэй байх ёстой ч Л.Гүндалай намдаа 3000 хүнийг элсүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэллээ.
Тэрбээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн. Намын гишүүнчлэлээс хассан тухай тодорхойлолтыг Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өгөх ёстой ч янз бүрийн шалтгаан хэлээд одоо болтол өгөхгүй байна. Энэ сарын дундуур Улсын дээд шүүхэд бүх материалаа өгнө гэлээ.
Тэрбээр "Шинэ улс төрийн намын орон зай бэлэн болчихсон байна. Бид нийгмийн баримжаатай зэх зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ. Өнөөдрийнх шиг зэрлэг капитализм, дээгүүрээ бүх хөрөнгийг хувааж иддэг байдлыг таслан зогсооно" гэсэн юм.
Т.Хулан
Сэтгэгдэл (5)